Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02246

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02175 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ц-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00221 дугаар захирамжаар Б.Ц-, Б.Г- нараас 54 522 136 төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009751 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамж, 386 тоот хувийн орон сууц, газрын хамт 47 036 000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014154 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж,  577-б тоот хувийн сууц, хашааны хамтаар 16 087 500 төгрөгөөр үнэлсэн талаар 2020 оны 6 сарын 09-ний өдөр мэдэгдсэн байдаг. Уг үл хөдлөх хөрөнгүүдийг бидний зүгээс нийтэд нь 100 000 000 төгрөг байхаар үнийн санал өгсөн. Мөн тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ хэмжилт хийгээгүй, үнэн зөв үнэлээгүй нь өргөтгөл хийсэн болон өрөө хоорондын талбайг нийлүүлэн өөрчилснөөс хамаарч ашигтай талбай ихэссэн, ашигтай байрлал гэх зэрэг хөрөнгийн үнийг бус төлбөрийн хэмжээг харгалзан үнэ гаргасан байна гэж харахаар байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг үндэслэн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00221 дугаар захирамжаар Баатархүүгийн Цэцгээ, Баянгийн Гэрэлчулуун нараас 54 522 136 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 215 280 төгрөгийн хамт гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Ц-гийн өмчлөлийн Ү-2202009751, Г-2202003088 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 386 тоот хашаа байшинг 2019 оны 5 сарын 05-ны өдрийн 19300316 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, Т.Оюунчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020643 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамж 577/6 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 19300316/35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Төлбөр төлөгч Б.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 386 тоот хашаа байшинг 2020 оны 5 сарын 16-ны өдрийн 19300316/21 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор, Т.Оюунчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020643 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамж, 577/6 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 сарын 16-ны өдрийн 19300316/20 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн байна. Төлбөр төлөгч Б.Ц- өөрийн өмчлөлийн хашаа байшинг 75 000 000 төгрөгөөр Б.Оюунчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 52 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн саналыг өгсөн. Б.Оюунчимэг өөрийн өмчлөлийн Ү-2202020643 дугаартай Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамж 577/6 тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн саналыг өгсөн байна. Төлбөр төлөгч Б.Г- нь төлбөр төлөгч Б.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 75 000 000 төгрөг, Б.Оюунчимэгийн үл хөдлөх эд хөрөнгөнд 30 000 000 төгрөгийн үнийн саналыг өгсөн бөгөөд дээрх саналыг төлбөр авагч “Хас банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 5/310 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг, мөн өдрийн 5/313 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нарыг томилсон байна. “Файн эстимэйт” ХХК 2020 оны 6 сарын 08-ны өдөр Б.Ц-гийн өмчлөлийн Ү-2202009751, Г-2202003088 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 386 тоот хашаа байшинг 47 036 000 төгрөгөөр, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК 2020 оны 6 сарын 10-ны өдөр Т.Оюунчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020643 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамж 577/6 тоот хувийн сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг 16 087 500 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад дээрх үнэлгээг 2020 оны 6 сарын 09, 10-ны өдрүүдийн 4/22963, 4/22868, 4/22867,4-122/22964 дугаартай албан бичгээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн анхны дуудлага худалдааны 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 7/70 тоот, 2 дахь дуудлага худалдааны 2020 оны 7 сарын 21-ний өдрийн 8/30 тоот тогтоолыг хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад гардуулан өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дах заалтын дагуу үнэлгээг мэргэжлийн шинжээч гаргадаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 2157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ тус үнэлгээ хийсэн компани хэт доогуур үнэлсэн байна гэж маргасан. Учир нь барьцааны зүйл яг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа барьцааны үнээр таарч байгаа нь хачирхалтай, тус үнэлгээ хийсэн үл хөдлөх хөрөнгийг ашигтай талбай маргаан бүхий байгаа тохиолдолд ахин хэмжилт хийлгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тусгасан мкв байна гэж худал үнэлсэн явдал юм. Анхан шатны шүүх уг асуудлыг хуулийн хүрээнд байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх уг асуудлаар шийдвэр гаргахдаа дүн шинжилгээ хийдэггүй зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой гэж үздэг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн бусад асуудлыг дүгнэн үздэггүй байдал, урдаас хөтөлбөргүй шийдвэрээ гаргасан байдал зэргээс хамаарч шийдвэр гүйцэтгэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж, тухайн зөрчлийг шүүх хамгаалан гардаг байдал газар авсанд иргэний зүгээс маш их гомдолтой байна. Жич мкв маргаан бүхий байгаа тохиолдолд тусгай хэмжилт хийх зөвшөөрөл бүхий компанийг бусдын үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаанд татан оролцуулах хэмжилтийг маргаангүй болгох үүрэг байдаг. Хэрэв үнэлгээ хийх эрх бүхий компани нь хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй бол шүүхэд буюу эсвэл шийдвэр гүйцэтгэх газар энэ зөвшөөрлөө өгч нотлох үүрэгтэй. Иймд дээрх асуудлыг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

     

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00221 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.Ц-, Б.Г- нараас 54 522 136.12 төгрөгийг гаргуулан “Хас банк” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх-ийн 39-43-р тал/

 

Төлбөр төлөгч Б.Ц-, Б.Г- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Хас банк” ХХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 сарын 21-ний өдөр 72 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 36-р тал/

 

Хариуцагч Н- нь төлбөр төлөгч Б.Ц-, Б.Г- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 6 сарын 05, 2020 оны 4 сарын 14, 2020 оны 4 сарын 16-ны өдөр хүргүүлж, 2019 оны 5 сарын 05-ны өдөр барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Б.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамж, 0386 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009751 дугаарт бүртгэлтэй, 96 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202003088 дугаарт бүртгэлтэй 377 м.кв газрыг битүүмжилж, 2020 оны 5 сарын 16-ны өдөр хураасан,

2020 оны 4 сарын 14-ний өдөр Т.Оюунчимэгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж, 577б тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020643 дугаарт бүртгэлтэй, 32.5 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202014154 дугаарт бүртгэлтэй, 300 м.кв

газрыг битүүмжилж, 2020 оны 5 сарын 16-ны өдөр тус тус хураасан байна. /хх-ийн 51-63-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Б.Ц- нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг 75 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Б.Г- нь нэхэмжлэгч Б.Ц-гийн өмчлөлийн хувийн сууц, газрыг 75 000 000 төгрөгөөр, Т.Оюунчимэгийн өмчлөлийн хувийн сууц, газрыг 30 000 000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т.Оюунчимэг нь хувийн сууц, газрыг 50 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч “Хас банк” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-66-71-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 5/310 тоот тогтоолоор нэхэмжлэгч Б.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамж, 0386 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009751 дугаарт бүртгэлтэй, 96 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202003088 дугаарт бүртгэлтэй 377 м.кв газрыг үнэлүүлэхээр “Файн-Эстимэйт” ХХК-ийг,

2020 оны 5 сарын 29-ний өдрийн 5/313 тоот тогтоолоор иргэн Т.Оюунчимэгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж, 577б тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020643 дугаарт бүртгэлтэй, 32.5 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202014154 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 300 м.кв газрыг үнэлүүлэхээр “Сэлэнгэ- Эстимэйт” ХХК-ийг тус тус томилсон байна. /хх-ийн 72, 99-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний “Файн-Эстимэйт” ХХК нь шинжээч томилох тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгийг 47 036 000 төгрөгөөр, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь 16 087 500 төгрөгөөр тус тус үнэлснийг талуудад мэдэгджээ. /хх-ийн 130-137-р тал/

           

            Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

 

                        Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ өөрчлөгдсөн, ашигтай талбай маргаантай байхад хэмжилт хийлгүй үнэлгээ гаргасан гэх боловч энэхүү гомдлыг хангах боломжгүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ өөрчлөгдсөн болон ашигтай талбай нэмэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний “Файн-Эстимэйт” ХХК, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь шинжээч томилох тогтоолд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт заасан “... шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана” гэснийг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног

өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Г.ДАВААДОРЖ