Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00022

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Б багийн Ц гэх газарт оршин суух Д овогт Б-ийн Б

            Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

           

          1.1 Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Б миний бие 1969 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, одоо 55 настай, эрэгтэй, би 8 дугаар анги төгсөөд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн А аймгийн Ц сумын С зам нэгдэлд, өөрийн төрсөн эцэг Б туслах хоньчноор томилогдож 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгээд 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж А армийн 150 /210/ дугаар ангид 2 жилийн хугацаанд цэргийн алба хааж 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдаж нутагтаа ирсэн. Тэгээд нутагтаа амьдарч байгаад 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Э гэр бүл болж дундаасаа 1995 онд хүү Б.А, 1999 онд охин Б.А, 2006 онд охин Б.А, 2015 онд хүү Б.А нар төрсөн. Гэрлэлтээ батлуулж нэг гэрт орсон цагаас хойш одоог хүртэл Ц сумын Б багтаа хувийн малаа маллаж амьдарч байна. Миний улсад ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа байгаа боловч намайг ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архивын тасгаас гарч ирэхгүй байх тул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Би ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 10 жил 2 сарыг нөхөн тооцуулж авсан. Миний бие 1993 оноос хойш малын А дансаа жил бүр тоолуулж байсан боловч аймгийн архивын тасгаас 1999 оны малын А данс гарч ирсэн, бусад оных гарч ирээгүй учраас А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өргөдөл гаргахад 1998, 2000 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995-2007 оныг нотлох баримт байхгүй үндэслэлээр тогтоож өгөөгүй, үүнийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандахад мөн тогтоож өгөөгүй учраас шүүхэд хандаж байна. Би одоо 55 настай малчнаар өндөр настны тэтгэвэрт гарах хуулийн шаардлагыг хангахад дээрх улсад ажиллаж байсан хугацаа болон нөхөн тооцуулж авсан хугацааг шүүхээр тогтоолгохгүй бол миний ажилласан жил орохгүйд хүрч миний эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй болоод байх тул шүүхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох улсад ажиллаж байсан болон хувийн малаа маллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох эрх зүйн шаардлага үүсээд байна. Иймд Д овогт Б Б намайг А аймгийн Ц сумын С зам нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А аймгийн Ц сумын Б багт хувийн малаа маллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

 

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            - 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Алтан-Овоо бригадын Бандийн суурьт туслах хоньчноор ажиллуулав, Нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 148 тоот тушаалаар,
  • 1986 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал,
  • 1987 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар, 05 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал,
  • 1988 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан цалин бичилттэй,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Б Б БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан А армийн 150 /210/ дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 667142 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 747 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц сумын С зам нэгдлийн 1987-1988 онуудын баримтыг шүүн үзэхэд Б.Б холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- А аймгийн Ц сумын С зам нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Малчин саальчнаар томилох тухай” 148 тоот тушаалд 1. ... Б.Б нь Б туслах хоньчноор 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ... тус тус томилон ажиллуулсугай, 2. Дээрхи малчин ... Б.Б, ... нарт мал хүлээн авсан өдрөөс нь эхлэн цалинжуулахыг нэгдлийн ерөнхий ня-бо Ц.Т зөвшөөрсүгэй гэсэн,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/1 тоот албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдөл, ирүүлсэн 1999 оны малын А данс болон бусад баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд таны 1998, 2000 онуудад А аймгийн Ц сумын Б багт мал малласан хугацаа /24 сар/-г малчнаар ажилласнаар тогтоож шийдвэрлэлээ. Харин таны 1995-1997 онд малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул 1995-1997 онуудад малчнаар ажилласнаар тогтоох боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/78 тоот албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-1997 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Н даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 16/01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

- Б.Бын малчин мэргэжлийн үнэмлэх,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан Баталгаажилтын хуудас,

- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 398 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Б овогтой Б нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Цагаан хоолой гэдэг газар амьдардаг, малчин өрх мөн болно гэсэн,

- Б.А, Б.А нарын №12, №14 дугаартай төрсний гэрчилгээ,

- Б.Б, Н.Э нарын гэрлэсний гэрчилгээ,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А аймгийн Ц сумын Б багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.Б /1999 он хүртэлх/ малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: 1999 он адуу 21, үхэр 19, хонь 89, ямаа 63, бүгд 192 гэсэн,

- 1999 оны малын А данс,

           

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

      

           -Гэрч Ч.Б шүүхэд өгсөн “...Би 1968 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ц сумын С зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Б нь жоохон байхдаа сургуулиасаа оргож ирээд багш нь араас нь хөөцөлдөөд байдаг байсан. Б.Б нь багаасаа сургуулиас гараад мал малласан. Яг хэдэн оноос эхэлж мал малласныг нь мэдэхгүй байна. Багаасаа л мал малласан хүүхэд байгаа юм. Б.Б нь цэргийн алба хаасан. Б.Б нь цэргээс халагдаж ирээд ч бас мал малласан. А аймгийн Ц сумын С зам нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Ц сумын С зам нэгдлийн даргаар н.Т гэдэг хүн ажиллаж байсан. Б.Б нь А аймгийн Ц сумын С зам нэгдэлд аав н.Б хонин суурьт туслах хоньчноор ажиллаж байсан. Б.Б нь насаараа л мал маллаж байгаа хүн юм. Би Б.Б багаас нь сайн таньдаг болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Б.Б нь нутагтай нэр хүндтэй, малыг маш сайн малладаг сайн хүн байгаа юм. Манайх Б.Б ээв, ээжийнхтэй олон жил айл аймаг байсан...” гэх мэдүүлэг,

           

          -Гэрч Д.Д шүүхэд өгсөн  “...Би 1995 оноос одоог хүртэл А аймгийн Ц сумын Б багийн Ш гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Б.Б нь 1995 оноос одоог хүртэл А аймгийн Ц сумын Б багт хувийн малаа маллаж байна. Б.Б-ынх хувийн малаа маллахдаа А аймгийн Ц сумын Б багийн Б булаг, Т гол гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Б.Б-ынх адуу цөөхөнтэй, 20-30-аад үхэртэй, хонь ямаа 300-400 тооны мал малладаг. Б.Б нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Б.Б нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би Б.Б-тай нэг нутгийн хүмүүс мөн саахалт байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - Б.Б-ын гэрлэсний ХААТР-15 маягтад: “нөхөр Б.Б, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэсэн, 1994.12.08 өдөр бүртгэсэн” гэсэн,

            - Б.Б-ын хаягийн хуудсанд “Б-Б, одоо хаана ямар ажилтай Ц сумын Ө хэсгийн хоньчин” гэсэн,

            - Б.Б-ын ХААТР-1 /А/ маягтад: “Б-Б, А аймгийн Ц сум, эрхэлдэг ажил-малчин” гэсэн,

            - Б.А төрсний ХААТР-11 маягтад: “1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эцгийн нэр Б-Б” гэсэн,

            - Б.А төрсний ХААТР-11 маягтад: “2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эцгийн нэр Б-Б, нийгмийн бүлэг-малчин” гэсэн,

            - Б.Б-ын  1990 оны 11 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Н даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/865 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,      

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6751 тоот лавлагаанд: А аймгийн Ц сумын Б багийн хөдөө оршин суух, Б-Б, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 09 дүгээр сард төрсөн, 30 настай, эрэгтэй ... гэсэн,

- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц сумын Б багийн хөдөө оршин суух, Б-Б, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 09 дүгээр сард төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин ... ” гэсэн,          

- Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-01/99 тоот албан бичигт: Манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Ц сумын бүртгэлийг шүүж үзэхэд Б-Б-т холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Б.Б-ын А аймгийн Ц сумын С зам нэгдэлд 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тус тус тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

-1987 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 747 тоот тодорхойлолт,

- А аймгийн Ц сумын С зам нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Малчин саальчнаар томилох тухай” 148 тоот тушаал,

- А аймгийн Н даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/1 тоот албан бичиг,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/78 тоот албан бичиг,

- Б.Б-ын малчин мэргэжлийн үнэмлэх,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан Баталгаажилтын хуудас,

- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 398 тоот тодорхойлолт,

- Б.А, Б.А нарын №12, №14 дугаартай төрсний гэрчилгээ,

- Б.Б, Н.Э нарын гэрлэсний гэрчилгээ,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А аймгийн Ц сумын Б багийн малчин, өрхийн тэргүүлэгч Б.Б-ын /1999 он хүртэлх/ малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,

- 1999 оны малын А данс,

- Б.Б-ын гэрлэсний ХААТР-15 маягт,

            - Б.Б-ын хаягийн хуудас,

            - Б.Б-ын ХААТР-1 /А/ маягт,

            - Б.А төрсний ХААТР-11 маягт,

            - Б.А-ын төрсний ХААТР-11 маягт,

            - Б.Б-ын  1990 оны 11 дүгээр сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Н д газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/865 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,   

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6751 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд/,

- Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-01/99 тоот албан бичиг,

- Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Ч.Бямба, Д.Даваасамбуу нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч Б.Б-ын А аймгийн Ц сумын С зам нэгдэлд 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан, А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан болох нь тус тус тогтоогдож байна.    

 

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

      

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д овогт Б.Б-ын А аймгийн Ц сумын С зам нэгдэлд 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Д овогт Б.Б-ын А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН