| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2235002020006 |
| Дугаар | 2023/ДШМ/09 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ДШМ/09
Б.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Анхбаяр, яллагдагч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/49 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Б.Л-д холбогдох, 2235002020006 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..Увс аймгийн .. төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй.. ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ийн Л.
Холбогдсон хэргийн талаар:
1. Яллагдагч Б.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутагт тус багийн иргэн Л.З-ын гэрт 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр түүнийг эхнэр Н.О-гоо хардаж, агсам тавьж буй Л.З-ын үйлдлийг эхнэрийнх нь хүсэлтийн дагуу болиулах, зогсоох зорилгоор хүзүү, нуруу хэсгээр тэвэрч орон дээр дарж хэвтэхдээ эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд дурдсанаар/.
2. Увс аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/49 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:
- Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Буяннэмэхийн Лд холбогдох эрүүгийн 2235002020006 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “....Анхан штаны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Эрүүгийн 2235002020006 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Б.Л-д яллах дүгнэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гардуулан өгч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ганзоригийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан эрхийг ноцтой зөрчсөн зөрчил биш юм.
Дээд шатны прокуророос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхтэй”-г заасан эрхийг нь эдлүүлж, хариу мэдэгдэх хуудсанд дээрх хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгсөн нь оролцогчийн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хэрэгт хяналт тавьж буй прокурор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хуульд заасан хугацаанд дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхээ эдэлж байгаа эсэх /гомдол гаргах/-ийг хүлээх зохицуулалт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй юм.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж зааснаар дээд шатны прокурорын газарт гаргасан хэргийн оролцогчийн гомдлыг шүүхэд шилжүүлэхээр заасан.
Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах гэсэн мөрдөн шалгах ажиллагааны эцсийн шийдвэрийг гаргадаг ба прокуророос гарч буй бусад эрх зүйн актын хэлбэрүүд буюу Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцын шийдвэр юм.
Иймд мөрдөн шалгах процесс ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсны дараа гаргаж буй хүсэлт, гомдлыг прокурор шийдвэрлэхгүйгээр шүүхэд шилжүүлнэ, шүүх уг хүсэлт, гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцүүлэхээр хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан.
Түүнчлэн прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь хуулийн дээрх заалт нь прокурор оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргаж болох заалт болохоос биш прокурорын шийдвэрт хамааралгүй зохицуулалт юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл танилцуулахад энэ зүйл нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг прокурорт дээрх хуульд заасны дагуу танилцуулаагүй, прокурорын мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй” эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/49 дүгээр “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийн гол агуулга нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзсэн. Прокурор нь бүрэн эрхийнхээ хүрээнд 3 төрлийн эцсийн шийдвэрийг гаргадаг. Эцсийн шийдвэрийг гаргасан тохиолдолд дээд шатны прокурорын газарт хянуулдаг. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд оролцогч эрх үүргээ эдлэх боловч эцсийн шийдвэрийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэдэг тул оролцогчдоос гаргасан гомдлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр, эсхүл шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэлийг 7 хоногийн дотор гаргаж, прокурор, оролцогч нарт танилцуулахаар заасан. Энэ нь прокурор оролцогч нар хүсвэл танилцуулахаар заагаагүй бөгөөд заавал танилцуулахаар заасан. Засвар оруулах хүсэлттэй бол 5 хоногийн дотор засвар оруулна. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл засвар оруулах боломжгүй байхаар зохицуулсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэх нэг зүйл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол, эсэргүүцлээр хязгаарлагдахгүйгээр дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна.
Миний бичсэн эсэргүүцэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хариу тайлбар гаргасныг илтгэгч шүүгч сая уншиж танилцуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хандаж болох бүхий л газарт миний талаар гомдол бичсэн байгаа. Миний бие Улсын Ерөнхий прокурорын газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст прокурорын ёс зүйг зөрчсөн эсэх асуудлаар шалгагдаж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу бодиттой дүгнэлт хийх нь цаашид хууль хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 7.8 дугаар зүйл, 11.8 дугаар зүйлд засан оролцогчдыг эрхийг хангаагүй гэдгийг яаж ойлгох вэ гэдэг талаар хэрэг хянан шийдвэрлэхдээ магадлалдаа дурдах нь зүйтэй гэж бодож байна. Иймд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээ бүрэн дэмжиж оролцож байна” гэв.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ 3 дугаар сарын 07-нд шүүхэд хүсэлт гаргасан. Прокурор нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт худлаа хэлсэн нь үнэн. Юуг худлаа хэлсэн гэж үзэж байна гэвэл “хохирогч тал хүсэлт гаргасныг мэдээгүй” гэж хэлсэн. Бид гаргасан хүсэлтдээ үнэн зүйлийг л бичсэн” гэв.
7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Л-д холбогдох хэрэгт анхнаасаа, цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирсэн үеэс нь хяналт тавьж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын зүгээс хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан, эрхийг нь хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргаагүй. Зүйлчлэлийн талаар маргаж байгаа. Хэргийн зүйлчлэлийн талаарх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Хохирогч тал прокурорын эсэргүүцэлд хариу тайлбар гаргахдаа үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татсан. Мөрдөгчийн гаргасан саналыг авч хэлэлцээгүй гэж хэлсэн.
Би Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажилласан. Прокурор нь мөрдөгчийн санал үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх бүрэн эрхтэй субъект. Яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд орсон байгаа. Мөрдөгчөөс эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн нь ийм ийм нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Тийм учраас мөрдөгчийн гаргасан санал нь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтээ хийсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх шийднэ. Хэрвээ зүйлчлэл тохироогүй гэж үзвэл 2022 оны 12 дугаар сард орсон нэмэлт өөрчлөлтөөр шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгах зохицуулалт байгаа.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т “ Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Энэ нь шүүгдэгчтэй холбоотой заалт байдаг. Хохирогч талаас гомдол гаргаж байгаа үндэслэл нь энэ яллагдагчийн мэдүүлэг үнэн зөв эсэхийг тогтоохоор мэдүүлгийг газар дээр нь шалгах хэрэгтэй гэж үзсэн. Хүнийг болгоомжгүйгээр алах зүйл, хэсгээр зүйлчилж байгааг хохирогч талаас зөвшөөрөхгүй байгаа , учир нь юу гэвэл яллагдагч Б.Л нь бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан, түүний улмаас хохирогч нас барсан тул зүйлчлэлийг зөв тогтоох ёстой гэж маргасан. Оролцогчийн эрхийг хангасан эсэхэд прокурор болон анхан шатны шүүх нь хоёр өөр дүгнэлт хийсэн.
Прокурор юу гэж дүгнэсэн бэ гэвэл, шийдвэр хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхтэй гэж заасан эрхийг нь эдлүүлж, хариу мэдэгдэх хуудсанд хуульд заасан эрхийг нь тайлбарлаж өгсөн нь оролцогчийн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хангасан гэж үзнэ гэж дүгнэсэн. Харин анхан шатны шүүхээс гомдол гаргах эрх нь гомдлыг бичиж өгснөөр бус тухайн гомдлыг шийдвэрлэгдэх боломжоор тодорхойлогдох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан хэргийн оролцогчийн гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг хангаж ажиллах үүрэгтэй гэж дүгнэсэн.
Гэтэл прокурор нь “дээд шатны прокурорт 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэсэн баримтыг хэвлэж өгөөд танилцуулснаар эрхийг нь хангасан гэж үзсэн. Эрхийг хийсвэр маягаар тайлбарлаж, хангахгүй орхигдуулж байгаа нь оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эрхийг тайлбарлаж өгөхөөс гадна 3 хоногийн дотор бичгээр дээд шатны прокурорт хандах боломжийг нь хангах ёстой. Эрхийг нь хангахгүйгээр хэргийг шууд шүүхэд шилжүүлж байгаа нь дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын гаргасан шийдвэрийг хянах боломжгүй болгож байна.
Прокурор нэг зүйлийг буруу ойлгож эсэргүүцэлдээ бичсэн. Хяналт тавьж байгаа прокурор нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хуульд заасан хугацаанд дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхээ эдэлж байгаа эсэхийг, гомдол гаргахыг хүлээх зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй гэж үзсэн. Хуулийн агуулга талаас нь харахын бол яах аргагүй 3 хоногийн дотор гомдол гаргасан эсэхийг мэдсэний дараа дараачийн шийдвэрийг гаргах байсан. Гэтэл гомдол гаргах боломжоор хангаагүй.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаар ороод харахад энэ талаар шийдвэрлэсэн шийдвэр маш олон байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийг прокурор ноцтой зөрчсөн. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна.
Прокурор нь хариу мэдэгдэх хуудсандаа дээд шатны прокурорт 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан. Ингэхдээ хэргийг хянан шийдвэрлэх 3 хоногийг хүлээж оролцогчоос ямар хүсэлт гарахыг харгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл энэ эрхийг нь хангахгүй орхигдуулсан гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/49 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Л-д холбогдох, 2235002020006 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх яллагдагч Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцсэн байна.
3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т: заасан “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “ ...мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-т заасан “ эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлт гаргах, мөн зүйлийн 2-т заасан “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагааны талаар гомдол гаргах эрх”-ийг тус тус хангаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-т: “ мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”,
мөн зүйлийн 2-т : Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж тус тус заасны дагуу мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссан талаар хэргийн оролцогчдод мэдэгдэх, хэргийн материал танилцуулах, мөн зүйлийн 3-т зааснаар оролцогчдыг хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлэх үүргийг мөрдөгч тус тус хүлээх бөгөөд Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт энэ ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
2-р хавтаст хэргийн 72, 74, 79, 81, 83, 84, 88-р талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ганзориг, Н.О, өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарт хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж утсаар холбогдсон тухай мөрдөгчийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн тэмдэглэлүүд авагдсан байх ба уг тэмдэглэлүүдэд : 2023 оны 01 сарын 10-ны өдөр мөрдөн мөрдөн шалгах ажиллагаа дууссан тул 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 09:00-20:00 цагийн хооронд ЦГ-ын 03 дугаартай өрөөнд ирж хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн, мөн зарим тэмдэглэлд оролцогч утасны дуудлагаа аваагүй талаар тус тус тэмдэглэсэн байна.
Мөрдөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болон тэдгээрийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хугацааг 2023 оны 01дүгээр сарын 11-ний өдрийн 09:00-20:00 цагаар тогтоосон байх боловч эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн байгаагаас / 2-р хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан, 2023 оны 01 сарын 11-ний өдрийн “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” 5 дугаартай мөрдөгчийн санал/ үзэхэд хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосон, нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.2. Хэргийн оролцогч хэргийн материалтай танилцсанаар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг эдлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.
3.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г-гийн “ хэргийн материалтай одоо танилцахгүй, Увс аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан байгаа, хүсэлтийн хариу ирсний дараа хэргийн материалтай танилцана. Мөрдөн байцаагчаар нэмэлтээр туршилтын ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /2-р хх-ийн 94/-ийг хэргийг шүүхэд шилжүүлсэн санал гаргасан үндэслэлээр хүлээж авах боломжгүй талаар мөрдөгч Г.Ганзориг тэмдэглэл/ хх-ийн 95/ үйлдсэн,
мөн Увс аймгийн Цагдаагийн Газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Алтангэрэл 2023-01-12-ны өдрийн 46-3/51 дүгээр албан бичгээр “ таны 2023 оны 01 сарын 12-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шалгахад ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Ганзориг нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн,
мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын 2023 оны 01 сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтийг “мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол / 2-р хх-ийн 97/ гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7-т: хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана гэж заасан ба тухайн хүсэлт нь хэргийн бодит байдлыг тогтоох болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой эсэхийг хянан үзэж, хүсэлтийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох эсэхийг мөрдөгч шийдвэрлэж, хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд харин дээрх байдлаар буюу хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзах эрхгүй болно.
3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор нь мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийг хүлээн аваад, оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийг материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг нэн тэргүүнд хянах үүрэгтэй байна.
Яллагдагч Б.Л-д холбогдох эрүүгийн хэргийг прокурор хүлээн аваад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцаагүй талаар мэдэж, тэдгээртэй утсаар холбогдож, хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэхэд З.Ганзориг болон түүний өмгөөлөгч Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргасан талаар хариу хэлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О “ мал харах хүнгүй. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу 3 дахь өдөр зав гарч магадгүй гэх хариу өгсөн тухай тэмдэглэл / 2-р хх-ийн 105/ үйлдсэн байх боловч танилцуулах, эрхийг хангах арга хэмжээ аваагүй байна.
3.5. Яллагдагч Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлээгүй, мөрдөгч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх боломжит хугацаа, нөхцлөөр хангаагүй гэж дүгнэлээ.
4. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад, шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн саналтай ирүүлсэн хэргийг прокурор хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасны дагуу хяналтаа хэрэгжүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх бөгөөд прокурор яллах дүгнэлтээ яллагдагчид гардуулсны дараа тухайн хэргийн талаар хэргийн оролцогчоос ирүүлсэн хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8-т хуульчилсан байна.
Харин хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал гарсан үед болон мөн мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг хянах прокурорын хяналтын хугацаанд гарсан гомдол, хүсэлтийг хуулийн дээрх заалтыг баримтлан шүүхэд шилжүүлэх нь хуулийн агуулгад нийцэхгүй болно.
5. Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх яллагдагч Б.Л-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг прокурорт танилцуулаагүй, тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхийг хангаагүй гэж бичсэн байх ба хэрэгт прокурор шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах санал гаргасан талаарх баримт авагдаагүй, шүүхээс хэргийн оролцогчийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцах боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарах бөгөөд уг зөрчлийг арилгуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, прокурорын “ ...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
7. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул яллагдагчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар энэ удаа дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/49 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Л.АЛТАН