Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

              Ж.Т-т холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Т-т холбогдох, 2235000000189 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..  Увс аймгийн .. төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. мэргэжилтэй, Увс аймгийн .., ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суух, урьд  2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, З овогт Ж-ын Т .

1. Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр насанд хүрээгүй Б.Д-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас: Ж.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч З овогт Ж-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-т 580 /таван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-шүүгдэгч Ж.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т эдлүүлэхэээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

-шүүгдэгч Ж.Т нь хохиролд 200.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

-шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ж.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Ж.Т надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн.

Миний бие Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилладаг. Хохирогч Дорждэрэмийн шүүхээр нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндэтгэн гэж үзэж байна. 

Миний ажлын нөхцөл байдлыг ойлгож нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсье” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Т-ын гэм буруутай үйлдэлд бодитой дүгнэлт хийсэн. 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг насанд хүрээгүй хүний эсрэг буюу 17 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн. Мөн шүүгдэгч Ж.Т нь Увс аймгийн Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг эрхэлдэг учраас тухайн сум орон нутагтаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэгтэй байсан атлаа өөрөө архидан согтуурч, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг шүүгдэгчийн оршин суугаа суманд нь эдлүүлэхгүйгээр Улаангом сумын тохижилт үйлчилгээний газарт ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1 .Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Тд холбогдох, 2235000000189 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 08 дугаар сарын 25-ны орой Түргэн сумын 3 дугаар багийн нутагт  байрлах өөрийн төрсөн ах Ж.Мөнхбатын гэрийн гадна насанд хүрээгүй хохирогч Б.Д-ийг “чи миний ахын гэрийн хаалга хаасангүй, чи надаас мэнд асуусангүй” гэж ялимгүй зүйлээр шалтаглан, түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Б.Д-ийнн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “мотоциклийн сэлбэг авахаар Мөнхбатын дэлгүүр орж асуучихаад буцаад гарахад дэлгүүрийн үүдэн дээр Т ах согтуу  чи миний ахын хаалга хаасангүй, чи надаас мэнд мэдсэнгүй гээд миний хамар руу гараараа нэг удаа цохиход хамраас цус гарсан ба  Мөнхбат ах 00-ын цаас авч ирээд цус цэвэрлэж байхад У.Т намайг зодох гээд дайраад байсан. Маргааш нь аймгийн төв орж хамрын зураг авахуулж, гэмтлийн эмчид үзүүлэхэд хамар хугарсан байсан.

Хамраа 40.000 төгрөгөөр янзлуулсан,эход үзүүлэхэд 20.000 төгрөг, эм тариа авахад нийт 100.000 төгрөг болсон. Одоо хамар битүүрээд амьсгаа авахад хэцүү байгаа, мөн хамрын цацлага эм байнга хэрэглэж байна.Сумаас аймаг ирэх, очих бензиний зардал нийт 1.160.000 төгрөгийн  хохирол учирсан. Үүнийг төлүүлж авах хүсэлтэй байна”  гэх мэдүүлэг /хх - ийн 10-11, 207 дугаар тал/,

- гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “Тухайн орой 21 цагийн орчимд манай сумын хүүхэд Дорждэрэм орж ирээд “ахаа, мотоциклийн 14-ийн түлхүүр байна уу гэхээр нь надад байгаа гэж хэлээд гэрээс гарах гэж байхад манай дүү Т гэрийн үүдэнд ирээд “чи гэрт орж байгаа юм бол хаалгаа хаахад яадаг юм ,чи манай ахын хаалга савж ордог хэн юм бэ нааш ир” гэж хэлсэн. Тэгээд Дорждэрэм яваад очтол Т гарынхаа ар хэсгээр нүүр лүү нь цохичихсон. Тэгээд Дорждэрэмийн хамраас цус гарахаар нь би ус хийж өгөөд нүүр гарынх нь цусыг угаалгасан. Тэгээд  Дорждэрэм цусаа угаачихаад  гараад явчихсан ” гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр тал),

- гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “..Би 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Тын хадлан хадаж дуусгачихаад орой 16 цагийн орчим ажлын хөлсөө авах гэж гэрт нь очсон. Т 0.75 литрийн Соёрхол архи задлаад бид 2 ууж дуусгаад, би 0,75 граммын архи аваад хувааж уугаад дуусгачихаад би Тт “танайд хоночихоод явна” гэсэн чинь Т “тэг тэг  манай гэр хүнгүй байгаа, ороод хоночих” гэж хэлсэн.

Тэгээд би Таас түрүүлээд гэр лүү нь явж байтал тэдний хашаанд нэг залуу орж ирээд Тын ах Мөнхбатын гэрт  яваад орсон.Тэгтэл Т “ахын гэрийн хаалга онгорхой хаяад орчихлоо” гэж хэлээд Мөнхбатын гэр лүү явсан. Тэгэхээр нь би Тын араас дагаад очтол Мөнхбатын гэрт нэг залуу цусаа гоожуулаад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Т би гарын араараа цохьсон чинь хамраас нь цус гарчихлаа гэж хэлсэн ” гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр тал/,

- шинжээч эмч Н.О мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:” Би үзүүлэгч Б.Д-ийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр биед нь үзлэг хийж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Б.Д-ийг хүлээн авч үзэхэд тухайн үед Б.Дийн хамрын нуруу зүүн тал руу бага зэрэг мурий, хамрын нуруугаар бага зэрэг хавантай, тэмтэрхэд эмзэглэлтэй, хамрын 2 нүхэнд хатсан цустай байсан. Мөн Б.Дийн амбулаториор эмчлүүлэгчийн картанд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Жаргалын-Үүд эмнэлэгт хийлгэсэн хамар ясны зурагт: Хамрын зүүн доод хэсгийн яс хугарсан, хугарлын проксимал буюу хамрын дунд хэсэгт дотогш зөрсөн, мөн 2022 оны 8 дугаар сарын 31-нд чих, хамар хоолойн эмчээр хэсгийн мэдээ алдуулалтын доор хамар ясыг засаж тэгшлэх ажилбар хийлгэсэн байсан. Иймд Б.Дийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна гэж үзсэн. Эдгээр нь шинэ гэмтлүүд байсан ба 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үүсчихсэн байсан талаар чих, хамар, хоолойн эмч оношилсон байгаа юм. Б.Дийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд өмнө нь буюу хуучин гэмтэл байх боломжгүй юм” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 376 дугаартай “Үзүүлэгч Б.Дийн биед хамар ясны хугарал, таславчын мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үүсчихсэн байсан талаар Б.Дийн эмчлүүлэгчийн картад эмч бичилт хийсэн байна. Шинэ гэмтэл байна. Хамар ясны хугарал, таславчын мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба насанд хүрээгүй хохирогч Б.Дийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ж.Т-ын хохирогчийн нүүрэнд гараараа цохисон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Т-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгч Ж.Т-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан  : ”Миний бие Түргэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилладаг. Би хохирогч Б.Д-ийн хохирлыг төлж барагдуулсан.

Миний ажил байдлыг ойлгон анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар сольж  өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүхээс гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

6.2. Шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ,эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх,эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг  сонгож, уг ялын хэмжээг таван зуун наян цагаар тогтоосон нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

7. Шүүгдэгч Б.Т-т оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ний өдрийн 2022/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Т-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН