Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 02062

 

 

 

 

 

 

 

 

 

З.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Б-гийн хариуцагч Б.М-ад холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М-тай 2007 онд танилцан, 2010 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч, бидний дундаас 2009 оны 01 сарын 30-ны өдөр охин М.Е-төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо ааваар нь овоглосон. 2009 онд миний нүдний торлог бүрхэвч гэмтэж хүндээр өвчилсөн. Үүнээс хойш Б.М-ын ар гэрийнхэн хүүхэдтэйгээ цаашид амьдруулахгүй гэх зэргээр бидний хооронд таарамжгүй харилцаа байсаар 2010 оны 4 сараас хойш тусдаа амьдарч, охин миний асрамжид өдийг хүртэл өсөж бойжиж байна. Хариуцагч тусдаа амьдарснаас хойш үр хүүхдээ гэх сэтгэл байхгүй, төрсөн өдрөөр нь ч охинтойгоо ярьдаггүй, цэцэрлэг, хичээл сургуулийн бэлтгэл хангахад бид хоёрт тусалдаггүй тул хуульд заасан тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Б-тай 2008 оноос хамтран амьдарч эхэлсэн ба бидний дундаас 2009 онд охин Б.Е-төрсөн. Бидний зан харилцаа таарамжгүйн улмаас 2010 оноос тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд ажилгүй байсан хэдий ч хүүхэддээ сайн дураараа боломжийн хэмжээн /6 000 000 орчим төгрөг/ тэтгэмж өгч байсан. Хүүхэдтэйгээ уулзах хүсэл их байдаг ч уулзуулдаггүй. Цаашид амьдралаа босгохоор өөр бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 1 хүүхэд гарсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүүхдийн тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие З.Б-тэй 2007 онд танилцаж, 2010 оны 4 сар хүртэл хамтран амьдраад, 2009 оны 01 сарын 30-ны өдөр охин М.Е-төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарсан. Охин М.Е-Орхон аймагт З.Биндэръяагийн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа ба хүүхэдтэйгээ уулзах гэхээр дургүйцээд, холбоо барих боломжгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, охиноо өөрийн биеэр өсгөхгүй, хүүхдийг хараа хяналтгүй өсөж байгаа тул охин М.Есүйг төрсөн эцэг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би охиноо өөрөө 11 жилийн хугацаанд өсгөсөн. Эцэг нь нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Төрсөн өдрөөр нь уулзах гээд залгахад утсаа авдаггүй. Хүүхэддээ халамж, анхаарал тавьдаггүй. 2010 оноос хойш бид нар уулзаагүй. Түүнийг нэг хүүхэдтэй болсон гэж сонссон гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 1 сарын 30-ны өдөр төрсөн Боржигон овогт Мөнхбатын Есүйг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигин овогт Батнасангийн Б.М-аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.М-ын хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар Б.М-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх З.Биндэръяад даалгаж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн үндсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тал бүрээс нь үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцлагагүй хэлсэн /хариуцагчийн ээж, аавыг гүжирдэн гүтгэсэн, нэр төрд халдсан үг үйлдэл хэлсэн/ үгэнд итгэж, хариуцагчийн болоод нэр төр, эрх ашиг нь хөндөгдөж байгаа зохигчдоос тайлбар, мэдүүлэг аваагүй, мөн салсан цагаас өнөөдрийг хүртэл охин М.Есүйг хаана, хэний шууд асрамж халамжид ямар байдалтай амьдарч өсөж хүмүүжиж байгаа зэргийг үнэлэлгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцлагагүй хэлсэн үг үйлдлийг үнэлж сөрөг нэхэмжлэлтэй бүрэн гүйцэт танилцаж, үнэлээгүй нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч Б.М-ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Зохигчид 2007 онд танилцан, хамтран амьдарч байхдаа 2009 оны 1 сарын 30-ны өдөр охин М.Есүйг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ. /хх-ийн 7, 16-р тал/

 

Хэдийгээр талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Зохигчдыг тусдаа амьдарсан цаг хугацаанаас хойш охин М.Е-эхийн асрамжид байсныг зохигчдын хэн аль нь тайлбарлаж байх бөгөөд охин М.Есүйг эх З.Б-гийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоон эцэг Б.М-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьсан, охин М.Е-нь Орхон аймагт З.Б-гийн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа талаар дүгнээгүй гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хүүхдийн одоогийн өсөж, хүмүүжиж буй нөхцөл дордсон, түүний эрүүл мэнд, хүмүүжилд сөрөг өөрчлөлт орсон, талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Цаашид хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөж байна гэж үзвэл хариуцагч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ