Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 02191

 

 

 

 

 

 

 

 

 

Р.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02308 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.А-ийн хариуцагч “И ХХК” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан гэм хорын хохиролд нийт 16 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оноос хойш 2 талт гэрээний дагуу “И ХХК” ХХК-иас өөрийн хохирлыг нэхэмжилж байгаа юм. “И ХХК” ХХК нь бүх барилга байшинг нурааж, үнэлж авчихаад одоо үгүйсгэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 3 сард 3 хүн ирээд 8 сарын 01-ний өдөр гэхэд нөхөн олговрыг олгоно гээд гарын үсэг зуруулж байсан. Манай хотхонд нийт 85 айл байдаг. Хоёр талт гэрээг 85 айл байгуулсан. Иймээс бид гэрээнд заасан хохирлоо шаардаж байгаа. 2016 оны 10 сараас 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэл 19 сарын байрны төлбөр 9 500 000 төгрөг, нураалгасан 2 гараашийн төлбөр тус бүр нь 3 500 000 төгрөг буюу 7 000 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийн нөхөн төлбөрийг “И ХХК” ХХК-иас гаргуулж өгнө үү. Бид бүгдээрээ хөрөнгөө нийлүүлж гарааш барьсан. Бид өөрсдийн зардлаа л нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга, гэр хорооллыг хөгжүүлэх төв, “И ХХК” ХХК нь нийлээд гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр “И ХХК” ХХК-д барилга барихаас өмнө дэд бүтцийн 3 000 000 000 төгрөгийг улсаас өгөх ёстой байсан. Манайд уг мөнгийг өгөөгүй учраас өөрсдийн мөнгөөрөө бүх орон сууцыг буулгасан. Түүнээс биш дэлгүүр, гарааш зэргийг буулгаагүй. Орон сууц буулгасны дараа суурийн ажлыг хийж эхэлсэн. Иймд гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь манайхаас мөнгө нэхэмжлэх эрхгүй. Хавтаст хэрэгт авагдсан 3 талт гэрээний ерөнхий зүйл, гэрээнд заасан эрх үүрэг, талуудын хариуцлага, бусад гэх зүйлд нөхөн олговрыг “И ХХК” ХХК, Нийслэлийн Засаг даргын аль нь хариуцах талаар дурьдагдаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь манайхаас нөхөн олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 2018 он хүртэл нэхэмжилж байгаа төлбөр нь гэрээнд заасан төлбөр биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэгч тал гараашийг 3 500 000 төгрөгөөр барьсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Манайх гэрээнд заасан ямар ч заалтыг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг тус тус баримтлан “И ХХК” ХХК-иас 9 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2 талт гэрээний дагуу нөхөн олговорт 16 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигчдын хооронд 2014 оны 02 сарын 25-ний өдөр 11 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ зохигчид болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014 оны 6 сарын 06-ны өдөр 11 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнүүд тус тус байгуулсан. Нэхэмжлэгч 2016 оны 10 сараас 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэл 19 сарын хугацааны байрны төлбөр 7 500 000 төгрөг, 2 гараашийн төлбөр нийт 7 000 000 төгрөг нийтдээ 16 500 000 төгрөгийг “И ХХК” ХХК-иас гаргуулах шаардлага гаргасныг 2016 оны 10 сараас 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэл нийт хугацаанд 9 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцагчаас хохирлоо 2 талт гэрээний 2.7-д заасан хэмжээгээр /сарын 500 000 төгрөг/ шаардах эрхтэй гэж үзэн хариуцагчаас 9 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд ингэж тайлбарласан үндэслэлээ 2014 оны 2 сарын 25-ны өдөр 11 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.7 дах заалтыг иш татан дурджээ. Уг гэрээний 2.7 дах заалтад “иргэн Р.А- нь “И ХХК” ХХК-иас газар чөлөөлсөн өдрөөс эхлэн /12 сар х 500 000 = 6 000 000/ нийт 6 000 000 төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэнэ. Нөхөн олговор хэлбэрээр олгоно. Нэг жилээс дээшх хугацаанд хоёр тал харилцан тохироцож шийдвэрлэнэ гэж талууд тохиролцсон байдаг. Гэтэл шүүх гэрээний дээрх заалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлэз болгосон мөртлөө уг заалтын агуулгыг илт үндэслэлгүй өөрөөр тайлбарлан өөрөөр хэлбэл талууд уг заалтаараа эхний 1 жил буюу 6 000 000 төгрөг нөхөн олговорт төлөх, цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл нэг жилээс дээш нөхөн олговор олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг талууд тохирсон байхад шүүх ийм тохиролцоо байхгүй байхад сайн дураараа 2017 оны 10 сараас 2018 оны 5 сар хүртлэх хугацааны нөхөн олговрыг гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хууль бус хангаж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 219, 261 дүгээр зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл маргалдагч талууд буюу нэхэмжлэгч буюу хариуцагч талын хооронд байгуулсан гэрээний асуудал биш бөгөөд үүн дээр гуравдагч тал буюу гэрээний бас нэг талын үүрэг хариуцлага хамт яригдах ёстой байтал зөвхөн нэг хариуцагч буюу хоёр талт гэрээний дагуу үүрэг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл талуудын маргааныг шийдвэрлэхдээ хоёр талт гэрээ нь гурван талт гэрээ бүрэн хэрэгжиж байж хэрэгжих буюу гурван талт гэрээ байгуулснаар гурван талт гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохирч хэлцэл хийсэн байдаг. Нэгэнт шүүх Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгийг үндэслэл болгосон хэдий ч хоёр талт гэрээгээр шаардах эрх нь гурван талт гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд буюу Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014 оны 6 сарын 06-ны өдөр 11 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний нэг тал буюу Нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлээгүйн улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон тул учирсан хохирлыг хариуцан арилгах төлөх үүрэгтэй гэж марган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “И ХХК” ХХК нэхэмжлэл гаргаад хэрэг хянагдаж байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.А- нь хариуцагч “И ХХК” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан гэм хорын хохиролд нийт 16 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 2 сарын 25-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Р.А- нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон, 9 дүгээр байр, 8 тоотод байрлах 67.88 м.кв талбай бүхий орон сууц болон Сансар хотхоны эдэлбэр газарт буй 2 ширхэг тоосгон гараашийг чөлөөлөх, хариуцагч “И ХХК” ХХК нь тус байршилд шинээр баригдах барилгын 8 давхарт, 67.88 м.кв, 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэр  хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7-8-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан хоёр талт гэрээг үндэслэн, Нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 сарын 06-ны өдөр зохигчтой гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх хоёр талт гэрээг баталгаажуулан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 4-6-р тал/

 

Гэвч 2018 оны 5 сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/424 дүгээр захирамж гарч, хариуцагч “И ХХК” ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, төслийн явц хангалтгүй байсан гэх үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. /хх-ийн 48-р тал/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.1.2-т “орон сууцны барилгыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэж” заажээ. Хариуцагч “И ХХК” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Р.А- нь хариуцагч “И ХХК” ХХК-иас хохирол шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “И ХХК” ХХК нь 2018 оны 5 сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/424 дүгээр захирамж гарахаас өмнө буюу 2015 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Р.Алтанхуяад хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд цаашид гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул үүргийн зөрчил үргэлжилсэн хугацааны нөхөн төлбөрийг гэрээний заалтад нийцүүлэн сарын 500 000 төгрөгөөр тооцож, 19 сарын түр суурьших зардалд 9 500 000 төгрөгийн хохирлыг хариуцагч “И ХХК” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Р.А-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дах хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж заасан.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан тул уг хуулийн зохицуулалтад зааснаар нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй юм. Иймд гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хохирлыг хариуцахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Харин 2 гараашны үнэд нийт 7 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх этгээдтэй гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “... 219 дүгээр зүйлийн 219.1 ...” гэснийг “228 дугаар зүйлийн 228.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 166 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

                        ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

     

                                                                      Г.ДАВААДОРЖ