| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2024/0021/з |
| Дугаар | 119/ШШ2024/0037 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 119/ШШ2024/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Гуравдагч этгээд: “М” ХХК
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Ц нарын хоорондын
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “М” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869 дугаартай цахим тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “М” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869/02/01 дугаартай цахим тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301869 дугаартай “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан ба 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.
3. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. “М” ХХК нь Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/ ба техникийн тодорхойлолтын шаардлагуудыг биелүүлээгүй, хангаагүй байхад хариуцагч нь тус компанийг тендерт дахин шалгаруулсан нь хуульд нийцэхгүй байх бөгөөд эдгээр компаниуд нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй болохыг илтгэж байна гэж үзэж байна. Мөн тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулах талаар заасан бөгөөд “М” ХХК нь 5,953,390,930 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, манай компани нь 4,298,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр үнийн саналыг гаргасан, тендерийн шаардлагыг бүрэн хангаж, зөрчилгүй байхад өндөр үнийн санал ирүүлсэн, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/ ба техникийн тодорхойлолтын шаардлагуудыг биелүүлээгүй, хангаагүй компанийг тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй, хууль бус байна. Хариуцагчийн уг хууль бус захиргааны актаас болж манай компани эрх тэгш өрсөлдөж, тендерт шалгарч чадахгүй манай эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.” гэж тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 5 төхөөрөмж нийлүүлэх тухай тендерт анх 2023 онд зарлагдахад оролцсон. Эхний удаа зарлагдахад бүх оролцсон оролцогчид хасагдсан байсан. Хоёр дахь удаагаа 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан. Үүнд 4 оролцогч тендерт оролцсон байгаа. Тендер маань 01 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн. Үнэлгээний хорооноос 02 дугаар сарын 08-ны өдөр “М” ХХК-ийг шалгаруулсан байсан. Үүний дагуу манай компанийн зүгээс нээлттэй тендер шалгаруулах учраас шалгарсан компанийн бичиг баримттай цахимаар танилцаад тендер шалгаруулалтын хүснэгтээр шаардлага хангаагүй зүйлүүд байсан учраас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам бидний гаргасан гомдлыг үндэслэлтэй, хянан үзэх шаардлагатай гэж үзсэн учраас мэдэгдэл гаргаад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс дахиад тендерийг үнэлж, хоёр дахь удаагаа “П” компанийг шалгаруулсан байгаа. Энэ дээр мөн адил манай компанийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан. Мөн Сангийн яамны зүгээс хянан шалгаж үзээд үндэслэлтэй гэж үзсэн учраас тус шийдвэрийг хүчингүй болгож, дахин гурав дахь удаагаа тендер шалгаруулалтын үнэлгээ явагдсан. гурав дахь удаагаа явагдахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс анхны удаа шалгаруулсан байсан “М” ХХК-ийг 04 дүгээр сарын 12-ны өдөр шалгаруулсан байсан. Тухайн үед анх тендертээ шалгаруулаад тендерийн баримт бичгийг 100 хувь шаардлага хангахгүй байна гэж Сангийн яамны зүгээс үзэж захиалагчийн гаргасан шийдвэрийг түдгэлзүүлж байсан боловч дахин гурав дахь удаагаа шалгаруулсныг хууль бус гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Манай нэхэмжлэлийн гол үндэслэл бол ийм байгаа. Нэмэлтээр тендер оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам дээр Сангийн яамд өмнө нь гомдол гаргасан асуудлаар дахиж гомдол гаргавал тэр гомдлыг буцаана гэж бичигдсэн байдаг учраас манай компани Сангийн яаманд дахин гомдол гаргаж чадаагүй. Тийм учраас дараагийн шатны байгууллага болох анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Манай компанийн зүгээс хүсэж байгаа хамгийн гол зүйл бол нэгдүгээрт сангийн яамнаас тухайн тендерийг алдаатай дахин хянан үзэх шаардлагатай гэж үзээд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож байхад дахин анх шалгаруулсан компаниа шалгаруулаад гэрээ байгуулах мэдэгдэл өгснийг манай зүгээс хууль бус гэж үзсэн. Сангийн яамнаас шаардлагад нийцэхгүй байна гэдэг шийдвэр гаргасан байсан. Хоёрдугаарт манай компанийн зүгээс энэ талаар Орхон аймаг дахь анхан шатны шүүхэд гомдол гаргахаас гадна холбогдох хууль хүчний байгууллагад гомдол гаргасан, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг тавьж чадахгүй байна. Он, сар, өдөр, гэрээний дугаарыг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангалтгүй тайлбарлаж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийг хариуцлагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүний эсрэг дараах тайлбарыг гаргаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаартай тушаалаар “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулж, тус хороо тендерийн баримт бичгийг 2023 оны 09 сарын 20-ны өдөр баталж, тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зарлаж, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээхэд “О” ХХК, “П” ХХК, “М” ХХК-иуд холбогдох баримт материалуудыг ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн материалуудыг хянан үзсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасныг үндэслэн “О” ХХК, “П” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлж, шаардлагад нийцсэн тендерт ирүүлсэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Тус худалдан авах ажиллагаанд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх мониторинг дүгнэлт гаргасны дагуу үнэлгээний хорооны хурал 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж захиалагч цехээс тодруулга авах шийдвэр гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар тодруулгын хариуг хэлэлцсэнээр дахин үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзэж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Хоёрдугаарт ЭҮТӨҮГ/202301869 тоот тендерийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин зарлаж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд дөрвөн оролцогч тендерт материалаа цахимаар ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн материалуудыг хянан үзсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасныг үндэслэн “О” ХХК, “П” ХХК, “В” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Уг зөвлөмжид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3-т “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасны дагуу тус худалдан авах ажиллагаанд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр тус үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөлт мониторингийн алба 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мониторинг хийж, хамгийн сайн тендерээр үнэлсэн “М” ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-т “Тендер нь хуулийн 27.1-д заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер” гэж үзнэ гэсэнтэй нийцэж байх тул үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна гэсэн БТ/20240208-18 дугаартай дүгнэлт захиалагчид хүргүүлсэн. Захиалагч үнэлгээний хорооны болон мониторингийн дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-117-12/2140 тоот албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах, эрх олгох тухай, СЭ-117-12/2137, 2138, 2139 тоот албан бичгээр бусад тендерт оролцогч нарт тендерт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК, “П” ХХК, “В” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 03/1186, 03/1187, 03/1188 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр оролцогчдын гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, харин зарим асуудлыг хянан үзэх шаардлагатай гэж үзэж, захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-112-12/550, СЭ-112-12/552, СЭ-112-12/553 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан. Үнэлгээний хороо 2024 оны 03 сарын 18-ны өдөр дахин үнэлгээ хийж, зөвлөмж гаргасны дагуу захиалагчаас 2024 оны 03 сарын 18-ны өдрийн СЭ-112-12/1107 тоот албан бичгээр бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2024 оны 03 сарын 18-ны өдрийн СЭ-112-12/1104, 1105, 1106 тоот албан бичгээр “О” ХХК, “М” ХХК, “В” ХХК-иудад тендерт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК, “М” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 03/2325, 03/2326 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “П” ХХК–ийн №Ү23/21-6991 дугаартай кран үйлдвэрлэгчийн тооцооллын мэдээлэл тендерт ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэн “О” ХХК, “М” ХХК, “В” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан. Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэнээр захиалагчаас 2024 оны 04 сарын 18-ны өдрийн СЭ-117-12/2140 дугаартай албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 2024 оны 04 сарын 18-ны өдрийн СЭ-112-/2137, 2138, 2139 дугаартай албан бичгээр “О” ХХК, “П” ХХК, “В” ХХК-иудад тендерт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн. Уг худалдан авах ажиллагаанд тус үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөлт мониторингийн алба 2024 оны 04 сарын 15-ны өдөр захиалагчийн хяналт хэрэгжүүлэх мониторинг хийсэн бөгөөд ГЭ/20240415-54 тоот дүгнэлтдээ “Сангийн яамны гомдол хянасан тухай 03/2325, 03/2326 тоот албан бичгээр “О” ХХК, “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн үнэлгээний хороо оролцогчдын тендерт дахин үнэлгээ хийж, “М” ХХК-г шалгаруулсан нь “Тендер шалгаруулах гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан байна, үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна” дурдсан байна.
Тендер шалгаруулалтын тухайд “М” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтыг бүрэн хангаж тендерт шалгарсан бол “П” ХХК нь Сангийн яамны 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 03/2325, 03/2326 дугаартай “Гомдол хянасан тухай албан бичгээр “№Ү23/21-6991 дугаартай краны үйлдвэрлэгчийн тооцооллын талаарх мэдээлэл тендерт ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр, “О” ХХК “QGX-A загвартай дүйцэхүйц өндрийн таслагчийг санал болгосон боловч төгсгөлийн салгуурыг санал болгоогүй”, “В” ХХК нь “гүүрэн кран техникийн шаардлагад нийцсэн, үйлдвэрлэгчийн тооцоолол гарал үүслийг тодорхой заасан тухай албан бичиг ирүүлээгүй нь” Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэж заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр тендерт шалгараагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16-р зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 47 дугаар зүйлийн 47.7-д “үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж тус тус заасныг баримтлан үнэлгээний хороодын гишүүдийн 100 хувийн саналаар “М” ХХК-г тендерт шалгаруулж, “О” ХХК, “П” ХХК, “В” ХХК-иудын ирүүлсэн техникийн тодорхойлолт шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3-т “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль, тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасны дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх мониторингийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн БТ/20240208-18 мөн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн ГЭ/20240415 тоот дүгнэлтэд “хамгийн сайн тендерээр үнэлсэн “М” ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-д “Тендер нь хуулийн 27.1-д заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэнтэй нийцэж байх тул үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна” гэж дүгнэсэн. Тендер шалгаруулалтын явцад тендерт оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 03/1186, 1187, 1188 дугаартай мөн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 03/2325, 03/2326 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгүүдийг үнэлгээний хороо хүлээн авч, дахин үнэлгээ хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасныг бид зөрчөөгүй юм аа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт хүчингүй болгуулах, захиргааны акт гаргуулахыг даалгах, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хэрхэн зөрчигдсөн” болохыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд тусгана гэж зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх учиртай. Гэтэл “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “М” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй, хууль бус гэж үзэж байгаа үндэслэл болон түүнтэй байгуулсан гэрээг ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгааг дурдаагүй байх бөгөөд мөн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох, ЭҮТӨҮГ/202301869 дугаартай тендер шалгаруулалт дахин явуулахыг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж, 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаж, эс үйлдэхгүй гаргаагүй байх тул даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЭҮТӨҮГ/202301869 дугаартай тендер сонгон шалгаруулахтай холбоотой захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан “О” ХХК нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй, шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 92-94-р зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсныг ашиглаж чадаагүй байна. “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус үйлдвэрийн газартай 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 2/195-24 тоот “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ байгуулсан “М” ХХК нь уг гэрээний дагуу 2024 оны 07 сарын 19-29-ний өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Тээвэр ложистик төвийн 6-р агуулахад гүүрэн кран 32/8 тн-ыг 1 ширхэг, гүүрэн кран 25/8 тн-ыг 1 ширхэг, 1 дам нуруут тулгуурт гүүрэн кран 1 ширхэг, өнгийс кран 2 ширхэг нийт 5 ширхэг кран бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024/17-21-0209 дугаар “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээний биелэлт 100 хувь биелэгдсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэл мөн “М” ХХК нь хуулийн 27.1-д захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага техникийн тодорхойолт, тендерийн баримтад заасан бусад нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тул “О” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Техникийн тодорхойлолт дээр “М” ХХК-ийн техникийн тодорхойлолтыг дахин хянаж үзэхэд 32/8 тонны даацтай гүүрэн кран нь “М” ХХК-ийн парт 5, хуудас 36 дээр байгаа хяналтын дэлгэцээр тоноглогдсон краны ажилласан үзүүлэлтүүд болон алдааг хадгалах боломжтой бөгөөд хяналтын дэлгэц нь энд байрлана гээд 41-р хуудсанд хяналтын дэлгэцийн программ хангамж нь дараах тохируулгатай гэж тодруулаад оруулсан байгаа. Удирдлагын контролерын чиглэл нь краны хөдөлгөөний чиглэлтэй таарсан байх ёстой гэсэн байгаа. Энэ дээр “М” ХХК нь санал болгож байгаа бараагаа зургаар үзүүлсэн. Захиалагч гэрээ дээр төрөл, загварыг заагаагүй байсан. Энэ дээр Жорст бүхий удирдлагын контролерыг зургаар заасан байгаа. Энэ нь өөрөө чиглэл зөрөх боломжгүй, чиглэл бүрдээ 4 хурдтай, нойлын хамгаалалттай тоноглол байгаа. 25/8 тонн дээр хяналтын дэлгэц тоноглогдсон алдаа гэдэг үг дээр алдааг харуулахгүй байна гэсэн. Энэ нь эргээд техникийн тодорхойлолтын 25/8 тонн краны “М” ХХК-ийн 22-р хуудаст байгааг дэлгэрүүлээд краны машинист нь бүхээгт хянах самбартай бөгөөд машинстын хянах самбарын программ хангамж нь дараах тохируулгатай. Хязгаарлагч ажилласан, аюулгүйн төхөөрөмж хаалга нээгдэхэд хөдөлгүүрийн гэмтлүүдийг харуулах гэх мэтээр бүрэн программчлагдсан байна гэж бичсэн байгаа.” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **: “Удирдлагын контролерыг дахин хянан үз гэж Сангийн яамнаас ирүүлсэн. Дахин хянаж үзээд алдаагүй байна гэж манай үнэлгээний хороо дүгнэсэн.” гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ерөнхий зүйлийг ярьсан. Энэ дээр яг ямар шийдвэр, хэзээний шийдвэр, хууль зөрчсөн шаардлага ч гэдэг юм уу, тендер шалгаруулалтад нийцэхгүй байгаа гэдэг тодорхой зүйлийг тайлбарлаагүй. Энд юу яригдаж байна вэ гэхээр нэхэмжлэлийн агуулгаас харахад өмнө нь “М” ХХК-ийг хасчихаад байхад дахин дахин шалгаруулах ч гэдэг юм уу эсхүл хоёр дахьд нь өөр компани шалгарсны дараа дахиад шалгаруулсан ч гэдэг юм уу ийм үндэслэл яриад байна. Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичиг ямар хууль тогтоомж зөрчсөн юм эсхүл тендер захиалагч ямар хууль тогтоомж зөрчсөн юм. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа юм гэдэг асуудал огт тайлбарлагдаагүй. Тэгэхээр нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдсөн юм, түүнээс үндэслээд ямар эрхийн хүрээнд үүнийг хамгаалуулах гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч яагаад хариуцагчийн үйлдэл хууль бус учраас даалгах нэхэмжлэл гаргаад байгаа юм, хэзээний мэдэгдэл, хэзээний гэрээг хүчингүй болгох гээд байгаа талаар тайлбарлаагүй. Үүнийг шүүх хуралдааны явцад тайлбарлаж хэлье гэсэн боловч одоо хэрэгт гэрээ мэдэгдлүүд авагдсан бол ядаж үүнийгээ дугаарлаад тайлбарлаад ийм гэдгээ яриад явах ёстой байсан. Нэгдүгээрт тийм зүйл алга. Хэрвээ нэхэмжлэлд дурдсанаар үзэх юм бол энэ нэхэмжлэлийн шаардлагад нээгдсэн гээд байгаа тендер нь 2022 оны тендер байгаа. Тэгэхээр ийм тендер шалгаруулалт нээгдээгүй. Хоёрдугаарт ямар мэдэгдэл гэдгийг тавиагүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан өргөх цамхагтай адилхан мэдэгдэл авсан 2, 3 тохиолдлууд дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд цугтаа материал өгөөд заримд нь хасагдаад, заримд нь явж байгаа. Үүнийгээ бас тайлбарлаагүй. Энэ нь хэдийгээр жижиг зүйл ч гэсэн үүнийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлохоос биш хариуцагч, гуравдагч этгээд, шүүх 3 тодорхойлж өгөөд нэхэмжлэгчээ ингэж ярь гэдэг байдлаар хандаж болохгүй. Тэгэхээр энэ асуудал дээр ийм шаардлагуудыг ярьж болохгүй. Гуравдагч этгээдийн ирүүлсэн санал техникийн ямар тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байгаа талаар тодорхойлсон ямар ч үндэслэлийг нэхэмжлэлдээ тусгаагүй. Сая шүүх хуралдаанд ч яриагүй. Хариуцагч бол энэ дээр ийм ийм асуудлууд ингэж ингэж явж байсан гэдгээ тайлбарлаж хэллээ. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа өмнөх асуудлуудаар бид нар өмнө нь Сангийн яаманд хандсан байсан учраас шууд шүүхэд хандсан гэдэг асуудал ярьж байна. Хэрэгт цугларсан баримтаас харахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 202301869 дугаартай тендерийн баримт бичгийг 2024 оны 01 сарын 24-ний өдөр анх нээсэн. Энэ дээр “О” ХХК, “П” ХХК, “В” ХХК, “М” ХХК-иуд материал ирүүлснээс “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг захиалагчийн бүх шаардлагыг хангасан. Бусад хуулийн этгээдүүдийн материал шаардлагад нийцээгүй тул үнэлэхээс татгалзаж, улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 02 сарын 28-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч “О” ХХК нь тус баримт бичгийг буюу тэдний тендерийн баримт бичгийг үнэлэхээс татгалзсан шийдвэрийн талаар санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад огт гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл манай баримт бичиг ийм учраас хууль ёсны юм аа, тийм байхад үндэслэлгүйгээр татгалзлаа гэдэг гомдол гаргаагүй. Харин “М” ХХК-ийг шалгаруулсан асуудалд эдгээр үндэслэлүүд хамаарч байна. Үүнийг хянаж өгнө үү гэж гаргасан. Өөрөөр хэлбэл хамгийн анхны тендер шалгаруулалт дээр. Уг гомдлыг Монгол Улсын сангийн яамнаас хууль болон журамд зааснаар хянаж үзээд тус компанийн гаргасан үндэслэлүүдийг хүлээж авахаас татгалзсан буюу захиалагч энэ дээр зөв шийдвэр гаргасан. Харин механик инженер Нацагдорж гэж тодорхойлсон нь шаардлагад нийцсэн эсэх, удирдлагын контролын хөшүүргийн чиглэл, краны хөдөлгөөний чиглэлтэй тохирч байгаа эсэх, ажиллагааны үзүүлэлтийг хадгалах боломжтой байх гэснийг захиалагч хянан үзээгүй буюу дахиад тодрууллаа гэдэг байдлаар буцаасан байдаг. Энэ тендерийн шалгаруулалт дээр нэхэмжлэгчээс бусад этгээдүүд ямар асуудлаар шалгараагүй вэ гэхээр бид ийм учраас шалгараагүй байна. Бидний тендерийн баримт бичгийг ингэж дутуу үнэлжээ гэдэг асуудлаар гомдол гаргасан. Ингээд Сангийн яамнаас “М” ХХК-ийн шалгарсан баримт бичигт дараах асуудлыг хянах чиглэлийг захиалагчид хүргүүлсэн. Механик инженер Н шаардлагад нийцсэн эсэх, “М” ХХК болон Н ХХК-ийн түншлэлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн эсэх, хүний нөөцийн мэдээлэл шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзнэ гэсэн. Энэ шийдвэрийг оролцогчид бүгд зөвшөөрөөд Сангийн яамны анхны хариу дээр нэмж гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь татгалзсан үндэслэлүүд нь зөв байна. Гэхдээ “М” ХХК-г шалгаруулсан дээр дахиад эдгээрийг хянаад үзээрэй гэсэн шийдвэрийг анх Сангийн яамнаас гаргасан. Хэн ч энэ Сангийн яамны шийдвэр дээр маргаагүй. Үүний дараа Сангийн яамны шийдвэрүүдийг үнэлээд захиалагчаас дахин “М” ХХК-г шалгаруулсан байдаг. Энэ шалгаруулалт явуулсаны дараа захиалагчийн дотоод хяналтаас Сангийн яамны заавруудыг бүрэн хангаагүй байна, дахиад үнэлээч ээ гэсэн. Тэгсэн захиалагчийн зүгээс тэгвэл бүгдийг нь шаардлагад нийцсэн тендер гэж үзье, хамгийн бага үнэтэйг нь санал оруулчихъя гээд оруулсан. Тэрнээс бусдаар дөрвүүлэнг нь шаардлагад нийцсэн байна гэж үзсэн. Тэгээд “П” ХХК-ийг 2024 оны 03 сарын 18-ны өдөр гэрээ байгуулахаар олгож байгаа юм. Гэхдээ энэ дээр өмнөх тохиолдлоос өөр нь бүгдийг нь тендер шалгаруулалтад нийцүүлсэн. Энэ дээр бүх оролцогчид гомдол гаргасан. Ямар оролцогчид гаргасан юм гэхээр өмнө нь “М” ХХК-ийг шалгаруулаад нөгөөдүүл нь татгалзсан үндэслэл хууль ёсны байсан. Гэхдээ “М” ХХК-ийг шалгаруулсан дээр тодорхой захиалгын дүгнэлтүүдийг хийгээч ээ гэсэн болохоос биш бүгдийг нь шаардлагад нийцсэн тендер гэж үз гэж дүгнээгүй байхад яагаад бүх баримт бичгийг тендер шалгаруулалтад нийцэж байна гэж үзэж байгаа юм, тэгээд яагаад хамгийн багыг нь сонгож байгаа юм гэсэн. Энэ талаар дахин үнэлгээ хийхийг даалгасан. Тендерт “О” ХХК, “П” ХХК, “В” ХХК-иуд тэнцэхгүй байсан. Ийм учраас тэнцэхгүй хүмүүсийг битгий тэнцсэн гэж оруулж ир ээ, дахиад өмнөх зааварт зааснаар үнэлгээгээ хийлгэ гэж байгаа. Ингээд дахин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үнэлгээний хороо 2024 оны 04 сарын 11-ний өдөр дахин үнэлгээ хийгээд, 2024 оны 04 сарын 18-ны өдөр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үнэлгээний хорооны 2024 оны 04 сарын 10-ны өдрийн үнэлгээ болон 2024 оны 04 сарын 10-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд Сангийн яамд хуульд заасан журмаар гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл өмнө нь Сангийн яам “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон дээр дахин хянаж үз гэсэн. Дахин хянаж үзээд дүгнэлт гаргахад тэр асуудал дээр огт гомдол гаргаагүй. Тэгээд үүнийгээ юу гэж хэлж байна вэ гэхээр бид нар өмнө нь хандсан юм аа гэдэг. Энэ чинь өмнө нь хандсан зүйл биш, захиалагчаас дахин тодорхой асуудал дээр үнэлгээний хороо дүгнэлтийг хийж байгаа. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй буюу энэ журмыг хэрэглэх боломжтой байсныг зөрчсөн. Үүнийгээ өмнө нь гаргасан асуудлаар дахин дахин гаргаад байгаа гэж байна. Манай гомдлын гол үндэслэл дээр “М” ХХК-ийг шалгаруулаагүй байж дахин дахин шалгаруулаад байгаад гомдолтой гээд байна. “М” ХХК буюу гуравдагч этгээд нэг ч удаа тендерийн үнэлгээнээс тэнцэхгүй гэдэг дүгнэлт гаргаж байгаагүй. Хамгийн анх ганцаараа шаардлагад нийцсэн, хоёр дахь дээрээ нийцсэн, гурав дахь дээр нь дөрвүүлэнг нь нийцсэн гээд үзье гэхэд хамгийн бага үнэтэй нь шалгарсан болохоос биш “М” ХХК хууль ёсны тэнцэхгүй байна гээд нөгөө 3-ыг шалгаруулсан зүйл байхгүй. Ингээд 4 дэх удаагаа үнэлэхэд дахиад ганцаараа “М” ХХК шалгарсан. Нөгөө хуулийн этгээдүүд дээр шалгарсан зүйл байхгүй. Тэгэхээр энд ямар ч хууль бусаар эсхүл тэнцэхгүй гэж хасчихаад буцаагаад тэнцүүлээд байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны асуудлыг энэ журмаар нэхэмжлэгч огт явуулаагүй. Үүнтэй холбоотой асуудал гаргаагүй. Сангийн яамны шийдвэрүүд дээр гомдол гаргаагүй. Сангийн яамны шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр. Дараагийн дугаарт гуравдагч этгээдээс ирүүлсэн санал техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Тэгэхээр Сангийн яам 4 асуудлыг тавьж байгаа. Үүнд: механик инженер Н шаардлагад нийцсэн юм уу, хүний нөөцийн мэдээлэл нь юм уу гэж байгаа. Тэгэхээр тендерийн баримт бичгээр ажиллах хүчний шаардлагад хоёр мэргэшсэн инженертэй байна гэсэн бол “М” ХХК нь 3 инженерийн мэдээллийг өгсөн. Үүнээс зөвлөх зэрэгтэй 1, мэргэшсэн 1, механик инженер 1-ийг өгсөн. Зөвлөхийн зэрэг нь мэргэшсэн зэрэг хугацаагүй болсоны дараа зөвлөх авдаг. Тэр нь Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаартай барилгын салбарын ажилтны давтан сургалт мэргэжлийн зэрэг олгох дүрмийн 4.1-т мэргэжилтний мэргэшсэн зэргийг 3 жил, зөвлөх, тэргүүлэх зэргүүдийг 5 жилийн хугацаагаар олгоно. Мэргэшсэн болох зөвлөх, тэргүүлэх зэргийг тус бүр 2 удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцно. Зөвлөх тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтэн бол мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсоноос хойш 3 жилийн хугацаанд заавал суралцах сургалтын 3 багц цагийг хангаж байж мэргэшсэн болно гэдэг. Тэгэхээр “М” ХХК нь 1 мэргэшсэн, 1 зөвлөх, 1 механик инженер явуулсан. Зөвлөх нь дотроо хугацаагүй мэргэшсэн зэргээ авсан байдаг. Тийм учраас хүний нөөцийн асуудлын хувьд ямар нэгэн шаардлага хангаагүй гэсэн нөхцөл огт байхгүй. Бусад техникийн шаардлагуудын асуудал дээр хариуцагч тодорхой хэлсэн. Техникийн нөхцөлүүд ирсэн албан бичгүүдээс харахад тэр асуудлууд буюу дахин хянаж үнэлэх гэдэг асуудлууд нь техникийн шаардлагыг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “М” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869 дугаартай цахим тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаар тушаалаар “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулж, тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зарласан.
4. Тендерийн үнэлгээний хороо анх 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн материалуудыг хянан үзээд, “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн ба захиалагч цехээс тодруулга авах тухай мониторингийн дүгнэлт гарч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин тендер зарлаж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тендерийг нээсэн байна.
5. Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн баримтуудыг хянан үзэж, “М” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн байна.
6. Дээрх шийдвэрийг тендерт оролцогчид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2024 оны 02 дугаар 29-ний өдрийн 03/1186, 03/1187, 03/1189 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан.
7. Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин үнэлгээ хийж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрч “О” ХХК, “М” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2325, 03/2326 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “П” ХХК-ийн Y23/21-6991 дугаартай кран үйлдвэрлэгчийн тооцооллын мэдээлэл тендерт ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгажээ.
8. “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин үнэлгээ хийж, ЭҮТӨҮГ/202301869 дугаартай нээлттэй тендерт “М” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” заасны дагуу тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтэд захиалагч мониторинг хийж “...Үнэлгээний хороо Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 03/2325, 03/2326 дугаартай албан бичгүүдийг үндэслэн дахин үнэлгээ хийж, “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан байна. Иймд үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна.” гэж дүгнэж, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “М” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/2140 дугаартай мэдэгдлийг, бусад тендерт оролцогчдод болон “О” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн байна.
9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн СЭ-112-12/2138 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “О” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагуудыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. ...” гэж мэдэгджээ.
10. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сангийн яам манай гомдлын дагуу тендер шалгаруулалтыг хянаж, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр “М” ХХК-ийн тендерийг шалгаруулан, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байхад дахин үнэлгээ хийхдээ тендер шалгаруулалтын зааварчилгаа ба техникийн тодорхойлолтын шаардлагуудыг биелүүлээгүй, хангаагүй компанийг тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй, хууль бус, эрх тэгш өрсөлдөх боломжийг хангаагүй, манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж тайлбарлан маргасан болно.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “...“Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох” гэж заасан ба үүний дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргадаг.
12. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулан баталдаг.
13. Сангийн яамны 2024 оны 02 дугаар 29-ний өдрийн 03/1186 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “4-т...“М” ХХК болон “Н” ХХК-ийн түгшлэл тендерт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24/15 тоот албан бичгээр механик инженерээр Б.Н-ийг санал болгосон бөгөөд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.3-т заасан шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй байна.” гэж,
-03/1187 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “6-д “М” ХХК болон “Н” ХХК-ийн түншлэлийн санал болгосон 32/8 тонн гүүрэн кран, 25/8 тонны гүүрэн краны техникийн тодорхойлолт нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан “Удирдлагын контроллерийн хөшүүргийн чиглэл нь краны механизмуудын хөдөлгөөний чиглэлтэй тохирч байх”, мөн “25/8 тонны гүүрэн краны ажилласан үзүүлэлтүүдийн алдааг хадгалах боломжтой байх” шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй” гэж,
-03/1188 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “3-т “М” ХХК болон “Н” ХХК-ийн түншлэлийн гэрээ тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.4.1-д “Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шаардлага хангасан байх” гэсэн шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна.” гэж тус тус дүгнэсэн.
14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаар хуралдаанаар дээрх Сангийн яамны гомдол хянасан албан бичгийн дагуу “М” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзсэн байна.
15. Энэ нь үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар тендерийг хянан үзэхээр хуульд заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
16. Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаар хуралдааны тэмдэглэлд захиалагч мониторинг хийж Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр буцаасан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн дагуу тендерт оролцогч нарын ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг хянан үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК-тай гэрээ байгуулахаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн боловч Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2325, 03/2326 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 204 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн СЭ-112-12/1104 мэдэгдэл, СЭ-112-12/117 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрүүдийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.
17. “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж, “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮТӨҮГ/202301869 дугаартай нээлттэй тендерт “М ХХК” ХХК-ийн (DDP ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 5.953.390.930.00 төгрөг) тендерийг хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
18. Захиалагч 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хяналтыг хэрэгжүүлэн худалдан авах ажиллагаанд мониторинг хийж, “...үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг гарган, захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/2140 дугаартай мэдэгдлийг “М” ХХК-д, бусад тендерт оролцочидод болон “О” ХХК-д тендерт шалгараагүй тухай СЭ-112-12/2138 дугаар мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна.
19. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчдод гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн ба , 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” зааснаар “М” ХХК, Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Худалдах-худалдан авах 2024/17-21-0209 дугаар гэрээг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
20. Мөн тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаануудыг хуульд заасны дагуу хийсэн байна.
21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”зааснаар захиалагч гэрээ байгуулах шийдвэр гарган, 40 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, гүйцэтгэгч “М” ХХК нарын хооронд 2024/17-21-0209 дугаар “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан, “М” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу “гүүрэн кран 32/8 тн, гүүрэн кран 25/8 тн, нэг дам нуруут тулгуурт гүүрэн кран, өнгийц кран” нийт 5.953.390.930 төгрөгийн барааг захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №2024/17-21-0209 дугаар зарлагын баримтаар нотлогдож байна.
22. Дээрх байдлуудаас дүгнэхэд “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869 тоот Үнэлгээний хороо “М” ХХК-аас ирүүлсэн тендерийг хянан үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзлээ.
23. Нэхэмжлэгч “О” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “М” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869 дугаартай цахим тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд дэмжин оролцсон, захиргааны акт болох гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-ний эрх зүйн үйлчлэл нь тус тус дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан.
25. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.
26. Захиргааны актуудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869/02/01 дугаартай цахим тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
27. Мөн Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана.” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагааг хурдан шуурхай зөв шударга зохион байгуулж, тухайн ажил үйлчилгээг хийх чадвар чадамжийг үнэлэн шалгаруулах, эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлттэй байх зарчмыг баримталсан байна.
28. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
29. Иймээс нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “М” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869/02/01 дугаартай цахим тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005-12-01/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “М” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/17-21-0209 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээгдсэн “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмж” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301869 нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА