| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00613/И |
| Дугаар | 301/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 301/ШШ2025/00013
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 301/ШШ2025/00013 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Л.Г-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
Хүсэлт гаргагч Л.Г өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Л.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Г миний бие 1964 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1981 оноос 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд С аймгийн Ш дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийг тракторын жолоочоор төгссөн. Дараа нь 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 073 дугаар ангид гурван жилийн хугацаагаар цэргийн албаа хаасан. Цэргээс халагдаж ирээд буюу 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Т-хийн сангийн аж ахуйг тарах хүртэл нэгдүгээр тасагт тракторчнаар ажилласан. Дараа нь 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Б хувьцаат компанид Т бригадын тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Миний ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны баримт бүрэн гарахгүй тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Т сангийн аж ахуй 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн сумын Б ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08/611 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Л.Г БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, мөн БЦЕГ-ын даргын 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 367 тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 200-ны өдөр 556811 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 728 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Т сумын С аж ахуй 1987-1988, 1990-1992 онуудын баримтыг шүүн үзэхэд Л.Г-т холбогдох баримт гараагүй, Б ХК-ийн баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Лхамжавын Ганзоригийн 335 дугаартай нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанд: Т сумын Б ХК-иас 1995 оны 01-10 сар, 12 сар, 1996 оны 01-04 сар, 12 сар, 1997 оны 03-06 сар, 12 сар, 1999 оны 04-05 сар, 12 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Т-ийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “САА-н ажилчин, албан хаагчдын орон тоо цалинг батлах тухай” 10 тоот тушаалд 1. Нийт ажилчин албан хаагчдыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон тоо цалингийн фондыг хавсралтаар баталсугай, ... тушаалын хавсралтад тэжээлийн цех-үйлчлэх салаа нэрсийн жагсаалтын 3-т Ганзориг, тракторын жолооч, хийснээр гэсэн,
- Л.Г-ийн 035071 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- Л.Г-ийн 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Тракторч машинчийн үнэмлэх,
- Л.Г-ийн 22933 дугаартай тракторч-машинчийн үнэмлэхийн анхааруулах талон,
2.2. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч М.М-ын шүүхэд өгсөн “Би А аймгийн Т сангийн аж ахуйд малчнаар 1982-1985 он хүртэл, Т бригадад тракторын жолоочоор 1988-1992 он хүртэл, Б компанид тракторын жолоочоор 1992-1997 он хүртэл тасралтгүй ажилласан. Би бага байхаасаа Л.Г-ийг мэддэг байсан, хамт нэг сургуульд сурдаг байсан. Л.Г А аймгийн Т суманд 1981 онд 8 дугаар анги төгсөөд А аймгийн Т сангийн аж ахуйн тракторын жолоочоор 1981-1992 он хүртэл буюу Сангийн аж ахуй хувьчлагдах хүртэл ажилласан бөгөөд дунд нь цэргийн алба хаасан. Би Л.Г-той хамт Т сумын Б компанид тракторын жолоочоор 1992-1997 он хүртэл тасралтгүй ажилласан. Намайг 1997 онд ажлаасаа гарснаас хойш Л.Г Б компанид тракторын жолоочоор 2, 3 жил ажилласан. Б компанийн захирлаар Ж, нягтлан бодогчоор Н нар ажиллаж байсан. Б компани 1992 онд байгуулагдаж 1997 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад Ж гэдэг хүний мэдэлд шилжсэн. Одоо ч Ж Б компанийн захирлаар ажилладаг. Тухайн үед Б компанид миний санаж байгаагаар тракторын жолоочоор Э, Э, Г, Б нар ажиллаж байсан. Б компанид Г-той адилхан нэртэй хүн тракторын жолооч байгаагүй. Г Б компанид үр тарианы зориулалттай 100 маркийн 75 гэдэг трактор барьж байсан” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Л.Э-ын шүүхэд өгсөн “Би А аймгийн Т сангийн аж ахуй 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл грушикээр, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны дүгээр сарын 07-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл запровшик автомашины жолоочоор, Т сумын Б ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл запровшик автомашины жолоочоор, шатахууны нярваар, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гинжит тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Л.Г нь А аймгийн Т сумын Б ХК-д 1992 оноос 1997 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Л.Г нь 1981 онд 8 дугаар анги төгссөн. Л.Г нь Т-ийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1983 оноос 1986 оныг хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. Т сумын Б ХК-ийн захирлаар н.Ж, нягтлан бодогчоор н.Н нар ажиллаж байсан. Б ХК нь 1992 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаад Ж гэдэг хүний мэдэлд шилжсэн. Тухайн үед Т сумын Б ХК-д тракторын 3-4 салаа байсан. Т сумын Б ХК-д тракторын жолоочоор н.М, н.Э, н.Д, н.П, н.Л, н.Б, н.Н, н.Р нар ажиллаж байсан. Л.Г нь Т сумын Б ХК-ийн ДТ-75 маркийн гинжит трактор барьдаг байсан. Т сумын Б ХК-д Л.Г-той адилхан нэртэй хүн байгаагүй. Би Л.Г-той хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Л.Г-ийн гэрлэсний ХААТР-15 маягтад “нөхөр Л.Г, ажилладаг байгууллага-Үр тарианы 1 тасаг, эрхэлдэг ажил-тракторчин, 1990.12.22-ны өдөр бүртгэсэн” гэсэн,
- Л.Г-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Л.Г, ажилладаг байгууллага-Т сангийн аж ахуй, эрхэлдэг ажил-тракторын жолооч, ажилд орсон он-1981, эрхэлж эхэлсэн он-1981, оршдог сум, район-Т, 1988.11.16” гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Т-ийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “САА-н ажилчин, албан хаагчдын орон тоо цалинг батлах тухай” 10 тоот тушаалд 1. Нийт ажилчин албан хаагчдыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон тоо цалингийн фондыг хавсралтаар баталсугай, ... тушаалын хавсралтад тэжээлийн цех-үйлчлэх салаа нэрсийн жагсаалтын 3-т Г, тракторын жолооч, хийснээр гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Т сумын Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн 872 дугаартай цалингийн тодорхойлолтод: 1987 оны 10 дугаар сараас 11 дүгээр сар, 1988 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 12 дугаар сар, 1991 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан цалин бичилттэй,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 03-01/6040 тоот лавлагаанд: А аймгийн Т сумын оршин суугч, Л.Г, хүү, 24 настай, эрэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Т сумын оршин суугч, Л.Г, хүү, 24 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-тракторын жолооч... ” гэсэн,
- Б дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 396 дугаартай албан бичигт: Л.Г нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй бөгөөд 2023 оны 03 дугаар сараас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгож, сард 705,381 төгрөгийн тэтгэвэр авдаг болно гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Г-ийн А аймгийн Т сангийн аж ахуй 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Т сумын Б ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08/611 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 728 тоот тодорхойлолт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Л.Г-гийн 335 дугаартай нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Т-ийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “САА-н ажилчин, албан хаагчдын орон тоо цалинг батлах тухай” 10 тоот тушаал, тушаалын хавсралт,
- Л.Г-ийн 035071 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- Л.Г-ийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- Л.Г-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Т-ийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “САА-н ажилчин, албан хаагчдын орон тоо цалинг батлах тухай” 10 тоот тушаал, тушаалын хавсралт,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Т сумын Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн 872 дугаартай цалингийн тодорхойлолт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 03-01/6040 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Б дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 396 дугаартай албан бичиг,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч М.М, Л.Э нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Л.Г нь А аймгийн Т сангийн аж ахуй 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Т сумын Б ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Л.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Л.Г-ийн А аймгийн Т сангийн аж ахуйд 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Т сумын Б ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН