Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

    Б.А, Х.Б, Б.Б,

У.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, яллагдагч Б.А, Х.Б, Б.Б, У.З, яллагдагч Баярхүүгийн өмгөөлөгч Д.Бэлгүүн /цахимаар/, яллагдагч Б.Бын өмгөөлөгч Б.Энхболд /цахимаар/, яллагдагч У.Згийн өмгөөлөгч Т.Уянга, Б.Батцэнгэл /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/41 дүгээр “Хэргийг прокурор буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.А, Х.Б, Б.Б, У.З нарт холбогдох, 2102000000063 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .. Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .. ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Х-ын Бү, регистрийн дугаар.

2. Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй, .., ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ..оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт У-ын З, регистрийн дугаар:.

3. Монгол Улсын иргэн, ... Увс аймгийн ... төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механик мэргэжилтэй, “.., одоо өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн .. суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-ийн А, регистрийн дугаар:.

4. Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн .. төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .. ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын Б, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар:

1. Яллагдагч Х.Б нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар, У.З нь Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар, Б.А нь Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр, Б.Б нь Увс аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникчээр ажиллаж байхдаа санаатай нэгдэж бүлэглэн, Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам"-ын 2.6 дахь хэсэгт "Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно" гэж заасныг зөрчиж:

-2018 оны 8 дугаар сарын 6-наас 8-ны өдрийн хооронд “Сан тээвэр групп” ХХК-ийн эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүлийг,

-2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, 100 чиргүүлийг,

-2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Тэнгри транс групп” ХХК-ийн эзэмшлийн 3 автомашин, 3 чиргүүл, “Баянговь транс” ХХК-ийн эзэмшлийн 9 автомашин, 9 чиргүүл, “Ульгансар транс” ХХК-ийн эзэмшлийн 102 автомашин, 102 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж, бусдад  давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

2. Нийсэлэлийн  Прокурорын газраас: Б.А, Х.Б, Б.Б, У.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/41 дүгээр шүүгчийн захирамжаар:

- Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрахаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Х-ын Б, Т овогт У-ын З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн А, Б овогт Б-ын Б нарт холбогдох эрүүгийн 2102000000063 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр тус прокурорын газарт буцааж,

-  хэрэг прокурорт очтол яллагдагч У.З, Б.А, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ. 

4. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Энхжаргал эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайгаас Гашуунсухайт-Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ганц модны боомтын чиглэлд Улс хоорондын байнгын ачаа буюу нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрлийг уг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг компаниуд нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас улирал бүр авдаг нөхцөл байдал тогтоогдсон.

Гэрч Б.Урьхан, Д.Р-, яллагдагч Х.Б нарын мэдүүлэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны хяналт шалгалт хийсэн талаарх баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар Б.Урьхан нь иргэн А.Адъяасүрэнтэй хамтран үүсгэн байгуулсан “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Баянговь транс” ХХК-удын эзэмшлийн 324 автомашин, 326 чиргүүлийг улс хоорондын байнгын ачаа буюу нүүрс тээвэрлэлт хийх “С” төрлийн зөвшөөрөл авах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу техникийн хяналтын үзлэгт оруулахаар явуулалгүй, өмнө нь хамт ажиллаж байсан Д.Роор дамжуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал Х.Бгээр дээрх компаниудын эзэмшлийн автомашин, чиргүүлийг оношилгоонд оруулж тэнцсэн гэх мэдээллийг Увс аймгийн Автотээврийн төвийн мэдээллийн санд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Шүүгчийн захирамжид гэрч Б.У, Д.Р нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн буюу гэмт хэргийн зохион байгууласан эсэх, урьдчилан амлаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжпэг үзүүлсэн буюу гэмт хэргийн хамжигч эсэх, эсхүл бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэргийн хатгагч эсэхийг нарийвчлан шалгаж санаа, зорилгын нэгдэл, оролцоо тус бүрийг үйлдлийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай талаар дурдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болон төрлүүдийг заасан байх бөгөөд хоёр, түүнээс дээш хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтаар Б.Урьхан, Д.Р нар нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал Х.Бтэй нэр бүхий 4 компанийн эзэмшлийн 324 автомашин, 326 чиргүүлийг Увс аймгийн Автотээврийн төвийн хэн гэх ямар албан тушаалтнаар техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр тэнцсэн гэх мэдээллийг мэдээллийн санд бүртгэх талаар харилцан ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, түүнчлэн дээрх автомаши- чиргүүлүүдийг техникийн хяналтын үзлэгт тэнцсэн талаарх мэдээллийг Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн санд хэрхэн, яаж бүртгүүлсэн болохыг огт мэдээгүй буюу гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Б.Урьхан, Д.Р нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Урьхан, Д.Р нар нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал Х.Б, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Увс аймгийн Автотээврийн төвийн дарга У.З, техникийн хяналтын үзлэгийн инженер Б.А, техникийн хяналтын үзлэгийн техникч Б.Б нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй.

4.2. “...Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх. албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Прокуророос яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарын үйлдлийг Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6 дахь хэсэгт “Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэснийг зөрчиж нэр бүхий 4 компанид давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг хийснээр бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл шүүхээс нэр бүхий 4 компанийн эзэмшлийн автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж тэнцүүлснээр Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт хийх “С” төрлийн зөвшөөрөл олгогдсон эсэх, хэрэв зөвшөөрөл авсан бол хэдэн удаа, хэдэн тонн нүүрс тээвэрлэсэн болох, хэр хэмжээний ашиг олж эдийн засгийн давуу байдал бий болгосон болохыг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/41 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгссөнд тооцохоор хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчилсан талаар дурдсан хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан нотолбол зохих байдалд хамаарч байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, заавал гэмт хэргийн улмаас учирсан бодит буюу материаллаг хохирол, хор уршиг тогтоохыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчихөөс гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэргээр хохирол, хор уршиг тодорхойлогддог онцлогтой тул “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Баянговь транс” ХХК-уудын өмчлөгчийг иргэний хариуцагчаар тогтоох шаардлагагүй гэж үзнэ.

4.3. “...мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Б.У, Д.Р, Л.Б, Ц.С, Д.Эн, Д.Э нарын мэдүүлэг, яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарын мэдүүлэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны хяналт шалгалт хийсэн талаарх албан бичиг, хавсралтууд зэрэг баримтуудаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайгаас Гашуунсухайт - Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ганц модны боомтын чиглэлд Улс хоорондын байнгын ачаа буюу нүүрс тээвэрлэлт хийдэг нэр бүхий 4 компанийн эзэмшлийн 324 автомашин, 326 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр оношилгоонд оруулж тэнцсэн гэх хуурамч мэдээллийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Увс аймгийн Автотээврийн төвийн мэдээллийн санд бүртгэсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон тул дээрх хуурамч мэдээлэл оруулсан эсэхийг тогтоох зорилгоор Увс аймгийн Автотээврийн төвийн мэдээллийн санд үзлэг мөрдөн шалгах ажиллагааг заавал хийж гүйцэтгэх шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэхээр заасан.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нотлох баримтууд байхад шүүх ямар үндэслэлээр уг баримтуудыг хэргийн талаар дүгнэлт хийхэд учир дутагдалтай ойлгомжгүй байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаартай “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад зааснаар тухайн жилд ачааны автомашиныг 1 удаа, чиргүүлийг 1 удаа техникийн хяналтын үзлэгт оруулах давтамжтай байхаар заажээ.

“Дээрх 4 компанийн эзэмшлийн 324 автомашин, 326 чиргүүлийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр оношилгоонд оруулах тэнцсэн гэх хуурамч мэдээллийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Увс аймгийн Автотээврийн төвийн мэдээллийн санд бүртгэсэн байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хойш дээрх автомашин, чиргүүл нь жил бүр 1 удаа техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байхаар Засгийн газрын дээрх тогтоолд заасан байх тул техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлсэн гэх мэдээллийг зөвтгөж, гэмт хэргийн хор уршгийг арилгасан эсэхийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/41 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Очбадрах тайлбартаа: ”Анхан шатны шүүх хэргийг 3 үндэслэлээр прокурорт буцаасан байна.

Үүнд: - Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс энэ хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учраас гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох, гэмт хэргийн сэдэлт зорилго, шалтгаан нөхцлийг олж тогтоох. Техникийн хяналт, шалгалтад тэнцсэн гэх хуурамч мэдээллийг Увс аймгийн авто тээврийн төвийн мэдээллийн санд оруулсан талаар үзлэг хийх нь нотолбол зохих байдлын нэг гэж шүүх үзсэн.

Мөн яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан шан харамж өгсөн асуудлыг шалган тогтоох шаардлагатай, мөн Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох гэж шүүгчийн захирамжид дурдсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал гэвэл, Сан тээвэр групп, Ульгансар транс, Тэнгри транс, Баянговь транс групп зэрэг компаниудыг Адъяасүрэн гэдэг хүнтэй хамтран үүсгэн байгуулж, мөн Өмнөговь аймгийн Эрдэнэс таван толгойн уурхай, гашуун сухайтаас улс хоорондын байнгын ачаа буюу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан. Эдгээр тээвэрлэлтийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс авдаг байсан байдал  тогтоогдсон.

Үүнтэй холбоотойгоор дээрх компаниуд улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл авах зорилгоор холбогдох байгууллагад хандсан боловч Авто тээврийн үндэсний төвд тухайн компаниудын эзэмшилд байгаа 1326 хүнд даацын чиргүүлээс 326 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй байна. Тийм учраас С зөвшөөрлийг өгөх боломжгүй байна гэх байдал үүссэн учраас өөрийн танил Д.Р гэдэг хүнтэй холбогдсон, Равдандорж нь Х.Бд хандсан байна.

Д.Р нь яллагдагч Х.Бгийн  ээжийнх нь дүүгийн нөхөр буюу хамаарал бүхий харилцаатай хүн болох нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Х.Б нь энэ асуудлаар Увс аймгийн авто тээврийн газрын дарга У.Зтой холбогдсоноор тээврийн хэрэгслүүдийг хяналтын үзлэгт оруулахгүйгээр тэнцсэн гэх мэдээллийг авто тээврийн мэдээллийн үндсэн санд оруулсан байна. Энэ хэрэгт Д.Р хамтран оролцсон гэж үзэх боломжгүй . Харин Х.Б нь цаашаа албан тушаалтантай холбогдож, яаж тээврийн хэрэгслүүдийг бүртгүүлэх, яаж мэдээллийн санд тэнцсэн гэж оруулах талаар ярилцаж тохиролцсон нь тогтоогддог.

Д.Р нь 324 тээврийн хэрэгсэл, 326 чиргүүлийн мэдээллийг Х.Б рүү хувь чатаар явуулсан нь тогтоогдож байгаа боловч цааш энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй.

Х.Бтэй бүлэглэж, Увс аймгийн авто тээврийн газрын дарга У.З болон техникч Б.А, Б.Б нарт нөлөөлж, хууль бус үйл ажиллагаа хийж, хамтран оролцсон гэдэг нь тогтоогдоогүй учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Рийг бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгах  шаардлагагүй гэж үзсэн. Шан харамж өгсөн асуудал тогтоогдоогүй.

Х.Бд шан харамж өгсөн, авсан гэдэг нь тогтоогдоогүй, харин Х.Б нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хохирол хор уршгийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай, мөн нэр бүхий 4 компанийн хувьцаа эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж тогтоох шаардлагатай гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Яллах дүгнэлтдээ болон яллагдагчаар татахдаа ямар нэгэн байдлаар эдгээр компаниудад давуу байдал олгосон байна гэж үзээгүй. Учир нь С зөвшөөрлийг авахын тулд  техникийн хяналтын үзлэгт орсон байх шаардлагыг хангахын тулд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг эдгээр тээврийн хэрэгсэл, чиргүүлүүдийг Увс аймгийн авто тээврийн газрын программд  тэнцсэн гэсэн мэдээлэл  оруулсан нөхцөл байдал байна. С зөвшөөрөл авсан эсэх, тээвэрлэлт хийсэн эсэх, ашиг олсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Хуурамч мэдээллийг авто тээврийн мэдээллийн санд оруулснаар энэ гэмт хэргийн шинж төгссөн гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна гэж дурдсан атлаа хохирол хор уршгийг тогтоох шаардлагатай байна гэж үзэж, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгтэй адилтгаж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль дээдлэх,шударга ёсыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлогтой  учраас хохирол хор уршгийг тогтоох шаардлагагүй байна. Тийм учраас эдгээр нэр бүхий 4 компанийн хууль ёсны өмчлөгч нарыг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн.

Анхан шатны шүүх хуурамч мэдээлэл оруулсан эсэхийг Увс аймгийн авто тээврийн төвийн мэдээлэлийн санд үзлэг хийх байдлаар тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн эдийн засгийн давуу байдал бий болгож хохирол хор уршиг учруулсан гэдгийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэж үзэж өмнөх тайлбарласан үндэслэлээ үгүйсгэж, зөрүүтэй дүгнэлт хийсэн. УИХ-ын гишүүн Адъяасүрэнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад Увс аймгийн авто тээврийн газрын мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулсан нөхцөл байдал тогтоогдсон учраас эдгээр хүмүүст холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн хэргээс тусгаарлаж шалгасан. Хэрэгт Энхбат гэх хүний мэдүүлэг байгаа. У.З нь Х.Б даргаас хууль бус шаардлага тавиад байна. Үүнийг яаж шийдэх талаар зөвлөгөө авахаар хандахад тийм зүйл байгаа бол нотлох баримт, тайлбараа гаргаад дотоод хяналт шалгалтын албанд ханд гэж хэлсэн. Уг газарт У.З нь холбогдох тайлбарыг өгснөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж Авто тээврийн үндэсний төвөөс холбогдох материалыг авсан. Үүнтэй холбоотой холбогдох  хүмүүсээс мэдүүлэг авсан.

Увс аймгийн авто тээврийн төвийн мэдээллийн санд үзлэг хийх шаардлагагүй, дотоод хяналт шалгалт аудитын алба нь хяналт шалгалт хийж холбогдох хүмүүсээс нь тайлбар авч, фейсбүүкийн хувь чатаар  харилцсан файлыг нь хуулбарлан авч, хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх эдгээр баримтыг яагаад хууль зөрчиж цуглуулсан, хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаа, эсхүл яагаад хангалтгүй нотлох баримт цуглуулсан гэж үзэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй, энэ нь тодорхойгүй байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 216 дугаартай авто тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт оруулахад оношилгооны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар тухайн жилд ачааны машиныг 1 удаа, чиргүүлийг 1 удаа техникийн хяналтын үзлэгт оруулахаар заасан.

Яллах дүгнэлтэд дурдаад байгаа үйл баримтаар 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр техникийн үзлэгт оруулахгүйгээр тэнцсэн тухай мэдээлэл оруулсан нөхцөл байдал тогтоогдсон. 2018 оны 8 сараас 2019 оны 7 сар хүртэл энэ гэмт хэргийн үйл баримт болж өнгөрсөн. Засгийн газрын тогтоолд дурдсаны дагуу жилд 1 удаа С зөвшөөрөл авах гэж байгаа бол улиралд нэг удаа техникийн хяналтын үзлэгт орох шаардлагатай. Энэ мэдээллийг Увс аймгийн авто төвийн мэдээллийн санд оруулсан уу, хор уршгийг арилгасан уу гэдэг талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь ач холбогдолгүй байна.

Тийм учраас нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, бусад баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

6. Яллагдагч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Надад холбогдуулан шалгаж буй хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг шалгахдаа тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын шалтгааныг харгалзаж үзээгүй. Байгууллагуудын дарга нарыг сольсон, бид нарыг тал талаас нь шахсан нөхцөл байдал байсан. Энэ нөхцөл байдал нь Увс аймгийн авто тээврийн төвд ч гарсан. У.З, Энхбат нараар дамжуулж миний эрхэлж байсан албан тушаалын орон тоог цомхотголд оруулсан гэсэн хардлага байгаа. Бидний хийж байсан ажил үйлчилгээнд байгууллагын дотоод аудитын хяналтын үйл ажиллагаа хийгдэж, энэ хэрэгт холбогдсон яллагдагч нарт сахилгын шийтгэл оногдуулсан.

Энэ хэргийг тал бүрээс нь шалгах нь зүйтэй гэж бодож байна. Тухайн үед намайг маш олон талаас нь шахсан учраас ажлаа өгөөд жил болж байна. Энэ ажлыг буруу хийж бусдад хохирол учруулсан, хэн нэгэнд шахалт үзүүлж, дарамталсан зүйл байхгүй. Давуу байдал олгох гэдэг нь нэг талаасаа нэг хүний эрхийг нь хязгаарлаж нөгөө хүнд нь давуу байдал олгохын хэлдэг байх гэж ойлгож байна. Гэтэл хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл байхгүй. Увс аймгийн авто тээврийн төвийн үндсэн орлогын хэмжээ бүрддэггүй байсан. Үүнтэй холбоотойгоор Увс аймагт шинэ техникийн хяналтын төв, шинэ зорчигч тээврийн буудал, шинэ авто машин зэрэг хөрөнгө оруулалтуудыг хийж байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

7. Яллагдагч Х.Бгийн өмгөөлөгч Д.Бэлгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтад “С зөвшөөрөл авахын тулд техникийн хяналтын үзлэгт оруулах шаардлагатай” гэж дурдсан.

 Гэрч Б.Урьхан, Д.Р нарын мэдүүлэгт үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлээд өгнө үү гэж гуйсан зүйл огт байхгүй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө давхар объекттой гэмт хэрэг бөгөөд нэг талаас төрийн байгууллагын хууль, захиргааны хэм хэмжээгээр тогтоосон  үйл ажиллагаа, нөгөө талаас эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байдал байдаг тул  иргэн аж ахуйн нэгж байгууллагад ямар хохирол хор уршиг учирсныг тогтоох шаардлагатай гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан баримтуудад эдгээр нөхцөл байдлын талаар авагдсан баримт байхгүй. Нөгөө талаас хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан гэж үзэж байгаа авто тээврийн төвийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан зүйл байхгүй. Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна.

Тухайн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй гэсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд нь зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс нь өөр хоорондоо эсрэг мэдүүлэг өгсөн нь тодорхой байхад мөрдөгч, прокурор нь зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн  хэргийг бүрэн гүйцэт шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн тухайн хэргийг шийдвэрлэхэд хөдөлшгүй нотлох баримт болох авто тээврийн үндэсний төвийн тээврийн хяналтын хэрэгслийн үзлэгийн системд хуульд заасны дагуу үзлэг хийж баримтжуулаагүй байна.

Яллах дүгнэлтэд авто тээврийн оношилгоонд оруулахгүйгээр тэнцсэн гэж хуурамч мэдээлэл оруулж давуу байдал олгож, нэр бүхий 4 компанийн авто машинуудыг тэнцүүлсэн гэж яллаж байгаа учраас Увс аймгийн авто тээврийн төвийн системд үзлэг хийх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Яллагдагч У.Згийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг 3 үндэслэлээр үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт, яллагдагч Х.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Д.Равдандаш, Б.Урьхан гэдэг хүмүүсийн гуйлтаар тухайн тээврийн хэрэгслүүдийг тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулахдаа өөртөө болон бусдад ямар нэгэн давуу байдал бий болгосон уу гэдгийг хөдөлбөргүй нотлох баримтаар шалгаж тогтоох ёстой. Хэргийн материалд энэ үйл баримтыг нотолсон баримт байхгүй. Х.Бгийн дансны хуулгыг аваагүй, үзлэг хийгээгүй байдаг.

Гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэж энэ хүмүүст давуу байдал олгож, харин өөртөө давуу байдал олгоогүй байна гэж үзэх нь учир дутагдалтай байна. Яллагдагч нарыг яллаж байгаа гол үндэслэл нь нэр бүхий 4 хуулийн этгээдийн 324 авто машин, 326 чиргүүлийг авто тээврийн техникийн хяналтад оруулахгүйгээр техникийн үзлэгт оруулсан гэж үзэж яллаж байгаа. Гэтэл техникийн үзлэгт тэнцүүлсэн гэх программд нь үзлэг хийгээгүй. Энэ нөхцөл байдлыг гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр дүгнэсэн. Гэтэл тухайн программд тэнцсэн гэсэн мэдээлэл орсон эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Үүнийг шалгаж тогтоох ёстой гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэсэн ч, тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэн этгээдэд хохирол, хор уршиг учирсан эсэхийг шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийн улмаас хэн нэгний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бол зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг шалгах шаардлагагүй гэж улсын яллагч үзэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна. Ийм учраас хэргийг прокурорт буцаасан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 41 дүгээр захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул  хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Яллагдагч У.Згийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 16.2 дугаар зүйлд заасан заалтуудыг иш татаж хэргийг прокурорт буцаасан. Эдгээр хуулийн заалтуудаас харахад мөрдөгч прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүхий л талын арга хэмжээг авч яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх талын нотлох баримтыг  эргэлзээгүй тогтоох ёстой.

Мөрдөгч нь эдгээр нөхцөл байдлуудыг тогтоогоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч Т.Уянга, Д.Бэлгүүн  нарын хэлснээр мэдээллийн санд тухайн тээврийн хэрэгслийг тэнцсэн гэдгийг оруулсан эсэхийг нотолж бүртгэлийн санд үзлэг хийх нь хэргийн гол ажиллагаа байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т яллагдагч, шүүгдэгч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.

Тэгэхээр эдгээр хүмүүсийн мэдүүлгээс гадна техникийн үзлэгийн мэдээллийн санд үзлэг хийх нь зайлшгүй шаардлагатай.

Гэрч Равдандорж, Урьхан гэдэг хүмүүс нь Х.Бгээр дамжуулаад ийм ажиллагааг хийлгэсэн. Нэр бүхий 4 компанийн дансанд үзлэг хийх ёстой гэж үзэж байна. Мөн яллагдагч нарын дансанд мөнгө төгрөг орсон эсэхийг шалгах шаардлагатай. Прокурорын хэлснээр Адъяасүрэнгийн хэргээс тусгаарлагдсан бол тухайн хэрэгт нь шалгагдсан байж болзошгүй. Хэрэв шалгагдсан бол тэр хэргээс нь нотлох баримтыг авч хийх ёстой.

Шалгагдаагүй бол шинээр шалгах шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл, мөн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Миний үйлчлүүлэгч У.З болон Б.А, Б.Б нарын үйлдэл оролцоо, сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр хэмжээ гээд маш олон нөхцөл байдал тодорхой болно гэж үзэж байна. Мөн эдгээр хүмүүсийн гэм буруутай эсэх асуудал яригдах боломжтой. Миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэрчүүд асуулгах хүсэлт гаргасан. Үүнийгээ дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хэргийг бүрэн гүйцэт тал бүрээс нь шалгуулахаар прокурорт буцаасан нь үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

10. Яллагдагч Бат-оргилын өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өмгөөлөгч Б.Бэлгүүн, Батцэнгэл, Т.Уянга  нартай санал нэг байна. Бат-Оргил нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудыг хийснээр ямар ач холбогдолтой бэ гэвэл яллагдагчаар татагдсан хүмүүсийг нэгдсэн үндэсний байгууллагын авлигын эсрэг үндэсний конвенцыг баримталж татсан. Тэгэхээр энэ конвенцид заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж яллагдагчаар татсан нь үндэслэлтэй эсэх нь шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийсний үндсэн дээр тогтоогдоно гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв

11. Яллагдагч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийг жилд нэг удаа явуулах журамтай. 2004 оны 3 дугаар сарын 05-ний өдрийн 350 дугаар тогтоолоор Засгийн газраас жишиг тарифыг тогтоосон тогтоол байдаг. Энэ тогтоолоор тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийх хугацаа, жишиг үнийг тогтоож өгсөн. Прокурор нь тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийг жилд нэг удаа явуулдаг. Үзлэг нь суурин буюу явуулын үзлэг гэсэн 2 төрөлтэй байдаг гэж хэлсэн. Суурин үзлэгээр автоматаар бүх машин орж байгаа учраас ямар ч зөрчил гарах боломжгүй.

Сумуудад явуулын үзлэг хийхэд дээрээс зөвшөөрөл өгч явуулын эрх нээж өгсний дараа энэ ажлыг хийдэг. Энэ үзлэгийг инженерийн ур чадвараар оношилдог. Үүний мэдээллийг инженер нь мэдээллийн санд шивж оруулдаг. Явуулын үзлэгийн эрхийг хэлтсийн дарга нээж өгдөг, инженер дур мэдээд явуулах боломжгүй. Манай үзлэгийн төвд багтдаггүй техник буюу мотоцикл, чиргүүл, том оврын машин зэрэг тээврийн хэрэгслүүд байдаг. Эдгээр техникийг үзлэгт оруулахдаа зургийг нь явуулаад баталгаажуулж, эрх авч  дууссаны дараа буцаагаад эрхийг нь хаадаг журамтай. 324 машин, 326 чиргүүлийг жилд нэг удаа тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулах байтал 3 удаа оруулчихсан байна гэж хэлсэн.

324 машин, 326 чиргүүл нь бүгд нэгэн зэрэг ирээд үзлэгт орсон зүйл байхгүй. 2018 оны 4 сард нэг хэсэг нь орно, мөн оны 8 сард нь нэг хэсэг нь орно, 2019 оны 4 сард үлдсэн хэсэг нь гэх мэт хуваагдаж орсон. Бүгд нэг зэрэг орсон зөрчил гарсан зүйл байхгүй. Энэ нь манай мэдээллийн санд яаж орж, яаж баталгаажуулж тамга дарагдсан нь тодорхой. 21 аймгийн авто тээврийн оношилгооны төв нь бүгд өөр өөрийн кодтой, дардастай байдаг. Хэрэв тэнцүүлсэн бол хаана хэн нь дарсан гэдгийг тогтоох боломжтой” гэв.

12. Яллагдагч У.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 8 дугаар сард энэ хэрэг гарч эхэлсэн. Тухайн үед Х.Б захирал нь Увс аймагт хилийн бүсийн уулзалтыг зохион байгуулах ажлаар ирчихсэн ажиллаж байсан. Бидний хувьд баруун бүсийн хилийн уулзалт гээд маш их ажилтай байсан. Техникийн хяналтын үзлэгийг хөндлөнгөөс хэн ч нөлөөлж болохгүй , зөвхөн инженер хариуцан хийх ёстой байдаг. Харин бид нарт 3 үе шаттайгаар хяналт хийх ёстой. Энэ хяналтыг авто тээврийн төвийн дарга, ахлах , мэргэжлийн хяналт, техникийн хяналтын үзлэгийн хэлтсийн дарга, техникийн хяналтын үзлэгийг хариуцсан захирал нар тус тус хяналт хийдэг. Б.Бын хувьд Б.А инженерийн туслахаар ажиллах ёстой, бие даасан эрх байхгүй. Би Увс аймгийн авто тээврийн төвийн даргын ажлыг 2018 онд хийсэн. Манай авто тээврийн төв нь хуулийн этгээд биш учраас надад ажилтнаа ажлаас нь халах, арга хэмжээ авах, эрх байхгүй. 2019 онд манай байгууллагын удирдлага солигдох үеэр энэ зөрчил гарсан. Уг зөрчлийн талаар би мэдэгдсэн.

Тухайн үед техникийн хяналтын үзлэг, бүртгэл хариуцан ажилласан. Харин  Х.Б захирал нь бидний хувьд хамгийн том захирал байсан. Авто тээврийн үндэсний төвийн дарга захирал түр эзгүй байх үед орлон гүйцэтгэдэг захирал. 3 удаагийн үйлдлээр ийм асуудал гарахад шинэ томилогдсон даргад ийм зөрчлүүд гарсан байна гэж хэлсэн. Энэ зөрчлүүдийг огт мэдэхгүй байж байгаад мэдсэн биш, цаг тухай бүрд нь хэлж байсан. Шинээр томилогдсон даргад хэлэхэд дотоод аудитын газарт мэдэгд гэж хэлсэн. Энэ хэрэг нь албан тушаалын дарамт шахалтаас болсон. Х.Б дарга сая гаргасан тайлбартаа Увс аймагт хөрөнгө оруулалт хийсэн учраас үүнийхээ хариуд шаардсан гэж хэлж байна. Тухайн нөхцөл байдлын талаар шүүх хурал дээр хэлэх ёстой юу эсхүл хэрэг мөрдөн байцаалтад буцахаар мөрдөн байцаагчдад хэлэх ёстой юу. Энэ талаар төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Гашуун сухайтын тээвэрлэлтэд явж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүдийг үзлэгт оруулахгүйгээр явуулж байх шаардлага байхгүй. Мөн эдгээр тээврийн хэрэгслүүд нь ямар хүний эзэмшлийн компанийнх гэдгийг өнөөдөр хүртэл мэдэхгүй байна. Авлигатай тэмцэх газраас жагсаалтыг нь гаргаж өгсөн. Үүнээс татгалзаж чадахгүй, шахалтад орсноос болж хийсэн. Орлогын төлөвлөгөө биелүүлээгүй гэж хэлж байна.

Тухайн үед манай авто тээврийн төвийн орлогын төлөвлөгөө хэвийн явж байсан. Харин манай байгууллага нь гүйцэтгэлээр нь орлогын төлөвлөгөө нь батлагддаг болохоор тухайн жилд 300 тээврийн хэрэгсэл нь 12 сая төгрөгийн нэмэлт орлого ороод ирэхэд дараа жил нь яг тэр хэмжээгээр нь орлогын төлөвлөгөө тасарна. Дахин хэлэхэд ажилчдыг халах ажилд авах, арга хэмжээ авах эрхгүй  салбарын дарга байсан. Хамгийн илүү эрх мэдэлтэй хүний үүрэг даалгаврыг биелүүлсэн нь алдаа болсон нөхцөл байдалд орсон” гэв.  

13. Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байна. Энэ хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд буцвал миний ажлын байрны тодорхойлолтоор ямар ажил үүрэг гүйцэтгэдэг байсан гэдгийг тогтоож өгнө үү. Миний хувьд инженерийн туслах чиг үүрэгтэй ажилладаг учраас надад тээврийн хэрэгслийг үзлэгт тэнцүүлэх, тэнцүүлэхгүй байх эрх байхгүй. Инженер нь өөрөө үзээд программд оруулдаг гэж хэлсэн. Дээд шатны газраас эрхийг нь нээдэг, хаадаг  гэдгийг би өөрөө дотор нь ажиллаж байгаа учраас мэдэж байгаа. Үүнийг хариуцаж ажиллаж байсан эрх бүхий хүмүүсээс байцаалтаар тодруулга авсан байсан. 21 аймгийн авто тээврийн төвийн адилхан чиг үүрэгтэй ажилладаг албан тушаалтнаас тухайн үед тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт багтахгүй тохиолдолд нээдэг, хаадаг эрхийн асуудал байсан уу гэж асуувал тодорхой болох байх гэж бодож байна” гэв. 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Оролцогч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Яллагдагчийн өмгөөлөгч нар нь авто тээврийн үндэсний төвийг хохирогчоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Би өмнөх тайлбартаа хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давуу байдал олгосон гэж үзсэн. Яллагдагч Х.Б нь яагаад давуу байдал олгосон гэж үзсэн нь тодорхойгүй байна гэж хэлсэн. Яллах дүгнэлт үйлдсэн үндэслэл нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан техникийн хяналтын үзлэгт оруулах журмын 2.6-т стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл болон авто тээврийн үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт хамруулсан дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий 4 компанийн 324 хүнд даацын тээврийн хэрэгсэл, 326 чиргүүлийг Увс аймагт техникийн хяналтын үзлэгт оруулсан мэтээр бүртгээд байгаа нь тухайн компаниудад давуу байдал олгосон гэж үзэж байгаа. Энэ давуу байдал олгож байгаа үйлдэлд бусад этгээдийн эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзсэн.

Увс аймгийн авто тээврийн мэдээллийн санд үзлэг хийлгэх саналыг гаргасан. Дотоод аудитын хяналт шалгалтын газраас шалгалт үзлэг хийгээд тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаараар нь үзлэг хийж тэнцүүлсэн газар нь аль аймгийн авто тээврийн төв бэ гэдгийг тогтоож, хэргийн материалд хавсаргасан.

Ийм учраас Увс аймгийн авто тээврийн мэдээллийн санд үзлэг хийх шаардлага байхгүй гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Яллагдагч нарын мэдүүлэг нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн. Яллагдагч нар нь харилцан адилгүй мэдүүлэг өгч байгаа. Эдгээр мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Тийм учраас яллагдагч нарын мэдүүлгийг яллах талын нотлох баримтад дурдсан. Хууль бус шаардлага тавьсны дагуу Увс аймгийн авто тээврийн төвийн дарга У.З нь өөрийн шууд удирдлагад байдаг инженер, техникч хоёртоо  хууль бус шаардлага тавьж авто тээврийн хэрэгсэл, чиргүүлүүдийг бүртгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд суурин үзлэг явуулаагүй гэж үзэж байна. Авто тээврийн үндэсний төвөөс энэ эрхийг нээж өгдөг. Энэ талаарх мэдээллийг хэн баталгаажуулсан бэ гэдэг нөхцөл байдал тогтоогдсон.

Авто тээврийн төвийн мэргэжилтнээс авсан гэрчийн мэдүүлгээр явуулын болон суурин гэсэн 2 төрлийн үзлэг байдаг. Суурин үзлэгт ороод шивэгдсэн мэдээллийг ямар нэгэн байдлаар засах боломжгүй. Харин явуулын эрх нь тодорхой хугацаанд нээж хаадаг эрх биш, байнгын нээлттэй байдаг.Энэ эрхийг ашиглаад тээврийн хэрэгсэлд үзлэг хийж байгаа бол үүнтэй холбоотой баримтжуулалтыг шаарддаг гэж гэрч Эрдэнэмөнх мэдүүлэгтээ өгсөн. Үүнийг заавал явуулын эрх нээлттэй байсан уу, хаалттай байсан уу, энэ эрхийг хэн баталгаажуулсан зэргийг тогтоох шаардлагагүй. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон.

Эдгээр тээврийн хэрэгсэл нь Увс аймгийн авто тээврийн үзлэгт орсон нь тогтоогдсон учраас үүнийг дахин тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Авлигын эсрэг конвенцод Монгол улс нэгдэн орж соёрхон батлагдсан. Нэгдэн орж соёрхон баталсан конвенц нь дотоодын хууль тогтоомжийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Авлигын эсрэг конвенцод ямар үйл ажиллагаа эрхэлдэг, ямар ажил эрхэлдэг хүмүүсийг хамруулж болох вэ гэдгийг дурдсан. Тийм учраас олон улсын гэрээ зөрчсөн асуудал гарахгүй байх гэж бодож байна.

Хохирол хор уршиг учирсан байхыг заавал шаардана гэж үзсэн. Техникийн хяналтын үзлэгт орж байгаа гол үндэслэл нь С зөвшөөрөл авахын тулд хамрагддаг. Энэ зөвшөөрлийг авахын тулд өөрийн хамаарал бүхий хүнд хандаад тухайн хүн нь цааш өөрийн холбогдох ажилтнууддаа хандсан асуудал байна. Увс аймгийн авто тээврийн төвд хуурамч мэдээллийг оруулахаас 1 хоногийн өмнө Өмнөговь аймагт зам тээврийн осол гаргачихсан байсан.

Гэтэл осол гаргасан тээврийн хэрэгслийг тэнцсэн гэсэн мэдээлэл оруулчихсан байсан. Үүнтэй холбоотой холбогдох баримтууд байгаа. Тэгэхээр энэ давуу байдал олгосон эсэх, С зөвшөөрлөө авсан эсэх, зөвшөөрөл авсны дараа эдгээр компаниуд нь ямар ашиг орлого олсон эсэхийг тус тус шалгах шаардлагагүй, зөвхөн зөвшөөрөл авахын тулд танил тал, хамаарал бүхий хүнээ ашигласан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Ийм учраас анхны саналаа дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/ 41 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох, 2102000000063 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очмандахаас: яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарыг  Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6 дахь хэсэгт “Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэснийг зөрчиж нэр бүхий 4 компанид давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Анхан шатны шүүх яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Б.Бын өмгөөлөгч Б.Энхболд, яллагдагч У.Згийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлох үүргээ биелүүлж чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой юм.

5. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал: гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн гүйцэт бодит байдлаар шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Анхан шатны шүүхээс “...яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б, гэрч Б.Урьхан, Д.Р нарын болон нэр бүхий 4 компанийн арилжааны банкинд байршдаг дансны мэдээлэлд / гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаагаар / үзлэг хийх, энэ гэмт хэрэгт гэрч Б.Урьхан, Д.Р нар нь хамтран оролцсон эсэх,  яллагдагч Х.Б болон гэрч Б.Урьхан, Д.Р нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоо тус бүрийг нарийвчлан шалгах, яллагдагч нарын үйлдлийн улмаас “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК , “Тэнгри транс групп “ ХХК, “Баянговь транс” ХХК-уудад эдийн засгийн ямар давуу байдал бий болсныг тогтоох, энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан эсэх, мөн дээрхи 4 компанийн өмчлөгч нарыг тогтоож, иргэний хариуцагчаар татах, гэмт хэрэг гарах үеийн Увс аймгийн автотээврийн төвийн мэдээллийн санд үзлэг хийж, нэр бүхий 4 компанийн тээврийн хэрэгслийг үзлэг оруулсантай холбоотой мэдээлэл байгаа эсэхийг тогтоох” зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Түүнчлэн техникийн хяналтын явуулын үзлэг оношилгоог хэрхэн явуулж байсан талаар нарийвчлан шалгаж, яллагдагч тус бүрийн үйлдлийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг яллагдагч нэг бүрээр зөв тогтоох шаардлагатай байна.

7. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотлогдвол зохих зүйл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид материаллаг хохирол учирсан байхыг шаардсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол, хор уршиг учирсныг тогтоох шаардлагатай бөгөөд эдгээрийг нотлоогүй нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл болно.

8. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 273 , 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 474 дүгээр Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тогтоолуудаар шүүгчийн захирамжинд дурдсан хийвэл зохих ажиллагаануудаас, тухайлбал : тээврийн хэрэгслийн улсын үзлэгт хууль бусаар хамруулсан гэх автомашин, тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч болох Сантээвэр групп, Ульгансар транс, Тэнгри транс групп ХХК-уудын хувийн хэрэгт үзлэг хийж, хэрэг болсон гэх цаг хугацаанд компануудын удирдлага ямар хүмүүс байсныг тогтоох, яллагдагч Х.Б, У.З, Б.А, Б.Б нарын арилжааны банкинд эзэмшдэг дансны хуулгыг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаагаар гаргуулан авах, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлүүдийг зааж, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацааг  сунгаж байсан байх боловч уг ажиллагааг хийж гүйцэтгэхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. 

9. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, прокурорын “ ...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/ 41 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                 ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН