Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00028

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Г.П-ын хүсэлттэй,

            Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Г.П нь эцэг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Г.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г овогтой П миний бие нас барсан эхнэр Т-тайгаа танилцаж дотносон бидний дундаас 2020 онд том хүү Ө төрж 2021 онд бага хүү Ө-ыг төрүүлэн төрхийн хүндрэлээр нас барсан. Тухайн үед бага хүү Ө-ыг гэрлэлтийн бүртгэлгүй гэсэн шалтгаанаар ээж Т-р нь овоглож гэрчилгээ авсан. Одоо миний бие А аймгийн Ц суманд 2 хүүгийн хамт амьдардаг. Бага хүү Ө-ыг өөрийн нэрээр овоглох гэтэл Улсын бүртгэлийн байгууллага нь шүүхээр эцэг нь мөн болохоо тогтоолгохыг зөвлөсөн. Иймд Г.П намайг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Ө-ны төрсөн эцэг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            1.2. Хүсэлт гаргагч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүүхдээ өөрийн нэр дээрээ бүртгүүлэх хүсэлттэй байгаа. Эх нь 2021 онд төрхийн хүндрэлээр нас барсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хүүг маань миний нэр дээр бүртгэхгүй байгаа. Манай эхнэрийг Р.Т гэдэг. Манай эхнэр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан. Эхнэр маань бичиг баримтын зөрчилтэй байсан. Том хүү маань 2020 онд төрсөн. Надаар овоглодог. Хүү маань надтай хамт байгаа. Би хүүхдүүдтэйгээ амьдардаг гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Р.Т-гийн №2465010001000199 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа,

            - Т.Ө-гийн №2465460001000240 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

            - П.Ө-ны №2465010001000201 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6127 дугаартай Шинжээчийн дүгнэлт,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Г.П-ын эцэг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

Хүсэлт гаргагч Г.П-ын хүү Т.Ө 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн,  хүү Т.Ө-гийн биологийн эцэг нь хүсэлт гаргагч Г.П мөн болох нь  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6127 дугаартай “...Г.П нь Т.Ө-гийн биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал 99.99%” гэсэн шинжээчийн дүгнэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Г.П-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Б овогт Г.П-ыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Т.Ө-гийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН