Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 192

 

Ц.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар магадлалтай, Ц.Мд холбогдох 1831000000237 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, Т овогт Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, биечлэн эдлэх хэмжээг 120 цагийн хугацаагаар тогтоож, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажлыг цалин хөлс олгохгүй хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний болон бусад зардлаа шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ч.О нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Цолмонгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Давж заалдах шатны шүүхээс “Ц.Мд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий эсэх нь тодорхойгүй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтний 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон шинжээч томилсон тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай дүгнэлтийг нотлох баримтын үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ...”, 7 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцох...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Учир нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.А-с гаргасан “...Намайг дээд ангийн сурагч Маралмаа гэх охин зодчихлоо.” гэх гомдол мэдээллийг удирдах албан тушаалтны цохолтоор Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинханд хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 3 өдрийн дотор шалгахдаа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Эрх бүхий албан тушаалтны энэхүү ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж, шинжилгээ хийлгэж болно” гэж заасны дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагаа бөгөөд тухайн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар харъяаллын дагуу шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн 42 дугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой байна.

Иймд Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг удирдлага болгон Б.Аийн биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж, шинжилгээ хийлгэж болно” гэж заасны дагуу хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинханд шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг харъяаллын дагуу хэрэг бүртгэлтэд шилжүүлжээ.

Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ч “хохирогчийн биед тархи доргилт, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан нь тухайн цаг хугацаанд үүссэн ба тархи доргилт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийн чадварыг 5 хувиар алдагдуулна гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчээс энэ талаар тодруулж асуусан мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдэл, учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой болох нь нотлогдсон.

Шинжээч томилсон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид сурч, боловсрол эзэмших эрхийг нь хязгаарлаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгох саналтай байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Ц.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.М нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Аийн нүүрэн тус газарт алгадаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлдийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг багасгаж, нийт 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчилж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд “Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтний гаргасан тогтоолын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 396 дугаартай дүгнэлт гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчсөн, мөн өсвөр насны шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа, хууль ёсны төлөөлөгч Ч.О нарын гаргасан дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх байдлуудад дүгнэлт хийлгүйгээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 396 дугаартай дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 болон 7 дахь заалтуудыг зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинханд нь хохирогч Б.Аийн гаргасан гомдлын дагуу Ц.Мд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, хохирогч Б.Аийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалыг шинжээчээр томилж,  396 тоот дүгнэлт гаргуулжээ.

Хохирогч Б.Аийн биед тархи доргилт, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 396 тоот дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1 болон 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан … шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэсэн заалтыг зөрчөөгүй байх бөгөөд шинжээч нь хохирогчид учирсан гэмтлийг буруу тогтоосон, эсхүл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргаагүй байна.

Ийнхүү өсвөр насны шүүгдэгч Ц.Мгийн хохирогч Б.Аийг алгадсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул хяналтын прокурор тухайн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, Ц.Мг яллагдагчаар татаж, тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа нь хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн тогтоосон гэмтлийн зэргийг няцаан үгүйсгэх үндэслэл байхгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны ... явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ... баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой бөгөөд мөрдөн байцаалтын шатанд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяагийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицер Ж.Лхагважаргалын гаргасан тогтоолыг /хх-84/ буруутгах үндэслэлгүй болно.

Харин өсвөр насны шүүгдэгч Ц.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар болон тэрээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т тус тус заасны дагуу шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах…” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Мд ял оногдуулахгүйгээр “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгах тухай нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2. 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Мд ял оногдуулахгүйгээр “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Ц.Мд авсан хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай” гэсэн заалт тус тус нэмсүгэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                           ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН