Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2024/00930

 

 

 

 

  2024 11 21 151/ШШ2024/00930

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод байрлах ЖББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Т овогт Д,Эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 23.769.390,12 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батмандал

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЖББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Капитал Континент Инвестмент ББСБ буюу одоогийн нэр нь ЖББСБ ХХК нь хариуцагч Д.Этай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 зээлийн гэрээг байгуулж, сарын 2,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7.800.000 төгрөгийг зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ФГХ18/408 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу фидуцийн гэрээ байгуулж, KIA Bo0go-3 /Арлын дугаар K03H0P6D25K077932, Улсын дугаар: 98-19УБМ/ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сараас сар бүрийн 15-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Тиймээс фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдана борлуулна гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох КІА Bo0go-3 маркийн автомашиныг хураан авах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг хийх гэсэн боловч фидуцийн зүйл хаана байгааг олж очиж чадаагүй.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Капитал Континент Инвестмент ББСБ буюу одоогийн нэр нь ЖББСБ ХХК болон Мандал Даатгал ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хариуцагч Д.Эгийн хувьд нийт 3 удаагийн буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сунгалтад хамаарах даатгалын хураамж болох 428.044,50 төгрөгийг нэхэмжлэгч компаниар тус тус төлүүлсэн. Фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.9-т Өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр, хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг Үүрэг гүйцэтгэгч буюу Хариуцагч хариуцахаар заасан.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон зээлдэгч нь төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 7.391.910,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.295.649,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.355.119,53 төгрөг, даатгалын хураамж 428.044,50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэд хамаарах тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нотариатын төлбөр 87.400 төгрөг, орчуулгын хөлс 30.000 төгрөг нийт 20.658.323,40 төгрөгийг хариуцагч Д.Эгаас нэхэмжилж байна гэжээ.

2.-Нэхэмжлэгч ЖББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГХ18/408 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ФГХ18/408 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу фидуцийн гэрээг байгуулж, КІА Bo0go-3 /Арлын дугаар: K3H0P6D25K077932, Улсын дугаар: 98-19УБМ/ маркийн автомашиныг 7.800.000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгосон байдаг. Тэгвэл, тус өдрөөс буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 2.592.555,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 518.511,12 төгрөг, нийт 3.111.066,72 төгрөгөөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 7.800.000 төгрөгийн зээл авсан талаар манай зүгээс маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал Д.Эгаас нийт 23.769.390,12 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анх зээлийн гэрээгээр 7.800.000 төгрөг авсан. Тухайн зээлийг авахдаа Д.Э авто машин худалдаж авахаар нэхэмжлэгч байгууллагад худалдан авч буй авто машинаа барьцаалж гэрээ байгуулан шилжүүлсэн байдаг. ... авто машинтай Улаанбаатар хотод зорчиж явахдаа осол хийсэн. Тухайн авто машин нь одоо Төв аймгийн Жаргалант суманд Д.Эгийн хашаанд байгаа. Осолд орсноос хойш хөдөлгөөнд оролцоогүй. Зээлийн гэрээний төлбөрөө яагаад төлөөгүй талаар энэ осол хийсэнтэй холбож тайлбарладаг. Энэ талаар баримт байхгүй гэдгийг өмнө тайлбарлаж хэлсэн. ...Үндсэн зээлд 7.391.119,53 төгрөгийн үлдэгдэлтэй, хүү болон нэмэгдүүлсэн хүү гэж нийт 20.658.323,40 төгрөгийг анх нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 23.769.390,12 төгрөг болгосон. ...Хэрэв зээлийн эргэн төлөлт хийгээгүй өнгөрсөн хугацаанд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн бол өнөөдөр зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөр 13.000.000 гаруй төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.000.000 төгрөг энэ мэт дарамтад орохгүй байсан... ...иймд үндсэн зээлийн төлбөрийг хариуцагч талаас төлж барагдуулахыг илэрхийлж байгаа хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг багасгаж өгөхийг хүсэж байна гэжээ

4. Нэхэмжлэгчээс ЖББСБ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23/2/30 дугаар итгэмжлэл (хх-7), ЖББСБ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23/2129 дүгээр албан бичиг (хх-8), ЖББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-9), Д.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-11), KIA Bo0go 3 /Арлын дугаар: K03H0P6D25K077932, Улсын дугаар: 98-19УБМ/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-12), 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-13-16), 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ФГХ18/408 дугаар фидуцийн гэрээний хуулбар (хх-17-18), Д.Эгийн зээл эргэн төлөлтийн хуулга (хх-20), ЖББСБ ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1420/247 дугаар Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл (хх-22), ЖББСБ ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/116 дугаар Гэрээ цуцлах тухай шаардлага (хх-23), ЖББСБ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21/13 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг (хх-24), ЖББСБ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21/178 дугаар Мэдэгдэл (хх-25), ЖББСБ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22/012 дугаар шаардлага (хх-26), Мандал даатгал ХХК болон Капитал континент инвестмент ББСБ ХХК нарын 2017 оны 17/155 дугаар хамтран ажиллах гэрээ (хх-27-29), Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ (хх-30-32), Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/11429, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2022/17824 дүгээр захирамжуудын хуулбар (хх-34-38), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01941 дүгээр шийдвэрийн хуулбар (хх-39-40), Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай албан бичиг (хх-41), ЖББСБ ХХК-ийн орчуулгын хөлс, нотариатын хөлс талаарх баримтууд (хх-42-49), ЖББСБ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24/951 дүгээр давж заалдах гомдлын хариу тайлбар (хх-119-120), ЖББСБ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/2172 дугаар итгэмжлэл (хх-162), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-167), ЖББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (хх-180-187), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-62), 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0766 дугаар итгэмжлэл (хх-63), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн давж заалдах гомдол (хх-113-115), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-190), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх ЖББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Эд холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 23.769.390,12 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч ЖББСБ нь хариуцагч Д.Этай 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нэг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 7.800.000 төгрөгийг зээлдүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, фидуцийн зүйл болон Киа Бонго-3 маркийн 98-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 7.391.910,33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13.888.224,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.873.630,65 төгрөг, даатгалын хураамж 428.044,50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэд хамаарах тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нотариатын төлбөр 87.400 төгрөг, орчуулгын хөлс 30.000 төгрөг нийт 23.769.390,12 төгрөгийг хариуцагч Д.Эгаас гаргуулж манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 7.800.000 төгрөгийн зээл авсан талаар манай зүгээс маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал Д.Эгаас нийт 23.769.390,12 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анх зээлийн гэрээгээр 7.800.000 төгрөг авсан. Тухайн зээлийг авахдаа Д.Э авто машин худалдаж авахаар нэхэмжлэгч байгууллагад худалдан авч буй авто машинаа барьцаалж гэрээ байгуулан шилжүүлсэн байдаг. ... авто машинтай Улаанбаатар хотод зорчиж явахдаа осол хийсэн. Тухайн авто машин нь одоо Төв аймгийн Жаргалант суманд Д.Эгийн хашаанд байгаа. Осолд орсноос хойш хөдөлгөөнд оролцоогүй. Зээлийн гэрээний төлбөрөө яагаад төлөөгүй талаар энэ осол хийсэнтэй холбож тайлбарладаг. Энэ талаар баримт байхгүй гэдгийг өмнө тайлбарлаж хэлсэн. ...Үндсэн зээлд 7.391.119,53 төгрөгийн үлдэгдэлтэй, хүү болон нэмэгдүүлсэн хүү гэж нийт 20.658.323,40 төгрөгийг анх нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 23.769.390,12 төгрөг болгосон. ...Хэрэв зээлийн эргэн төлөлт хийгээгүй өнгөрсөн хугацаанд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн бол өнөөдөр зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөр 13.000.000 гаруй төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.000.000 төгрөг энэ мэт дарамтад орохгүй байсан... ...иймд үндсэн зээлийн төлбөрийг хариуцагч талаас төлж барагдуулахыг илэрхийлж байгаа хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг багасгаж өгөхийг хүсэж байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн KIA Bo0go 3 /Арлын дугаар: K03H0P6D25K077932, Улсын дугаар: 98-19УБМ/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-12), 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-13-16), ЖББСБ ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/116 дугаар Гэрээ цуцлах тухай шаардлага (хх-23), ЖББСБ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21/13 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг (хх-24), ЖББСБ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21/178 дугаар Мэдэгдэл (хх-25), ЖББСБ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22/012 дугаар шаардлага (хх-26) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл явдал тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

6.1. Нэхэмжлэгч ЖББСБ ХХК нь тухайн зээлийн харилцаа үүсэх үед Капитал Континент Инвестмент ББСБ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр оноосон нэрээ өөрчилж ЖББСБ ХХК болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын тодорхойлолтоор тогтоогдож байна. Талууд энэхүү зээлдэгч байгууллагын оноосон нэр өөрчлөгдсөн үйл явдалд маргаагүй болно. /хх-ийн 9, 10-р хуудас/

6.2. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч ЖББСБ ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23/2130 дугаартай итгэмжлэлээр М.Од олгожээ. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч ЖББСБ ХХК-ийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар М.Од олгосон байна. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уг итгэмжлэлийн хугацаа дуусаж Ж ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/2172 дугаар итгэмжлэлээр хугацааг 1 жилээр сунгажээ. /хх-7, 162-р хуудас/,

6.3. Мөн Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Э нь өөрийн бүрэн эрхийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0766 дугаар итгэмжлэлээр Л.Мд олгосон байна. /хх-63-р хуудас/,

7. ЖББСБ ХХК болон иргэн Д.Э нар нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээгээр 7.800.000 төгрөгийг, зээлийн хүүг жилийн 33.6% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай ФГХ18/408 дугаар фидуцийн гэрээг байгуулж KIA Bo0go-3 /Арлын дугаар: K03H0P6D25K077932, Улсын дугаар: 98-19 УБМ/ тээврийн хэрэгслийг барьцаалан гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тус тусын гэрээнд тусгагдсан байна. /хх-н 13-18-р хуудас/,

7.1. Талууд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай Фидуцийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан байх бөгөөд ФГХ18/408 дугаар фидуцийн гэрээний зүйл нь KIA Bo0go-3 Арлын дугаар: K03H0P6D25K077932, Улсын дугаар: 98-19 УБМ тээврийн хэрэгсэл байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Дээрхээс үзэхэд фидуцийн гэрээ нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээний гүйцэтгэлтэй хамааралтай байх бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд тухайн гэрээ дуусгавар болох боломжтой.

7.2. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан, хариуцагчаас үндсэн зээлд 408.089,67 төгрөг, зээлийн хүүд 1.641.410,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.309.967,26 төгрөг, нийт 4.359.467,26 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 20-р хуудас/,

7.3. Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээ, ФГХ18/408 дугаар фидуцийн гэрээний үүргийг нэхэмжлэгч ЖББСБ ХХК шаардах эрхтэй байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.М шүүх хуралдаанд маргаж байгаа үндэслэлээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 дугаар зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д Энэхүү гэрээг ББСБ-ын санаачилгаар дараах үндэслэлүүдээр хугацаанаас өмнө цуцалж болно, 6.1.1-д Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 /нэг/ хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн гэж зааснаар зээлийн гэрээг цуцлах арга хэмжээ аваагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү их хэмжээгээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд хандсан бол өнөөдрийнх шиг ийм хүү, нэмэгдүүлсэн хүү үүсэхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Д.Э нь тухайн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон мөн хугацаанаас өмнө гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч байгууллагад хандсан гэх баримтыг гаргаж өгөөгүй энэ талаар хүсэлт гаргаж байгаагүйг шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээхээс үүрэг бүхий этгээдийн үүргийг багасгах, чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй явдалтай холбоогүй учир нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

11. Мөн хариуцагч Б.Э нь KIA Bo0go-3 маркийн 98-19 УБМ дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осолд орсон. Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нь үүнтэй холбоотой. Иймд үндсэн зээлийн төлбөрийг хариуцагч талаас төлж барагдуулахаа илэрхийлж, хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг багасгаж өгөхийг хүсэж байна гэж тайлбарласан хэдий ч хүү болон нэмэгдүүлсэн хүү хэт их тогтоогдсон бол тухайн гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргах бус харин ямар шаардлагаар тухайн гэрээний хүү нэмэгдүүлсэн хүүг багасгах талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

12. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

11. Нэхэмжлэгч ЖББСБ ХХК-аас зээлдэгч Д.Эд зээлийн төлбөр төлөх шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1420/247 дугаар Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ш20/116 дугаар гэрээ цуцлах тухай шаардлага, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Ш21/13 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21/178 дугаар мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22/012 дугаар шаардлага зэргийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнүүд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна. /хх-22-26-р хуудас/,

Харин энэхүү гэрээний хугацааг сунгасан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч нарын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна.

12. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.

13. Нэхэмжлэгч ЖББСБ ХХК нь ЗГХ18/408 дугаартай гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээлд 7.391.910,33 төгрөг, зээлийн хүүд 13.888.204,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.873.630,65 төгрөг, даатгалын хураамж 428.044,50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлах хүсэлтэд хамаарах тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нотариатын төлбөр 87.400 төгрөг, орчуулгын хөлс 30.000 төгрөг, нийт 23.769.390,12 төгрөгийг гаргуулах, K03H0P6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ улсын дугаартай, KIA Bo0go 3 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардсан байна.

14. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй юм.

15. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар тус тус зохицуулагдаж байсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ.

16. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.7-д зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх хөрөнгө барьцаалахаас гадна батлан даалтын арга хэмжээг авах эрхтэй болж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар анзыг хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ тус тус шинээр бий болжээ. Мөн хуулийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна.

17. Иймд зээлийн гэрээ байгуулсан, тухайн гэрээ хэрэгжиж байх үед хуулиар анз тохирохыг хориглоогүй, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах журмыг хуулиар тогтоосноор буюу тухайн зээлийн гэрээ нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болж тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрх дуусгавар болно. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн хүүгийн төлбөр 2.592.555,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 518.511,12 төгрөг нийт 3.111.066,72 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

18. Мөн гэрээний 5.1-т Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа учирсан бүх хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар даатгалын хураамж 428.044,50 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нотариатын зардал 87.400 төгрөг, орчуулгын хөлс 30.000 төгрөгийг төлөхийг хариуцагчийн төлөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

19. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1- д тус тус заасныг баримтлан хариуцагч Д. Эгаас үндсэн зээлд 7.391.910,33 төгрөг, зээлийн хүүд 11.295.649,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.355.119,53 төгрөг, даатгалын хураамж 428.044,50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нотариатын зардал 87.400 төгрөг, орчуулгын хөлс 30.000 төгрөг, нийт 20.658.323,40 төгрөгийг хариуцагч Д.Эгаас гаргуулан нэхэмжлэгч ЖББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

20. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, гэж тус тус заасан.

21. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №ФГХ18/408 дугаартай гэрээний зүйл болох K03H0P6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ улсын дугаартай, KIA Bo0go-3 маркийн авто машинаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө нь осолд орсон гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч түүнийг нотолсон нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор авах боломжтой эсэх нь эргэлзээтэй хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465.718,68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 400.991,62 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч ЖББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 20.658.323,40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.111.066,72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар K03H0P6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ улсын дугаартай, KIA Bo0go-3 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465.718,68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 400.991,62 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч ЖББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ