| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2235000000119 |
| Дугаар | 2023/ДШМ/11 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/11
Д.Б, Б.Н, С.Т,
С.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Н, шүүгдэгч С.Т, Б.Н нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Б.Батгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Д.Б, Б.Н, С.Т, С.Ц нарт холбогдох, 2235000000119 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .. гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн .. оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар арван жил зургаан сар хорих ялаар шийтгүүлж байсан Х овогт Д-н Б, регистрийн дугаар: ,
Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс ...ам бүл 4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын .. суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт С-ийн Ц, регистрийн дугаар:,
Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн ..төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .., ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн .. суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Б-ын Н, регистрийн дугаар:,
Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .., ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Л овогт С-гийн Т, регистрийн дугаар: ,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Д.Б нь С.Ц-той бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн -- нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Т-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
- мөн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .. багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн Б.Н-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч С.Ц нь Д.Б-тэй бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Тыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч Б.Н нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн С.Цийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч С.Т нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн Д.Бийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Б.Н, С.Т нарт 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч С.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
-шүүгдэгч З овогт С-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Х овогт Д-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Ц овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Л овогт С-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ц-ийг хоёр жил зургаан сар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Бийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Т-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Ц-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
-ялтан Д.Б, Б.Н, С.Т нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
-шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Д.Б, Б.Н, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ц-ид энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлж,
-хохирогч С.Т-ын 19.292.784 төгрөгийн нэхэмжлэлээс 6.376.844 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.915.940 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч С.Ц төлснийг дурдаж, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Т нь гэмт хэргийн улмаас учирсан 3.000.000 төгрөгөөс давсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогч Б.Н-ын 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
- хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бариул нь хугарсан шаазан аяга 1 (нэг) ширхэг, 10 (арав) ширхэг сандлын модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Б.Батгэрэл нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр жил зургаан сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй байна.
Харин анхан шатны шүүх С.Цид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг багасгаж хоёр жил зургаан сар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх нөхцөл байдлыг хуульчилж өгсөн. Гэтэл шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнд хорих ял оногдуулах үндэслэл болсон гэж хуульд байхгүй үндэслэлээр түүний эрх зүйн байдлыг дордуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байхад С.Цид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заагаагүй үндэслэлээр хүндрүүлж байгаа нь үндэслэлгүй байна.
С.Ц нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарласан байсан ба хохирогчид бодит хохирлыг төлж барагдуулсан. Мөн С.Ц нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлж барагдуулсан цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа ба хувийн байдлын хувьд өнчин хүүхэдтэй, 2 оюутан хүүхдийн сургалтын төлбөр төлдөг, хохирогч бодит хохирлоо төлүүлж авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой байна.
С.Ц нь Увс аймгийн цагдан хорих байранд ял эдэлж байхдаа бие нь муудаж эрүүл мэндийн шалтгаанаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
Иймд дээрх хувийн нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогоолд өөрчлөлт оруулж С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.
5. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “ шүүгдэгч Д.Б, С.Ц нар бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.
Яллагдагч С.Т-ын анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “ ...тэгээд би очоод та нар одоо болиоч хүн аллаа гэхэд Батсүх миний энгэрээс заамдаад автал миний ар талаас нэг хүн хоолой боотол Батсүх миний зүүн эрүү хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон.Тэгтэл миний араас хоолоой боож байсан хүн миний толгойн баруун дагз хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан “ гэх мэдүүлэг,
яллагдагч С.Т-ын: “..намайг Д.Б цохиж гэмтээгээгүй.Намайг хохирогч С.Ц цохиж гэмтээсэн. Би араасаа цохиулж гэмтэл авсан. Д.Б намайг урдаас цохисон нь үнэн” гэх мэдүүлэг,
яллагдагч Д.Б-ийн “..нэг удаа С.Т-ыг алгадсан. Би эрүүн дээр нь гараар цохиогүй.С.Ц араас нь сандлаар цохиход би зөрөөд өшиглөсөн. С.Тын дагз дээр С.Ц сандлаар цохисон ба цохиж байхад сандал эвдрээгүй байсан, зөвхөн сандлын тавцан хагарсан байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Д.Б,С.Т, Б.Н, С.Ц нар нь Увс аймгийн Давст сумын нутагт байрлах С.Тын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, улмаар яллагдагч Д.Б нь С.Ттай харилцан маргалдаж байхад яллагдагч С.Ц нь хохирогчийн хоолойг араас нь боож, Д.Б нь хохирогчийн зүүн эрүү хэсэгт, С.Ц нь С.Т-ын баруун дагз хэсэгт сандлаар цохисон үйл баримт хэрэгт тогтоогдсон байдаг.
Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Тын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь С.Цийн түүний баруун дагз хэсэгт сандлаар цохисон цохилтын улмаас үүссэн болох нь тогтоогдсон .
Шүүгдэгч С.Ц, Д.Б нар нь С.Тыг бүлэглэн зодох талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч С.Т Д.Б нар нь харилцан зодолдож, тухайн зодоон бүрэн төгсөөгүй байхад гуравдагч этгээд буюу С.Ц нь С.Тыг цохисон нь нотлогдсон тул С.Ц, Д.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэхээр байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив“ гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр тайлбар, дүгнэлтдээ : “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг бичсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах үед С.Тын гэрт 5 хүн байсан нь нотлогдсон байдаг. Эдгээр хүмүүсийн 4 хүн нь хоорондоо харилцан зодолдсон. С.Ням-Осор нь С.Цийн толгойн ар дагз хэсэгт сандлаар цохисноос болж тэдгээр нь маргалдаж, зодолдож эхэлсэн.
С.Ц-ийг хамгаалж Д.Б нь С.Н-ыг зодсон. Б.Н, Д.Б хоёр нь С.Т-ын гэрийн гадна маргалдаж байх үед С.Т нь согтоод унтаж байгаад сэрээд салгах гэж оролдож эхэлсэн. Б.Н-ыг Д.Б-ээс салгах гэсэн С.Т-ын идэвхтэй үйлдлийн улмаас Д.Б, С.Т хоёр нь хоорондоо зодолдсон үйл баримт хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Н нь С.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Т нь Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Д.Б, С.Ц нар нь бүлэглэн С.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Б, С.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн зодооны үед идэвхтэй үйлдлээрээ нэгдэж С.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр С.Т-ын эрүү тус газарт учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.Бийн цохилтын улмаас учирсан гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ Д.Б нь С.Тын эрүү тус газарт нь цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь үргэлжилж зогсохгүйгээр маргалдаж байх явцад араас нь С.Ц ирж С.Т-ыг сандлаар цохисон тул тэдгээрийг үйлдлээрээ нэгдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Тын анхаарал сэрэмж нь Д.Б-тэй маргалдан зодолдож байх үед сарниагүй байсан бол С.Цийн хууль бус довтолгооны улмаас С.Т нь толгой руугаа сандлаар цохиулахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан.
Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл буюу С.Ц, Д.Б нарын үйлдлийг яагаад өөрчилсөн талаарх дүгнэлтийг хийсэн байдаг. Уг дүгнэлтэд хохирогч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэсэн гэж үзсэн. Шүүгдэгч Д.Б, С.Ц, Б.Н, С.Т нар нь дөрвүүлээ хохирогчоор тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэнээс ч хохирогчоор мэдүүлэг аваагүй. Яагаад гэвэл хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй оролцогч учраас өөр статустай субъект.
Үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасныхаа дараа худлаа мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Улсын яллагчийн зүгээс эдгээр хүмүүсээс хохирогчоор мэдүүлэг авъя гэсэн саналыг гаргаагүй. Шүүгдэгч нараас хохирогчоор мэдүүлэг авах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авахдаа шүүгдэгчийн хувьд нь мэдүүлэг авах хэлэлцүүлэг өрнөсөн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б нь С.Тын эрүү тус газар цохиж хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл, С.Ц нь сандлаар толгойн ар дагз хэсэгт цохисон үйлдэл хоёр нь хоорондоо шалтгаант холбоо байхгүй. Энэ нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоох ёстой. Энэ гэмт хэрэг нь хувийн таарамжгүй харилцаатай хүмүүс үйлдлээ хянах чадваргүй болтлоо архидан согтуурсны улмаас харилцан зодолдсоноос болж үүссэн. Шүүгдэгч Б.Н нь би зодооныг эхлүүлээгүй гэдэг зүйлийг ярьсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Н нь С.Ц-ийн толгой руу сандлаар цохисноос энэ зодоон эхэлж, С.Ц, Д.Б хоёр нь хоорондоо маргалдаад зогсож байх явцад С.Ц нь С.Т-ын толгой руу цохисон үйлдлээр төгссөн.
Иймд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна.
7. Шүүгдэгч С.Цийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “С.Ц болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг нь дэмжиж байна. Шүүгдэгч С.Цид шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх энэ ялыг оногдуулахдаа шүүгдэгчийг хийсэн хэрэгтээ гэмшээгүй байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Гэтэл шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үзэж хүндрүүлж байгаа нь хуульд заагаагүй үндэслэлээр С.Цийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдол гаргасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. С.Ц нь шүүхээс гэм буруутай гэж үзсэн цагаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан 3 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.
С.Ц нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа зүйлчлэлийн талаар маргаагүй, хувийн байдалтайгаа холбогдуулан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж гомдол гаргасан.
Шүүгдэгч С.Ц нь хувийн байдлын хувьд 54 настай, эхнэр нь 2012 онд нас барсан, өрх толгойлсон эцэг, 5 хүүхэдтэй, хүүхдүүдээ асран хамгаалж өдий зэрэгтээ хүргэсэн. Мөн багийн Засаг даргаар зургаан жил тасралтгүй ажилласан.
С.Ц-ийн том хүүхэд нь Энэтхэг улсад суралцаж байгаа, дараагийн охин нь Соёл урлагийн их сургуульд сурдаг, хамгийн бага хүүхэд нь Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд суралцдаг. Энэ 3 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг.
С.Ц-ийн хувьд урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Биеийн эрүүл мэндийн хувьд зүрх судасны өвчтэй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа урьдчилан хорих байранд байхдаа бие нь муудаж 2023 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 08-ны хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн.
С.Ц нь хүүхдүүдийнхээ сургалтыг төлбөрийг хариуцан төлдөг бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлбэл сургалтын төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 5 хүүхдийнх нь 1 нь тусдаа гарсан, нэг хүүхэд нь хөдөө мал малладаг.
Шүүгдэгч С.Ц-ид оногдуулсан ялыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн учраас хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Сая шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтад С.Ц ах, дүү есүүлээ, ах, дүү нараас нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан хүн байхгүй. С.Цийн 4 дэх эгч түүнийг хорих ял авсныг мэдээд сэтгэл санааны хямралд орсны улмаас нас барсан. Энэ талаарх баримтаа гаргаж өгсөн.
Мөн шүүгдэгч нь өөрийн гэсэн 150 тоо толгой мал хөрөнгөтэй бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар торгох ял оногдуулах боломжтой. С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.
Улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж бодож байна. С.Ц, Д.Б нарыг С.Т-ыг бүлэглэн зодож, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналыг гаргасан. Гэтэл хэрэгт С.Ц, Д.Б нарыг үйлдлээрээ нэгдэж С.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх баримт авагдаагүй байдаг. Энэ хэрэг нь нэг цаг хугацаанд болсон боловч Д.Б-ийн хувьд С.Т-ын биед халдаж дууссаны дараа, дараагийн үйлдэл нь эхэлдэг. Тэгэхээр үйлдлээрээ санаатай нэгдсэн, хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих, торгох гэсэн 2 төрлийн санкцтай байдаг. Тухайн хүн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, цаашид С.Тын эмчилгээнд гарах зардлыг төлөхөө хэлсэн. Шүүгдэгч нь мал хөрөнгөтэй, ажил хөдөлмөр хийдэг учраас торгуулийн ялыг биелүүлэх боломжтой.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
8. Шүүгдэгч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би С.Т-ыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдэж С.Тын биед гэмтэл учруулсандаа харамсаж, гэмшиж байна. Миний бие нь өвчтэй, байнгын эмчийн хяналтад байдаг учраас надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж давж заалдах гомдол хүсэлт гаргасан. С.Тд учруулсан хохирлоо төлсөн. Цаашид эмчилгээнд нь гарах зардал, хохирол төлбөрийг боломжоороо төлнө. Надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн, С.Ц, Д.Б, С.Т, Б.Н нарт холбогдох, 2235000000119 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
3. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, С.Ц, Б.Н, С.Т нарыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт С.Тын гэрт архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдан зодолдож, Д.Б, С.Ц нар бүлэглэн С.Тын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн Д.Б нь Б.Нын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Н нь С.Цийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Т нь Д.Бийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Д.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
- шүүгдэгч З овогт С-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Х овогт Д-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Ц овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Л овогт С-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Ц-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн, Б.Н, С.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.
6. Шүүгдэгч С.Ц-ийн : “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх давж заалдах гомдол,
Прокурорын : “С.Ц, Д.Б нар бүлэглэн үйлдлээрээ нэгдэж хохирогч С.Т-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон байхад шүүхээс бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг тус тус хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
6.1. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч С.Ц, Д.Б, С.Т, Б.Н нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлжээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
6.2. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүгдэгч тус бүрийн хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, тэдгээрийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
- шүүгдэгч С.Ц, Д.Б, С.Т, Б.Н нар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Баруун гол” гэх газарт С.Тын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдаж, Б.Н нь С.Цийн толгой руу
сандлаар цохих үед Д.Б нь уурлаж Б.Нын нүүрний хэсэгт гараараа цохисон, улмаар Д.Б, Б.Н нарыг гэрийн гадна гарч, зодолдож байх үед С.Т нь Д.Б-ийн ар талаас толгой руу нь сандлаар цохисон, энэ үед Д.Б нь эргэж хараад С.Тын эрүүний хэсэгт гараараа цохиж, тухайн үед Д.Б, С.Т нар нь “маргаанаа дуусгая” гэж хоорондоо ярилцаж зогсож байх зуур С.Ц нь С.Тын ар талаас буюу түүний толгойн дагз хэсэг руу сандлаар цохисон үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын дээрх зодооны үед Б.Н нь С.Ц-ийн биед хөнгөн гэмтэл, С.Т нь Д.Б-ийн биед хөнгөн гэмтэл, Д.Б нь С.Т, Б.Нын нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл, С.Ц нь хохирогч С.Тын биед хүнд гэмтэл учруулсан нь нотлогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.3. Прокуророос : Хохирогч С.Т-ын биед учирсан хүнд гэмтлийг С.Ц нь шүүгдэгч Д.Бтэй бүлэглэж үйлдсэн гэж үзэж ялласан үндэслэл нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Тухайлбал:
- шүүгдэгч Д.Б анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт : “С.Цийн эхнэр нь нас барсан. Гэмт хэрэгт ял шийтгүүлбэл ар гэрт нь өнчин хүүхдүүд хоцрох учраас би түүнийг өмөөрч “Цэдэндорж нь Тэгшжаргалыг зодоогүй” гэж мэдүүлж, Цэдэндоржийн өмнөөс хэрэг хүлээж байсан юм. Би Тэгшжаргалын эрүү рүү цохиход Тэгшжаргал “Батсүх ахаа, одоо больцгооё” гэж хэлээд бид хоёр хоорондоо ярилцаад зогсож байсан. Тэгтэл Цэдэндорж нь С.Тын ар талаас дагз руу нь сандлаар цохиход тэр миний хөл завсар газарт унасан. Тэгшжаргал нь толгойн ар дагз хэсэгтээ сандлаар цохиулаад намайг түшиж барьж чадалгүй мөргөөд унасан. Би бас бариад авах санаатай зүтгэсэн боловч амжилгүй миний хөл завсар газарт унасан. Үнэнийг хэлэхэд, Цэдэндорж нь Тэгшжаргалыг сандлаар цохисныг би нууж байсан. Цэдэндорж араас нь сандлын хагархай хэсгээр дагз хэсэгт нь цохисон” гэж,
- С.Т анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт : “Миний гар гэмтэлтэй учир хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг. Энэ муу гараараа ажил хөдөлмөр хийдэггүй, тухайн үед солгой гараараа Батсүх ахыг цохьсон. Тэгээд Батсүх ах бид хоёр “ за одоо больцгооё” гээд ярилцаад зогсож байтал тас хийх дуу гараад би газар унасан. Газар унаснаас хойш юу болсныг би мэдэхгүй байна. Тухайн үед манай багийн засаг дарга Цэдэндорж нь миний ар талд зогсож байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй. Миний араас миний дагз руу Цэдэндорж нь цохиж, би ухаан алдсан юм. Нэг мэдэхэд эмч, цагдаа нар ирчихсэн байсан. Маргааш өглөө нь Цэдэндорж манайд ирээд надад “мэдүүлгээ аятайхан өгчихөөрэй” гэж хэлсэн гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр мэдүүлгийг няцаах, үгүйсгэх өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь С.Тын нүүрний урд хэсэг буюу зүүн эрүү рүү цохисны дараа Д.Б, С.Т нар нь маргаанаа дуусган зогсож байх үед С.Ц нь С.Тын ар талаас буюу толгойн дагз хэсэг руу цохисны улмаас түүний тархинд хүнд зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.
Хэрэгт, шүүгдэгч С.Цийн хохирогч С.Тын толгойн дагз хэсэг рүү сандлаар цохиж унагасан үйлдэлд Д.Б нь аливаа хэлбэрээр буюу үгээр, үйлдлээр дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Тын эсрэг чиглэсэн үйлдлийг хийсэн буюу түүний хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл төгссөний дараа шүүгдэгч С.Ц нь дангаараа хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан санаатай үйлдэл хийсэн, уг үйлдэлд Д.Б хамтран оролцсон нь нотлогдоогүй байх тул тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, С.Тын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Мөн хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч С.Цийн хохирогчийн толгойн ар дагзанд сандлаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
7. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч С.Цийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд хорих ялыг сонгож оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй ба шүүхээс сонгож оногдуулсан ялын төрөл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэж, торгох ял оногдуулж өгнө үү гэх шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч С.Цийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
7. Шүүгдэгч С.Ц нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын 3 дугаар заалтын: хоёр жил зургаан сар хорих ял гэснийг хоёр жил хорих ял гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 02 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ