| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00691/И |
| Дугаар | 301/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 301/ШШ2025/00014
| 2025 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 301/ШШ2025/00014 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Х.А-гийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б-д 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг зээлүүлээд удаа дараалан утасдаж хөөцөлдсөн боловч авч чадахгүй байгаа. Б.Б нь А аймгийн Э сумын ... дугаар багийн харьяат бөгөөд уг багт байшин хашаагаа зараад У хот явсан тул уг хаяг дээрээ байхгүй, багийн Засаг даргаас хаягийн тодорхойлолт авах гэсэн боловч иргэний мэдээллийг өгөх боломжгүй гэсэн. Б.Б-ийн ............... дугаарууд нь холбогдохгүй болсон учир Б.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-ын Б-д 15,000,000 төгрөг зээлүүлсэн. Б 2024 оны 3 дугаар сард У хотын хүүхдүүдэд Монгол өв уламжлалаа таниулах гэсэн аялал зуучлалын ажиллагаанд хамтран ажиллах санал тавьсан. Саналыг нь хүлээж автал үйл ажиллагаа эрхлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэхээр нь би 15,000,000 төгрөг зээлүүлсэн. 5 сард хүүгээ авч дуусахаараа өгнө гэж хэлээд авсан. Би 10,000,000 төгрөгийг нь нэг компанийн данс руу шилжүүлсэн. Харин 5,000,000 төгрөгийг нь Б гэдэг хүн надад өгчих би Б-д хэлчихье гэж хэлээд авсан. Энэ талаараа Б-д хэлээгүй байсан. Иймд ямар ч байсан Б-аас 10,000,000 төгрөгөө авъя гэж бодоод шилжүүлгийн баримтаа хавсаргаад шүүхэд хүсэлт гаргасан. Би удаа дараа фейсбүүк хаягаар нь болон утас руу нь залгаж мөнгөө авъя гэж нэхэж байсан. Тэгэхэд 8 сард өгнө, 9 сард өгнө гэж хэлээд алга болчихдог. Сүүлд нэг уулзахад гартаа цахим бугуйвч зүүсэн байсан. Хугацаа нь 8,9 сард дуусна гэж байсан. Тэгээд үүнээс хойш утас нь холбогдохоо больсон. Одоо фейсбүүк хаягаар нь холбоо барьж байгаа. Фейсбүүкээр блок хийхгүй. Миний бичсэн чатыг уншиж байгаа. Надад хэлэхдээ би мэдэж байгаа, би хариуцаж байгаа болохоор төлнө гэж хэлдэг байсан. Иймд Б.Б бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, би 10,000,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлттэй байгаа тул Б.Б-ийн эрэн сурвалжилж өгнө үү. Би 10,000,000 төгрөгийг Ц гэдэг компанийн дансанд шилжүүлсэн. Би байнга мөнгөө авъя гэж шаардаж байсан. 2024 оны 09 дүгээр сард хамгийн сүүлд уулзаж мөнгөө нэхэж байсан. Тэгэхэд би өгнө гэж хэлж байсан. Би Б.Б-ийн овгийг нь мэднэ. Регистрийн дугаарыг нь мэдэхгүй. Одоо С дүүрэгт байгаа гэж сонссон. Гэхдээ энд тэнд байр түрээсэлж амьдардаг шиг байна лээ. Эхнэрээсээ салчихсан гэсэн. Өөр эхнэртэй болж байгаа гээд Г аймаг руу надтай хамт явж байсан. Тэнд очиход шинэ эхнэрийнх нь ээж охиноо өгч явуулахгүй гэж байсан. Шинэ эхнэрийнхээ цалингийн зээлийг авахуулаад надад мөнгөө өгнө гэж хэлж байсан. Би одоо фейсбүүк чатаар харилцаж байгаа. Гэхдээ над руу хариу бичихгүй байгаа. Миний чатыг уншиж байгаа. Б.Б одоо С дүүрэгт байгаа байх гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэг болон 25 дугаар эмийн сангийн ойролцоо найзындаа амьдардаг байж магадгүй гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Х.А-гийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Э сумын .... дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот тодорхойлолтод: Б овогтой Б, дээрх иргэн нь 7 дугаар багт бүртгэлгүй, оршин суудаггүй нь үнэн гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.А-гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Х.А нь Б.Б-д холбогдуулан зээлсэн 10,000,000 төгрөгийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа тухай шүүх хуралдаанд тайлбар гаргасан, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар өгсөн бөгөөд Б.Б нь албан ёсны хаяг болох А аймгийн Э сумын ... дугаар багт оршин суудаггүй болох нь А аймгийн Э сумын ... дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Эдгээр баримтуудаар Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул Б.Б-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Х.А-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Х.А-д мэдэгдэхийг А аймгийн Ц-гийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН