Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

    М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Турдыбек, яллагдагч М.Б, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/67 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, М.Б-д холбогдох, 2235002060015 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн ..оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар нэг жил хорих ялаар шийтгэж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х овогт М-ын Б /РД:.

Холбогдсон хэргийн талаар:

1. Яллагдагч М.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сум хариуцсан газрын даамлаар ажиллахдаа Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Увс чацаргана” ХК-ийн зүүн талд байрлах газар нь Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй байхад бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж тус газарт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Б.Б-д 4989 м.кв газрыг жимс, жимсгэний усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр А/145 дугаартай захирамжаар олгуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс яллагдагч М.Б№ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 лны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/67 дугаар “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

- Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн 2235002060015 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

-яллагдагч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ : “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч М.Б нь Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр А/145 дугаартай захирамжийг газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гэж, газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136 тоот газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай тогтоолыг үндэслэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1,29.2, 29.3- т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэснийг тус тус зөрчиж газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Б.Б-д 4989 м.кв газрыг жимс, жимсгэний усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Улаангом сумын Засаг дарга Ц.П нь иргэн Б.Б-д газар эзэмшүүлэхээр газрын даамал М.Бтэй урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “ Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ ”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ” гэж заасан.

Улаангом сумын Засаг дарга Ц.П-ын үйлдэлд дээрх үйлдлийн аль аль нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.

Иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжийг газрын даамал М.Б нь газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гэж танилцуулснаар гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн шинжтэй боловч их хэмжээний хохирол учраагүй тул гэмт хэргийн шинжгүй болно.

М.Б нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор өөрийн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Батцэндэд газар олгохдоо газрын мэдээллийн санд зөрүүтэй оруулсан мэдээллийг засварлах гэж захирамж төлөвлөн газар олгосон үйлдэл нь зөвхөн Баттөгсөд холбогдох үйлдэл байна гэж дүгнэсэн.

Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П-ын үйлдэл нь шүүгчийн захирамжид дурдсанаар захирамжийн үндэслэлийг хянах, үнэн зөвийг хариуцах үүрэгтэй албан тушаалтан боловч энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй боловч их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Ийм учраас Ц.П-ын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Иргэн Батцэндэд газар олгохдоо Баттөгс нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газар олгосон гэж дүгнэсэн.

...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна. Иймд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр нотлогдон тогтоогдоогүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийх үндэслэл байхгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/67 дугаар “ Хэргийг прокурор буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/ 67 дугаар “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч М.Б-д холбогдох, 2235002060015 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх М.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.             

3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.

3.1. Хэрэгт, Улаангом сумын Засаг дарга Ц.П-ын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/15 дугаар захирамжаар  Улаангом сумын 11-р багийн иргэн Б.Б-д Улаангом сумын 1-р багийн нутаг, Увс чацаргана ХК-ийн талбайн зүүн талд байрлах, 4989 мкв газрыг жимс, жимсгэний усалгаатай тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгохдоо Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон байна. 

Прокуророос иргэн Б.Б-д дээрх байдлаар газар эзэмшүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, тухайн үед Улаангом сум хариуцсан газрын даамлаар ажиллаж байсан М.Бийг уг газар нь сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг мэдсээр байж, Улаангом сумын Засаг даргын захирамжаар Б.Б-д эзэмшүүлэхээр олгуулсан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт тухайн үед Улаангом сумын Засаг даргаар ажиллаж, уг газрыг Б.Б-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан Ц.П-ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.2. Прокуророос М.Б-д холбогдуулан үйлдсэн, 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 24 дүгээр яллах дүгнэлтэд Ц.Пүрэвжав /Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...захирамжийг харахад Б.Батцэнд гэх хүн урьд нь газар эзэмшсэн байсан ба түүний газрын зөрчлийг арилгахаар аймгийн ИТХ-ын 2015 оны А/136 тоот тогтоолыг үндэслэн газрын кадастрын санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гаргуулсан захирамж гэж харагдаж байна.Түүнээс биш шинээр газар эзэмшүүлэх захирамж байсан бол Газрын тухай хууль болон сумын ИТХ-аас баталсан тухайн оны газар зохион байгууллалтын төлөвлөгөөг үндэслэсэн байх ёстой.Тэгээд ч захирамж дээр зөрчил арилгах гэж тусгайлан бичсэн байна.Газрын зөрчил арилгах, эрх шилжүүлэх захирамж гарахад тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байхыг шаардахгүй. Тухайн иргэн урьд нь газар эзэмшсэн гэрчилгээ, шийдвэр нь гарсан байсан тул түүний газрын талаарх мэдээлэл кадастрын санд зөрүүтэй орсон байсан тул энэ захирамжийг гаргасан гэж харагдаж байна “ гэх мэдүүлгийг тусгаж, яллах талын нотлох баримтаар үнэлсэн байх боловч уг мэдүүлгийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй байна.          

Тухайлбал, иргэн Б.Б-д дээрх газрыг  эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гэх үндэслэлийг заасан байх боловч уг үндэслэлийг нотолсон  баримт хэрэгт авагдаагүй, мөн иргэн Б.Батцэнд уг газрыг өмнө нь эзэмшиж байсан, мөн эрх шилжүүлэх болон эрх залгамжлалын журмаар шилжүүлж авсан эсэх, түүнчлэн газрын кадастрын мэдээллийн санд тэрээр газар эзэмшиж байсан талаар бүртгэл хийгдсэн байсан эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүй байна.          

4. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа : “Иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаартай захирамжийг газрын даамал М.Б нь газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор гэж танилцуулснаар Засаг дарга Ц.Пүрэвжав нь гарын үсэг зурж баталгаажуулсан, уг гэмт хэрэгт Ц.Пүрэвжав нь М.Бтэй урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж тайлбарлаж байх боловч энэ үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.  

Түүнчлэн М.Б нь ямар, арга хэлбэрээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын байдлаа урвуулан ашигласан, эсхүл албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон уу гэдгийг тогтоох нь хэргийн бодит байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.    

5. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж  давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, прокурорын “ ...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/49 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН      

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ