| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00050/И |
| Дугаар | 320/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/00087
| 2025 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 320/ШШ2025/00087 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХХҮ- газрын,
Хариуцагч: Н. М-д холбогдох,
Зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай 155/2025/00050/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХҮ- газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,000,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, хүү 0 төгрөг, анз 0 төгрөг, бусад 0 төгрөг.
Гэрээг байгуулсан огноо: 2020.05.15. Гэрээ дуусгавар болох огноо: 2022.05.15. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 0 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2022.05.16.
Иргэн Н.М- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Гэвч Н.М- нь зээлийн төлбөрөөс огт төлөөгүй байна.
Иймд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн үүрэгт 2,000,000 төгрөгийг Н.М-гээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч Н.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн дагуу Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-өөс авсан 2,000,000 төгрөгийн зээлийг 2025 оны 4, 8, 11 дугаар саруудад 700,000, 700,000, 600,000 төгрөгөөр хувааж төлөх саналтай байна. Төлөлт хийгдэх дансны дугаарыг нэхэмжлэгч талаас хүсэж байна гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал)
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь ХХҮ- газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч Н.М- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 2,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сард 700,000 төгрөг, 8 дугаар сард 700,000 төгрөг, 11 дүгээр сард 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүсжээ. Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэний дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХҮ- газар нь хариуцагч Н.М-д холбогдуулан зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.М- 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ...Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-өөс авсан 2,000,000 төгрөгийн зээлийг 2025 оны 4, 8, 11 дүгээр саруудад 700,000, 700,000, 600,000 төгрөгөөр хувааж төлөх саналтай байна... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х- 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ...Хариуцагч Н.М- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 2,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сард 700,000 төгрөг, 8 дугаар сард 700,000 төгрөг, 11 дүгээр сард 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүсжээ. Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэний дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.М-гээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн 50 хувь болох 23,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХҮ- газраас нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сард 700,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сард 700,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 600,000 төгрөгөөр тус тус хувааж төлөхөөр хариуцагч Н.М- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.М-гээс улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА