| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00418/И |
| Дугаар | 316/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 316/ШШ2025/00067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХК-нд холбогдох
Үйлчилгээний хөлс 6,688,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* ******* ХХК-аас жилийн үйлчилгээний хөлс болох нийт 6,688,812 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь ******* ******* ХХК-г ******* аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хувьчилж, ******* ******* *******ид үнэт цаасаа бүртгүүлсэн байдаг. 1992 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүртгэлийн гэрээ байгуулсан байдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.3-т ******* ******* үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж заасны дагуу ******* ******* ******* нь үнэт цаасны бүртгэлийн журмаараа бүртгэлтэй компаниудын үйлчилгээний хөлсийг тогтоодог. Мөн хариуцагч компанитай байгуулсан бүртгэлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т компани нь бүртгэлийн хураамжийг цаг тухайд нь төлөх үүрэгтэй гэж заасан. ******* ******* *******ийн бүртгэлийн журам 2007 онд батлагдсан. Тухайн журамд 2012 онд нэмэлт өөрчлөлт орсон хувилбар болон 2014 онд батлагдсан хувилбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Яагаад гэвэл 2008-2020 он хүртэлх жилийн үйлчилгээний хөлсийг нэхэмжилж байна. ******* ******* ХХК нь ******* ******* *******ид бүртгэлтэй компанийн хувьд дээрх бүртгэлийн журам болон бүртгэлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй ба 2008-2011 онд 88,812 төгрөг, 2012-2014 онд 3,600,000 төгрөг, 2015-2020 онд 3,000,000 төгрөг нийт 6,688,812 төгрөгийн үйлчилгээний хөлсний үлдэгдэлтэй байна. Тухайн төлбөрүүд нь өөр гарч байгаа нь тухайн жилд мөрдөгдөж байсан бүртгэлийн журмаас хамаардаг. Тухайлбал 2008-2001 оны хооронд нийт 4 жилийн хугацаанд 1 жилийн төлбөр нь 22,203 төгрөгөөр тооцогдсон. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан үнэт цаасны бүртгэлийн журмын 73 дугаар зүйлд үнэт цаасны үндсэн үнийн 0.4 хувиар гэсний дагуу тооцсон. Хүснэгтэлсэн тайлбар, тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн. 2012-2014 оны хоорондын төлбөр 1,200,000 төгрөгөөр тооцогдсон гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн хариуцагч ******* ******* ХК-нд холбогдуулан гаргасан 2008-2020 оны үйлчилгээний хөлс 6,688,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагч ******* ******* ХК нь өмнөх Шим ХК-ны нэрээр 1992 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ******* ******* *******ид бүртгүүлж гэрээ байгуулан хувьцаа арилжих нөхцөлөөр хангагдаж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/25 дугаартай ******* ******* *******ийн гүйцэтгэх захирлын тушаалаар бүртгэлтэй хувьцаат компанийн бүртгэлээс хасагдсан болох нь бүртгэлийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалаар нотлогдож байна. /хэргийн 12, 43 дахь тал/
Талууд хооронд байгуулсан 1992 оны 6 дугаар сарын 09-ний бүртгэлийн 1 дүгээр зүйлийн 1.3, Үнэт заасны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасан эрхийн хүрээнд батлагдсан ******* ******* ******* ХК-ийн Үнэт цаасны бүртгэлийн журам-ын 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дугаар зүйлийн 22.2.3-т зааснаар хариуцагч ******* ******* ХК нь жилийн үйлчилгээний хөлсийг ******* ******* ******* ХК-нд төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж буй үндэслэлээ: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс: ******* ******* ХК-нд холбогдуулан 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч компанийн гүйцэтгэх удирдлага нас барсан үндэслэлээр хүлээн авахаар татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хариуцагчийн тайлбарыг үгүйсгэв.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааж, тоолж эхлэх хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заажээ.
Нэхэмжлэгчийн жилийн үйлчилгээний хөлсийг урьдчилсан буюу тухайн жилийн эхэнд төлдөг гэсэн тайлбараас үзвэл жилийн төлбөрийг шаардах эрх тухайн жилийн эхэнд үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д нэхэмжлэл гаргахаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан байх тул нэхэмжлэгч 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ.
Иймээс нэхэмжлэгчийн шаардах эрх зөрчигдсөн үеэс тоолоход нэхэмжлэгч нь 2008-2017 оны гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байх тул энэ хугацааны нэхэмжлэлийн шаардлага болох 5,188,812 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хугацааны буюу 2018-2020 оны үйлчилгээний хөлс нийт 1,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-аас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,188,812 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121, 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН