Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 664

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК, “М*******”ХХК, “Т*******” ХХК

Хариуцагч: Монгол банк, Сангийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага:”...”Монгол банк, Сангийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн  зүгээс Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч нарт дээрх тогтоолуудын дагуу зээлийн авлагыг шилжүүлж, “дамжуулан зээлдүүлэх” бодлогын гэрээний хугацааг зохих журмын дагуу сунгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Б.Б*******, Б.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцлоо.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”Монгол улсын Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн  41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яам, “Монгол банк” ХХК, “Хөгжлийн Банк” ХХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэ хөтөлбөрийн зээлийг “Монгол банк” ХХК-аас Сангийн яаманд шилжүүлж, Сангийн яам уг тогтоолыг шийдвэрлэхийг даалгах, хөтөлбөрийн зээлийн гэрээг байгуулж, хугацааг сунган шийдвэрлэх асуудлыг Сангийн яам, “Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

“Монгол банк” ХХК-ийн Ерөнхийлөгч, Үйлдвэр хөдөө аж ахуй сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/166, А/24 дүгээр тухай тушаалаар хүнсний гол бараа бүтээгдэхүүний нэрийг тогтворжуулах дэд хөтөлбөр батлагдсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг агуулах зоорь бий болгох, энэ нь импортын хүнсний бараа бүтээгдэхүүнийг хязгаарлаж, өөрийн үндэсний бүтээгдэхүүнийг ложистик төвийг бий болгож, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилготойгоор хөтөлбөрийг баталсан. Дээрх хөтөлбөрийн дагуу аж ахуй нэгжүүдэд зээл олгогдсон.  Уг зээл нь дээрх гурван аж ахуй нэгжид 36 сарын хугацаатайгаар олгогдсон. Зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон. Зээлийн гэрээг хэрэгжүүлэх явцад “Монгол банк” ХХК нь тухайн эрх зүйн байдлыг тогтоосон хуулиараа зээл олгох эрх бүхий этгээд биш, арилжааны банкнуудаас аж ахуй нэгжид олгогдсон зээлүүдийг Засгийн газарт шилжүүлэх,  уг аж ахуй нэгжид олгогдсон зээл нь гол бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах стратеги мөн хөрөнгө оруулалтын шинжтэй учраас хөтөлбөрийн зээлийн хугацаа хэт богино байна гэсэн саналуудыг удаа дараа гаргаж хүнсний бараа бүтээгдэхүүний агуулахын холбоо болон зээл авсан аж ахуй нэгжүүд, Хүнс хөдөө аж ахуйн яам, Сангийн яамд зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулж харилцан ярилцсаны үндсэн дээр Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг батлуулсан. Уг 41 дүгээр тогтоол нь “Эдийн засгийн уналтыг даван туулах тухай” тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаараа “Монгол банк” ХХК-д байгаа зээлийг санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын зээлийн эх үүсвэрт шилжүүлэх “Монгол банк” ХХК,  Сангийн яаманд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр үүрэг болгосон. Уг Улсын хурлын тогтоол гарснаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад Засгийн газраас 2 тогтоол гарсан. Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоолоор хөтөлбөрийн зээлийг “Монгол банк” ХХК нь Засгийн газарт шилжүүлэхдээ “Хөгжлийн банк” ХХК-ийн бонд гаргах замаар шилжүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд гэхдээ зээлийн гэрээний хугацаа хэвээрээ байсан. Уг тогтоолын дараа Засгийн газрын 320 дугаар тогтоолоор зээлийн гэрээний хугацаатай холбоотой зохицуулалт хийгдсэн. Засгийн газрын 280 дугаар тогтоолыг зээлийн гэрээ сунгахгүй гэх заалт нь уг Улсын Их хурлын 41 дүгээр тогтоолын хүрээнд хүнсний бараа бүтээгдэхүүний зоорь барих зорилготойгоор зээл авсан аж ахуй нэгжүүдэд хамаарахгүй, учир уг зээлийн гэрээний хугацаа болох 3 жилийн хугацаанд зоорь агуулахаа барин зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй, ашиг орлогогүй байгаа нь бодит боломжийг нь хангах үүднээс тус зээл авсан аж ахуй нэгжүүдэд хамаарахгүй, мөн уг зээлийн хугацаа дууссанаас хойш 1 жилээр гэрээ сунгахтай холбоотойгоор зохицуулагдаж уг Засгийн газрын 320 дугаар тогтоол гарсан. Ингээд уг Улсын их хурлын 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын ажиллагаанууд хийгдээд явч байсан боловч  “Хөгжлийн банк” ХХК-с хамааран үйл ажиллагаа зогссон. Засгийн газар нь “Хөгжлийн банк” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Хөгжлийн банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг уншив. Гэтэл уг тогтоолууд хэрэгжилт зогссон. Мөн энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Монгол банк” ХХК, Сангийн яамны  зүгээс “Хөгжлийн банк” ХХК-д удаа санал, мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Гэтэл бодит байдал дээр Сангийн яам, “Монгол банк” ХХК нь зээлийг шилжүүлэх ажиллагааг хийгээгүй. “Хөгжлийн банк” ХХК нь зээлийн эх үүсвэрийг шилжүүлэн авч зээл авсан аж ахуй нэгжүүдтэй өмнөх гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн хугацаатайгаар гэрээг сунгах үйл ажиллагааг хийхгүй байна. Ингээд аж ахуй нэгжүүд “Монгол банк” ХХК-иас биш арилжааны банкнуудаар дамжуулан зээлийн гэрээний хүү нь  жилийн 3.6 хувийн хүүтэй зээл авсан. Гэтэл арилжааны банкнууд “Монголбанк” ХХК нь зээлийн гэрээний дагуу санхүүгийн эх үүсвэр ээ татаад байгаа учир зээлийн гэрээний хугацаа сунгах асуудлыг мэдэхгүй, тийм учраас хугацаа хугацаандаа татаж авна гээд аж ахуй нэгжүүдээс зээлийн эргэн төлөлтүүдийг таталт хийгээд явагдаж байгаа.

 Таталт хийгдээгүй аж ахуй нэгжүүдийг гэрээнд заасны дагуу арилжааны банкууд  өөрийнхөө нь зээлийн эх үүсвэр лүү шилжүүлсэн байгаа. Арилжааны банкны зээлийн эх үүсвэр лүү шилжихээр зээлийн гэрээний хүү нь жилийн 19 хувийн хүүтэй болж өмнөх хүүтэй харьцуулахад 5 дахин өндөр хүүтэй зээл болон хувирч байгаа юм. Энэ байдал нь уг Улсын их хурлын 41 дүгээр тогтоолын хүнсний гол бараа бүтээгдэхүүний зоорь барих, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр уналтад орж, аж ахуй нэгжүүд зээлийн дарамтад орж байна. Ийм учир энэ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй бөгөөд уг Улсын их хурлын тогтоолын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж нэгжийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

Хариуцагч Сангийн яам болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа нь уг тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Хөгжлийн банк үнэт цаас гаргах талаар тодорхой заасан байгаа. Сангийн яамны зүгээс уг тогтоолыг хэрэгжүүлэх талаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд удаа дараа албан тоот хүргүүлсэн байгаа. Гэрээний хувьд Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолоор гэрээний хугацаа сунгахгүй гэж Монгол банк мэдэгдсэн. Үүнийг Монгол банк тайлбараа хэлэх байх. Сангийн яам нь ахуй нэгжтэй зээлийн гэрээ байгуулаагүй учир, гэрээний хугацаа сунгах тал дээр манай зүгээс хийгдээд байх ажил байхгүй. Харин Хөгжлийн банк үнэт цаасаа гаргаад Монгол банкнаас зээлийн гэрээний санхүүжилтийн эх үүсвэрээ шилжүүлэн авах тал дээр удаа дараа албан тоот хүргүүлсэн. Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолд Сангийн яаманд уг ажлын хүрээнд даалгасан агуулга байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин тогтоолыг хэрэгжүүлэх замыг Сангийн яам хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын 280 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ёстой, уг тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-т тогтоолын хэрэгжилтийг тодорхой заан тусгаж өгсөн байгаа. Аж ахуй нэгжтэй байгуулсан хугацаа сунгах гэрээний асуудалд Сангийн яам хамааралгүй” гэв.

Хариуцагч Хөгжлийн банк болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...” Манай банкыг Засгийн газрын 280, 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй талаар яригдаж байна. Засгийн газрын 280 дугаар тогтоолыг уншиж танилцуулав Үүнийг сангийн сайд хөгжлийн банканд үүрэг болгосон  байдаг. Арилжааны банк иргэдтэй харилцан дурын зээлийг олгох боломжтой. Харин манай банк Улсын Их Хурлаас батлагдсан хэмжээнд зээл олгох эрхтэй юм. Өөр бусад хуульд манай хэрэгжүүлэх гэж байгаа төслийг Улсын Их хурал үүнийг хэрэгжүүл гэж чиглүүлэх боломжгүй. Улсын Их  хурлын 41 дүгээр зүйлийг манай банк хэрэгжүүлэх боломжгүй. Засгийн газрын уг тогтоолыг манай зүгээс хууль бус гэж үзэж байна. Улсын Их хурлын тогтоолд “Монгол банк” ХХК-иас Засгийн газар авлагыг шилжүүлэн авахыг заасан. Засгийн газрын тогтоол гарсан нь “Хөгжлийн банк” ХХК, Улсын Их хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газрын шийдвэр нь өөрөө хууль тогтоомжид нийцээгүй байх тул Хөгжлийн банк хэрэгжүүлэх үүрэггүй. Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаас гарахыг хэрэгжүүлэхгүй. Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоол нь уг зээлийн гэрээний хүү 3.1, Зээлийн гэрээ хугацаа сунгах гэдэг нь байгуулагдсан гэрээний талаар яригдаж байна. Арилжааны гэрээ, хугацаа сунгах асуудал нь гэрээ байгуулсан талуудын хүсэлт сонирхол юм. Гэтэл уг асуудлыг манай банк шийдвэрлэх боломжгүй. Монгол банк арилжааны банканд зээл олгож байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Засгийн газрын тогтоол нь хуульд нийцээгүй гэж үзсэн” гэв.

Хариуцагч Монгол банк болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”Монгол банк  2010 оноос эхлэн хүнсний болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнээс хамаарч инфляцыг хязгаарлах үүднээс тухайн бараа бүтээгдэхүүнийг үнийг тогтвортой буюу доод түвшинд байлгахаар бодлогын арга хэмжээг тодорхойлсон.Үүнийг тодорхойлохдоо тухайн нийлүүлэгч буюу тухайн гол хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг санхүүгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжих тухай Засгийн газрын бодлогын үндсэн дээр Төв банкны тухай хуулийн дагуу банкинд зээл олгох гэсэн зохицуулалтыг ашиглан тухайн үеийн банкуудтай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн ярьж буй дамжуулан зээлдэх гэдэг ойлголт тусдаа ойлголт. Монгол банк нь банкуудтай зээлийн гэрээ байгуулах бөгөөд энэ нь Төв банкны тухай хуулиар заасан зохицуулалт, харин тухайн банк цаашаагаа Иргэний хууль болон банкны дотоод журам, яам, засгийн газартай байгуулсан тусдаа бодлогын нөхцөлийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулсан. Монгол банк нь банкуудтай зээлийн гэрээ байгуулан, тухайн компаниудтай ийм нөхцөлөөр зээлийн гэрээ байгуул гэж нөхцөл шаардлагыг тавьж, үүрэгжүүлсэн зүйл байхгүй. Харин энэ асуудлыг Хөгжлийн банк өөрөө гүйцэтгэж байгаа. Энэ талаар Монголбанкы тайлан тэнцэлд банкны олгосон зээлийн бүртгэл бүртгэгдэж байдаг. Монгол банк банктай л харьцана, тухайн гэрээний шаардлага, туслалцаа болон хүүгийн тохирсон нөхцөлийн дагуу мөнгөө эргэн шаардана. Засгийн газрын тогтоолын дагуу тухайн гэрээний хугацаа сунгах  үүрэг даалгавар байхгүй. Өөрөөр хэлбэл, Төв банкны тухай хуулийн 31 дүгээр зүйд зааснаар Төв банк /Монгол банк/ нь Засгийн газраас хараат бус байхаар заасан байдаг. Санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлэх, Засгийн газарт зээл олгож болно, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах замаар  онцгой дэглэм тогтоосон банкуудтай санхүүгийн чадваргүй болсон тохиолдолд хамтран ажиллаж болно гэх хүрээнд л зохицуулагдана. Засгийн газар Монгол банкинд гэрээний хугацаа сунгах талаар үүрэг чиглэл өгөх эрхгүй. Монголбанк ч үүнийг биелүүлэхгүй. Монгол банк хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй.

Монгол банк банкуудад олгосон зээлийнхээ дагуу арилжааны банкнуудаа мөнгөө авах шаардах эрхтэй. Үүний дагуу л үйл ажиллагаа явуулна. Хувийн хэвшлийн асуудлыг Монголбанк хүлээн авах боломжгүй. Хэрэв хүлээн авсан тохиолдолд Засгийн газраас хамааралтай болох юм.Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэхгүй байна. Монголбанк үнэт цаас гаргах балансаас гаргах талаар хэлсэн. Монголбанк хуулийг огт зөрчөөгүй. Харин идэвхтэй байдлаар уг санамж бичгийг хүргүүлсэн. Улсын Их Хурлын нэхэмжлэлийн тогтоолыг заавал биелүүлэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн гэрээний хугацааг сунгах асуудалд  Хөгжлийн банк болон Засгийн газар хоорондын  зөвшилцөх асуудал болохоос Монгол банк гэрээ сунгах эрхгүй” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар  Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкыг Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч  Монгол банк, Сангийн яамнаас үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байхгүй, Хөгжлийн банк Засгийн газрын хууль бус тогтоолыг биелүүлэх үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.

Монгол банкны Ерөнхийлөгч, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А-24 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар   хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ойрын зорилттой, хүнсний бараа, бүтээгдэхүүний агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэн, хүнсний бараа бүтээгдэхүүний хангамжийн зах зээлд суурилсан байнгын тогтолцоо бүрдүүлэх хэтийн зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт нэхэмжлэгч  нар оролцох эрх авч,“Т*******” ХХК ХААН банкнаас 8.000.000.000.0 /найман тэрбум/, “Т*******” ХХК Худалдаа Хөгжлийн банкнаас 9.000.000. 000.0 /есөн тэрбум/, “Монос Хүнс” ХХК 3.000.000.000.0 /гурван тэрбум/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулах тухай зөвшөөрлийг олгожээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол банкнаас олгохдоо аж ахуйн нэгжүүдийн сонгосон арилжааны банкуудтай “дамжуулан зээлдүүлэх” бодлогын гэрээг байгуулж, арилжааны банкуудаар дамжуулан 36 сарын хугацаатай жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгожээ.  Дээрх бодлогын гэрээний хэрэгжих хугацаанд эдийн засгийн  хүндрэл үүссэн тул төслийн зээлийн хугацааг зайлшгүй сунгах шаардлага үүсч холбогдох  эрх бүхий байгууллагуудад санал хүсэлт хүргүүлж зээлийн гэрээний хугацааг сунгах бодит байдалтай санал нэгдэж Монгол Улсын Засгийн газраар уламжлан Улсын Их Хуралд хүргүүлсэн болох нь  нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Энэ дагуу Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн зээлээс Монгол банкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг  Монгол банк, Сангийн яаманд даалгасан байна.  Дээрх 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээ”-ний тухай 280 дугаар тогтоол гарч, нэгдүгээр заалтаараа “гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол банкнаас арилжааны банкнуудад олгосон зээлийн үлдэгдэл хөрөнгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тус банкнаас шилжүүлж авахтай холбогдуулан “гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг ижил нөхцөлөөр Хөгжлийн банкнаас үнэт цаас гаргаж Монгол банканд шилжүүлэх замаар хууль тогтоомжид нийцүүлэн Хөгжлийн банканд шилжүүлж авах  арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгожээ. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Засгийн газраас дахин “гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоол гарч 1 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газар, Монгол банкны хооронд 2012 онд байгуулсан “гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх...” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон зээлийн  үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2015 оны Улсын Их Хурлын  41 дүгээр тогтоол, 2015 оны Засгийн газрын 280, 320 дугаар тогтоолуудаар тус тус нотлогдож байна. Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 30 дугаар зүйлийн 30.2-д “ Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна”, Төв банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “ Монгол банк, банк хоорондын төлбөр, харилцан суутгах тооцоог зохион байгуулж болно”, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-т “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна”, 4.2-д “Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Энэ хуулийн 8.1-д заасан төсөл, хөтөлбөрт Засгийн газраас баталгаа гаргасан тохиолдолд Хөгжлийн банк уг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж болно. Засгийн газрын баталгаа нь зөвхөн уг төсөл, хөтөлбөр дотор Засгийн газрын эзэмших, өмчлөх хувиар хязгаарлагдана. Засгийн газрын баталгааг зөвхөн даатгагдсан төсөл, хөтөлбөрийн зээлд гаргана”, 9.2-д “Засгийн газраас баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно”, 16 дугаар зүйлийн 16.2-д “Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна. Засгийн газар нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д зааснаар “Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах”, 22.1.5-д “Хөгжлийн банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар банк, эрх бүхий бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх” эрхтэй  бөгөөд Монгол Банк, Сангийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.8-д “ Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүргээ” хэрэгжүүлж  ажиллаагүй байна.

Хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-т “хөтөлбөрийн зээлээс Монгол банкны тэнцэлд  үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх”  арга хэмжээг Монгол банк болон Сангийн яам хариуцан хэрэгжүүлэх үүрэг өгсөн байх бөгөөд Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын Хөгжлийн банкнаас ямар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх талаар Улсын Их Хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна” гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байх бөгөөд энэ тайлбараар Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг үгүйсгэх боломжгүй юм. Мөн хариуцагчийн гаргасан дээрх тайлбар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Улсын Их  Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудаар хэрэгжүүлж байгаа жишээ нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн зээлийг Хөгжлийн банканд шилжүүлсэн байгаа. Бид шууд шилжүүл гэж тулгаагүй Хөгжлийн банкныхаа төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар л оруулаад шийдвэр гаргаад өгөөч гээд байгаа юм” гэсэн тайлбараар няцаагдаж байна.

Хариуцагч Монгол банк, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  “манай хувьд Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй огт байхгүй, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахын тулд холбогдох байгууллагуудад албан бичгүүдийг явуулж байсан” гэж тайлбарлаж байгаа нь  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт  Монгол банкнаас 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Сангийн сайдад хүргүүлсэн “хөтөлбөр шилжүүлэх тухай” А-1/650 тоот албан бичиг, Монгол банкнаас 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн А-3/633,  Монгол банкнаас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны орлогч захиралд хүргүүлсэн “Зээлийн авлагыг шилжүүлэх тухай А-3/307 тоот албан бичиг,  Сангийн яамны  2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд хүргүүлж байсан албан бичгүүдээр тогтоогдож байгаа боловч, Улсын Их Хурлын  2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-т  Монгол банк, Сангийн сайдад “2015 оны  эхний хагас жилд  хэрэгжүүлэх үүрэг” өгсөөр байхад  одоог хүртэл энэ тогтоолын хавсралтын 2.1-т заасан  арга хэмжээ биелэгдээгүй байх тул  үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 30 дугаар зүйлийн 30.2, 30.8, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яам, Монгол банк, Монгол Улсын Хөгжлийн банкны Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг  хуульд заасныг дагуу хэрэгжүүлж ажиллахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 23.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.                   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                      

                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЧАНЦАЛНЯМ