| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2024/0007/З |
| Дугаар | 117/ШШ2024/0005 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 117/ШШ2024/0005
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би, *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******нд хариуцагдах “Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сонгуулийн хороо аймгийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшихээр хуульд заасны дагуу материалаа бүрдүүлж өгсөн *******ыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Дундговь аймгийн *******ийн дарга албан тушаалтай болно.
Энэ албан тушаалтан нь Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28.4.3-т заасан “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэдэгт хамаарахгүй тул албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр сонгуульд нэр дэвшсэн болно.
Тодруулбал, хуулийн энэхүү заалтанд “хуулийн этгээд” гэж тодорхой заасан бөгөөд дээрх байгууллагууд нь хуулийн этгээдийн эрхгүй салбарын статустай юм. Монгол Улсын Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан байдаг.
Иймд Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, намайг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэн *******аас Дундговь аймгийн *******нд холбогдуулан “Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргасныг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 30 минутад хүлээн авч хуулиар тогтоосон ажиллагааг[2] хэрэгжүүлэв.
2. Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор[3] “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 32 дугаар зүйлийн 32.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтуудад заасныг үндэслэн Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшүүлсэн *******ыг дээрх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2- т “сонгуулийн хороо шатлан захирах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана” гэж заасанчлан нэхэмжлэгчээс дээд шатны байгууллагад заавал хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр хуульчилсан хийгээд Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 03/859 дугаартай албан бичгээр[4] “...хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын ажил, албан тушаал нь чөлөөлөгдөх тусгай шаардлагад хамаарахгүй” гэх хариу өгснийг хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсэн гэж үзнэ.
4. Дээд шатны байгууллагын дээрх хариуг үндэслэн Дундговь аймгийн ******* 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 26 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоол[5] гаргаж, маргаан бүхий 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгон нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ.
5. Иймд нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, татгалзлаа бичгээр[6] илэрхийлсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжийн үр дагаврыг буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан[7] болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******нд хариуцагдах “Дундговь аймгийн *******ны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг илт хууль болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ