Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамжны Хас банкны төв байр, ШХ 20А, 72 тоотод байрлах, Хас банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын ............ дүүргийн .... дүгээр хороо, ..... дүгээр байрны ................ тоотод оршин суух, Б  Д-ийн О  (...................)-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 16,321,085 (арван зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга наян тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д  овогтой О  нь 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус банктай 2010111985 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15312434 төгрөгийн зээлийг жилийн 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл төгрөг, зээлийн хүү 471.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. Д  овогтой О нь 2010111985 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 9  дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараахи байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 74, зээлийн үлдэгдэл 15312434 төгрөг, хүү 1000835 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7816 төгрөг төлбөрийн нийт үлдэгдэл 16321085 төгрөг.

            Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч гүйцэтгээгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 16,321,085 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Д.О  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хас банк ХК-ийн нэхэмжилсэн 16,321,085 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк хувьцаат компани нь хариуцагч  Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,321,085 (арван зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга наян таван төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О  нь “.... 16,321,085 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  239,556 (хоёр зуун гучин есөн мянга таван зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Д.О ас 119,778 (нэг зуун арван есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг, улсын орлогоос 119,778 (нэг зуун арван есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16,321,085 (арван зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга наян таван төгрөг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.О  нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 16,321,085 (арван зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга наян тав) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,556 (хоёр зуун гучин есөн мянга таван зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О ас 119,778 (нэг зуун арван есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг, улсын орлогоос 119,778 (нэг зуун арван есөн мянга долоон зуун далан найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ