Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 02163

 

 

 

 

 

 

 

 

 

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/01969 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М-” ХХК-ийн хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 3 сарын 02-ны өдөр “И-” ХХК нь “Ийгл телевиз”-ээрээ дамжуулан “Канондсон цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэвтрүүлэг олон нийтэд гаргасан. Уг нэвтрүүлэгт: ... 2018 онд сурах бичиг хэвлэх тендерт 6 компани шалгарч улсын төсвөөс 3,5 тэрбум төгрөгийг хувааж авчээ, энэхүү 3,5 тэрбум төгрөгөөс “М-” ХХК З5 хувь буюу 1,1 тэрбум төгрөг авсан байна. Сурах бичиг хугацаандаа хэвлэгддэггүй, хичээлийн жилийн талыг сурах бичиггүй хичээлүүлсний хохирлыг эдгээр тендерт шалгарсан компаниуд хариуцах ёстой, харамсалтай нь эрх баригч намын удирдлагын компаниуд сурах бичгийн тендерийн ихэнхийг авсан учир хэн ч хариуцлага ярьсангүй өдийг хүрлээ. “М-” ХХК нь МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг, Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Б-ийн хувийн компани, ... хэвлэсэн сурах бичигт маш олон алдаа байдаг гэж “М-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан. “М-” ХХК нь МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг, гадаад харилцааны дэд сайд Б.Б-ийн хувийн компани гэдэг нь худал мэдээлэл юм. Б.Б- нь “М-” ХХК-нд хувьцаа эзэмшигч болохоос эзэн нь биш, тус компани нь 4 хувьцаа эзэмшигчтэй, эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Манай компани нь эрх баригч намын удирдлагын компани биш, эрх баригч намын гишүүдээр нөлөөлүүлж тендер авсан тохиолдол нэг ч байхгүй, Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яамтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж байсан тохиолдол огт байхгүй. Өөр, хүчин чадал багатай хэвлэх компаниудын сурах бичгийг хожимдуулж хэвлэсэн асуудлыг манай компанид хамааруулж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Сурах бичгийн алдааны тухайд уг асуудал нь манай компаниас хамаарах асуудал биш зохиогчдын асуудал юм. Манай компани Монгол Улсдаа хамгийн өндөр хүчин чадал бүхий хэвлэх үйлдвэртэй, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн тендерт жил бүр хамгийн хямд үнээр, хамгийн чанартай сурах бичиг хэвлэх санал өгдөг. Учир нь манай компани нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэгдүгээрт тавьж ашгийг бус чанартай сурах бичгийг хамгийн хямд үнээр хэвлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Дээрх нэвтрүүлэг олон нийтэд цацагдсаны дараа иргэд, үзэгчид, олон нийт “М-” ХХК-нийг сурах бичгийн тендерийн ихэнхийг МАН-ын гишүүн, гадаад харилцааны дэд сайд Б.Б-ээр нөлөөлүүлж хууль бусаар авдаг, Б.Б-ийн хувийн компани, сурах бичгийг хугацаандаа хэвлэж өгдөггүй, дунд сургуулийн сурагчдыг хохироодог, МАН-ын удирдлагуудын нэгийнх нь компани учир ямар ч хариуцлага хүлээдэггүй, сурах бичгээ алдаатай хэвлэдэг, хууль бусаар тендерийн ихэнхийг авдаг гэсэн буруу ташаа ойлголт авсан. Уг нэвтрүүлэг нь манай компанийн ажил хэргийн нэр хүндийг унагаасан, гутаан доромжилсон, худал мэдээлэл нийтэд тараасан, компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хохирол учруулсан. Бид асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээн удаа дараа залруулга гаргахыг манай компанид байгаа материалтай танилцахыг Ийгл телевизийн удирдлага, сэтгүүлчид хандсан боловч биднийг үл ойшоож, авч хэлэлцээгүй учир ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уучлалт гуйлгуулахаар шүүхэд хандаж байна. Мөн Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасны дагуу 2019 оны 3 сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг Ийгл телевизийн “Канондсон цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэвтрүүлгээрээ “М-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ, мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 150 000 000 төгрөгийг “И-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай телевизээр гарсан “Канондсон цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэртэй нэвтрүүлгээр тендерт оролцон шалгарсан компаниудын сурах бичиг хэвлэн нийтлэх хугацааны талаар, яагаад сурах бичиг хугацаандаа хэвлэгдээгүй, хичээлийн жилийн эхний хагаст ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиггүй хичээл орж байсан талаар бодит байдлыг эрэн сурвалжлан нийтэд хүргэсэн бөгөөд энэ талаар тус яамны мэргэжилтэн сурах бичгийн хэвлэлт, тендерт оролцсон компаниудын зүгээс шүүхэд болон захиалагчид гомдол, нэхэмжлэл гаргаснаар удааширч улмаар тендер сонгон шалгаруулалтанд оролцон шалгарсан компаниудтай гэрээ байгуулах зэргээс шалтгаалан 2018 оны 10 сараас эхлэн эхний хэвлэлтэнд орсон талаар тодорхой ярьсан зэрэг байдлаар нэвтрүүлгээ бэлтгэн хүргэсэн. Өөрөөр хэлбэл тухайн нэвтрүүлгийг эрх бүхий мэргэжлийн хүмүүсээс ярилцлага, сурвалжлага авах байдлаар бэлтгэн хүргэсэн бөгөөд уг нэвтрүүлгийг манай телевизийн сэтгүүлч Б.Отгон бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Б.Отгон нь эрэн сурвалжлагч нэвтрүүлгийн дугаараараа “Канондсон цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэртэй сэдвийг сонгож, Монголын боловсролын салбарт тулгамдаад буй сурах бичиг тойрсон завхарлын бодит үнэнийг сурвалжлан нэвтрүүлсэн бөгөөд ингэхдээ бодит баримт, мэдээлэл, баталгаатай эх сурвалжид тулгуурлан нэвтрүүлгээ бэлтгэсэн тул нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй, түүний ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийн дунд гутаасан шинжтэй нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ, мэдээлэл, нийтлэл тараагүй болно. Нэхэмжлэгч “М-” ХХК-ийн дүрмээс үзэхэд уг компани нь 5 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй байх ба тус компанийн хамгийн их хувьцаа эзэмшигчээр Батмөнх овогтой Батцэцэг бүртгэлтэй, дүрмийн сангийн 32 хувийг эзэмшдэг болох нь нотлогдож байна. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “М-” ХХК нь МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг, Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Б-ийн хувийн компани гэдэг нь худал мэдээлэл юм. Б.Б- нь “М-” ХХК-нд хувьцаа эзэмшигч болохоос эзэн нь биш, тус компани нь 4 хувьцаа эзэмшигчтэй гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан нь тэдний өөрсдийнх нь шүүхэд гаргаж өгсөн баримтуудтай зөрчилдөж байна. Мөн яамны мэргэжилтний өгсөн ярилцлагаар ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурах бичгүүдийн хэвлэлт өмнө дурьдсан шалтгааны улмаас 2018 оны 10 сараас эхлэн хэвлэлийн компанийн хэвлэлтэнд орох болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Манай телевиз нь байгуулагдаад 23 жил болж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэхээр ажилладгийн хувьд сэтгүүлчийнхээ нэвтрүүлгийн агуулгад хөндлөнгөөс оролцож, сэдвийн сонголтонд нөлөөлдөггүй болохыг энд дурьдаж байна. “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг сэтгүүлч Б.Отгонтой 2018 оны 02 сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, сэтгүүлч Б.Отгон нь өөрийн нэвтрүүлгийн бодит байдлыг зөвхөн өөрөө хариуцаж хуулийн өмнө хариуцлага хүлээх, телевиз нь нэвтрүүлгийг сэдвийн сонголт, агуулгад цензур тавихгүй, бэлтгэсэн нэвтрүүлгийг эфирээр саадгүй нэвтрүүлэхээр харилцан тохиролцож ажилладаг. Мөн гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй байна. Хохирол гэдэгт хохирогчоос зөрчигдсөн эрхээ сэргээхэд буюу эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардагдах зардал болон эрх зөрчигдсөний улмаас алдсан орлогыг тодорхойлсон гэж ойлгохоор байна. Иргэний хуулийн 497 - 514 дүгээр зүйлд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан байх ба Гэм хор гэсэн ойлголтыг тодорхойлж өгөөгүй байгаа боловч гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь өөрөө гэрээний бус үүрэгт хамаарах учир гэм хор учирсан явдал нь талуудын хоорондын гэрээний бус харилцаанаас үүсэн гарсан эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус эрх зөрчигдсөний үр дагавар гэж онолын хувьд ойлгодог. Гэм хор гэсэн ойлголт нь хохирол гэсэн ойлголтоос илүү өргөн утгатай бөгөөд түүнийг өөртөө багтаасан ойлголт юм. Өөрөөр хэлбэл гэм хор нь шууд материаллаг хохирол болон эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны гэм хор гэсэн хоёр төрөлтэй бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг арилгах тохиолдол, apra замыг зааж өгсөн. Иргэний хуульд эдийн бус гэм хор гэдэгт яг юуг тооцох талаар шууд тодорхой зааж өгөөгүй ба сэтгэл санааны гэм хорыг манайд гэм хорын тусгайлсан төрөл болгож авч үздэггүй, харин эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэхэд харгалзан үзэх шалгуур болгохоор хуульчилсан тул ямар байдлаар, ямар хэмжээгээр нэхэмжлэгчид сэтгэл санааны гэм хор учирсан болох нь нотлогдоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс эдийн бус гэм хор буюу хохиролд тооцон нэхэмжилсэн 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар “М-” ХХК-ийн “И-” ХХК-д холбогдуулан гаргасан “М-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ, мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 150 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь Монгол Улсад мэдээний төрлөөр дагнан үйл ажиллагаа явуулдаг 2 000 000 гаруй үзэгчтэй, “Канондсон цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэвтрүүлгийг бэлтгэн явуулахдаа бодит үнэнд нийцээгүй, үнэн зөв баримтанд тулгуурлалгүйгээр бэлтгэн явуулснаас болж сурах бичгийн тендерт шалгарсан компаниуд нь хугацаандаа сурах бичиг хийдэггүй, хэвлэсэн сурах бичиг нь алдаатай байдаг, засаг барьж байгаа намын хэдхэн компани албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерийг авдаг мэтээр мэдээг бэлтгэсэн. Хариуцагч нь манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ мэдээллийг түгээж, түүнийхээ үнэн зөвийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолж чадаагүй бөгөөд компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тендерт шалгарсан компани л энэ бүх нөхцөл байдлыг үүсгэж, тендерийг хууль бусаар авдаг гэх ойлголтыг иргэдэд өгсөн. Түүнчлэн “Канондсон цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэвтрүүлэг гарсны зэрэгцээ, уг нэвтрүүлгийг бэлтгэсэн Б.Отгон “Улс төрчдөд дээрэмдэхгүй зүйл гэж үгүй, хүүхдүүдээс сурах бичгийг нь хүртэл булаана ...” гэх утга агуулга бүхий мэдээллийг өөрийн фэйсбүүк болон бусад мэдээ сүлжээгээр олон мянган хэрэглэгчид түгээсэн. Улмаар уг мэдээ мэдээллийг үзсэн иргэд бусдад түгээх, дамжуулах, сэтгэгдэл бичих зэрэг үйлдлүүдийг гаргасан байдаг. Үүнээс үзвэл нэвтрүүлгийг харсан хүрээ, тараасан арга хэрэгсэл нь илүү өргөн бөгөөд үүссэн үр дагавар нь хор хөнөөлтэй. Энэхүү нэвтрүүлэг нь “М-” ХХК-иар үйлчлүүлдэг олон мянган хэрэглэгчид хүрч, үйлчлүүлэгчээ алдах, нэр хүндээ алдах зэрэг нөхцөл байдалд хүргэсэн болно. Манай компани нь үүсгэн байгуулагдсан 29 жилийн хугацаанд иргэд, харилцагчдынхаа итгэлийг хүлээж, ном, сонин, сэтгүүл, нэрийн хуудаснаас эхлээд үнэт цаасны бүхий л захиалгат ажлыг тухай бүрт нь чанартайгаар гүйцэтгэж, хэвлэлийн салбартаа анхдагчдын нэг болж чанарын удирдлагын тогтолцоо стандартыг нэвтрүүлж, азийн бүтээмжийн загвар компани болтлоо хөгжсөн үндэсний үйлдвэрлэгч хамт олон. Бид Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурах бичгээр хангах ажилд бодит хувь нэмрээ оруулж, хамгийн хямд үнээр хэвлэхийг зорьж ажиллахын зэрэгцээ, сурах бичгийн хангалт, сурах бичгийн нийлүүлэлт зэрэгт өндөр ач холбогдол өгч ажилладаг. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. “М-” ХХК нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай 2018-2019 оны хичээлийн жилийн сурах бичиг, багшийн ном, дэвтэр, багшийн журнал, нөхөн хангалтын сурах бичиг худалдан авах тухай гэрээнүүдийг байгуулж, улмаар гэрээнд заасан хугацаанд нийлүүлэлтийг хийсэн, гэрээ бүрийн ард хавсаргасан гэрээг дүгнэсэн тухай баримт бичгээр нотлогдсон. Хариуцагч нь “М-” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд сурах бичгийг хугацаандаа нийлүүлээгүй гэдгийг нотолж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан гэрээ, гэрээ дүгнэсэн актууд, яамны мэргэжилтэн гэрч Р.Балжиннямын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаандаа сурах бичгийг нийлүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч “М-” ХХК нь гэрээнд заасан хугацаанд сурах бичгийг нийлүүлсэн гэдгийг бодит баримтад тулгуурлаж мэдээллээгүйгээс болж, хариуцагч “М-” ХХК-ийг сурах бичгийг хугацаандаа нийлүүлдэггүй гэх ойлголтыг иргэдэд өгсөн бөгөөд энэхүү мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй, бодит баримтанд тулгуурлаж мэдээ, мэдээллийг бэлтгээгүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч “М-” ХХК нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас зарласан 2018-2019 оны хичээлийн жилийн сурах бичиг, багшийн ном, дэвтэр, багшийн журнал, нөхөн хангалтын сурах бичиг авах худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу оролцож, хуульд заасны дагуу “... хамгийн бага үнийн санал ...” хүргүүлсэн багцууд дээрээ тендерт өрсөлдсөн компаниудаас шалгарч сурах бичиг хэвлэхээр болсон байдаг. Сурах бичгийн сонгон шалгаруулалтын ажиллагаанд “М-” ХХК нь хувьцаа эзэмшигч Б.Б-ийг ашиглаж, тендерийн хороонд нөлөөлж шалгарсан мэтээр энэхүү нийтлэлд бичээд байгаа нь баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн, “М-” ХХК нь эрх баригч намын удирдлагын компани биш, эрх баригч намын гишүүдээр нөлөөлүүлж тендер авсан тохиолдол нэг ч байхгүй бөгөөд хариуцагч уг мэдээнийхээ үнэн зөвийг нотлоогүй байдаг. Бодит байдал дээр сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтанд маргаан үүссэн болохыг мөн сурах бичиг хэвлэх сонгон шалгаруулалтын шийдвэрт шалгарч чадаагүй компани захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас улбаалж сурах бичиг хэвлэх гэрээ хойшлогдсон байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

            Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дах хэсэгт “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Хариуцагч “И-” ХХК нь 2019 оны 3 сарын 02-ны өдөр “Ийгл телевиз”-ээр дамжуулан “Канондсан цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” хэмээх нэртэй нэвтрүүлэг бэлтгэн хүргэжээ. Уг нэврүүлэгт “... 2018 онд сурах бичиг хэвлэх тендерт нэр бүхий 6 компани шалгарч, улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийг хуваан авчээ”, “... улсын төсвийн хөрөнгөөр хэвлэгдсэн сурах бичгийн 60 орчим хувийг “М-” ХХК, “Соёмбо принтинг” ХХК гэсэн 2 компани хуваан авсан байна, “М-” ХХК нь МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг, Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Б-ийн хувийн компани, ... сурах бичиг хугацаандаа хэвлэгддэггүй, хэвлэсэн сурах бичгүүдэд маш олон алдаа байдаг, хичээлийн жилийн талыг сурах бичиггүй хичээллүүлсний хохирлыг тендерт шалгарсан компаниуд хариуцах ёстой ...” гэж мэдээлсэн нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ. /2хх-ийн 111-114-р тал/

           

            Дээрх агуулга бүхий мэдээлэл нь нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж нэхэмжлэлд заасан байна.

 

            Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “... Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж заасан хэдий ч хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэн хүргэж буй нэвтрүүлгийн агуулга нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй бол мэдээ тараасан этгээд хариуцлага хүлээх талаар Иргэний хуулийн дээрх зохицуулалтуудад заасан.

           

            Уг нэвтрүүлэгт дурьдаж буй “... сурах бичиг хугацаандаа хэвлэгддэггүй, хичээлийн жилийн талыг сурах бичиггүй хичээллүүлсний хохирлыг тендерт шалгарсан компаниуд хариуцах ёстой” гэсэн мэдээлэлд нэхэмжлэгч “М-” ХХК-ийг шууд нэрлэн заагаагүй байх боловч сурах бичгийн тендерт шалгарсан бүх компани сурах бичгүүдийг хугацаандаа хэвлээгүй, буруутай гэсэн агуулга илэрхийлэгдсэн байна. Иймд уг мэдээлэлд заагдсан нөхцөл байдал нэхэмжлэгч компанийн хувьд үнэн зөв болохыг хариуцагч буюу мэдээлэл тараасан этгээд нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “И-” ХХК нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар олон нийтэд хандан гаргасан уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй.

           

            Хэрэгт нэхэмжлэгч “М-” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан сурах бичиг худалдан авах тухай гэрээ болон гэрээ дүгнэсэн актууд авагдсан байх бөгөөд гэрээ дүгнэсэн актуудад нэхэмжлэгч “М-” ХХК-ийг нийлүүлэлтийн хуваарийн дагуу сурах бичгийг хугацаанд нь нийлүүлсэн талаар тэмдэглэжээ. /1хх-ийн 16-213-р тал/ Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Р.Балжинням нь “... сурах бичиг зохиохтой холбоотой шүүх дээр маргаан үүссэн учраас үүнтэй холбоотой хэвлэлт хойшлогдож, 9 сараас хойш нийлүүлэгдсэн” гэж мэдүүлсэн байна.  /2хх-ийн 174-175-р тал/

 

Хариуцагч “И-” ХХК нь нэхэмжлэгч “М-” ХХК-ийг хугацаандаа сурах бичгийг нийлүүлээгүй гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Р.Балжинням болон ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Баярцэцэг, Х.Саранчимэг, Х.Гантогоо, Ц.Алтангэрэл нарын өгсөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч “М-” ХХК нь сурах бичгийг хугацаандаа нийлүүлдэггүй гэдэг нь нотлогдоно гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгч “М-” ХХК-ийг хугацаандаа сурах бичиг нийлүүлдэггүй гэж шууд нэрлэн заагаагүй, харин “сурах бичгийн агуулга болон чанар, стандарт муу байдаг, хичээлийн жилийн талыг сурах бичиггүй хичээллэж байгаа” талаар мэдүүлжээ. Иймд дээрх гэрч нарын мэдүүлэгт үндэслэн, сурах бичгүүдийг нэхэмжлэгч компани хугацаандаа нийлүүлээгүй гэх мэдээлэл үнэн, зөв гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцэхгүй. /2хх-ийн 171-183-р тал/

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2 дах хэсэгт заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ ...” гэж тус тус заасан.

 

Хариуцагч “И-” ХХК нь сурах бичиг хэвлэгдсэн нөхцөл байдал болон хугацаа хойшилсон шалтгааны талаар бодит мэдээллийг бүрэн гүйцэд мэдээлээгүйн улмаас нэхэмжлэгч “М-” ХХК нь сурах бичгийг хугацаандаа нийлүүлээгүй гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан байна. Иймд энэ талаар залруулга хийсэн мэдээллийг гаргаж, няцаалт хийхийг хариуцагч “И-” ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Харин, Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Б- нь нэхэмжлэгч “М-” ХХК-ийн хувьцааны 32 хувийг эзэмшдэг, Монгол Ардын намын гишүүн болох нь хэрэгт авагдсан албан тушаалтны хувийн ашиг, сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул нэвтрүүлэгт дурьдаж буй “сурах бичгийн тендерт шалгарсан “М-” ХХК нь Монгол Ардын намын идэвхтэй гишүүний нэг Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Б-ийн хувийн компани” гэх мэдээллийг бодит байдалд нийцээгүй, худал мэдээлэл гэж үзэх боломжгүй юм. /1хх-ийн 245-250, 2хх-ийн 3-р тал/

 

            Түүнчлэн, нэвтрүүлгийн “хэвлэсэн сурах бичгүүдэд маш олон алдаа байдаг” гэх хэсгийг сэтгүүлч нь “Соёмбо принтинг” ХХК-д холбогдуулан тайлбарласан болох нь дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс тодорхой харагдаж байх тул нэхэмжлэгч “М-” ХХК-д шууд хамааруулж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй байна. /2-р хх-ийн 112-р тал/

 

Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “И-” ХХК-ийн бэлтгэн хүргэсэн “Канондсан цаасанд байр сууриа тавьж өгсөн сурах бичиг” нэртэй нэвтрүүлэг олон нийтэд цацагдсаны улмаас нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан гэх үндэслэлээр 150 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба энэхүү нөхцөл байдлыг өөрийн үйл ажиллагаатай холбон баримтаар нотолж чадаагүй. Гэвч мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан цар хүрээ зэргийг харгалзан хариуцагч “И-” ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. 

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/01969 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М-” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “сурах бичгүүдийг хугацаандаа хэвлээгүй” гэх мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийсэн мэдээллийг гаргаж, няцаалт хийхийг хариуцагч “И-” ХХК-д даалгаж, хариуцагч “И-” ХХК-иас 1 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагад заагдсан бусад мэдээлэлтэй холбогдох хэсэг болон 149 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “И-” ХХК-иас 98 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧ                                    Б.НАРМАНДАХ

Г.ДАВААДОРЖ