Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 55

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Шүүгдэгч .... нарыг оролцуулан  шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн..... нарт холбогдох 1721001190162 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн ..... тоотод оршин суух , гавъяа шагналгүй, урьд

Дорнод аймгийн шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 109б, 168а-д зааснаар  3 жил хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278.1-д зааснаар 10 сар хорих ялаар шийтгүүлж 1990 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өнчөөбүүд овогт Т.Б.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн *******гол суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт С.Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Малчны .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт Д.Т

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн *******гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, Мөнхөт гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Амбагай овогт Э.М

 

Шүүгдэгч ....... нар нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10-68 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Вангийн Цагаан-Уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал буюу 21.45 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сангийн далайн хажууд олон хүн үндэс түүж байна, газар дээр нь зөвшөөрөл өгч байгаа гэж сонсоод бид нар үндэс түүхээр явсан. Очсон оройгоо үндэс түүж хоноод өглөө босоод удаагүй байтал шалгалтын хүмүүс ирээд урд өдрийн түүсэн үндсийг хурааж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

  

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сангийн далай руу үндэс түүхээр явсан нь үнэн. Бид нарын түүсэн үндэс нийлээд 20 гаруй кг болсон. Би 4-5 кг түүсэн. Зөвшөөрөл авдаг гэдгийг сайн мэдэхгүй. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна ... гэв.

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сангийн далайн тэнд газар дээр нь зөвшөөрөл олгож байна гэх сургаар үндэс түүхээр очсон. Өглөө нь шалгалтын хүмүүстэй таараад үндсээ хураалгасан. Хийсэн хэргээ зөвшөөрч байна ... гэв.

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үндэс түүхээр явсан минь үнэн. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэв.

 

 Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.00 мянган төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 21.45 кг үндэс нь 1072500х5=5362500 /таван сая гурван зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна.” гэжээ. /хх-ийн 88-89 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Матад сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай учраас уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох болсон юм. ******* нарт холбогдох хэрэгт нийт 21.45 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг манай сумын нутаг дэвсгэрээс түүсэн бөгөөд манай сумын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон бөгөөд 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаартай Засгийн газрын тогтоолоор 1 кг-ийг нь 50000 төгрөгөөр тогтоосон. Нөхөн төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж тооцдог юм ...” гэжээ.  /хх-ийн 57-58 тал/

 

- Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 70-71 тал/

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 72-73 тал/

- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 19-20 тал/

- Матад сумаас Цагдаагийн газарт үндэс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 тал/

- Улсын байцаагч гийн тэмдэглэл /хх-ийн 26-27 тал/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35-52 тал/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 41 тал/

- Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/

- Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/

- Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/

- Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/

- Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/

- Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 183 тал/

- Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118, 120, 122 тал/

- Дорнод аймгийн ******* сумын 1, 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 147, 148, 154 тал/

- Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн амьжиргааны түвшний талаар гаргасан судалгаа /хх-ийн 152, 153, 155, 156, 157 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар 2 ширхэг төмөр лоом, 11 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ...... нар нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10-68 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Вангийн Цагаан-Уул” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал буюу 21.45 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.О, гэрч С.Г, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т Э.М нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нар нь байгаль экологид 5362.500  төгрөгийн хохирол учруулсан тул гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 5362.500 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч  Т.Б-ын эзэмшлийн 1500.000  төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг, эд мөрийн баримт болох 11,0 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний хамт гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг лоомыг устгаж, шүүгдэгч Т.Б-ын эзэмшлээс 1500.000  төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 696 м2 талбай бүхий газар, 35м2 талбай бүхий хувийн орон сууц, шүүгдэгч С.Б-ийн эзэмшлээс 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 700 м2 талбай бүхий газрыг тус тус  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нарт тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, Д.Т, Э.М нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 5362.500 /таван сая гурван зуун жаран хоёр мянга таван зуун/  төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1.340.625 /нэг сая гурван зуун дөчин мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 11,0 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Т.Б-ын эзэмшлийн 1500.000  төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамт хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын эзэмшлээс 1500.000  төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн 10-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 696 м2 талбай бүхий газар, 35м2 талбай бүхий хувийн орон сууц, шүүгдэгч С.Б-ийн эзэмшлээс 1м2 нь 6400 төгрөгийн үнэлгээтэй, 700 м2 талбай бүхий газрыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг төмөр лоомыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч  Т.Б ... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч С.Б... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Т-ы. .. регистрийн дугаартай, шүүгдэгч Э.М-ийн  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ