Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0726

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0726

Улаанбаатар хот

 

К.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, К.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Б-өөс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын К.Б- намайг Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргууулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч К.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Төрийн албаны тухай болон бусад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулсан байдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 19, сумдын нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нийт дүнгээрээ 8 орон тоогоор цөөрч хасагдсантай холбогдуулж, урьд Сагсай сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.Б /гуравдагч этгээд/, тус сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.Б- /нэхэмжлэгч/ нарын аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж, ажлын байрны орон тоо цөөрсөн ч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан томилох үүрэгтэй.

Энэ талаар тодруулж хэлэхэд

а) нэхэмжлэгч К.Б нь төрийн байгууллагад 24 жил ажилласан бол гуравдагч этгээд К.Б нь түүнээс 3 дахин бага жил ажилласан.

б) нэхэмжлэгч К.Б төрийн албаны шалгалт өгөөд төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хүн. Гэтэл гуравдагч этгээд К.Б нь төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй.

в) Нэхэмжлэгч К.Б нь улсад он удаан жил ажилласан тэр дотроо 24 жил төрийн жинхэнэ албанд ажиллаж ирсэн мэргэшсэн, туршлагатай төрийн жинхэнэ албан хаагч хүн юм. Харин гуравдагч этгээд К.Б нь мэргэжлийн бус, ардчилсан намын харьяалалтай хүн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

г) Хариуцагч байгууллагын шинэ бүтцээс болж маш олон хүн ажлаас үндэслэлгүй халагдаж бүгд шүүхэд хандсан ба бүх хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага яг адилхан юм. Тэдгээр бүх хүмүүсийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдэгдэхэд зөвхөн нэхэмжлэгч К.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хуульд зааснаар “…орон тоо цөөрсөн...” гэдгийг хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг хэлнэ. Мөн хэсэгт заасан “…шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.

Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараар тогтоогдсон.

Тухайлбал, шүүх хуралдаан дээр миний бие хариуцагчаас “…шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ. “Танайх тухайн тохиолдолд хууль заасан журмын дагуу шалгаруулалт явуулсан уу” гэж асуухад тэрээр хариуцагч “…үгүй, явуулаагүй, явуулах шаардлага байгаагүй” гэж хариулсан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлээс /видео/ тодруулж харна уу.

Хариуцагч хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулаагүй атал анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “…Сагсай сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний болон Сагсай сумын халамж үйлчилгээний мэргэжилтний орон тоог нийлүүлж нэг орон тоо болгон цөөрүүлсэнтэй холбогдуулан томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч “...К.Б-ыг ажлын дадлага, туршлага, ажилласан жилийг харгалзан томилсон” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй ба хуулийн дээрх заалттай нийцлээ гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нөгөө талаар хуульд зааснаар ажил олгогч орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхөөр бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч дээрх үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй, хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулах үүргээ биелүүлэлгүй, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 57 дугаар тушаал гаргаж гуравдагч этгээдийг маргаан бүхий орон тоонд шууд томилсон байдаг. Ингэснээр хариуцагч гуравдагч этгээдэд давуу байдал олгож Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 4.2.4, 4.2.5-д заасныг ноцтой зөрчсөн. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч К.Б- нь “...би шилжиж ирсэн газартаа 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж 8, 9, 10 дугаар сарын цалингаа бүтэн авсан ...11 дүгээр сард ажилласан цалин хөлсийг аваагүй ...миний өмнө ажиллаж байсан Сагсай сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр, нэр өөрчлөгдсөн боловч уг орон тооны чиг үүрэг өөрчлөгдөөгүй ...миний ажиллаж байсан буюу маргаан бүхий орон тоонд ямар нэгэн шалгуур, шалгалтгүйгээр К.Б гэгч шинээр томилогдсон ...захиргааны актыг гаргахдаа надад мэдэгдэх, сонсгох зэрэг ажиллагаануудыг хийгээгүй, тайлбар гаргах хугацаа олгоогүй...” гэх зэрэг үндэслэлээр “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Харин хариуцагчаас “...К.Б гэгч хүнийг танихгүй, ажиллуулж байгаагүй ...цалинг нь ажилласан байна гэж дүгнэн тооцож олгож байгаагүй ...ажлын цагийн бүртгэлээ хэнд бүртгүүлсэн, ямар ажил үүрэг гүйцэтгэсэн, ямар албан тушаалтанд тайлагнаж, үүрэг даалгавар, удирдамж чиглэл авч байсан нь тодорхой бус ...Хөдөлмөрийн хэлтсийн дарга 8 дугаар сард ажилчдаа чөлөөлөхөд К.Б явсан байх, ...нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” ажиллахаар тогтоосонтой холбогдуулан урьд ажиллаж байсан “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс” болон “Хөдөлмөрийн хэлтэс” нэгдэж, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болж өөрчлөн байгуулагдсан болох нь тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Хэрэв байгууллагын тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэг хэд хэдэн нөхцөл шаардлагыг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан тус албан тушаалд томилохоор байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас гуравдагч этгээдийг маргаан бүхий ажлын байранд томилох шийдвэрийг гаргахдаа дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, энэ талаар шалгаж тогтоогоогүй буюу өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг тус ажил албан тушаалд томилоогүйн шалтгааныг тодруулаагүй атлаа “...хариуцагч К.Б-ыг ажлын дадлага, туршлага ажилласан жилийг харгалзан томилсон” гэж тайлбарласан нь үндэслэлтэй ба хуулийн дээрх заалттай нийцсэн гэж үзлээ ...2010 оноос хойш маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байсан, дадлага, туршлагатай, төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль бус “шалгаруулалтгүйгээр гаднаас хүн авч ажиллуулсан” гэж үзэх үндэслэлгүй...” гэж “зөвхөн” ажлын дадлага туршлагатай нь холбогдуулан гуравдагч этгээдийг томилсон гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нь үнэлнэ”, “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байх болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.4-д “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай тус тус нийцээгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...2016 оны 8 дугаар сард Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар бий болсноос хойш Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан ажлыг хийж байсан...” гэж, хариуцагчаас “...манайд ийм хүн ажиллагаагүй, цалин олгогдоогүй...” гэж тус тус маргасантай холбогдуулан шүүх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар К.Б-ийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлснээс хойш Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” (Тэтгэмж олгох хүний нэрсийн жагсаалт гэх хавсралт 7-д К.Б гэж тэмдэглэгдсэн) 52 дугаар тушаал болон гуравдагч этгээд К.Б-ыг Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалыг гарах хүртэл тус ажил, албан тушаалын чиг үүргийг хэн гүйцэтгэж байсныг тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргасан үндэслэлд дүгнэлт тайлбар хийгээгүй нь учир дутагдалтай байна.

Зүй нь шүүх хариуцагч нь маргаан бүхий ажлын байранд гуравдагч этгээдийг томилохдоо дээр дурдсан хуулийн шаардлагад нийцүүлэн уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэг үзүүлэлт тус бүрээр шалгаруулалт явуулж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилсон эсэх буюу өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилоогүй нь хуульд нийцсэн эсэх, түүнчлэн хариуцагчаас захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг сонсох, нөхцөлд байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийсэн эсэх зэрэг баримт нотолгоог гаргуулсны үндсэн дээр захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШЗ2017/0147 дугаар захирамжийн[1] тэргүү нь “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” гэсэн атлаа захирамжийн үндэслэх болон захирамжлах хэсэгт “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсугай” гэж зөрүүтэй бичигдсэн, мөн хавтаст хэргийн 57, 61-64 хуудас болон ар тал, 108, 115, 167 дугаар хуудаст судлах боломжгүй баримтууд авагдсан байгааг анхаарвал зохилтойг тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

          

                        ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ