| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00654/И |
| Дугаар | 129/ШШ2025/00008 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2025/00008
| 2024 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 129/ШШ2025/00008 | Архангай аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Б овогт П.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.М-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “20 тооны үнээний мөнгө болох 24,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие П.Б нь М-аар малаа маллуулахаар болж сард 1,000,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бух-2, эр үхэр-3, үнээ-73, шүдлэн үхэр-47, бяруу-34, тугал-29 нийт 188 тооны үхрийг маллуулахаар хүлээлгэн өгсөн. Үүнээс хориод хоногийн дараа 17 тооны тугалыг нь буцааж авсан. Энэ хугацаанд би М-ын Хаан банкны .................. дугаартай дансанд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын 15 хоногийн мөнгө болох 500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Малаа өгсөнөөс хойш 45 хоногийн дараа малаа бүртгэхэд үнээ-8, шүдлэн-11, бяруу 3, нийт 22 тооны үхэр байсан үлдсэн 149 тооны үхэр нь байгаагүй. Үлдсэн мал хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэж байсан. Би тухайн үед үлдсэн 22 тооны үхрээ аваад явсан. Анх мал маллуулахаар тохиролцох үед мал алдвал олж өгнө гэсэн аман хэлцэлтэй байсан. М нь манай малыг нэг л өдөр хайсан өөр бусад өдөр огт хайгаагүй. Мөн цаг зуурын нөхцөл байдлын улмаас үрэгдэж үгүй болсон зэрэг нөхцөл байдал байгаа учир үлдсэн 20 тооны үнээний мөнгийг М-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Би үнээгээ нэг бүрийг нь 1.200.000 төгрөгөөр үнэлж 20 тооны үнээний өртөг нийт 24 000.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд Т.М-аас миний 20 тооны үнээний мөнгө болох 24.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ “Миний бие М-т холбогдуулан 20 тооны үнээний үнэ болох 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Т.М-т холбогдуулан “20 тооны үнээний мөнгө болох 24,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Т.М-т холбогдуулан гаргасан “20 тооны үнээний мөнгө болох 24,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгөөс 138,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 138,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШЗ2024/03053 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Т.М-т холбогдуулан гаргасан “20 тооны үнээний мөнгө болох 24,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгөөс 138,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 138,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШЗ2024/03053 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН