Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02176

 

 

 

 

 

 

 

 

 

Ц-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01955 дугаар шийдвэртэй, Ц-ын хүсэлттэй эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Хүсэлт гаргагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-аас иргэн Х.Б-ад холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 2 сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зууны мэдээ сонины байрны Үндэсний мэдээллийн төвд хууль зүйн салбарын ялзрал, Ц.Н-ийн мафийг илчилнэ гэх сэдвээр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр эрүүгийн цагдаагийн алба, алба хаагчдын албаны нэр төр, алдар хүндэд халдсан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга Х.Б-ад байгууллагын нэр төр болон ажил хэргийн нэр хүндэд халдсан арга, хэрэгслээрээ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч хариуцагчаар оролцвол зохих Х.Б-ын оршин суух хаяг тодорхойгүй болох нь мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 101/Ш32020/10579 дугаартай захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоохыг зохих байгууллагад даалгаж өгнө үү. Бидний зүгээс Х.Б-ын хаягийг олох боломжтой, гэхдээ цагдаагийн байгууллага нь шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Бид өөрсдөө түүнийг эрэн сурвалжлах юм бол хууль зөрчсөн болно. Хүний эрхийг зөрчихгүй байх үүднээс шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулах шаардлагатай байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар Хадбаатарын Бат-Ялалтыг эрэн сурвалжлуулах тухай Ц-ын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Цагдаагийн ерөнхий газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 182//Ш32020/01955 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дараах гомдлыг гаргаж байна. Ц-аас иргэн Х.Б-ад холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 2 сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зууны мэдээ сонины байрны Үндэсний мэдээллийн төвд “хууль зүйн салбарын ялзрал, Ц.Н-ийн мафийг илчилнэ” гэх сэдвээр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр эрүүгийн цагдаагийн алба, алба хаагчдын албаны нэр төр, алдар хүндэд халдсан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга Х.Б-ад байгууллагын нэр төр болон ажил хэргийн нэр хүндэд халдсан арга, хэрэгслээрээ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч хариуцагчаар оролцвол зохих Х.Б-ын оршин суух хаяг тодорхойгүй болох нь мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 101/Ш32020/10579 дугаартай захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоохыг зохих байгууллагад даалгаж өгөхийг хүссэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс Х.Б-ын цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр нэгэнт тараагдсан байхад дахин нотлохыг шаардан цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдсан гэсэн байдал тогтоогдсонгүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн Цагдаагийн ерөнхий газар нь иргэн Х.Б-ын оршин суугаа хаягийг тодруулах талаар өөрөөс шалтгаалах боломжит бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж болохоор байна гэсэн нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн зохицуулалттай тул цагдаагийн байгууллагаас шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гараагүй байхад дур мэдэн хүнийг эрэн сурвалжлах боломжгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийт хүчингүй болгож, Х.Б-ын оршин суугаа хаягийг олж тогтоохыг зохих байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Хүсэлт гаргагч Цагдаагийн ерөнхий газар нь иргэн Х.Б-ыг эрэн  сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, үндэслэлээ “цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан тул мэдээ тараасан арга, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлахыг зохих байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.

 

            Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэх тохиолдолд уг хэрэгт хамааралтай үйл баримтыг тодруулах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хийх учиртай.

Тодруулбал, хэргийн 4-36 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах, эсхүл мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн Х.Б- нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.  

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01955 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ