Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00088

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00088

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:Эийн М-ын,

Хариуцагч:  Г-жийн П-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/01362/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Э.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн **** сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм. Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/****** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн **** сумын 5 дугаар багийн иргэн Г.П-д илүү олгосон тэтгэвэр болох 1,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Хариуцагч Г.П- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.М-ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би тэтгэвэрт орох хугацаанаасаа 1 сар хоцроод материалаа бүрдүүлж өгөхөд Э.М- таны юм болсон, урт удаан наслаарай гээд тэтгэврийн дэвтэр өгсөн. Түүнээс би авна, одоо авна, өг чи гээд шахаж шаардаж аваагүй. Тэгээд 2 сар тэтгэвэрт авч байтал болохгүй боллоо гээд зогсоосон. Тэгээд баримт дутуу байна гээд би аймагт орж ирж, тус баримтыг нь авч өгөөд тэтгэврээ 3, 4 сарын дараанаас авч эхэлсэн. Энэ хугацааны тэтгэврийг надад нөхөж олгоогүй. Анхнаасаа бүрдүүлэх баримтаа зөв бүрдүүлж авсан бол би дунд нь 3, 4 сарын тэтгэврээ авч чадахгүй хохирохгүй байсан. Нэгэнт намайг илүү авсан тэтгэвэр 1,400,000 төгрөгийг төл гэж байгаа бол би тус 1,400,000 төгрөгийг увуулж цувуулж төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 48 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч Г.П-д холбогдуулан 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.П- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Нэгэнт намайг илүү авсан тэтгэвэр 1,400,000 төгрөгийг төл гэж байгаа бол би тус 1,400,000 төгрөгийг увуулж цувуулж төлж барагдуулна гэх тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,350 төгрөгийн тал хувь болох 18,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.П-аас улсын тэмдэгтийн хураамж 18,675 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжилсэн 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Г.П- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгөөс 18,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.П-аас улсын тэмдэгтийн хураамж 18,675 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Э.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА