Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

 

    М.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.А-д холбогдох, 2235001640197 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь ... цолтой ажиллаж байсан, одоо ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн .. баг, .. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогтой М-ын А.

1. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт “Арина” цахилгаан барааны дэлгүүрийн урд зам дээр “Toyota crown” загварын 21-46 УБО улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а болон 16.1-т заасан заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч иргэн Ч.Ц, Ч.Ц нарыг мөргөж, хохирогч Ч.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас: М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Б овогтой М-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

- шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогч Ч.Цгийн нэхэмжилсэн гэм хорын төлбөр 7.647.554 /долоон сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгөөс шүүх нотлох баримтын хэмжээнд 4.107.734 /дөрвөн сая нэг зуун долоон мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, 4.107.734 төгрөгөөс шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хасаж тооцон, үлдэх 1.607.734 /нэг сая зургаан зуун долоон мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг М.Ааас гаргуулж, хохирогч Ч.Цд олгож, хохирогчийн нэхэмжилсэн олох байсан нэмэлт орлого 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг, эм тарианы зардал 939.820 /есөн зуун гучин есөн мянга найман зуун хорь/ төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Ч.Ц-гийн цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, сувиллын газар сувилуулах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар М.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, М.А-ын эзэмшлийн 21-46 УБО улсын дугаартай, “ Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаартай тогтоолыг гэмт хэргийн хор уршиг 1.607.734 төгрөг төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч М.А давж заалдах  шатны шүүхэд гаргасан  гомдолдоо : “Анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолын зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие нь анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож, холбогдсон хэргээ хүлээн эөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Одоогоор миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа бууз, банш, хэрчсэн гурил хийж, хийсэн бүтээгдэхүүнээ Улаангом сумын бүх багийн айл өрхөд захиалгаар хүргэлт хийж амжиргаагаа залгаж байна.

Бид 2020 онд гэр бүл болсон залуу гэр бүл. 2021 онд Голомт банкаас 13.000.000 төгрөгийн зээл авч сар бүр 601.000 төгрөгний зээл төлдөг. Миний бие эрүүгийн хэрэгт холбогдож хохирол нөхөн төлөх зорилгоор Банк бус санхүүгийн байгууллагаас 4.000.000 төгрөгний зээл авч учирсан хохиролыг төлсөн.

Намайг зөвхөн 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн учир бусад багуудаар явж бүтээгдэхүүний хүргэлт хийх боломжгүй байгаа тул хувиараа хөдөлмөр хийх нөхцөлөөр хангаж, надад холбогдох эрүүгийн хэргийн хүлээлгэх хариуцлагыг тэнсэж өгнө үү” гэжээ.  

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр дүгнэлтдээ: “ Шүүгдэгч М.А согтуурсан үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 16.1-т заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, өөрийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд  зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх эрх хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан байдаг. Гэвч шүүгдэгч М.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зорчих эрхийг хязгаарлах ялаас хүнд төрлийн ял тул хүндрүүлэх боломжгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

6. Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “М.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн.

Шүүгдэгч М.А нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргасан. М.А нь зүйлчлэлийн талаар маргаангүй, хохирлоо төлсөн. Давж заалдах шатны шүүхэд өөрийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

М.Аын хувьд залуу гэр бүл бөгөөд эхнэр нь 8 сартай жирэмсэн. Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт эхнэрийн хамтаар оршин суудаг. М.Аын эхнэр нь жирэмсэн бөгөөд  хүүхдийн ургийн гажиг тодруулахаар Улаанбаатар хот уруу явах шаардлагатай талаарх тайлбарыг өөрөө гаргаж байна. Анхан шатны шүүхээс М.Аыг зүйчлэлийн хувьд маргаангүй. Шүүхээс тогтоосон 1.607.734 төгрөгийг нөхөн төлсөн. М.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа бол М.Аын зорчих эрх хязгаарлах ялын хүрээ, хязгаарт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүхээс М.А-д Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон.

Гэтэл нь эхнэр нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт төрөхөөр очиход хоол, цай хүргэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Гэр бүл болоод удаагүй залуу гэр бүл бөгөөд  банкнаас зээл авсан байгаа.

Мөн хохирогчийн хохирлыг төлөхөөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. М.А нь хувиараа хөдөлмөр эрхэлж эдгээр зээлээ төлж, амьжиргаагаа  залгуулдаг. Тэрээр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, онлайнаар захиалга авч Улаангом сум дотор хүргэлтээр үйлчилдэг  нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрээс гарч бусад нутаг дэвсгэрээр зорчих шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтанд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна” гэв.

7. Шүүгдэгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхэд би өөрийн  хувийн байдлыг тодоройлсон нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа.

Эхнэр Б.Минсэл 8 сартай жирэмсэн. Эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул цагаан сарын дараа хот руу явахаар болсон. Эмчид үзүүлж ургийн гажиг тодорхойлох үзлэгт хамрагдсан байгаа.

 Иймд надад зорчих эрх хязгаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, тэнсэх боломжгүй гэж үзвэл зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаангом сумын нутаг дэвсгэр болгож өөрчилж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.А-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235001640197 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, “Арина”  цахилгаан барааны дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн 21-46 УБО улсын дугаартай “Toyota crown” загварын авто машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 16.1-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ч.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Ч.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн дүү болох Цэрэнхүүгийн хамт Өлзий хүнсний дэлгүүрээс гараад гэрлүүгээ явж байсан бөгөөд явган хүний гарцаар гарч байтал гэнэт хажуунаас хар өнгийн машин маш хурдтай ирж мөргөсөн бөгөөд би тухайн машинд мөргүүлж, 10 метр орчим хол шидэгдсэн байсан ба машинд мөргүүлэх явцад ухаан алдсан байсан. Би эмнэлэгт хүргэгдэн ирж, томографик зураг авахуулахад миний аарцаг яс хугарсан байна гэж эмч надад хэлсэн.Тухайн машин маш хурдтай явж байсан ба нүд ирмэх зуур намайг болон миний дүү Цэрэнхүүг мөргөсөн” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 59-62 дахь тал);

- хохирогч Ч.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзий хүнсний бөөний төвийн дэлгүүрээс өөрийн төрсөн эгч Цэцэгмаагийн хамт гараад гэрлүүгээ явж байсан. Тухайн үед Арина цахилгаан барааны дэлгүүрийн ард талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал гэнэт баруун талаас хар өнгийн автомашин хурдтай ирж, манай эгч бид хоёрыг мөргөсөн ба тухайн үед би хальт ухаан алдсан байсан бөгөөд өөрийн эгчийг тэврээд газарт сууж байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн юм. Бид хоёр явган хүний гэрлэн дохиогүй гарцаар гарсан. Харин гарцаар гарахдаа ойр орчмын машинуудыг харсан бөгөөд бид хоёрыг мөргөсөн машины хажуу талын эгнээнд явсан машин зам тавьж өгтөл гэнэт хажуугаар нь хар өнгийн автомашин ирж эгч бид хоёрыг мөргөсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-67 дахь тал);

- гэрч Н.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай эмнэлгийн 103 яаралтай түргэн тусламжийн тасагт зам тээврийн осолд орсон гэх 2 эмэгтэй ирсэн бөгөөд гадна биений үзлэг хийхэд Цэцэгмаа гэх эмэгтэй биеийн байдал хүндэвтэр, өвдөлт ихтэй, харин хамт явсан Цэрэнхүү гэх эмэгтэй мөн адил дунд зэрэг,  зүүн хөл, баруун хөл өвдөж байна гэх зовиуртай байсан бөгөөд тухайн эмэгтэйчүүдийг эхо, рентгенд хараад Цэцэгмаа гэх эмэгтэйн аарцаг ясны баруун талын умдаг яс хугарсан байсан тул гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилж байна. Харин Цэрэнхүүгийн биед эхогоор ямар нэгэн илэрхий гэмтэл тогтоогдоогүй бөгөөд зөөлөн эдүүдийн гэмтэлтэй, нүүр, гар, хөл зулгарсан шархнуудтай, баруун тавхай хэсэгт мөн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал);

-  Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 379 дугаартай “...Үзүүлэгч Ч.Цгийн биед аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт цууралт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 44 минутын байдлаар үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн 9720 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Тухайн үедээ шинэ гэмтлүүд байсан байна. Аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт цууралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 107-109 дэх тал);

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-21, 25, 28 дахь тал),

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-40 дахь тал),

-  М.Аын согтуурлыг шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

- мөрдөгчийн  Аурон рестораны гадна камерын бичлэгт 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлэн авсан 1:04 минутын видео бичлэгийн хуулбар (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

- хохирогч Ч.Цгийн амбулаториор  эмчлүүлэгсдийн карт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, шинжилгээ оношлогооны баримт, эмчилгээний баримт (2 дугаар хавтаст хэргийн 11-33 дахь  тал)

- шүүгдэгч М.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Аыг  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

4. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, “ явган хүний зорицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ” гэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

6. Шүүгдэгч М.Аын давж заалдах журмаар гаргасан :”...анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

6.2. Шүүгдэгч М.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т  заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршигт 2.500.000 төгрөг төлсөн  зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан  дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах  ялыг  сонгож, уг ялын  хэмжээг нэг жилээр  тогтоосон нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулсан  бөгөөд шүүгдэгч М.Аын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршгийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

7. Харин шүүгдэгч М.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 1.607.734 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө тус тус хохирогч Ч.Цд нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн ял хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтууд буюу эхнэр Б.Минсэл нь 7 сартай жирэмсэн талаархи баримт, мөн  тэрээр банк болон банк бус санхүүгийн  байгууллагад зээлтэй, уг зээлийг хувиараа хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо төлж байгаа / гурилан бүтэээгдэхүүний жижиг үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ Улаангом сум дотор хүргэлтийн үйлчилгээгээр борлуулдаг/ зэрэг шүүгдэгчийн хувийн амьдралын нөхцөл байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг үндэслэн түүнд  анхан шатны шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялын гарч явахыг хориглосон нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарыг өөрчилж, түүний оршин суудаг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээр тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.А-ыг шүүхээс оногдуулсан нэг жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай “ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                              ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

                                                                                              Н.МӨНХЖАРГАЛ