| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2017/00178/Э |
| Дугаар | 00153 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 00153
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч Т.О, Т.Т, Э.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.О, Т.Т, Э.Э нарт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Од холбогдох 1732000820056 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,
Боржигон овогт Тогтоогийн О /РД:*/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт * тоотод оршин суух хаягтай, урьд нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн №84 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Өөлд овгийн Төмөрбаатарын Т. /РД:*/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эх 3 дүүгийн хамт*тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,
Боржигон овгийн Эрдэнэтөгсийн Э. /РД:*/
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Шүүгдэгч Т.О, Т.Т, Э.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Төмөр замын 36 дугаар байрны урд хэсэгт 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Ба, Б.Ба, Ч.Э нарт хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Яллагдагч Т.О нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Б.Баийн толгойн тус газар нь чулуугаар хоёр удаа цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Тгийн өгсөн …шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Огийн өгсөн …шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн ……шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Баийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Би 2017.10.04-өөс 2017.10.05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замчдын 36 дугаар байрны 33 тоотод гэртээ унтаж байтал шөнө 01 цаг 02 минутанд арван жилийн нэг ангид сурдаг байсан найз Э өөрийнхөө 99765432 дугаарын утаснаасаа миний гар утасруу залгаад “Гараад ирээч” гэхээр нь би “Үгүйээ унтаж байна чадахгүй” гэж хэлсэн чинь Э “Намайг танай байрны гадаа хүмүүсд алчих гээд байнаа” гэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан чинь манай байрны ертөнцийн зүгээр урд Вокзал талдаа Э, Ба хоёрыг хэдэн залуучууд тойроод зогсож байхаар нь би явж очсон чинь Багыг нэг залуу цохиж зодоод байхаар нь би дундуур нь ороод “Боль боль” гээд салгасан, Эыг тэр үед зодоогүй байсан.Тэгтэл нөгөө залуучуудын нэг одоо энэ Э гэдэг залуу нь миний хүзүүг гараараа ороож боогоод байхаар нь би “Би эрүүл хүн байна, одоо бопь” гэж хэлсэн чинь нөгөө хэдэн залуучууд яг л галзуу юм шиг ерөөсөө хүний үгэнд орохгүй Ба бид хоёрруу дайраад гараараа зодож цохиод байсан. Би эрүүл байсан болохоороо бултаж зугтаж байгаад Багыг нөгөө залуучуудаас салгаж татаж автал миний араас толгойруу чулуугаар цохисон, би цохисон даруйд нь эргээд хартал жижигхэн биетэй одоо энэ Т гэдэг залуу нь намайг чулуугаар цохисон байсан. Бас Тгийн хажууд зогсож байсан одоо энэ О гэдэг залуу нь бас чулуу барьчихсан байсан. Би чулуугаар толгойгоо хага цохиулснаас болоод миний толгойгоос маш их цус гарсан, би цусаа гойжуулаад зогсож байтал шар царайтай О гэдэг залуу нь миний толгойруу дахиад чулуугаар нэг удаа цохисон юм. Одоо энэ Сэргэлэн гээд байгаа өндөр биетэй залуу нь найзуудыгаа салгаж болиулах гээд ганцаараа дийлэхгүй байсан. Ингээд тэр залуучууд Ба бид хоёрыг зодож цохиод болохгүй болохоор нь би цаана зогсож байсан найз Этаа хандаж “Эаа бушуухан цагдаа дууд” гэж хэлсэн чинь Э цагдаа дуудсан юм шиг байна лээ. Намайг цусаа гоожуулаад байж байхад Т, О гэж хэлээд байгаа шар царайтай хоёр залуу дахин чулуугаар цохих гээд хөөгөөд байхаар нь би ганцаараа зугтаагаад Петогийн төмөр хашааны нарийн гудамжаар зугтаагаад явж байтал урдаас ганц цагдаа ирж явсан. Би цагдаад хандаж “Энэ согтуу залуучууд тархи толгой хагалчихлаа" гэж хэлсэн чинь цагдаа нөгөө залуучууд дээр очсон чинь ерөөсөө тоохгүй, цагдаагийн өөдөөс пээдийгээд агсарч орилж чарлаад байсан. Нөгөө цагдаа чинь аргаа бараад нэмэлт хүч дуудсан байх гурав дөрвөн цагдаа гүйж ирээд нөгөө залуучуудыг бүгдийг нь аваад Эрүүлжүүлэхрүү авч явсан. Э бид хоёр эмнэлэг явж би эмчид үзүүлж толгойдоо хоёр хэсэг газарт дөрвөн оёдол тавиулж цусаа гогтоосон. Эт гэмтэл учраагүй юм шиг байна лээ эмчид үзүүлээгүй. Ингээд би гараад гэртээ харьсан. Би цус болчихсон пудволк, куртка зэрэг хувцасаа цагдаад үзүүлэхээр авч ирээд байна. Т, О, Э гэдэг залуучууд зодсон. Т, О гэдэг хоёр нь чулуугаар цохисон. Сэргэлэн гэдэг залуу нь найзуудыгаа салгаад байсан. Түгал гэдэг залуу нь мэдэхгүй зодоонд оролцоогүй байхаа. Тэр Ба бид хоёрыг зодсон залуучуудыг огт танихгүй харж байгаагүй залуучууд байна лээ. Бид нарын дунд хувийн таарамжгүй харьцаа байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дүгээр хуудас/
Хохирогч Б.Багын мөрдөн байцаалтад өгсөн ............ Би 2017.10.04-ний орой 20 цагийн орчим арван жилд хамт сурч байсан найз Ч.Э руу утасдаад “Ойрд уулзсангүй уулзах уу” гэж ярьсан чинь Э тэгье гэсэн, тэгээд би 21 цагийн орчим найз Наранбаатарын хамт, түүний автомашинтай нь төмөр замын нүхэн гарцны урд талд Эыг тосч уулзаад Нарны өртөө үйлчилгээний төвийн нэг давхарт байдаг бааранд орж Э бид хоёр 0,5 граммын Хар чингис архи нэг шил, бас 0,5 граммын савалгаатай нэг нэг шил пиво уучихаад шөнө 12 цагт баар хааж байхад гарсан юм. Тэр үед Наранбаатар машин жолоодож явсан болохоор архи пиво уугаагүй ундаа уугаад суусан. Тэгээд бид гурав ЖН үйлчилгээний төвийн урдуур явж байгаад Шүрээ гэдэг дүүтэй таарсан, тэр үед төмөр замын хойшоо гарах гэж байгаа бол хүргээд өгөөч гэхээр нь би Наранбаатарын машинд суулгасан. Шүрээ бас нэг найзтайгаа явж байсан. Ингээд Наранбаатар, Э, Шүрээ, Шүрээгийн найз хүүхэн бид нар төмөр замын призерээр хойшоо гараад дэлгүүрээс бэлэн гоймон авах гэсэн боловч хаалттай байсан болохоор нь Вокзалын рестораноос бэлэн гоймон авахаар Петогийн хажуу талд очиж зогссон. Наранбаатар машинаасаа буугаад Вокзалын дэлгүүррүү явсан. харин Э бид хоёр Наранбаатарын машинаас буугаад тамхи татаад зогсож байсан, Шүрээ бас машинаас буугаад хүнтэй утсаар яриад төмөр замын 36 дугаар байрны тийшээ явчихсан. Наранбаатарын машинд үлдсэн найз нь Шүрээг асуугаад байсан, араас нь утсаар ярьсан байх. Тэгтэл төмөр замын 36 дугаар байрны урд жижиг суудлын машин ирж зогссон эхлээд дотроос нь одоо энэ О гэдэг залуу гарч ирээд манай найз Эаас тамхи асаах гал гуйсан, Э түүнд асаагуураа өгсөн. Тэгтэл О нь “Тоогоор илүү юм байна, ална зодно” гээд эхэлсэн. Би тэр залуугаас “Ахын дүү болио” гэж зөндөө гуйсан. Манай найз Эыг араас нь хавсараад газарт унагаасан, би “Болилдоо” гэж хэлээд Эыг газраас босгох гэтэл намайг зодож цохиод дайраад эхэлсэн. Би зугтаачихъя гэж бодсон боловч газарт унасан найз Эыг орхиод зугтаачихаж чадахгүй зодуулаад зогсож байсан. Тэгтэл манай найз Ба ирээд “Хүүе юу болж байна больцгоо, ах нь эрүүл байна” гэж хэлсэн чинь нөгөө залуучууд Барүү бас дайрч зодож эхэлсэн. Ба бид хоёрыг хоёр талд зодоод байсан, зодож байхдаа Баийн толгойг чулуугаар хага цохисон байсан, маш их цус гарсан. Э гүйгээд цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа нар ирээд нөгөө залуучуудыг аваад явсан. Харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй, тэгээд ч би архи уучихсан байсан. Сэргэлэн гэдэг залуу нь найзуудыгаа салгах гээд гүйгээд байсан зодоонд оролцоогүй. Түгал гэдэг залуу зодоонд оролцоогүй байхаа. Э, Ба бид гурав тэр залуучуудыг огт танихгүй, ямар ч хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Ямар ч шалтгаангүйгээр Ба бид хоёрыг зодож гэмтээсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 55 дугаар хуудас/
Хохирогч Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн ..........Би 2017.10.04-ний орой гэртээ байж байтал 20 цагийн орчим манай найз Ба надруу утасдаад “Ойрд уулзаагүй нэг уулзъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 21 цагийн орчим Батай уулзахаар төмөр замын нүхэн гарцны урд гарч очсон. Нүхэн гарцны урд Ба, Наранбаатар гэдэг манай хоёр найз намайг тосоод уулзсан. Тэгээд Наранбаатар, Ба бид гурав Нарны өртөө үйлчилгээний төвийн нэг давхарын бааранд орж сууж Ба бид хоёр нэг шил архи, нэг нэг 0,5 граммын пиво уусан. Наранбаатар болохоор машин жолоодож явсан болохоор ундаа л уусан. Ингээд шөнийн 12 цаг болж баар хаахад нь бид гурав баарнаас гарч ЖН баарны үүдэнд очсон чинь Багын таньдаг Шүрээ гэдэг охин таарсан, тэр Шүрээ гэдэг охин төмөр замын хойшоо гарах гэж байгаа бол хүргээд өгөөч гэж хэлээд Наранбаатарын машинд бас нэг найзтайгаа хамт хоёулаа суусан. Ингээд төмөр замын призерээр хойшоо гарч дэлгүүрээс бэлэн гоймон худалдаж авах гэсэн боловч дэлгүүрүүд хаасан байсан. Тэгэхээр нь Вокзалын ресторанаас худалдаж авъя гэж бодоод Петогийн хойд талд Наранбаатарын машинтай очиж зогсоод Наранбаатар вокзалруу ганцаараа явсан, Ба бид хоёр машинаас нь буугаад тамхи татсан. Шүрээ утсаар яриад төмөр замын 36 дугаар байрны зүг яваад алга болчихсон. Ба бид хоёр тамхи татаад зогсож байтал төмөр замын 36 дугаар байрны хажууд суудлын жижиг машин ирж зогссон. Хэсэг хугацааны дараа тэр машинаас нэг залуу бууж хүрч ирээд “Галаа өг” гэж тушаангуй байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би халаасанд байсан асаагуураа өгсөн, тэр залуугийн араас гурван залуу ирсэн, эхэлж ирж асаагуур авсан залуу надад хандаж “Энэ хулгайч цохилт даахгүй, жижигхэн биетэй юм байна” гэж хэлсэн чинь миний хойд талд байсан одоо энэ Т гэдэг залуу нь намайг хойд талаас хавсараад газарт унагаасан. Тэгтэл манай найз Ба “Та нар болиоч” гэж намайг хамгаалсан чинь нөгөө эхэлж гал асууж ирсэн залуу нь Баруу дайраад зодоод эхэлсэн. Тэр Баруу дайраад байсан залууг нэг найз нь болиулах гээд хориглоод байсан. Тэгэхээр нь би газарт хэвтэж байгаад халааснаасаа гар утсаа гаргаад төмөр замын 36 дугаар байранд амьдардаг найз Барүү утасдаж “Ба бид хоёр Петогийн хойд талд зодуулж байна гараад ирээч" гэж хэлсэн чинь Ба ерөөсөө удаагүй гэрээсээ гараад бид хоёр дээр явж ирсэн. Ба ирээд нөгөө залуучуудаас Багыг салгаж авах гээд “Болиочээ та нар” гэж хэлсэн чинь нөгөө залуучууд шууд Барүү дайрч зодож эхэлсэн, тэгээд хэн юм бэ бүү мэд нэг нь Баийн толгойг чулуугаар цохичих шиг болсон Баийн толгойгоос цус гараад эхэлсэн, Ба надад “Цагдаа дуудаарай” гэж хэлэхээр нь би Мандал сумын Цагдаагийн хэлтэсрүү утасдаж дуудлага өгчихөөд Төмөр замын цагдаагийн хэсэгрүү гүйгээд явж байтал урдаас Наранбаатар бэлэн гоймон бариад гараад ирсэн, тэгэхээр нь Наранбаатарт “Тэнд Ба, Ба хоёр зодуулж байна, би цагдаа дуудлаа” гэж хэлчихээд цаашаа гүйж төмөр замын цагдаагийн хэсэгрүү явж орсон чинь жижүүр цагдаа нь сууж байхаар нь болсон явдлын талаар хэлээд дагуулаад явж байтал төмөр замын нүхэн гарцаар цагдаа нар цувраад зодоон болж байгаа газарруу гүйж явсан. Би цагдаа нартай хамт нөгөө залуучууд дээр оччихоод байхад нөгөө залуучууд ерөөсөө хэвийн болохгүй цагдаа нарруу агсараад орилж хашгираад байсан. Ингээд нөгөө залуучуудыг цагдаа нар бүгдийг нь аваад явцгаасан, би Баийг аваад Мандал сумын нэгдсэн эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод Баийн толгойн дагз орчимд хоёр хэсэг газарт язарсан байсан, эмч нар дөрвөн оёдол тавьж Баийн цусыг тогтоосон. Миний хувьд гэмтэл учраагүй болохоор би эмчид үзүүлээгүй. Тэр залуучууд согтуу байсан болохоороо “пизда, бүгдийг нь зодноо” гэж орилж хашгирч байсан санагдаж байна. Харилцан зодолдсон юм байхгүй, Ба, Ба хоёрыг энэ гурван залуу зодож дайраад байхад нь больцгоо гэж хэлээд түлхсэн байх, тэрнээс харилцан зодолдоогүй шүү дээ. Баийг нэг залуу нь гараараа ороогоод боожихсон байхад нь бусад нь Ба рүү дайраад зодох гээд байсан тэр үед Ба “Өө байж бай байж бай тавьчих” гэж хэлж байсан. Ба Ба бид нарыг тэр залуучуудыг танихгүй шүү дээ. Анх удаа л харж байна. Бид нарын дунд хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Намайг хойд талд зогсож байсан Т гэдэг залуу нь хавсарч унагаасан. Өөрөөр намайг зодоогүй, миний биед гэмтэл учраагүй. Тэр үед шөнө харанхуй байсан болохоор яг хэн нь чулуу бариад байсан нь тодорхой харагдахгүй байсан гэх мэдүүлэг /Хх-н 30-31 дүгээр хуудас/
Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Түгалын хамт Гоё авто засварын газарт Түгалын машины амортизаторыг солиулаад байж байсан чинь Э ирсэн, дараа нь Т нэг том пиво бариад ирсэн. Орой 22 цагийн орчим Түгалын машин нь засвараас гараад Э, Түгал, Т бид дөрөв ЖН бааранд орсон чинь Түгал гэррүүгээ харьчихаад ирье гэж хэлээд явсан, Т, Э бид гурав нэг нэг шил пиво захиалчихаад би босоод бүжгийн талбай дээр Шүрээ гэдэг хүүхэнтэй танилцсан чинь Шүрээ миний утасны дугаарыг авсан. ЖН бааранд байж байгаад 23 цаг өнгөрөөгөөд баарнаас бүгдээрээ гарсан, тэгээд ЖН баарнаас гараад Түгалын машинд сууж байхад Шүрээ баарнаас гараад ахтайгаа явж байна, гэррүүгээ явлаа гэж хэлээд явчихсан юм. Ингээд бид нар Түгалын машинтай Оргилуун буюу Хараа буудлын гадаа очиж зогсоод Отэй уулзсан. О тэр үед найзуудтайгаа ууж байгаад гарч ирлээ гээд халамцуу гарч ирсэн. Гэгтэл Шүрээ миний утасруу 9558-тай дугаараас залгаад Төмөр замын хойно ирээд намайг авчих” гэж хэлэхээр нь Түгалын машинтай Э, Т, О, Түгал бид тав явж таван давхар 36 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд очиж зогсоод Шүрээтэй уулзаж Тгийн авч ирсэн том пивыг гаргаж бүгдээрээ хуваагаад ууж байтал Шүрээ машинаас бууж “Би найзыгаа дагуулаа ирье” гэж хэлээд явсан. Нэг мэдсэн чинь О машинаас буугаад гараад явсан байсан. Э, Т, Түгал бид дөрөв юм яриад сууж байгаад би бие засах гээд машинаас буусан чинь О Петогийн хойд талын төмөр хашааны хажууд хоёр хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь би Э, Т хоёртой хамт очиж би өөрөө Ог салгаж аваад “Уучлаарай ахаа, би найзыгаа аваад явчихъя” гэж хэлсэн чинь О миний хажуугаар дайраад Ба гээд байгаа тэр өндөр биетэй ахыг цохихоор нь би Эт “Наад Огээ аваад явчих” гэж хэлээд эргэж хараад Ба гэдэг ахыг “Хэрэггүйээ ахаа, манай найз согтчихсон байна” гэж хэлсэн чинь О миний хажуугаар орж ирээд дахиад Ба гэдэг ахыг цохиод авсан. Ба гэдэг ах Огийн урдаас цохиод унагаасан чинь зодолдоод эхэлсэн, би дундуур нь ороод болилдоо гэж хэлээд салгаад байсан, тэгж салгаж явж байгаад хэн нэгэнд нь хамарруугаа цохиулсан. Миний хамраас цус гараад байхаар нь би зодуулах юм байна гэж бодоод холдсон. Нэг харсан чинь О Ба гэдэг ахаас шал өөр Ба гэдэг ахтай зодолдоод байх шиг байсан, Т, Э хоёр араас нь очоод зууралдаад байх шиг байсан.Ингээд удалгүй цагдаа нар ирээд зодоон зогссон. Цагдаа ирээд Э, Т, О, Түгал бид тавыг дагуулаад Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд ирээд эрүүлжүүлсэн, Түгалыг эрүүл байсан учраас эрүүлжүулээгүй. Манай найз О хагалсан гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/
Гэрч Б.Нягийн мөрдөн байцаалтад өгсөн ...... 2017.10.04-өөс 2017.10.05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа ахлагч Түвшинзаяа, ахлах ахлагч Түмэндэмбэрэл нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд төмөр замын 36 дугаар байрны урд хэсэг залуучууд зодолдоод байна гэсний дагуу хэргийн газарт очиж ажиллаж Т.Т, Т.О, Э.Э, Б.Сэргэлэн нарыг саатуулан эрүүлжүүлсэн. Биднийг очиход шаардлага биелүүлж дагаж явж эрүүлжүүлэгдсэн. Тэр залуучууд Цагдаагийн алба хаагч биднийг очиход зодолдохоо больж шаардлага биелүүлээд дагаад явсан. Т.Т, Т.О, Э.Э нарын биед гэмтэл учраагүй байсан гэх мэдүүлэг /Хх-н 41 дүгээр хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр № 206 ........ Дүгнэлт
1.Б.Баийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 43 дугаар хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр № 210 ........ Дүгнэлт
1.Б.Багын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун гарын ядам хурууны 2-р үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 50 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 14-18 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 82-91 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 98-100 дугаар хуудас/
Шүүгдэгч нараас хохирогч Б.Бад 300.000 төгрөгийн хорил төлсөн тухай баримт зэрэг болно.
Шүүгдэгч Т.О, Т.Т, Э.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Төмөр замын 36 дугаар байрны урд хэсэгт 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Ба, Б.Ба, Ч.Э нарт хүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх
эрхийг зөрчин зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Яллагдагч Т.О нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа иргэн Б.Баийн толгойн тус газар нь чулуугаар хоёр удаа цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.О, Т.Т, Э.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Т.Т, Э.Э нарыг тус бүр нь 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тус бүрд нь 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Т, Т.О, Э.Э нарт үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Ба нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Боржигон овогт Тогтоогийн О, Өөлд овгийн Төмөрбаатарын Т, Боржигон овгийн Эрдэнэтөгсийн Э нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн шүүгдэгч Т.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Т.Т, Э.Э нарыг тус бүр нь 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар
зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тус бүрд нь 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Т, Т.О, Э.Э нарт үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Т, Т.О, Э.Э нарт доорхи үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмээ хэргэлсүгэй.Үүнд Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг шүүгдэгч нарт хориглох, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Т.О, Т.Т, Э.Э нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О нь 450000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Хохирогч Б.Ба нь өөрт учирсан хохирлын эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа болон цаашид эмчлүүлэхэд гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ