Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02244

 

 

 

 

 

 

 

 

 

Б.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02646 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.З-гийн хариуцагч С.А-, У.М- нарт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч С.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 сарын 02-ны өдөр Б.З- нь С.А-, У.М- нартай харилцан тохиролцож, Баянгол дүүрэгт байрлалтай “Стелла” төвийн доод давхарт 25 м.кв талбайтай подвалийг сарын 250 000 төгрөгөөр сар бүр төлбөрийг төлөхөөр амаар түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед С.А- нь талбайг гэрэл зургийн студийн зориулалтаар ашиглахаа мэдэгдэж 8-10 сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлсөн. Харин 2019 оны 11 сараас 2020 оны 02 сар хүртэл нийт 4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Б.З- нь У.М-, С.А- нарт бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд цагаан сарын дараа буюу 2020 оны 02 сарын 26-ны өдөр төлж дуусгана, түр хүлээгээч гэсэн хүсэлт гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй учир С.А-, У.М- нараас 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 сарын 02-ны өдөр зургийн студи ажиллуулах зорилгоор Золхайрхан Стелла төвийн подвалийг түрээслэхээр н.Төмөртуяа гэдэг хүнтэй бичгээр гэрээ байгуулсан. Гэрээг 1 хувь үйлдээд н.Төмөртуяа авсан. Б.З- гэдэг хүнтэй түрээсийн гэрээ амаар байгуулаагүй, танихгүй. Ингээд гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсийн обьектод засвар хийж, 2019 оны 8 сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түрээсийн гэрээг 2019 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байгуулсан, дуусгавар болсноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Харин тавилга, эд хогшлоо авч чадаагүй. Түрээсийн төлбөр чинь нэмэгдэнэ гээд байхаар нь 2020 оны 3 сард н.Төмөртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал нартай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулах гэтэл өмнө байгуулсан гэрээ нь байхгүй, төлбөр төлөх гэрээ хууль бус гээд баталж өгөөгүй. Ингээд би өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авахад түрээсийн төлбөр төлөх шаардлагагүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч У.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Золхайрхан Стелла төвийн 25 м.кв подвалийн өрөөг түрээсэлж байгаагүй бөгөөд тухайн үед найзалж байсан С.А-гийн зургийн студид хааяа очдог байснаас өөр хамааралгүй, тухайн байгууллагын өмчийг хариуцаж хүлээж аван түрээсийн төлбөр зүйлсийг хариуцах хүн биш гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.А-, Б.Мөнхбилгүүн нараас 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.З-г төлөөлж О.Баяржаргалын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаа зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулиар олгогдсон зохигчийн эрхийг хязгаарласан, процессийн алдаа гаргасан. Хэрэг хянан хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахын тулд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авахаас татгалзаж, хэргийг цааш үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч Б.З-гийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах хуулиар олгогдсон эрхийг нь олголгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “... Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.А-, Б.Мөнхбилгүүн нараас 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.З-г төлөөлж О.Баяржаргалын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан С.А-, Б.Мөнхбилгүүн нарын гараар бичиж өгсөн түрээсийн төлбөр төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримтаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн нь нотлогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан, уг эрхийг эдлүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.З- нь хариуцагч С.А-, У.М- нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч С.А-, У.М- нар нь 2019 оны 8 сарын 02-ны өдөр түрээсийн гэрээг амаар байгуулан, Баянгол дүүрэгт байрлалтай, “Стелла” төвийн доод давхарт 25 м.кв талбай бүхий подвалийг сарын 250 000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд 2019 оны 11, 12, 2020 оны 01, 02 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр 1 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна” гэсэн бол хариуцагч С.А- татгалзалдаа “түрээсийн гэрээг н.Төмөртуяатай бичгээр байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгч Б.З-тай гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч У.М- нь “нэхэмжлэгч Б.З-тай түрээсийн гэрээ байгуулсан асуудал байхгүй, С.А-гийн зургийн студид хааяа очдог байснаас өөр хамааралгүй” гэж тус тус тайлбарлажээ. /хх-ийн 16-17-р тал/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх бөгөөд хариуцагч С.А-, У.М- нар нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.З- нь хариуцагч нартай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй.

Хэргийн 6 дугаар талд “Стелла төв арын подвалийн төлбөрийг 2 сарын 26 буюу шинийн 03-нд төлж, дуусгавар болгоно. (11, 12, 01, 02) сарын түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг төлнө” гэж бичиж хариуцагч У.М- гарын үсгээ зурсан байх боловч уг баримтад төлбөрийг хэнд төлөх талаар буюу хэний өмнө уг үүргийг хүлээсэн болох нь тодорхой бус байна.

 

Иймд зөвхөн дээрх баримтад үндэслэн, нэхэмжлэгч Б.З- хариуцагч С.А-, У.М- нартай түрээсийн гэрээ байгуулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцнэ. Харин гэрээ байгуулсан этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн холбогдох этгээдэд шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг хууль зүйн туслалцаа авч, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж заасан боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 6 сарсан 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 9 сарын 16-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус өдөр өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах боломжтой, энэ эрхээ эдлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ