| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00736/И |
| Дугаар | 301/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00023
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 301/ШШ2025/00023 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух Гөлөөн овогт Н.Ц-ийн хүсэлттэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ц, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Ц нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Н.Ц би 1990 оноос хойш А аймгийн Ц суманд мал маллан амьдарч байна. Миний бие С.Ө-тай 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсон гэрлэгчид бөгөөд 1995-2000 онуудад А аймгийн Ц сумын Ц багт мал маллан амьдарч байсан, одоогоор малаа маллан амьдарч байгаа. Манай өрхийн 1995-2000 оны А данс архивт хадгалагдан үлдээгүйгээс шалтгаалан миний мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. А аймгийн Н даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл, Н даатгалын Ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөл зэрэг байгууллагад мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт, гомдол гаргасан боловч тогтоох боломжгүй гэж хариу ирүүлсэн. Иймд Н.Ц би 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. Ийнхүү мал маллаж байсан байдлаа тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Иймд Г овогт Н.Ц миний 1995-2000 онуудад А аймгийн Ц сумын Ц багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
- А аймгийн Ц сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02/379 тоот тодорхойлолтод: Н.Ц нь 1990-2000 онуудад тус сумын Ц багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,
- Ө.А, Ө.Н нарын №85, №40 дугаартай төрсний гэрчилгээ,
- С.Ө, Н.Ц нарын гэрлэсний гэрчилгээ,
- А аймгийн Н д газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 167 тоот албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдөл, ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд таны 1995-2000 онуудад А аймгийн Ц сумын Ц багт малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онуудад малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,
- Н д ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/79 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны гомдлыг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1995-2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Н д газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 16/07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,
- А аймгийн А тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 763 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц сумын Ц багийн 1999 оны малын А дансыг шүүн үзэхэд С.Ө-т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн А тасгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А аймгийн Ц сумын Алтан-Овоо багийн малчин, өрхийн тэргүүлэгч С.Ө /1993 он хүртэлх/ малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: 1993 онд адуу 5, үхэр 5, хонь 20, бүгд 30 гэсэн,
2.2 Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч С.Б шүүхэд өгсөн “Би 1993 оноос 2012 оныг хүртэл А аймгийн Ц сумын Ц багт хувийн малаа маллаж байсан. Н.Ц-ийг нутгийнхан нь М гэж хочилж дууддаг. Н.Ц нь 1993 оноос одоог хүртэл А аймгийн Ц сумын Ц багт хувийн малаа маллаж байна. Н.Ц нь нөхөр н.Ө гэр бүл болоод хувийн малаа малласан. Н.Ц нь 1993 оноос одоог хүртэл А аймгийн Ц сумын Ц багийн Б, Н, Ц эрэг гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Н.Ц нь нөхөр Ө-тэй хамт мал малладаг. Н.Ц-ийнх хонь ихтэй, үхэр, адуу цөөтэй байдаг байсан. Н.Ц хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын Ц багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Н.Ц нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Н.Ц-ийнхтэй ойрхон айл аймаг байдаг байсан болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Б-ийн шүүхэд өгсөн “Би 1990 оноос хойш одоог хүртэл А аймгийн Ц сумын Ц багт хувийн малаа маллаж байна. Н.Ц 1990 оноос хойш одоог хүртэл А аймгийн Ц сумын Ц багт хувийн малаа маллаж байна. Н.Ц нь 1990 оноос одоог хүртэл А аймгийн Ц сумын Ц багийн Б, Н, Ц гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Н.Ц нь нөхөр Ө-тэй хамт мал малладаг. Н.Ц хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын Ц багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Н.Ц нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Н.Ц-ийнхтэй ойрхон айл аймаг байдаг, нэг голын хүмүүс болохоор би түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Н.Ц-ийн гэрлэсний ХААТР-15 маягтад “эхнэр Н-ийн Ц, А аймгийн Ц сум, бүрэн бус дунд боловсролтой”,
- Ө.Н-ын төрсний ХААТР-11 маягтад “1996 оны 02 дугаар сарын 03-ны өөр төрсөн, эхнэр Н-ын Ц, нийгмийн бүлэг-малчин” гэсэн,
- Н.Ц-ийн 1991-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Н даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/875 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Ү төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6755 тоот лавлагаанд: А аймгийн Ц сумын Ц багийн хөдөө оршин суух Н-ын Ц, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 11 дүгээр сард төрсөн, 25 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц сумын Ц багийн хөдөө оршин суух Н-ын Ц, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 11 дүгээр сард төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин... гэсэн,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/16 тоот тодорхойлолтод: Н-ын Ц нь 1995-2000 онуудад тус сумын Ц багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,
- А аймгийн Ц сумын Ц багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 тоот тодорхойлолтод: Н-ын Ц нь 1995-2000 онуудад тус багийн Их өвөлжөө гэдэг газар нутаглаж байсан. Хүн амын бүртгэлд бүртгэлтэй байна. Мөн тус онуудад мал маллаж байсан малын А дансанд бүртгэлтэй байна гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Ц-ийн А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Ц сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02/379 тоот тодорхойлолтод: Н-ын Ц нь 1990-2000 онуудад тус сумын Ц багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,
- Ө.А, Ө.Н нарын №85, №40 дугаартай төрсний гэрчилгээ,
- С.Ө, Н.Ц нарын гэрлэсний гэрчилгээ,
- А аймгийн Н даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 167 тоот албан бичиг,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/79 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,
- А аймгийн А-ын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 763 тоот тодорхойлолт,
- А аймгийн А-ын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А аймгийн Ц сумын А багийн малчин, өрхийн тэргүүлэгч С-ийн Ө /1993 он хүртэлх/ малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
- Н.Ц-ийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- Ө.Н төрсний ХААТР-11 маягт,
- Н.Ц-ийн 1991-2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/875 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 03-01/6755 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/16 тоот тодорхойлолт,
- А аймгийн Ц сумын Ц багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 тоот тодорхойлолт,
-Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч С.Б, Н.Б нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч Н.Ц нь А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Г овгийн Н-ын Ц-ийн А аймгийн Ц суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН