| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00580/И |
| Дугаар | 129/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2025/00001
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 129/ШШ2025/00001 | Архангай аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Т.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О овогт Н.А-д холбогдох
“3,053,000 (гурван сая тавин гурван мянга) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн оролцов. Нэхэмжлэгч Т.З, хариуцагч Н.Анар эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...А нь 2020 оны 09 сарын 15-ны өдөр манай ломбарднаас 2,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж авсан. Авсанаасаа хойш А нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 900,000 төгрөг өгсөн өөр мөнгө огт өгөөгүй өдий хүрч байгаа. Иймд 2 сарын хүү 350,000 төгрөг, нийт алданги 1,250,000 төгрөг, үндсэн мөнгө 2,500,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгөөс өгсөн 2,850,000 төгрөг бэлэн хувцасны 203,000 төгрөгийг нэмээд 3,053,000 төгрөгийг А-аас гаргуулж өгнө үү. Мөнгөө маш их шаардаж байнга утасддаг удахгүй өгнө гэдэг ярих тоолонд удахгүй одоохон байж бай гэдэг. Сүүлийн үед дандаа худлаа ярьж аргацааж байна” гэжээ.
Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...нэхэмжлэгч Т.З-гийн нэхэмжилсэн 3,053,000 төгрөгөөс 420,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,633,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч Т.З-тэй тохирсон. Би биеийн эрүүл мэнд муу байгаа, эмчилгээ хийлгэж байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт болох шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Би үлдэгдэл 2,633,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч Т.З шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Миний бие Т.З нь хүү М-ийг сахиж эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс хариуцагч А-тай холбогдох шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. А бид 2 ярилцаж тохирсон дүн дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. А хүсэлт өгсөн гэсэн, би мөн бичиж өгсөн байгаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Н.А-д холбогдуулан “3,053,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгч Т.З 420,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,633,000 төгрөгийг хариуцагч Н.А 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхийг зөвшөөрч талууд эвлэржээ.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, зохигч, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваан хариуцуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-аас улсын тэмдэгтийн хураамж 31,899 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.З-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.З-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох “3,053,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.З 420,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,633,000 төгрөгийг хариуцагч Н.А 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-аас улсын тэмдэгтийн хураамж 31,899 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.З-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Н.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН