| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2235000000224 |
| Дугаар | 2023/ДШМ/08 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ДШМ/08
С.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд холбогдох, 2235000000224 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн .. төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Увс аймгийн .., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гурван жил хоёр сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт С-ын Г, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч С.Г нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт .. дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 10.14-д заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарч иргэн Н.И-гийн амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон байна.
2. Увс аймгийн Прокурорын газраас: С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Бурд овогт Сэтэнжавын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасаж, гурван жил хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-д оногдуулсан гурван жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
- шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шүүгдэгч С.Г нь гэмт хэргийн хор уршигт 1.000.000 (нэг сая) төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т нь, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснийг дурдаж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ногоон өнгийн таавчиг 1 хос, төмөр бахь 1 ширхэг, 0.5 литрийн, Ерөөл архины шил 2 ширхэг, “Elux” архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч С.Гын 1215958 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлж,
- шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар хамтран гаргасан давж заалдсан гомдолдоо: “....С.Г нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, гэм буруугийн тухайд маргаангүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автан гэмт хэргийг анх удаа үйлдэж, хор уршигт 1 сая төгрөг төлсөн нь тогтоогдсон.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т : гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх нь үндэслэлтэй гэж шүүх үзэж, дүгнэлт хийсэн атлаа Гыг согтуугаар гэмт хэрэг үйлдэн хүний амь насыг хохироож хор уршиг учруулсан гэж үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн оногдуулах ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үндэслэлдээ дурджээ. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.З-т заасан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг хэрэглээгүй нь хуулийг зөрчсөн. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан гэж үзэж байна. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг хэрэглэхэд эрүүгийн хуулийн тодорхой заалтыг нэрлэн дурьдаагүйг анхаарна уу.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 2-т заасан: “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байдал, хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан, шүүгдэгч эрүүл мэндийн хувьд олон жилийн өмнө зам тээврийн осолд орсон, тухайн ослоос болж эмчийн хяналтанд эмчлэгдэж байсан гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан гомдлоо дэмжиж байна. Би 10 дүүтэй, 2 айлын амьдралыг залгуулдаг, өөрийн болон дүү нарынхаа амьдралыг залгуулахын тулд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж давж заалдсан” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосондоо харамсаж байгаа. Хохирогчийн насанд хүрээгүй бага насны хүүхдийг нь хИлд нь хамруулах, тэжээн тэтгэх учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдлыг гаргасан.
Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гомдлын агуулга нь анхан шатны шүүхээс хүлээлгэсэн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгаар гаргасан. Хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэн холбогдох зүйл ангийн ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Пүрэврагчаа тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Г-ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд С.Гыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасаж, гурван жил хорих ял оногдуулсан. Ялыг оногдуулахдаа шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзаж оногдуулсан. Тухайн хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдаг.
Хүний амь насыг ямар нэгэн байдлаар нөхөн төлөх боломжгүй хохирлыг учруулсан. Иймд анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас тухайн хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 -ийг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэснийг үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1, 1.2 дахь хэсгүүдэд нэмэлт өөрчлөлт орсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж заасан байдаг бол мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т : хохирлоо нөхөн төлсөн бол: гэж шууд заасан байдаг.
Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд энэ заалтыг хэрэглэнэ. Ийм учраас хүний амь нас нь нөхөн төлөгдөх боломжгүй учраас хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн С.Г-д холбогдох, 2235000000224 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч С.Г нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн, 2773 УВС улсын дугаартай, “Honda CR-V” загварын авто машин жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 10.14-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Н.И-гийн амь насыг хохироосон болох нь :
- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим дүү Хажидсүрэн над руу залгаад ээж, Г ахтай хамт архи ууж байгаад машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед юу яриад байгааг нь ойлгохгүй, юу болсон бэ гэж асуухад манай сумын иргэн Г гэх хүний эхнэр О гэдэг эгч “ Г, танай ээж хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Г машинаа асаах гээд холбуулж янзалж байтал ээж чинь машины хаалга дунд зогсож байтал Г харахгүй дайраад алчихлаа” гэж хэлээд уйлж байсан. Тухайн үед би шоконд орсон. ..Тэгээд Улаанбаатар хотод байсан эгч Нямсүрэнгийн хамтаар тухайн өдрийн орой жижиг машинаар хотоос гарч яваад 10 сарын 4-ний өдрийн 21 цагийн үед Тариалан суманд гэртээ ирсэн. ...Манай дүү болон ах, дүү нар надад ямар нэгэн зүйл хэлээгүй, сүүлд сонсоход архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж сонссон. Чухам хаана, хэзээ, хэнтэй, хир их хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэргийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Г нь намайг 10 жилийн сурагч байхаас л манайхаар орж гардаг, ээж ч мөн тэднийхээр очдог, хэн хэндээ тус дэмтэй, хуурай ах дүүс шиг байдаг байсан. Би өөрийн ээжээ алдчихаад гомдолгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ ах дүүс шиг байж, нэгэндээ дэмтэй тустай явж байсан үе зөндөө бий учраас гомдолтой гэж хэлэхэд хэцүү байна. Надад үнэхээр хүнд, хэцүү байна. Хууль, дүрмийнх нь дагуу шийдэж өгнө үү. Мөн тухайн Г гэх хүнээс би ямар нэг хохирол, төлбөр нэхэмжлээгүй боловч Г нь өөрөө миний данс уруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тухайн мөнгийг ээжийн буяны ажилд зориулаарай гэж хийсэн байсан .Би дүүгээ бодоод хохирол нэхэмжилнэ гэж бодсон ч манай ээж С.Г-д хүргэн ахаас илүү ханддаг, дүү шигээ хандаж тусалж дэмждэг байсан, хүүхдүүдэд нь ч эмээ шиг нь ханддаг байсан байсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44, 201-202 дахь тал);
- гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн төв дээр ээлжтэй байхад манай сумын Г гэх хүн 17 цаг 50 минутад ирж "И эгч машинд мөргүүлчихлээ, Г машинаар ухраад мөргөчихлөө" гэж хэлсэн. Тэгээд би И эгчийн хашаанд очиход хашаан дотор 3 машин байсан ба хашааны хаалга нь эвдэрчихсэн байсан, хашааны баруун талд амбаар жорлонгийн харалдаа газарт И эгч дээшээ харсан байдалтай, толгойноос нь их хэмжээний цус гарч газраар урссан, толгой нь баруун талаараа няцарсан байдалтай харагдаж байсан. Үзэхэд И эгчийн амин үзүүлэлт нь байхгүй, нас барсан байсан. Тэгээд юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс тодруулахад тэнд байсан Гын эхнэр О хэлэхдээ: "Г машинаараа хойш ухраад дайрчихлаа" гэж хэлж байсан. Тухайн үед Г ах машин дотроо сууж байсан бөгөөд түүнийг согтуу байгаа гэж манайд дуудлага өгсөн Г гэх хүн хэлж байсан. Гын машин хашааны голд хөндлөн ухраад зогссон байдалтай байсан. Харин талийгаачийн Приус машины урд хэсгээр хашаа мөргөөд дотогш чихэгдчихсэн байсан. Игийн машины ар талд Ггийн машин байсан ба Ггаас тодруулахад тэрээр : О намайг дуудаад Гын машиныг холбоод асаагаад өг гэхээр нь ирж, аккумлятор холбож машиныг нь асаагаад би эргээд аккумлятороо аваад машиндаа тавих гэж байтал гэнэт Г ухрахдаа Иг мөргөчихлөө” гэж хэлж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
- гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сувилагчийн хамт гүйгээд очиход тухайн дуудлага өгсөн айлын хашааны гадна хаалгыг мөргөөд унагачихсан байдалтай байсан, хашаан дотор 3 машин байсан ба приус 10 машин урд хэсгээрээ юм мөргөөд хойшоо чихэгдчихсэн байсан. Манай сумын И гэх айлын хашаанд осол болсон байсан. Тухайн хүнийг үзэхэд хашааны баруун талын хэсэгт газарт хэвтэж байсан ба толгой нь няцарч маш их цус урссан, нүүрний хэлбэр алдагдсан байдалтай, машинд дайрагдсан байсан. Игийн амин үзүүлэлтүүд байхгүй, нас барсан байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүсээс “энэ хүнийг хэн мөргөсөн бэ” гэж асуухад Есүсийн Г буюу Г мөргөсөн гэж хэлсэн. Г өөрөө Иг мөргөсөн гэх шаргал өнгийн хонда НRV загварын машин дотор сууж байсан, машинд өөр хэн нэгэн байгаагүй. Сумын олон нийтийн цагдаа ирж тухайн газрыг хамгаалалтад авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
- гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хоч нэрийг Көгшөө гэж хүмүүс дууддаг. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13:00-14:00 цагийн үед байх, цагийг нь сайн мэдэхгүй байна, сонгино, овьёосны мөнгөө авах гээд И эгчийн гэрлүү мотоцикльтойгоо явж очиход тэднийд манай сумын Дэмбэрэл, Г, мөн хажуу талын айлын Энхтуяа, түүний хадам дүү хэлгүй ах нар байсан. Тэд нар намайг ороход ерөөл гэсэн 0.5 литрийн 1 шил архи уугаад дуусч байсан бөгөөд дахин эликс гэх нэртэй 1 шил архи задалсан. Уг архийг задлаад бид нар тойруулсан бөгөөд архи тойруулж эхлэх үед Дэмбэрэл ах явчихсан. ...Тухайн үед И эгч надад мөнгийг чинь данс руу чинь мобайлаар хийчихнэ гэхээр нь би явсан юм. Би И эгчийн гэрт 20 орчим минут л болоод гараад явсан, намайг явахын өмнөхөн манай сумын Нансалжав ах тэднийд орж ирж байсан юм. Би дахин И эгчийн гэрт очоогүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би тэдний гэрээс 14:00 цаг болж байхад гарч явсан байх гэж бодож байна. Би тэднийд очоод нэг их удаагүй юм. Намайг тэднийхээс гарч явж байх үед С.Г, Н.И нар архи уучихсан согтуу байсан. Гэхдээ нэг их тасартлаа архи ууж согтсон зүйл байгаагүй. Тухайн үед С.Гын машин хашааны баруун талд байх малын хашаа, жорлонгийн харалдаа машины копудыг хашаан хаалга руу харуулсан байдалтай зогсож байсан бөгөөд С.Г ах машинаа асааж явах гэхэд аккумлятор нь суучихсан байсан учраас машинаа асааж явж чадахгүй байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
- гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр Н.И эгч нэлээд согтсон байсан, мөн Г ч гэсэн согтуу байсан юм. Г, И нар архи ууж байхад ямар нэгэн маргаан гарч байгаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);
- насанд хүрээгүй гэрч Ч.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Увс аймгийн Тариалан сумын төвд өөрийн ээж Итой хамт хоёулаа амьдардаг байсан юм. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би 07 цаг 30 минутын үед босч хИлдээ яваад өдөр 13:00 цаг өнгөрөөд хИлээ тараад гэртээ ирэхэд манай гэр цоожтой, ээж гараад явчихсан байсан. Тэгээд би хашаан дотроо ээжийг хүлээгээд сууж байтал манай сумын Г буюу Г ах гаднаас хашааны хаалга онгойлгоод өөрийнхөө машинтайгаа, хүүхэд Үйлстэйгээ хамт хашаа руу орж ирээд хашааны баруун талын малын хашаа, жорлонгийн хажууд ирээд машины копудаа урагшаа хашааны хаалга руу харуулж зогссон. Тэгж байтал удалгүй манай ээж И машинтайгаа манай хөрш Энхтуяа эгч болон тэдний дүү гэх хэлгүй хүний хамт хашаа руу орж ирсэн. Тэгээд хөрш айлын хүмүүс гэрлүүгээ орсон, харин ээж машинаас бууж ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн, уучихсан байсан, тэгээд бид нар гэрт ороход Г ах ээжид 0.5 литрийн ерөөл гэх нэг шил архи гаргаж өгсөн. Тэгж байтал гаднаас манай сумын нэг ах нэрийг нь мэдэхгүй байна, орж ирсэн. Тэр гурав нөгөө 0.5 литрийн 1 шил архиа хувааж уугаад талдаа орж байтал гаднаас манай хөрш Энхтуяа эгчийг ээж цай уу гэж дуудсан бөгөөд удалгүй Энхтуяа эгч, дүү Батсуурийн хамтаар манайд орж ирсэн.
Тэр хоёр манайд орж ирэхдээ Батсуурь нь манай ээжид 0.5 литрийн эликс гэх нэг шил архи, шоколадтай өгсөн. Тэгээд тэд нар бөөндөө сууцгааж тал шил ерөөл архиа ууж дуусгаад Батсуурь ахын өгсөн эликс архийг задалж, мөн тойруулж эхэлж байтал гаднаас манай сумын Көгшөө гэх ах ганцаараа орж ирээд уг архинаас уусан, тэгж байтал бас нэг ах орж ирсэн.
Тэгээд О эгч бид хоёр арын өрөөнд ор засаад ээжийг унтуулах гэхэд ээж “би энэ өрөөнд унтахгүй” гэхээр нь урд талын өрөөнд ор засч өгсөн. Тэр үед Г ах манай гэрт ширээний урд талд сууж байсан. Тэгээд О эгч бид хоёр ээжийг унтуулах гэхэд ээж унтаж өгөхгүй байсан, тэгж байтал Г ах ширээг гараараа цохиод “миний машин асахгүй байна, тэр хүн амьтан дууд” гэж эхнэртээ хэлсэн. Тэгсэн чинь О эгч утсаар залгаж хүн дуудсан ба удалгүй 5-10 орчим минутын дараа манай сумын бага ангийн багш Калина, нөхөр Г болон бага хүүхдийн хамт королла машинтайгаа ирээд хашаа руу машинаа оруулж, ээжийн машины ар талд зогсоосон. Тухайн үед ойролцоогоор 17 цаг өнгөрч байсан. Тэгээд Г ах, О эгч болон тэдний хүүхэд Г /2 настай, эрэгтэй/ хамт гэрээс гарсан, харин ээжийг урд талын өрөөнд газарт юм дэвсээд хэвтүүлсэн. Тэгж байтал ээж “ би унтахгүй, би гарна” гээд босоод ногоон өнгийн тавчик өмсөөд дээгүүрээ цагаан курткаа өмсөөд гэрээс гарсан, тэгээд би араас нь гарахад ээж маань гэрийн үүдний хэсэгт өмссөн ногоон өнгийн 2 тавчикаа тайлаад шидчихсэн, тухайн үед Г ах машиныхаа жолоочийн суудалд суучихсан, хаалга нь дэлгээстэй буюу онгорхой байсан ба машиныг нь Г ах холбож асаасан бөгөөд машин асах үед Гын эхнэр О нь машины урд талд копуд хааж байсан, харин ээж маань Г ахын хажууд жолооч талын хаалганы дотно талын хэсэгт зогсож байсан, мөн Г ахын хүүхэд Гантулга нь онгорхой хаалганы харалдаа гадна талд зогсож байсан, харин би Г ахын машины баруун талын хэсэгт машинаас 1 метр орчим зайтай зогсож байсан.Тухайн үед би Г ахыг машиныхаа хаалгыг хаачихаад хөдлөх байх гэж бодоод хашааныхаа хаалга руу хараад зогсож байтал Г ах гэнэт машинаа хойшоо хөдөлгөж ухарсан ба хойшоо хөдлөхдөө машиныхаа хүрдийг зүүн талруугаа дараад ухрах үед ээж машины жолооч талын онгорхой байсан хаалганд цохиулж унасан ба тэр үед О эгч И эгчээ гээд орилсон, тэгээд би ээжээ гээд орилох үед Г ах мэдэлгүй машинаа зогсоохгүй шууд хойшоо ухарсан бөгөөд тэр үед Г ах машиныхаа дугуйгаар ээжийг дайрч хойш явсан бөгөөд бид нар орилж хашгирах үед машинаа зогсоосон. Машин зогссоны дараа Г ах машинаас бууж ирээд О эгч бид нар ээж дээр очиход ээжийн толгой хэсэг нь няцарч маш их цус гарсан байсан ба нас барсан байсан юм. Тэр хооронд машин холбож асаасан Г ах гүйгээд сумын төвийн эмнэлэг орж эмч дуудсан. Эмч ирж үзээд нас барсан гэж хэлээд гэрээс даавуу гаргуулж ирээд ээжийг хучсан. Тухайн үед би шоконд орж уйлсан бөгөөд ослын дараа Г ах хүүхдээ тэвэрчихсэн уйлж байсан. Тухайн үед Г ах нэлээд согтуу байсан. Ийм л зүйл болсон юм. Тухайн үед Г ах нэлээд их согтчихсон байсан бөгөөд ухрах үедээ ээжийг машины хаалганд цохигдож унасан гэдгийг мэдэхгүй, шууд ухраад ээжийг дайрчихсан юм. Тухайн өдөр С.Г ах манай ээжтэй хэрэлдэж маргалдаагүй зүгээр байсан юм. Осол болох үед Калина багш машиндаа сууж байсан. Харин Г ах машин холбож асаачихаад аккумлятороо өөрийнхөө машинд тавьж холбож байсан юм. С.Г ах машинаа нэлээд хурдтай гэнэт хойш ухраасан бөгөөд ээжийг унагасан гэдгээ мэдэхгүй шууд ухраад ээж газарт унасан байхад харалгүйгээр ухарсан хэвээрээ яваад ээжийг дайрсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),
- гэрч И.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед эхнэрийнхээ хамт хүүхдээ аваад Улаангом сумын төв эмнэлэг рүү явах гэж байтал над руу манай сумын С.Гын эхнэр О утсаар залгаад “манай машины аккумлятор суучихаад асахгүй байна, ирээд холбоод асаагаад өгөөч. И эгчийн хашаанд байна” гэж хэлсэн. Тэгээд би удалгүй 5-10 орчим минутын дараа И эгчийн гэрт очиход тэдний хашааны хаалганы баруун талын хэсгээр хашааны хаалга болон хашаа уначихсан байсан бөгөөд хашааны хаалга онгорхой байхаар нь уг хашаа руу ороход хашаан дотор хашааны зүүн талын малын байр, жорлонгийн хажуу талд Гын машин хоншоороороо буюу копуд нь урагшаа хашааны хаалга тал руугаа хараад зогсож байсан, мөн хашааны баруун талд миний машины урд талд И эгчийн “Приус- 10” машин зогсож байсан. Тэгээд би хашаан дотор зогсоод машиныхаа аккумляторыг машинаасаа салгаад Гын машин дээр очиход Гын машины копудны хажууд Гын эхнэр О, тэдний 3 настай хүүхэд, Игийн охин Хажидсүрэн бас тэр хавьд зогсож байсан. Тухайн үед И эгчийг хаана байгааг нь би анзаарч хараагүй. Тэгээд Г машиныхаа жолооны хүрдний ар талд суугаад би машиныг нь аккумлятороор холбож асаасан. Тэгчихээд би цааш нь эргээд аккумлятороо өөрийнхөө машинд холбож байтал гэнэт хүмүүс “хүн аллаа” гээд орилохоор нь эргээд харахад Г машиныхаа жолооны хүрдийг зүүн талруугаа дарчихсан байдалтай машин хойшоо ухарч байсан, машины ухрахад машины доор И эгч газарт хэвтэж байсан. Тэгээд би сандраад сумын төвийн эмнэлэг рүү гүйж очоод эмч нарт И эгч машинд дайрагдчихсан байна гэж хэлсэн...Тухайн осол болох үед С.Г нь өөрийнхөө 27-73 УВС улсын дугаартай автомашиныг жолоодсон бөгөөд машин холбож асаасны дараа хойшоо ухрах үйлдэл хийхдээ И эгчийг мөргөчихсөн юм. Тухайн үед Г нь архи уучихсан, нэлээд согтуу байсан. Манай эхнэр машин дотор хүүхэдтэйгээ хамт сууж байсан. Г машинаа холбож асаачихаад шууд хойшоо ухрах үйлдэл хийсэн бөгөөд машинаас бууж эргэн тойрноо хараагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал);
- гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэр өдөр би 17 цаг 45 минутын орчимд гэртээ байж байсан ба цонхоор гадагш харахад хашаан дотор С.Г эхнэр хүүхэдтэйгээ хамт ирчихсэн, машиныхаа хажууд юм хийгээд байсан. Тэгж байтал манай хашаанд гаднаас нэг машин орж ирээд Гын машиныг холбож асаагаад байх шиг л байсан. Тэгтэл гэнэт "хүн алчихлаа ш дээ" гээд Хажидсүрэн, Гын эхнэр нар гэнэт орилоод эхэлсэн бөгөөд би цонхоор харахад Гын зогсож байсан машин байрлалаа өөрчилж хашааны зүүн талын амбаарын урд талд хөндлөн зогсчихсон байсан, харин машин анх байсан газрын хажууд И эгч дээшээ харчихсан хэвтэж байсан ба машин дотор Г ганцаараа сууж байсан. Тухайн үед би тэр байдлыг хараад айгаад шоконд орсон. Тэгж байтал Хажидсүрэн уйлчихсан гүйж ирээд манай гэрийн хаалгыг цохисон, тэгээд би хаалгаа онгойлгоход Хажидсүрэн надад "эмээ рүү залгаад өгөөч ээ” гэж хэлээд нэг дугаар өгөхөөр нь би утасаараа залгаад "И эгч машинд дайруулчихлаа" гэж хэлсэн. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй, би айгаад гэрээсээ гараагүй. Би нөхрөө алдаад 3 жил болж байгаа, түүнээс хойш хүн нас барахыг харж чадахгүй болчихсон. Манай сумын эмч нар ирж үзээд даавуугаар бүтээчихсэн бөгөөд удалгүй сумын олон нийтийн цагдаа ирж тэр газарт хамгаалалт аваад байсан, би айгаад дахиж харж чадаагүй юм. Тухайн үед намайг цонхоор харахад ослын дараа уг машины жолооны хүрдний хэсэгт Г сууж байсан бөгөөд машин дотор өөр хүн байгаагүй, мөн машин анх зогсож байсан байрлалаа өөрчлөөд зогсчихсон буюу арагш ухраад хашааны зүүн талын амбаарын урд талд хөндлөн байрлалтай зогсож байсан, машин анх зогсож байсан газрын харалдаа И эгч газарт дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Би тэр бүхнийг цонхоор харсан юм. Тухайн өдөр С.Г нь архи уучихсан нэлээд согтуу байсан. Осол болох үед ч гэсэн архи нь гараагүй байсан байх. Г нь И эгчтэй өдөржин хамт архи уусан байсан. И эгч ч гэсэн согтуу байсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
- Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай " Амь хохирогч Н.И-гийн биед дух, баруун, зүүн зулай, дагз, суурь яс, баруун, зүүн ухархай, хамар, баруун, зүүн хацар, хоншоор ясыг хамарсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдалт, тархины няцрал, дух, баруун зулайн хуйханд задарч урагдсан шарх, цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал, зүүн уушгины дээд, доод дэлбэнд цооролт, баруун, зүүн уушгины ар хэсэгт цус хуралт, цох, баруун хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 3.1.2, 3.1.3, 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд нь дарагдах, шахагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Н.И нь элэгний хатуурал бүхий өөрчлөлттэй байсан байна. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед үүссэн байна. Амь хохирогч нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 6 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч Н.И нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч Н.И нь дээрх гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд гэмтлүүдийн улмаас нас барсан байна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81-84 дэх тал),
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-23 дахь тал),
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-31 дэх тал),
- шүүгдэгч С.Гын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Шүүгдэгч С.Г нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан байсан нь насанд хүрээгүй гэрч Ч.Хажидсүрэн, гэрч О.Нансалжав, Г.Гантулга, Н.Дэмбэрэл, И.Г, С.Энхтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр, мөн шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж нь 4.16 промиль байсан нь цагдаагийн эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл, тандагч багажаар согтуурал шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 167, 168-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-т заасан : “жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-т : “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.14-т:“ жолооч бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцалд ухрах үйлдэл хийнэ. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс иргэн Н.И-гийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Гыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
7. Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүгдэгч С.Г-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
7.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч С.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “ хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч С.Г-д гурван жил хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
7.2. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т : энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заасан боловч энэ нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш болно.
7.3. Шүүгдэгч С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал тогтоогдож байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хохирол учирсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Шүүгдэгч С.Гын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 49 /дөчин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН