Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 000026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ц.Б

Шүүгдэгч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 1725000000268 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой ХХХХХХ ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овогт Г-ын М

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 12 сарын 03-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 сарын 03-ны өдөр 6 микрт эхнэртэйгээ 2 талаасаа уулзаад гэртээ очих замдаа бид 2 маргалдаж эхнэрээ цүнхээрээ цохисон. Мөн алгадаж зодсон. Би тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би урьд нь 1 удаа алгадаж байсан. Тэрнээс зодож барьж байгаагүй. Миний буруу, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Бид 2 амьдраад 7 жил болж байна гэсэн мэдүүлэг

 

-Хохирогч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 сарын 03-ны өдөр ажлаасаа гараад найз Э-тэй уулзсан. Орой нь 21 цагийн үед нөхөртэйгээ уулзаад гэр рүүгээ явах замдаа маргалдаж муудалцсан. Бид 2 ингэж урьд нь маргаж байгаагүй. Бид 2 архи уусан үедээ маргалддаг. Тэрнээс эрүүл үедээ ийм зүйл гаргадаггүй. Одоо нөхөр маань надаас уучлалт гуйсан. Одоо бидний амьдрал хэвийн байгаа. Тэр өдөр цүнхээр нуруу руу цохисон. Тэгээд гэрт орж үргэлжлүүлж хэрэлдэж би хүзүү нүүрийг нь маажихад намайг цохиж унагаасан. Тэгээд би гараад явсан. Би тэр үед пиво уусан байсан. Ер нь бол дахиж ийм үйлдэл гаргахгүй байх гэж бодоод цагдаад өргөдөл өгсөн. Одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч П.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд би гэр лүүгээ хариад орой амрах гээд хэвтэж байхад танихгүй дугаараас залгахаар нь автал Б байсан. Би юу болсон талаар асуухад Б бид 2 хэрүүл хийгээд намайг зодох гээд байхаар нь найз нь гэрээсээ гараад ирлээ гэж ярьсан. Тэгэхээр нь би Б-аас одоо чи хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Б хорооллын эцэст байна гэж хэлэхээр нь би явж очиж аваад гэртээ хонуулсан. ...манайд ирэхэд хохирогч Б-ын зүүн талын эрүүн тус газар нь хөхөрчихсөн байсан. Нуруу нь улайчихсан харагдаж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

 

-Гэрч Г.Орхонтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Түүний гар цүнх нь цасан дээр унасан байсан. Дүү М хашааны хаалга хааж байсан. Би очоод юу болоод байгаа юм бэ гээд Б-ын цүнхийг нь аваад та нар гэртээ орооч гэж хэлээд өөрийнхөө гэрт орсон. М-гийн хоёр хүүхэд манай гэрт байсан юм. М Б хоёр цуваад гэртээ орж байсан. Би гэртээ ороод чимээ чагнаад байсан чинь М чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод гараад байшин руу ойртож байгаад цонхоор харахад Б гэрээсээ гарах гээд байгаа бололтой, М хаалгаа хаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би гайгүй юм байна даа гэж бодоод эргээд орсон. Үүнээс хойш дуу чимээ нь гайгүй болсон гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,

 

-Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М. Б хоёр гэр луу явсан. Хэсэг байж байгаад миний эхнэр гэртээ хариад байж байя гээд явсан. Би найз нартайгаа хамт байж байгаад 00 цаг өнгөрч байхад гэртээ найз Б-ын хамт очсон чинь Б манай гэрт ирсэн байсан. Тэгэхээр нь юу хийж яваа юм бэ, юу болсон бэ, М та хоёр гэртээ хариагүй бил үү гэсэн чинь танай найзтай муудалцсан, танай найз намайг цохиж зодлоо гэсэн. Би тэгээд унтаад өгсөн. Б, Э хоёр хамт унтсан. Маргааш өглөө нь босоод харахад Б-ын зүүн талын эрүүн доогуур ясаа дагаад хөхөрсөн байсан. Миний эхнэр Э надад Б-ын зүүн дал орчим хөхөрсөн байна гэж ярьж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 28 дугаартай дүгнэлтэнд:                

1. Ц.Б-ын биед тархи доргилт, зүүн чихний дэлбээ, түүний урд хэсэг, баруун шуу, зүүн бугалга, хэвлийд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамраагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 32 ху /

 

-Г.М-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-39 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 ху/

              -Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 52-58 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.М нь 2017 оны 12 сарын 03-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 24-01 тоот эхнэр Ц.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ц.Бын “...Тэр өдөр цүнхээр нуруу руу цохисон. Тэгээд гэрт орж үргэлжлүүлж хэрэлдэж би хүзүү нүүрийг нь маажихад намайг цохиж унагаасан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Э /хх 9-10 ху/, Г.Орхонтуул /хх 22-23 ху/, Г.Энхболд /хх 20-21 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбээ, түүний урд хэсэг, баруун шуу, зүүн бугалга, хэвлийд цус хуралт үүссэнийг тогтоосон 28 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас, хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Г.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА