Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 449

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “К*******” ХХК /РД: *******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, Д.С******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо, 

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хорооны ХХЗХ/Т5/Ku-DTH/2014 дугаартай тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох,

Гуравдагч этгээд: “Ю” ХХК /РД: 5*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” болон 2014 оны 18 дугаар тогтоолоор түүнд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Харилцаа холбооны зохицуулах хорооны үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт буюу тэмдэглэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, З.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У*******, иргэдийн төлөөлөгч Д.С******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, өмгөөлөгч Д.С******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласан ХХЗХ/Т5/Ku-DTH/2014 тоот “Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-д “К*******” ХХК нь оролцсон билээ. Зохицуулах хорооноос ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/119 албан тоотоор “К*******” ХХК нь уг сонгон шалгаруулалтад шалгараагүй тухай мэдэгдсэн.

Зохицуулах хорооны вэб хуудсанд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар товч танилцуулга нийтэлсэн байх ба уг сонгон шалгаруулалтыг холбогдох хуулийн заалт болон Зохицуулах хорооны 2014 оны 18 тоот тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн шийдвэр гаргасан тухай мэдээлжээ.

Гэвч 2014 оны 18 тоот тогтоолоор батлагдсан гэх дээрх журам нь Зохицуулах хорооны вэб хуудсанд мэдээлсэн журмын жагсаалтад байхгүй бөгөөд харин уг цахим хуудсанд 2013 оны Зохицуулах хорооноос баталсан 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр журам буюу “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”-ыг оруулсан байна. Мөн хуудсанд уг журмын талаар тайлбарлахдаа 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан гэжээ.

Уг харилцааг зохицуулсан салбарын хууль болох Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл олгох, тухайлбал радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох талаар нарийвчлан зохицуулаагүй, тусгайлсан журмаар зохицуулахаар заасан байх тул “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” нь уг харилцааг зохицуулж буй эрх зүйн гол эх сурвалж болж байна.

Зохицуулах хорооны 2013 оны 61  дүгээр журам, 2014 оны 18 тоот тогтоолоор  түүнд оруулсан өөрчлөлт нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын дагуу батлагдан, чиг үүргийн дагуу Хууль зүйн яамаар хянуулж, бүртгүүлж, нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болох ёстой шийдвэр байна.

Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолыг эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө.

Зохицуулах хороо нь Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.6.3-т заасан хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллага болох “Эрх бүхий этгээд”-д хамаарах субъект юм. Иймд Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.3, 1.4, 1.6.1, 1.6.2, 1.6.3, 1.6.4-т зааснаар 2013 оны 61 дүгээр журам буюу “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”, 2014 оны 18 тоот тогтоолоор түүнд оруулсан өөрчлөлт нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд, эрх бүхий этгээдээс батлах, нийтээр дагаж биелүүлэх журам тогтоосон, гадагш чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр болно.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.9-т “Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх” үүрэгтэй гэж заасны зэрэгцээ мөн журмын 2.5.1-д “Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн дээрх журмын 2.5.2-д “Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” хэмээн Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хүчин төгөлдөр болох явц, үе шатыг тодорхой журамлажээ.

Хууль зүйн яамны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/356 тоот албан бичгээр Зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр журам буюу “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”, 2014 оны 18 тоот тогтоолоор түүнд оруулсан өөрчлөлтийг Хууль зүйн яаманд ирүүлээгүй, хянуулж бүртгүүлээгүй байна. Иймд энэхүү журам нь хүчин төгөлдөр бус байна.

Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралт Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.5.2-д зааснаар “Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй”, 2.5.3-д зааснаар “Хүчин төгөлдөр бус шийдвэрийг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд хариуцна” хэмээн үүсэх үр дагаврыг тодорхой заасан байх тул Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын дагуу хүчин төгөлдөр бус журмыг баримтлан сонгон шалгаруулалт явуулж, манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд шууд хамаарах эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг гаргасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 тоот “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”, 2014 оны 18 тоот тогтоолоор түүнд оруулсан өөрчлөлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“...Сонгон шалгаруулалтыг явуулахдаа ХХЗХ-оос холбогдох журмыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

Тус хорооноос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласан ХХЗХ/Т5/Кu-DTH/2014 тоот "Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын баримт бичиг"-иин хоёрдугаар бүлгийн 2.12.1-д Сонгон шалгаруулалтын төсөл нь энэхүү баримт бичгийн 2.15 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна" гэж, мөн баримт бичгийн 2.26.2-т "Сонгон шалгаруулагч сонгон шалгаруулалтад ялагчид гэрээ байгуулах эрх олгосон тухай, бусад оролцогчдод шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус сонгон шалгаруулалтын төсөл хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө утсан холбоогоор мэдэгдэж, албан бичгээр баталгаажуулна гэж, ХХЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр журам буюу "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулах журам"-ын 3.7-д "Үнэлгээний хороо ...нь ажлын 30 хоногийн дотор     үнэлгээ...”-г зохион байгуулж, үр дүнг Зохицуулах хорооны хуралд танилцуулан эцэслэн шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан.

Гэтэл сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үнэлгээг зохион байгуулж шийдвэрлэх ёстой атал 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн болон өмнө нь утсаар огт мэдэгдэлгүйгээр, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалтад тэнцээгүй тухай “К*******” ХХК-д мэдэгдэж сонгон шалгаруулалтын журам, холбогдох баримт бичигт заасан хууль ёсоор оролцогчдыг үнэлэх журам, хугацааг илтэд зөрчсөн нь оролцогчдын шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэгэнт эрх бүхий захиргааны байгууллагаас үндэслэсэн эрх зүйн гол акт болох уг журам нь хүчин төгөлдөр бус тул түүнд үндэслэн гарсан аливаа шийдвэр нь хууль бус болно.

Тиймээс хүчин төгөлдөр бус салбарын журамд үндэслэсний зэрэгцээ ХХЗХ нь манай зүгээс хүчин төгөлдөр гэж үзэж буй сонгон шалгаруулалтын баримт бичигтээ сонгон шалгаруулалтын хугацааг зөрчсөн ХХЗХ/Т5/Кu-DТН/2014 тоот тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулсан үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг баталгаажуулсан ХХЗХ-ны шийдвэр нь хууль бус байх тул эдгээр дүгнэлт, шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэв.

Нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“...Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан ХХЗХ/Т5/Кu-DТН/2014 тоот "Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх   радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт" явуулах харилцааг зохицуулж, үндэслэл болгосон эрх зүйн акт юм. Харилцаа холбооны зохицуулах  хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  61   тоот  "Радио  давтамж  ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам" (2014 оны 18 тоот тогтоолоор түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх)  нь  Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралт Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр  байгуулсан "Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-ын Үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагад дурдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 тоот "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”-д буюу хүчин төгөлдөр бус журмыг үндэслэн гаргасан байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

ХХЗХ/Т5/Кu-DТН/2014 тоот сонгон шалгаруулалтын дүнгийн тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолыг нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагад дурдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 тоот "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам"-д буюу хүчин төгөлдөр бус журамд үндэслэн гаргасан тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн өмгөөлөгч Д.С******* нь шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэлт тайлбартаа:

“...Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 6 дугаар сарын 18-ны    өдөр 01/914 тоот албан бичгээр тус байгууллагын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журмыг хүргүүлсэн Хууль зүйн яамны 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/2621 тоот албан бичгээр хариуг Хууль зүйн нэгдсэн   бодлогын   газрын  даргаас  хүргүүлжээ. Энэ албан бичигт Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүргүүлсэн  журам нь гадагшаа чиглэсэн шинжийг агуулаагүй тул бүртгүүлэх шаардлагагүй гэж нэгдүгээр хэсэг дурджээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2-т зааснаар энэ хуулийн      4.1-д заасан байгууллагын зөвхөн /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 5-д тодорхойлсон нэр томьёоны тухайд 1.6.1-д "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр" гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг, 1.6.4-д    “Гадагш чиглэсэн" гэж тухайн байгууллагын дотоод зохицуулалтын шинжийг агуулаагүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас заавал дагаж мөрдөхөөр журамласныг ойлгохоор заажээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулсан Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам" нь дээрх хууль, журамд заасан "үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй", "гадагш чиглэсэн" байх нөхцөлийг хангасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр болно. Учир нь энэ журмын зохицуулалтын эрх зүйн үйлчлэл нь ХХЗХ, түүний албан хаагчдын ажил үүргийн зохион байгуулалтын асуудал биш харин радио долгионы тусгай зөвшөөрөл авахыг хүсэгч иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үйлчлэл нь чиглэсэн байна. Харилцаа холбооны тухай хуулийн 12.1.1 болон Радио долгионы тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаар радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийг иргэн, хуулийн этгээдээс бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар зохицуулжээ. Тиймээс тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулах журам нь ХХЗХ-оос гадна орших бусад субъект, тодруулбал хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд шууд үйлчлэхээр байгаа тул дотогшоо чиглэсэн эрх зүйн акт гэж үзэх боломжгүй. Мэдээж ХХЗХ өөртөө тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нь хуулиас тодорхой байна.

Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм  хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.9-д зааснаар "Шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ". Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яам нь уг шийдвэрийг хянах, бүртгэх үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага болно, харин эрх хэмжээний хүрээнд өөрийн үзэмжээр сонголт хийх эрхгүй этгээд юм. Тус журмын 2.4.3-т зааснаар Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь 2.4.1-д заасны дагуу хүргүүлсэн шийдвэр, холбогдох материалыг ажлын арван өдрийн дотор хянаж, дараах арга хэмжээний аль нэгийг авна 

а/ шийдвэр нь энэхүү журмын 1.7-д заасан шаардлагыг хангаж байгаа бол шийдвэрийн албан ёсны эх хувь дээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай тусгай тэмдэглэл хийж баталгаажуулан, шийдвэрийн улсын нэгдсэн санд авна. Бүртгэсэн тухай албан бичиг болон улсын бүртгэлийн дугаар олгож тэмдэглэл хийсэн шийдвэрийн баталгаажуулсан хуулбарыг тухайн эрх бүхий этгээдэд, хамтарч баталсан бол бүх этгээдэд хүргүүлэх;

б/ шийдвэр нь бүхэлдээ буюу түүний аль нэг заалт нь энэ журмын 1.7-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, албан бичгээр хүргүүлэх; 

в/ хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр ирүүлсэн тохиолдолд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй тухай хариу мэдэгдэж буцаан хүргүүлэх.

Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүйн яамнаас 2.4.4-т зааснаар "Энэ журмын 2.4.3-ын "а", "в"-д заасан арга хэмжээг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын, журмын 2.4.3-ын "б"-д заасан арга хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний албан бичгээр тус тус мэдэгдэнэ" хэмээн заасан байна. Хэрэв Хууль зүйн яамны 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/2621 тоот албан бичгийг "хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр ирүүлсэн тохиолдолд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй тухай хариу мэдэгдэж буцаан хүргүүлж" байгаа хэлбэр гэж үзвэл 2.4.4-т зааснаар Төрийн нарийн бичгийн даргын албан бичгээр мэдэгдэх журмыг зөрчиж газрын дарга нь өөрийн гарын үсэгтэйгээр хүргүүлж журмыг зөрчжээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.6.3-т заасан эрх бүхий этгээд хувьдаа тус журмын 2.3.9-д зааснаар "Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан    төрийн  захиргааны  төв  байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх" үүрэг хүлээжээ. Гэтэл яригдаж буй Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос эхэлж 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор батлагдсан байх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 6 дугаа сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолын хавсралтаар нэрийг нь өөрчилж, тусгай  зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам болгон  баталсан байгаа нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.9-д заасан "Эрх бүхий этгээд нь бичвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх" гэснийг зөрчиж даруй 1 жил 6 сарын дараа Хууль зүйн яаманд хүргүүлсэн болохоо зөвшөөрч байна.

Иймээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/2621 тоот албан бичгийн эхний хэсгийн бүрдүүлбэр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байна.

2. Хууль зүйн яамны 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/2621 тоот албан бичгийн хоёр агуулга нь "тусгай зөвшөөрлийг олгохдоо өрсөлдүүлэн шалгаруулах асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.6.2-т заасны дагуу эрх бүхий этгээдэд хэм хэмжээ тогтоох эрхийг олгох асуудлыг холбогдох хуульд тусгуулсаны дараа шийдвэрлэх шаардлагатайг анхаарна уу" гэжээ.

Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.6.2-т зааснаар "Хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэж хуульд заасан тухайлсан асуудлаар нийтээр дагаж биелүүлэх журам тогтоохыг үүрэг болгож, эрх олгосныг хэлнэ хэмээн тодорхойлсон байна.

Радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох талаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар 15.16. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр: 15.16.1. Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. Харин тусгай зөвшөөрөл олгох журмын талаар Харилцаа холбооны газраас албан бичигт иш татсан тус хуулийн 7.4 дэх заалтыг хэрэглэхийн өмнө 7.3 дахь зохицуулалт байгаа эсэхийг нягтлах шаардлагатай бөгөөд 7.3-т зааснаар тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна. Мөн түүнчилэн тус хуулийн 10.1.1-д зааснаар Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох эрх эдэлдэг юм.

Энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах салбарын хууль нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль байна. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Зохицуулах хорооны бүрэн эрх, дөрөвдүгээр бүлэгт зохицуулсан Тусгай зөвшөөрлийн харилцаанд ч Харилцаа холбооны зохицуулах хороонд яригдаж буй "журам" батлах эрхийг олгоогүй байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журамд эх сурвалж болгосон Харилцаа холбооны тухай хуулийн 14.3 дахь заалт "Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно" гэдэг нь уг харилцааг зохицуулах журам гаргах эрхийг хуулиар олгосон заалт биш байна.

Радио долгионы тухай хуулийн 5.2.3-т зааснаар радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл гаргах, радио давтамжийн зурвасыг ашиглах, зөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний эрийн хэмжээ тогтоох журам батлах эрх нь Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газарт олгогдсон байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журамд эх сурвалж болгосон Радио долгионы тухай хуулийн 11.4-т заасан Ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгож болно хэмээх заалт нь тусгай зөвшөөрөл олгох эрхийг Харилцаа  холбооны зохицуулах хорооны эрхийг баталгаажуулснаас бус харин өрсөлдүүлэн шалгаруулах журам батлан гаргаж мөрдүүлэх эрхийг хуулиар олгоогүй байна. Нөгөө талаас Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулийн дагуу байгуулагдсан нийтийн эрх зүйн хүрээнд хувьдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, хуульд нийцүүлэх үүргийг хүлээнэ. Тиймээс өөртөө эрхийг санаачлагаараа олж авах, шинээр үүсгэх боломжгүй билээ.

Тиймээс Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.3-т заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана" хэмээх заалтыг зөрчиж Харилцаа холбооны зохицуулах хорооноос Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журмыг батлан гаргасан байх тул тус журмын 1.4-т зааснаар Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байдлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй юм. Энэ хууль зүйн үндэслэлийг ч мөн Хууль зүйн яамны албан бичигт тодорхой дурджээ” гэв.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, ХХЗХ/Т5/Ku-DTH дугаартай тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Г.Нацагдорж нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, З.А******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан гаргаж буй нийтээр дагаж мөрдөх захиргааны актууд нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэлтэй байдгаас гадна мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хууль, холбогдох бусад баримт бичгийн дагуу тус хорооны вэб хуудсанд байршигддаг болно. Нэхэмжлэгч тал буюу К******* компанийн нэхэмжлэлд дурдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 61 дүгээр тогтоол, 2014 оны 18 дугаар тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөх захиргааны актад хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл энэхүү тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бус, тус хороо нь хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулж, сонгон шалгаруулж олгох вэ гэдэг дотоод асуудлыг зохицуулсан эрх зүйн баримт бичиг юм. Түүнээс биш нийтээр дагаж мөрдөх, нийтэд үйлчлэх, нийтэд үүрэг хүлээлгэсэн баримт бичиг биш юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуульд зааснаар харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийн зохицуулалтыг хийж ажилладаг бие даасан зохицуулах байгууллага юм.

Дээрх хууль тогтоомжуудад заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4, Харилцаа холбооны тухай хуулийн 14.3, Радио долгионы тухай хуулийн 11.4 зэрэг заалтууд болон тус хорооноос баталсан тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журмын дагуу “Телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргасан болно. Тиймээс К******* компанийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4, Харилцаа холбооны тухай хуулийн 14.3, Радио долгионы хуулийн 11.4 зэрэг заалтууд болон тус хорооноос баталсан тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журмын дагуу "Телевиз, радиогийн олон сувгийг сансрын долгионы хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-ыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтад Ю компани шалгарч тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан болно.” гэв

Гуравдагч этгээд “Ю” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан гаргасан тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгохтой холбоотой журам нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр ХХЗХ/Т5/Ки-DТН/2014 дүгээр “Телевиз радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын үнэлгээний хорооны шийдвэр болон уг шийдвэрийг баталгаажуулсан Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах шалтгаанаар хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан Телевиз радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ  эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын зорилго нь тухайн зах зээлд одоо ганцаараа үйлчилгээ эрхэлдэг “зүй ёсны монополь” хэмээн тогтоогдсон “ДДиш” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй өрсөлдүүлэхээр шинэ тоглогчийг тухайн зах зээлд оруулан энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг чанаржуулах, өрсөлдөөн бий болгохыг зорьсон байдаг.

Энэхүү сонгон  шалгаруулалтад “Ю”  ХХК-ийн  оролцсон төсөл  шалгарсан бөгөөд нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн төсөлд үнэлгээний хорооноос хамгийн доод үнэлгээг өгсөн юм байна. “К*******” ХХК-ийн төслийн хувьд ашиглах радио долгион, техник технологийн гол шийдлүүд нь "ДДиш" ХХК-ийн бааз станцыг түшиглэсэн шинжтэй байгаа нь сонгон шалгаруулалтын үндсэн зорилгод харшилсан хэмээн бид үзэж байна.

“К*******” ХХК-ийн хувьд сонгон шалгаруулалтын үнэлгээн дээр маргаагүй, зөвхөн тухайн сонгон шалгаруулалтын процессыг тогтоосон журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлсэн эсэх дээр маргаж байна. Засгийн  газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1 –д зааснаар “Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1, 29.2, 39.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсгийн биелэлтийг хангах арга ажиллагааны журмыг тогтооход оршино” гэснээс харахад уг журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект нь УИХ болон Засгийн газрын бүтцийн байгууллага, нийслэл болоод аймгийн удирдлагаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг л Хууль зүйн яаманд бүртгүүлэх зорилгоор гаргасан журам байх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Засгийн газрын бүтцэд ордоггүй, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан зорилгоор байгуулагдаж мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажиллах зарчим бүхий бие даасан бүтэц юм.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар уг байгууллага нь “харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах” бүрэн эрхтэй тул бид Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан ХХЗХ/Т5/Ки-DТН/2014 тоот “Телевиз радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг хууль ёсны бөгөөд шударгаар зохион байгуулсан хэмээн үзэж байна. Мөн бид Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмаа Хууль зүйн яаманд бүртгүүлсэн/бүртгүүлээгүйгээс үл хамааран “К*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын үнэлгээ өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл уг журмыг бүртгүүлээгүй нь “К*******” ХХК-ийн ямар субъектив, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй хэмээн бид үзэж байна.

Мөн “К*******” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны ХХЗХ/Т5/Ки-DТН/2014 тоот сонгон шалгаруулалтын хүрээнд “Ю” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхээр хэлэлцэж байх явцад “Ю” ХХК-аас уг үйлчилгээнд ашиглах тоног төхөөрөмжөө 2014 онд худалдан авч Монгол Улсын хилээр оруулж ирсэн нь сонгон шалгаруулалтыг үнэн зөв явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлж буй мэтээр ярьсан байдаг. “Ю” ХХК-ийн хувьд телевизийн суваг дамжуулах үйлчилгээг эрхлэх туршлагатай, DVB-S2 технологийн үйлчилгээг нэвтрүүлэх бүрэн чадвартай байсан тул уг сонгон шалгаруулалтад ялна гэдэгтээ итгэлтэй байснаас гадна хэрэв ялахгүй бол оруулж ирсэн тоног төхөөрөмжөө уг үйлчилгээг эрхлэгчид худалдан борлуулах бүрэн боломжтой гэсэн бизнес шийдэл гаргасны үндсэн дээр тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд энэхүү тоног төхөөрөмжүүд нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан бараа биш тул холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлбэр хийж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, одоогоор уг тоног төхөөрөмж нь “Ю” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа болно. Иймд “К*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Отгондулам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “К*******” ХХК нь тус шүүхэд “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” болон 2014 оны 18 дугаар тогтоолоор түүнд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Харилцаа холбооны зохицуулах хорооны үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт буюу тэмдэглэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан. 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, тус хорооны дүрмийн 3.2.2 дах хэсгийг тус тус үндэслэн “Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх” болон “Радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрөл олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэж, тус хорооны даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр А/134 дүгээр тушаалаар дээрх 16 дугаар тогтоолыг үндэслэн Телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах, радио давтамж ашиглах үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх үүрэг бүхий үнэлгээний хороог дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. 

Харилцаа холбооны зохицуулах хороо ХХЗХ/Т5/Ku-DTH/2014 Телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах, радио давтамж ашиглах үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласнаар сонгон шалгаруулалтын баримт бичгийг нэр бүхий 5 аж ахуй нэгж худалдан авч, уг шалгаруулалтад оролцохоор төслөө ирүүлсний дотор “К*******” ХХК орсон байна.

Тус үнэлгээний хороо нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлээр тендерийн материалыг хэрхэн үнэлэх талаар шийдвэрлэж, мөн өдрийн 02 дугаар тэмдэглэлээр “Мегаватт” ХХК, “К*******” ХХК, “Мобинет” ХХК, “Ю” ХХК, “Исатком” ХХК-иудаас ирүүлсэн төслүүдийн эх болон хуулбар хувиудыг нээж, “Исатком” ХХК-ийн ирүүлсэн төслийн материалын иж бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр нарийвчилсан үнэлгээнд оруулахаас татгалзаж, “Мегаватт” ХХК, “К*******” ХХК, “Мобинет” ХХК, “Ю” ХХК-иудын ирүүлсэн материалыг хянаж үзээд 2 дах шатны нарийвчилсан үнэлгээнд оруулахаар шийдвэрлэжээ. 

Үнэлгээний хороо 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу үнэлгээ хийж “Меговатт” ХХК-д 75, “К*******” ХХК-д 62,7, “Мобинет” ХХК-д 82,9, “Ю” ХХК-д 90,2 оноо өгч үнэлсэн, энэ талаарх санал, дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо 2015 оны 01 дүгээр 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-д “Ю” ХХК-ийг шалгарсанд тооцсон байна.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо гуравдагч этгээд “Ю” ХХК-тай 1006/BSS03 тоот Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ, болон 1005/Б/SaTTV/201503 тоот Телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулж, тусгай зөвшөөрөл олгосон үйл баримтууд тогтоогдов.    

Нэхэмжлэгч “К*******” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 61 дүгээр журам, 18 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсныг Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн, Хууль зүйн яаманд хянуулж, бүртгүүлээгүй тул хууль бус хэмээн маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй. 

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталж, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Тус хорооны 2013 оны 61 дүгээр тогтоолоор дээрх журмын хавсралтад заасан нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс өмгөөлөгч Н.Б*******д хүргүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/356 дугаартай албан бичгээр “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”, 2014 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан нэмэлт өөрчлөлт нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна” гэж, мөн тус яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/2621 дүгээр албан бичигт “... гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй буюу Зохицуулах хороо, Үнэлгээний хорооны эрх, үүрэг, үйл ажиллагааны талаар тусгасан байх тул Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгүүлэх шаардлагагүй...” гэж, мөн яамны Дэд сайдын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2/2909 дүгээр албан бичигт “...Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” нь дотогш чиглэсэн байна...” гэж тус тус дурдсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөх бөгөөд “захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлнэ..., “гадагш чиглэсэн” гэж тухайн байгууллагын дотоод зохицуулалтын шинжийг агуулаагүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас заавал дагаж мөрдөхөөр журамласныг ойлгоно гэж тус тус заажээ.  

Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгож болно.”, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж тус тус зааж, Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, хэмжээг холбогдох хууль тогтоомжоор зохицуулжээ. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” /цаашид Журам гэх/ болон өөрчлөлт оруулсан 2014 оны 18 дугаар тогтоолоос үзвэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулалтаар олгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой, өөрөөр хэлбэл гадагш чиглэсэн зохицуулалтыг агуулсан байна. 

Нэхэмжлэгч нь уг журмыг үндэслэн зарлагдсан сонгон шалгаруулалтанд оролцохоор баримт бичгийг худалдан авч, материалаа хүргүүлж, үнэлүүлсний дараа шалгарч чадаагүй үндэслэлээ тухайн Журмыг бүртгүүлээгүйтэй холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл уг журмыг бүртгүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нар төслийг үнэлэх, эцэслэн шийдвэрлэхдээ Журмын 1.4-т “Хэрэв сонгон шалгаруулалтын баримт бичгийн зүйл, заалтууд нь уг журамтай зөрчилдсөн тохиолдолд энэхүү журмыг баримтална.”, 3.5-д “Зохицуулах хороо нь сонгон шалгаруулалтын үнэлгээний ... үр дүнг үнэлгээний хорооны дүгнэлт гарснаас хойш 30 өдрийн дотор хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Энэ хугацаанд сонгон шалгаруулалт хүчинтэй байна” гэж тус тус заасантай нийцсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Үнэлгээний хорооноос “К*******” ХХК-нд өгсөн 62.7 гэсэн үнэлгээг үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд: 

Нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн ирүүлсэн төслийн материалд “ДДЭШТВ” ХХК-ийн давтамжийг давхар ашиглахаар ирүүлсэн байх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын зохицуулалт, Олон Улсын радиогийн дүрмийн холбогдох заалтуудын дагуу өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуулын транспондерийн радио давтамжийн зурвасын өргөн нь 36-120 МГц байдаг. Энэхүү зохицуулалтаар транспондерийг зөвхөн нэг л хуулийн этгээд ашиглах бөгөөд үүнийг давхцуулан ашиглах боломжгүй юм...” гэсэн 01/909 дүгээр албан бичиг, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-д “тухайн радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн үйлчлэх хүрээтэй давхацсан, харилцан нөлөөлөл үүсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос  татгалзах” гэж заасны дагуу хариуцагчаас өгсөн үнэлгээ нь хууль журам зөрчөөгүй байх тул буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч “К*******” ХХК “гуравдагч этгээдээс тусгай зөвшөөрөл олгох зар гараагүй, тендерийн баримт бичиг аваагүй, тавигдах шаардлагыг нийтэд зарлаагүй байхад урьдчилан тоног төхөөрөмж гаалийн хилээр оруулж ирсэн” хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан “ харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх” гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй хэмээн маргажээ. 

Гуравдагч этгээд “Ю” ХХК нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 1057338, 1056784, 1056785, 1161115, 1147132, 1147987, 1162808, 1223327, 1222213 дугаар мэдүүлгийн баримтуудаар тоног төхөөрөмж оруулж ирсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн “...Энэ худалдан авалт нь бизнесийн байгууллагын зүгээс бизнесийн боломжийг түрүүлж харсан шийдэл байсан бөгөөд Монгол Улсын ямарваа нэгэн хууль тогтоомж, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, журмыг зөрчөөгүй, өрсөлдөөнд харш аливаа үйлдэл биш, компанийн өөрийн боломжийг урьдчилан тооцоолсон, эрсдлээ өөрөө хүлээсэн алхам байсан. Хэрэв бид сонгон шалгаруулалтад тэнцээгүй бол нэгэнт авчирсан тоног төхөөрөмжийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэхээр шалгарсан нэгэнд худалдах, эсхүл нэгэнт энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тул тэр компани уг төхөөрөмжийг авах нь зайлшгүй гэсэн тооцоололтой байсан” гэсэн тайлбарыг няцаах үндэслэл тогтоогдохгүй байх ба тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулалтаас өмнө гаалийн хилээр оруулж ирсэн явдлыг харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй гэж шүүхээс шууд тодорхойлох боломжгүй.  

Иймд Харилцаа холбооны тухай хуулиар олгогдсон “харилцаа холбооны зах хээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх”, “радио давтамжийн зурвасыг ашиглах хуваарилах, хяналт тавих” зэрэг бүрэн эрхийн дагуу хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулах журам баталж, сонгон шалгаруулалт явуулан, “Ю” ХХК-ийг шалгарсанд тооцсон зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, Д.С******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.               

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,    70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 9.1.6, 9.1.10, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, Н.Б******* нарын гаргасан “...Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” болон 2014 оны 18 дугаар тогтоолоор түүнд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Харилцаа холбооны зохицуулах хорооны үнэлгээний хорооны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт буюу тэмдэглэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ                                      С.ТӨМӨРБАТ