Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/480

 

 

 

 

 2023             5              04                                         2023/ДШМ/480          

 Т.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

хохирогч Н.Г,

шүүгдэгч Т.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2308000000595 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ...........-гийн .., 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ............ мэргэжилтэй, “.........” ХХК-ийн .............. ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ........ дүүргийн .. дугаар хороо, ........ дугаар байр .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ................/.

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, "М" амралтын газарт шалтгаангүйгээр хохирогч Н.Г-ын нүүрэн тус газар толгойныхоо ар дагз хэсгээрээ 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь “баруун доод хоёр шүдний хугарал, нэг шүд эмтэрсэн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 500 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Б нь хохирогч Н.Г-д 520.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Г нь цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Г гарсан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны 2023/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тухайн үеийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэсэн хоёр шүдний хугарал, нэг шүдний эмтэрсэн гэх тогтоолоос гадна, нэг шүд хугарсан нь хувийн эмнэлэг орж рентген зураг авахуулахад тогтоогдсон боловч эмч эмчилгээний дараа дахин зураг авна гэсний дагуу эхний эмчилгээний дараа дахин рентген зураг авахад тухайн шүд нь хугарсан авахуулахаас өөр аргагүй гэдэг нь батлагдсан. Тухайн үед анх шүүх шинжилгээний газар очиход надаас огт рентген зураг аваагүй. Зөвхөн ил харагдаж байсан 2 шүдний хугарал, нэг шүдний эмтрэлээр дүгнэлт гаргасан.

Одоо хугарсан энэ шүдний эмчилгээ болон шүд авахуулсны дараа дахин шүд суулгах эмчилгээ зардлыг Баар нэмж гаргуулж хохирлыг минь барагдуулж өгнө үү. Энэ шүд хугарсан байдлыг Б надтай хамт эмнэлэгээр явж байхдаа өөрийн биеэр рентген зургийг харж, эмчийн дүгнэлтийг хамт сонссон.

Миний цаашид гарах эмчилгээний зардал, эмнэлэгээр өөрийн унаагаар явсан бинзен тос, сэтгэл  санааны хохирол, эмчилгээний дараах эм тарианы төлбөрийг мөнгөн хэлбэрээр нэхэмжилж өгнө үү. Эмчилгээ дор хаяж 4-5 сар үргэлжлэх бөгөөд эмчилгээ бүрэн дууссан хэдий ч 6 сар тутамд эмнэлэгтээ очин үзүүлж, тухайн үед хийгдэх эмчилгээг байнга хийлгэж явах шаардлагатай гэж эмч хэлсэн. Ийм олон сар энэ хүнтэй зууралдан араас нь гуйж явах хүсэлгүй байгаа тул нийт төлбөрөө нэг дор авах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “М” амралтын газарт шалтгаангүйгээр хохирогч Н.Г-ын нүүрэн тус газар толгойныхоо ар дагз хэсгээрээ 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь “баруун доод хоёр шүдний хугарал, нэг шүд эмтэрсэн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “бусдад зодуулж, 3 шүд хугарсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

хохирогч Н.Г-ын“...Би 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажил тараад ажлын хүмүүстэй хамт амралтын газар очъё гээд Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны эцэс өнгөрөөд “М” амралтын газар 21 цагийн орчим очоод хоол хийж идээд, бүгд архи уусан. 2023 оны 3 дугаар сарын 11-ний орой 01 цагийн үед Мй ажлын залуу Гүнчиндагва, Бархас хоёр муудалцаад байж байсан. Б нь Г-ыг өмөөрөөд ширээн дээрээс босоод явсан, би Быг суулгах гээд араас нь тэврээд автал Б нь миний ам хэсэг рүү 1 удаа толгойныхоо ар дагз хэсгээр мөргөсөн. Тэгсэн миний амнаас цус гараад, шүд хугалчихлаа гэж хэлээд орон дээр суугаад цагдаа дуудсан. Би гомдолтой байна, миний 3 шүд гэмтсэнээс 2 шүд хугарч, 1 шүд эмтэрсэн. Энэ шүдээ янзлуулмаар байна. ...” /хх 7/,

гэрч М.Г-ийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын хамт олон ойрхон салхинд гаръя гээд орой 18 цагаас хойш Баруун салааны “М” гэх амралтын газар очоод бүгд хорхог хийж идээд, архи ууцгаасан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрсөн байхад Б, Б хоёр маргалдаад байж байтал Г боль гээд наанаас нь очоод Быг тэврээд салгах гэтэл гэнэт Г “шүд уначихлаа” гээд амнаас нь цус гарсан. Мй ажлын нэг залуу “яав” гэж асуухад, Г нь “Б мөргөчихлөө” гэж байсан. Би Баас “юу болов, та хоёр” гэж асуухад, Б “санаандгүй мөргөчихлөө” гэж хэлсэн. Г-ын биед Б толгой дагз хэсгээрээ хойшоо мөргөж гэмтэл учруулсан. Тухайн үед Б, Б нар маргалдаж муудалцсан, өөр хүн маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ...” /хх 12/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3586 дугаар “...Н.Г-д баруун доод хоёр шүдний хугарал, нэг шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 16-17/,

шүүгдэгч Т.Б-ы яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн төдийгүй түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Н.Г-ын“...Шүдний эмчилгээ болон шүд авахуулсны дараа дахин шүд суулгах эмчилгээ зардал, эмнэлгээр өөрийн унаагаар явсан бинзен тос, сэтгэл санааны хохирол, эмчилгээний дараах эм тарианы төлбөрийг нэмж гаргуулж, хохирлыг минь барагдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс хохирогч Н.Г-ын өөрт учирсан гэм хор, түүнтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, хохирогч Н.Г нь гэм хор, түүнтэй холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Иймд хохирогч Н.Г-ынгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/435 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Г-ынгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                              М.АЛДАР

 

         ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР