Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

            Улсын яллагч                                         Э.Энхбат

            Шүүгдэгч                                                 Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Бд холбогдох 1832000000004 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр, 0-10 насны 3 хүүхдийн хамт,* тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Өлзийжаргалын Б РД:/ /

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Ө.Б нь согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр, Баянсуудлын 1-47 тоот өөрийн гэртээ 2018 оны 01 сарын 03-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 00:00 цагийн орчим нөхөр Ш.Баыг гэр бүлийн маргаанаас болж цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон асуудал. Манай нөхөр Ш.Ба самаранд явж ирээд төрсөн өдрөө тэмдэглэн гээд байсан. Уулруу самаранд явсан хойгуур төрсөн өдөр нь болсон юм. Тэгэхээр нь би өнгөрсөн юмийг яах юм бэ гэхэд үгүй тэмдэглэн гээд байсан. Тэгээд самарныхаа тооцоогоо хийчихээд найзтайгаа нийлээд гэртээ жоохон суухаар болсон. Тэгээд өдрөөс эхлэн намайг хүн амьтантай яриулахгүй, ерөөсөө зүгээр байлгахгүй хэл ам хийгээд байсан. Тэгэхээр нь би чи битгий хэрүүл уруул хийгээд бай гэсэн, тэр үед манай бага хүүхэд халуураад байсан. Хэл ам хийхгүй уусан юмаа шингээгээд зүгээр унтчих гэсэн. Тэгээд л унтах гэж байгаа юм шиг хэвтэхээр нь ашгүй унтах нь гээд бодоод байж байтал босож ирээд л өдөөд байсан. Тэгэхээр нь чи зүгээр байгаад өгөөч гээд 2 удаа цааш нь түлхсэн тэгтэл өөрийн мэдэлгүй хатгачихсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.   

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ш.Ба мэдүүлэхдээ: ...2018 оны 01 сарын 04-ний өдөр найз Мө, Ою, энхэр Б нарын хамт архи уусан ба 23 цагийн өнгөрч байхад найз нар яваад энхэр бид хоёр гэр бүлийн маргаанаас болж жоохон маргалдаж хэрэлдсэн. Тэгтэл манай эхнэр Б намайг хутгаар нэг удаа цээж рүү хатгаж гэмтээсэн...Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 13-14-р тал/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №05 дугаартай “...Баын биед бүдэрхийн тасрал, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтас хэргийн 17-р тал/

Яллагдагч Ө.Бгийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26-р тал/

Яллагдагч Ө.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нотлох Согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл. /хавтаст хэргийн 10-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 4-6-р тал/

Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 33-34-р хуудас/

Шүүгдэгч Ө.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 28- хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 29-31-р хуудас/,гэрлэлийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:     

           

            Шүүгдэгч Ө.Б нь согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр, Баянсуудлын 1-47 тоот өөрийн гэртээ нөхрийхөө төрсөн өдрийн тэмдэглэн архидаж, 2018 оны 01 сарын 03-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 00:00 цагийн үед нөхөр Ш.Баыг гэр бүлийн маргаанаас болж цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Ш.Баын биед бүдэрхийн тасрал, цээжинд шарх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ө.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ө.Бд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

    

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Боржигон овгийн Өлзийжаргалын Бг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Өлзийжаргалын Бг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Ө.Бд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ