Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2024/0038

 

                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Ю” ХХК /ерөнхий захирал С Л.Я/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Эрдэнэбилэг, Д.Цолмон, Ц.Батцэнгэл

Гуравдагч этгээд: “Т” ХХК /гүйцэтгэх захирал Д Т/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч, Э.Б, Г.О нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, Д.Цолмон, Ц.Батцэнгэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Э.Б, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I худалдан авах тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасныг үндэслэн тус компанийн тендерээс татгалзсан тухай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/1215 тоот мэдэгдлийг “Ю” ХХК-д хүргүүлсэн.   

Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам “Ю” ХХК-иас гаргасан гомдлыг хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/2027 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр танай ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийг анх 2023 оны 8 дугаар сард нийтэд зарласан бөгөөд “Ю” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчиж тодорхой нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, өрсөлдөөн хязгаарласан тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь манай гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тендерт оролцогчдыг өрсөлдөх боломжоор тэгш хангаж, техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн.

Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь бидний гаргасан гомдлын дараа үндэслэлгүй шалтгаанаар манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад оруулахаар Монгол Улсын Сангийн Яаманд санал гаргаж, Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар манай компанийг хар жагсаалтад оруулсан. Нэхэмжлэгчийн хувьд Сангийн сайд болон Улсын байцаагч нь захиргааны акт гаргахдаа ач холбогдол бүхий, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтуудыг цуглуулж, үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажлыг гүйцэтгээгүй тул тус захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд одоогоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг үндэслэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд анхнаасаа манай компанийг тус тендерт оролцуулах сонирхолгүй байсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл тоомсорлож тендерийг өрсөлдөх боломжтой, шударгаар зохион байгуулахаас удаа дараа зайлсхийсэн, хүссэн компани нь тендер шалгаруулалтад шалгарахгүй л бол тендерийг хүчингүй болгосон, явцуу аргаар манай компанийг хар жагсаалтад оруулж энэ хугацаандаа ижил төстэй хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах 2 ч тендер шалгаруулалтыг зохион байгуулж, өрсөлдөөнгүйгээр тус тендерүүдэд “Т” ХХК-ийг шалгаруулсан зэрэг хууль бус үйлдлээс нь харагдаж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерт бид 2023 оны 8 дугаар сараас хойш оролцох хүсэл сонирхлоо илэрхийлж, оролцогчоор бүртгүүлж, материалаа бэлдэж байх явцад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад хамрагдсан болохыг дурьдах нь зүйтэй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Үнэлгээний хорооноос гаргасан захиргааны актуудаар шаардлага нийцээгүй материал ирүүлсэн компанийг шалгаруулсан нь анхнаасаа тус тендерт оролцох хүсэл сонирхлоо илэрхийлж буй манай компанийн тендерт шударгаар өрсөлдөх, цаашлаад шалгарах эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд эдгээр эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах болгон тодруулж байна.”гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа үндсэн 3 үндэслэлээр дэмжиж байна. Нэгдэх үндэслэл нь “Т” ХХК-ийн тендерийн материалд илгээсэн хамгийн чухал баримт болох маягт 1 дээр тухайн тендерийн бичиг баримт тендер нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна буюу ажлын 30 хоног гэсэн ийм заалт байдаг. Энийг зөрчиж буюу 30 хоног хүчинтэй байна гэсэн алдаатай мэдээлэл бүхий маягтыг илгээсэн байна.  

Хоёрдахь үндэслэл нь “Т” ХХК-ийн шүүхийн тусгай архивын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 23-2/36407 дугаартай тодорхойлолтын хуулийн хүчинтэй хугацаа дууссан байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан материал дээр тендерийн Үнэлгээний хорооны гишүүд хүртэл дурдсан байгаа. “Т” ХХК-ийн шүүхийн тусгай архивын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн тус дугаартай сүүлийн 3 жилийн байдлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг тодруулсан тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд төрийн байгууллагаас авах аливаа лавлагаа, тодорхойлолт нь ихэнхдээ 30 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Гэвч дээр дурдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт нь хугацаа дууссан байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргаж өгсөн нотлох баримт буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэлд байгаа. Тухайн тэмдэглэл дээр Үнэлгээний хорооны гишүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа гэж хүн маш тодорхой хэлсэн байдаг. Энэ гишүүн нь Үнэлгээний хорооны хурал дээр энэ хугацаа нь зөрчилтэй буюу хүчинтэй байх хугацаа нь дуусаад байна гэдгийг маш сайн тодорхойлсон. Тендер 08 сарын 15-ны өдөр зарлагдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдол гарсны үндсэн дээр удаа дараа хойшлоод тендер зарласнаас 7 сарын дараа буюу 2024 оны 03 сарын 15-ны өдөр тендер нээгдсэн. Тэгээд энэ асуудлууд дээр тендерийн Үнэлгээний хорооны гишүүд нэлээд том санал зөрөлдсөн байгаад байгаа. Тендерийн баримт бичгийн 17.2-д зааснаар шүүхийн төрөлжсөн архиваас тодорхойлолт авна гэсэн. Гэтэл яагаад шүүхийнх нь 09 сард гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнх нь тодорхойлолт 2 сард гарч байна гэдэг нь сонин байна. Тэгэхлээр баримт бичгийн шаардлага хангахгүй байна. Энэ талаараа гуравдагч этгээд хүртэл өөрсдийн гаргасан 2024 оны 06 сарын 25-ны өдрийн хариу тайлбар дээрээ маш тодорхой хэлсэн байгаа. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс тендер нээх хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тендерийг 2024 оны 03 сарын 15-ны өдөр нээсэн. Тендер нээгдэх хугацаа хойшлогдсоны дараа бидний зүгээс худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан тус лавлагааг дахин авах хүсэлт гаргасан боловч алдаа заагаад, энэ тодорхойлолтыг авсан байна гэсэн сануулга гарч ирсэн нь лавлагааг дахин шинэчлэн авах боломжгүй байсан гэсэн тайлбар байгаа. Хэрвээ цахим систем дээр ямар нэгэн байдлаар алдаа гарвал энийг тухайн компани бичгээр зохих хүрээнд буюу Сангийн яамны харьяа байгууллагад хандаж бичгээр энэ тодорхойлолт лавлагааг авах боломжтой. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн зүгээс өөрийнхөө хийх ёстой үүрэг буюу хариуцлагыг гүйцэтгээгүй байж энэ лавлагаа нь цахим дээр алдаа гарсан гэдэг ийм хөнгөн байдлаар аргалсан байгаа. Тэгээд Үнэлгээний хорооны хурал дээр энэ хуульч Жаргалмаагийн хэлсэн ноцтой зүйл нь буюу тендерийн Үнэлгээний хороон дээр тухайн “Т” ХХК-ийн шалгаруулсан материал нь ноцтой зөрчилтэй байна. Хамгийн гол үзүүлэлт болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт, шүүхийн шийдвэрийн лавлагаа нь зөрчилтэй байгаа.

Гуравдахь үндэслэл маань нэлээд чухал үндэслэл байгаа. Энэ бол “Т” ХХК-ийн илгээсэн тендерийн материал буюу захиалагч талд санал болгож захиалагч талын шалгаруулсан “Т” ХХК-ийн Комацу HD 1500-8 загварын хүнд даацын автомашин захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техникийн тодорхойлолтоор -40 хэмээс, +40 градуст ажиллах чадвар бүхий гээд техникийн тодорхойлолтдоо маш тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл гуравдагч этгээд буюу “Т” ХХК-ийн санал болгосон техник маань Япон улсад үйлдвэрлэсэн Зүүн өмнөд Азид нийлүүлдэг буюу дулаан оронд ашиглагддаг техник санал болгосон. Тендерийн материалд илгээсэн материалууд дээрээ “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий материал бий. Бид нар тухайн өөрөө буулгагч автомашин дээр нэмэлтээр халаадаг тоног төхөөрөмж суурилуулаад буюу тоноглоод энэ нь -40-өөс, +40 градуст ажиллах боломжтой болно гэдэг албан бичгийг өгдөг. Энэ талаараа “Т” ХХК өөрсдийнхөө гаргасан тодорхойлолт дээр хүртэл маш сайн хэлээд бичээд өгчихсөн байгаа. “Т” ХХК-ийн гаргасан хариу тайлбар дээр “Т” ХХК-ийн Монгол орны уур амьсгалын онцлог буюу халуун +40, хүйтэнд -40 хүртэлх хэмд ажиллах шаардлагатай стандарт болон тусгай тоноглолоор бүрэн тоноглогдсон гэсэн байгаа. Техникийн тодорхойлолтыг тендерийн материалд хавсаргасан байгаа. Нэмэлт тоноглол гэсэн бүүр тусгай заалт хэсэг байгаа. Хэрвээ захиалагчийн зүгээс нэмэлт тоноглол нь ийм ийм зүйлүүд байж болно гээд заачихсан бол “Т” ХХК-аас санал болгосон техник шалгарах нь техникийн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гэтэл захиалагчийн зүгээс буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс техникийн тодорхойлолтоо -40-өөс, +40 хэмд ажиллах чадвартай ийм үндсэн бүрэлдэхүүн багц машиныг авна л гэчихсэн байгаа юм. Энэ нь энгийн үгээр хэлбэл Япон улсад үйлдвэрлэж байгаа Комацу техник маань бид бүхэн сайн мэддэг, Араб 200 гэдэг шиг дулаан бүс нутагт зориулагдсан техник байгаа. Гуравдагч этгээд энэ тендертэй холбогдолтой 2 жилийн өмнө анх илгээж байсан тендерийн материалууд дээрээ Комацу үйлдвэрийн Европ дахь үйлдвэрээс автомашин нийлүүлнэ гэж санал болгож байсан. Өөрөөр хэлбэл Европ дахь үйлдвэр буюу Монгол орны энэ Сибирийн хүйтэн цаг уурын нөхцөлд тохирох боломжтой автомашин Комацу сайтаас нийлүүлнэ гэж санал болгосон. Гэтэл дараагийн явц дахь тендерүүд дээр даацын зөрөө, бусад техникүүдийн зөрөө гарснаас болоод Япон дахь үйлдвэрээс буюу Монгол Улсын цаг уурын энэ орчин нөхцөл буюу захиалагчийн зүгээс тавьсан хамгийн чухал техникийн тодорхойлолт буюу -40-өөс, +40 хэмд ажиллах чадвартай техникүүдийг нийлүүлэх боломжгүй ийм зүйлийг нэмэлт тоноглолоор нийлүүлнэ гэдэг ийм санал тавьсан. Тэгэхээр бид нар энэ 3 үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж оролцож байна. Иймд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, Ц.Батцэнгэл, Д.Цолмон нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тендерийн Үнэлгээний хороо нь дүгнэлт гаргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны "Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар дурдахдаа ямар үндэслэлээр тус баримтыг илт хууль бус гэж үзэж байгаа талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч “Ю” ХХК нь нэхэмжлэлдээ Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн талаараа тодорхой дурдсан байх ба Сангийн сайдын тушаалд аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, Сангийн сайд шийдвэрээ бие дааж, хараат бусаар гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч “Ю” ХХК нь Сангийн сайдын тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэнээс "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо “Т” ХХК-ийг илт хууль бусаар шалгаруулсан мэтээр дурдсан нь шалтгаант уялдаа холбоогүй, логик зөрчилтэй төдийгүй хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, үндэслэлгүй байна.

Хоёр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн үнэлгээний хороо тус тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, улмаар “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шийдвэрлэсэн. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/1214 дугаартай албан бичгээр “Т” ХХК-д мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгосон. Энэхүү албан бичиг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг “Т” ХХК-д дамжуулан мэдэгдэж буй баримт юм. Тус албан бичгийг тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, цаашлаад Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан “захиргааны акт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй байна.

Иймд “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас үндсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Эхнийх нь бол “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэж шаардаж байгаа. “Ю” ХХК нь Сангийн сайдын 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан ийм этгээд байгаа. Энэ талаараа өөрсдөө бол нэхэмжлэлдээ тодорхой дурддаг, мөн амаар тайлбар дээрээ тодорхой дурдаж байна. Яг бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол яг шалтгаант уялдаа холбоо нь огтхон ч тодорхойгүй. Бид нар Сангийн сайдын тушаалаар эрхээ хязгаарлуулсан, үүнээс шалтгаалаад “Т” ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй байна гэсэн харилцан шууд уялдахгүй ийм логиктой нэхэмжлэлийн шаардлага гаргачихсан байсан. Сая өөрөө тайлбарлаж байгаагаар бол үндсэн 3 үндэслэл байгаа юм гэж тайлбарлаад байна. Эхнийх нь маягт 1 гэж ярьж байна, маягт 1-д тусгагдсан ажлын 30 хоногтой холбоотой асуудал гэж ярьж байна. 2 дахь нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн архивын лавлагаатай холбоотой асуудал ярьж байна. 3 дахь нь энэ техникийн тодорхойлолт дээр тусгагдсан баримтуудтай холбоотой асуудлаар ярьж байна. Тендерийн Үнэлгээний хороо нь 7 гишүүнтэй, Үнэлгээний хорооны 2024 оны 03 сарын 18-ны өдрийн хурлаар энэ тендер шалгаруулалттай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Тендерийн баримт бичгийн хувьд бол нэхэмжлэгч тал болох “Ю” ХХК удаа дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байдаг. Ингээд тендерийн баримт бичиг 2023 оноос хойш нийтдээ 4 удаа шинэчлэгдэн батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дахин дахин өөрчлөлт оруулах шаардлагыг тавьсан. Түүнийх нь дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн баримт бичигт тодорхой зохих өөрчлөлтүүдийг техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлтүүдийг удаа дараа хийсэн. Ингээд 4 дэх удаагийн буюу 2024 оны 03 сарын 06-ны өдөр батлагдсан тендерийн баримт бичгийн хүрээнд энэ тендер зохион байгуулагдсан гэж ойлгож болно. Тендерт үндсэндээ 2 компани оролцсон. Тендерийн Үнэлгээний хорооны гишүүд тодорхой зарим асуудлаар санал зөрөлдөх эрх нь нээлттэй байгаа. Ингээд 7 гишүүнээс нэг гишүүн буюу тухайн Үнэлгээний хороонд сонгогдсон хуульчийн зүгээс энэ лавлагаатай холбоотой асуудал дээр эргэлзээ байна гэдэг асуудлыг ярьсан. Гэхдээ энэ нь эцсийн байдлаар яг эцсийн үнэн гэж тогтоогдохгүй. “Т” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архиваас 2023 оны 09 сарын 04-ний өдөр авсан лавлагаа мэдээллийг тендертэй хамт Үнэлгээний хороон дээр ирүүлсэн. Энэ лавлагааг бол хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь энд тодорхой хүчинтэй хугацаа гэж байгаагүй, тендерт оролцох үеийнхээ тухайн үеийн нөхцөл байдлаараа аливаа иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг нь тодорхойлсон гэсэн ийм баримт байгаа. Энэ лавлагааны хувьд хуулийн хүчинтэй хугацаа зэрэг асуудал яригддаггүй. Бусад бүх тендерүүд дээр нь тухайн үеийн тендерт оролцсон үеийнх нь нөхцөл байдлыг үнэлээд явдаг ийм баримт байгаа юм. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт бол яг тухайн цаг хугацаанд өр төлбөртэй эсэх асуудал дээр хүчинтэй хугацаа 30 хоног гээд бүүр баримтын доор тодорхой заагаад өгчихсөн байдаг. Энэ баримтын хувьд яг 30 хоногийнхоо хугацаанд авсан байна уу, үгүй юү гэдгийг Үнэлгээний хороо үнэлж үзсэн байгаа. Ингэхэд “Т” ХХК  2024 оны 02 сарын 19-ний өдрийн тодохойлолт нь үнэлгээ хийх өдрийн байдлаар 03 сарын 18-ны өдөр 30 хоног дотроо багтсан хугацаандаа тодорхойлолтоо ирүүлчихсэн байдаг. “Ю” ХХК-ийн хувьд аль аль тодорхойлолтууд нь 2023 оныхоороо анх тендерт оролцсон ийм байдлаар байж байдаг. Тэгэхээр энэ дээр хуульд зааснаар тендерийн Үнэлгээний хороо олонхын саналаараа шийдээд явсан ийм асуудалтай байгаа. Бусад тэр маягт 1-тэй холбоотой асуудал болон тэдэн градуст тэсвэртэй байхтай холбоотой ийм асуудал дээр манай тендерийн Үнэлгээний хорооны гишүүд нэмэлт тайлбар өгөөд явна. Ийм учраас “Т” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль ёсны бөгөөд хууль зүйд нийцэж байгаа гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ мэдэгдэл нь тендерийн Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг ийм шийдвэр гарсан, танайх тендерт оролцох эрхтэй болсон гэдгийг дамжуулан уламжилж байгаа албан бичиг гэж ойлгож болно. Тодруулж хэлбэл “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/ 2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хороо тус тендерт оролцсон 2 компанийн тендерийг хянаж үзээд “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шийдвэрлэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн СЭ112-12/1214 дугаартай албан бичгээр “Т” ХХК-д мэдэгдсэн. Энэ албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байгаа. Энэ үндэслэлээрээ нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй гэж хариуцагч үзэж байна. Ингээд бүхэлд нь энэ 2 нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерт илгээх маягт 1-ийг 2024 оны 03 сарын 15-ны өдөр илгээсэн байгаа. Энийг нь тендерийн хуудсыг нь хянаж татаж авсан. Энэ дээр ажлын 30 хоног гэж ерөнхий нөхцөл заасан байна. Энэ цаг агаарын -40-өөс, +40 хэмийн нөхцөлд уурхайн тоос шороотой орчинд ажиллах техникийн нөхцөлийг хангасан байна гэж тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан. Энэ нөхцөлийг “Т” ХХК хангасан байсан. Тендер бол асуудал байхгүй байгаа. Үнэлгээний хорооны бүх хуралд би өөрөө оролцож байсан, З.Жаргалмаа хуульч тийм байж магадгүй гэж л ярьж байсан.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт дээр хугацаа заагдаагүй байсан гэдгийг л хэлье, энэ дээр ерөөсөө хүчинтэй хугацаа байхгүй байсан. Энийг бас Үнэлгээний хорооны хурал дээр бид нар ярилцсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ тодорхойлолт дээр хугацаа байдаггүй юм байна л гэж тухайн үедээ ярилцаж байсан.” гэв.

9. Гуравдагч этгээд Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК-ийн зүгээс шүүхэд хариу тайлбараа дэлгэрэнгүй бичсэн байгаа. Захиргааны хэргийн шүүхийн зорилго, зөрчигдсөн эрхийн хамгаалалт бол аливаа этгээд нь өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулах зорилгоор маргаан бүхий захиргааны актад холбогдуулаад нэхэмжлэл гаргаж байгаа бол шүүх энийг хүлээж авч шийдсэнээрээ тухайн этгээдийн зөрчигдсөн эрх ямар нэгэн байдлаар сэргэж байх ёстой. “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2023 оны 03 сарын 20-ны өдрийн СЭ112-12/1215 дугаартай энэ мэдэгдэлтэй ямар ч маргаан хийгээгүй. Өөрөөр хэлэх юм бол өөрт нь холбогдуулж гаргасан маргаан бүхий акт байж болох энэ асуудалд огт маргаан хийхгүйгээр тухайн тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд шалгарсан “Т” ХХК-ийн шалгарсан, ирүүлсэн баримт бичигтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Нэгэнт манай компанийн ирүүлсэн тендерт холбогдуулаад 3 үндэслэлээр гомдлын шаардлага гаргаж байгаа учраас үүнд дэлгэрэнгүй тайлбар хэлье гэж бодож байна.

Нэгдүгээрт манай компанийг тендерийн маягт 1-д заасан тендерийн хүчинтэй хугацааг тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 30 хоногоос доошгүй байх гэдэг шаардлагыг хангаагүй гэж тодорхойлсон байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/2023061099 тоот тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 22.1-т “Тендерт оролцогч ТШЗ-ны 27 дугаар зүйлд заасны дагуу тендер нээснээс хойш хэд хоногийн хугацаанд өөрийн тендер хүчинтэй байхыг тендер илгээх маягтад заана. Тендерт оролцогч тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй, эсхүл 30-аас бага хоногоор тогтоосон бол тендерийн шаардлага хангаагүй гэж үзнэ.” гэж, ТӨХ-д “... “Тендерийн хүчинтэй хугацаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5-д заасны дагуу тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгуй хоног байхаао тендерт заана.” гэж тус тус заасан. Мөн 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана.” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “Тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах” гэдгийг дурдаад, “...Гэвч “Т” ХХК-ийн тус тендерт ирүүлсэн Маягт №1-ийн 5. Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэжээ. Үнээс дүгнэхэд “Т” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа нь хууль болон захиалагчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байна.” гэсэн илэрхий үндэслэлгүй байна. Учир нь “Т” ХХК нь тендерийн хүчинтэй хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005.12.01), захиалагчийн тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш гуч хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерийн материалдаа тодорхой тусгасан.

Мөн 2023 оны 06 сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нийтийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 сарын 01-ний өдөр батлагдсан хуулиар дуусгана” гээд заасан. Харин маргаан бүхий тендер нь бол 2023 оны 08 сарын 15-ны өдөр зарлагдсан буюу хууль хэрэгжиж эхлэхээс өмнө зарлагдсан байсан тендер учраас 2005 оны хууль хэрэгжих ёстой. 2005 оны хуулийн үйлчлэл дээр бол ажлын гэдэг томьёолол байхгүй.

Хоёрдох шаардлагын хувьд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023061099 тоот тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа” (ТШЗ)-ны 17.2-т “Монгол Улсын хуулийн этгээд нь дараах баримт бичгийг ирүүлнэ”, 17.2.1-т “тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн хугацаанд оролцсон иргэний хэрэг, маргааны талаар шүүхийн архивын байгууллагаас холбогдох дүрэм, журмын хүрээнд гаргасан тодорхойлолт” гэж, “Тендерийн өгөгдлийн хүснэгт” (ТӨХ)-д “...“Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа”-г цахим хэлбэрээр авна. Тендер оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг. Манай компани энэ тендерт 09 сарын 20-ны өдөр ийм дугаартай шүүхийн архивын лавлагаа ирүүлээгүй. Манай компанийн ирүүлсэн лавлагаа 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 23-2/34652 дугаартай гэдэг лавлагаа байгаа болохоос биш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 09 сарын 20-ны өдрийн 23-2/36407 гэдэг ийм агуулгатай лавлагааг бид нар шүүхэд гаргаж өгөөгүй. Ер нь төрийн байгууллагуудын лавлагаа ихэнхдээ 30 хоног байдаг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх лавлагаа дээр чинь 30 хоног гэж байхад яагаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн лавлагаа дээр чинь 30 хоног гэж байхгүй юм бэ, танай 30 хоног чинь хэтэрчихсэн байгаа юм бэ гэдэг ийм асуудал яригдаж байгаа. Энэ лавлагаатай холбоотой тайлбарыг бол бид нар хариу тайлбар дээр нэлээн дэлгэрэнгүй тусгасан. Бид нар тендер зарлагдангуут тендерт оролцохоо илэрхийлээд тендерийн баримт бичгийг худалдаж аваад тэнд зааснаар 09 сарын 04-ний өдөр tender.gov.mn сайтаар хүсэлтээ явуулаад лавлагаа авсан байгаа. Энэ лавлагаа бол бид нарт ингээд ирсэн, гэтэл одоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараагийн гомдол гаргаснаас болоод тендер бол нэлээн хойшоо зарлагдаад нээгдэхгүй удаад 2024 онд нээгдсэн. Тийм учраас бид нар тэр лавлагааг 2024 онд нь дахиад авах юм бол нэг тендерт Шүүхийн ерөнхий зөвлөлийн лавлагааг нэг л авагддаг учраас программ дээр алдаа заалаа гэдэг ийм алдаа нь заагдаад дахиж авагдахгүй гэдгийг тендерт оролцдог бүхий л компаниуд бол мэдэж байгаа. Төрийн байгууллага бол хуульд заасан журмынхаа дагуу өөрөөсөө гардаг холбогдох тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л лавлагаануудыг гаргаж өгч байгаа. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ижил төстэй маргаанд хариуцагчаар оролцож байна уу гэдэг лавлагаа бол хүчинтэй хугацаа гэдэг зүйл бол байдаггүй. Харин өр төлбөр дээр бол 30 хоног байгаа, тэгэхээр төрийн байгууллагын өөрийнх нь цаанаас өгч байгаа маягт нь хүчинтэй хугацаа нь 30 хоног байна, зарим маягт нь 30 хоног биш байна гэдэг ийм байхад ихэнхдээ төрийн байгууллагуудын лавлагаа чинь 30 хоног байдаг. Танай 30 хоног чинь хэтэрчихсэн юм шүү гэдэг ийм агуулгаар бол манай ирүүлсэн баримтыг хүчингүй, шаардлага хангаагүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ тендерийн сонгон шалгаруулалт Сангийн яамнаас баталсан загвар тендер шалгаруулалтын маягт, тендерийн өгөгдлийн зааварчилгаа дээр ч гэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн лавлагаа 30 хоногийн дотор байх ёстой гэдэг ийм шаардлага хаана ч байхгүй. Тэгэхээр энэ лавлагаанууд нь бол холбогдох хүсэлтээ ирүүлснийхээ дагуу ирүүлсэн. Тийм учраас манай компанийн ирүүлсэн лавлагаа бол хуулийн шаардлагыг хангасан гэж бид нар үзэж байна.

Гурав дахь үндэслэлээр бол “Т” ХХК-ийг хүнд даацын өөрөө буулгагч автомашин болон захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтын ерөнхий нөхцөлийн гол үзүүлэлтийг хангаагүй гэж байгаа. Манай компанийн хувьд Монгол орны уур амьсгал онцлогт тохирсон +40, -40 хэмд хэвийн ажиллах шаардлагатай стандарт бүхий тоноглолоор бүрэн тоноглогдсон Комацу брэндийн HD 1500-8 загварын хүнд даацын техник хэрэгслийг өнөөдрийн байдлаар нийлүүлэх гээд үйлдвэрлээд наашаа тээвэрлэлтийн шатанд явж байгаа. Хүйтэн нөхцөлд ажиллах горимтой тоног төхөөрөмж гэдэг нь -40 хэмээс +40 хэмийн нөхцөлд хэвийн ажиллахад шаардлагатай 220 вольтын цахилгаан халаагч, хүйтэн нөхцөлд албадан асаагч, орчны темпаратураас хамаарч хүчин чадал нь өөрчлөгддөг тормос (удаашруулагч), автомат кабины темпаратур тохируулах систем, цан арилгагчтай салхины шил, хойд хэсгийг харах халаагчтай толь, нэмэлт халаагуур, хөдөлгүүрийн тос халаагуур, гидрийн тос халаагуур, халуун болон хүйтэн агаараар үлээх суудал халаагч, халтирдагтүй тавцан, яндангийн утаагаар халдаг тэвш зэрэг тоноглолоор тоноглогдсон техникийг хэлдэг. Эдгээр тоноглолууд нь бүгд “Комацу” үйлдвэрийн тоноглолууд бөгөөд тоноглолуудын талаарх мэдээлэл, танилцуулга нь үйлдвэрлэгчийн НР1500-8 загварын хүнд даацын өөрөө буулгагчид зориулан гаргасан “Бүтээгдэхүүний брошюр, тодорхойлолт”-д тусгагдсан байдаг. Мөн бидний зүгээс тус брошюр, тодорхойлолтыг тендерийн материалдаа хавсаргасан болно. Иймд “Т” ХХК-ийн санал болгосон хүнд даацын өөрөө буулгагч автомашин нь захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтын ерөнхий нөхцөл буюу гол үзүүлэлтийг бүрэн хангасан болно.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК бол 2009 онд байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2010 оноос эхлээд Оюу толгойн уурхай тоног төхөөрөмжөөр бол нийлүүлээд ажиллаж байна. Түүнээс гадна Монголын томоохон төмрийн уурхай, алтны уурхайнууд, нүүрсний уурхайнууд Монгол орны нөхцөлд манай техникүүд ажиллаад явж байгаа. Тэгэхээр бол энэ тохиолдолд халуун оронд зориулагдсан юмыг Монголд авчирч ингээд шахах гээд байна гэсэн нэг ийм ойлголт төрүүлэх гээд л яриад байх юм. Тийм юм бол ерөөсөө байхгүй. Дэлхийн брэнд танигдсан Монгол Улсад үйл ажиллагаа нь танигдсан ийм бүтээгдэхүүн байгаа юм. Тэгээд энийг маань бол яг тендерийн хуулийнхаа дагуу тендерийн нөхцөлд тавигдсан техникийн шаардлагын дагуу бид нар материалаа бүрдүүлээд орсон. Захиалагч маань хуулийнхаа дагуу дүгнэлтээ хийгээд үзээд шийдэгдсэн ийм л асуудал байгаа.” гэв.

             Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ю” ХХК нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн. Тийм учраас уг тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж маргав.

“Ю” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор тендер хүргүүлж, улмаар уг тендер сонгон шалгуулалтыг хянан үзэх шатанд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож, захиргааны байгууллага тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн байх тул уг тендер сонгон шалгаруулалттай холбогдон гарсан захиргааны үйл ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин тухайн маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэл байгаа эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

3. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зарласан байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу тендерт оролцогч нар тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэд хэдэн удаа гомдол гаргаж, улмаар тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тендерийг нээсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /I хавтаст хэргийн 38-250, II хавтаст хэргийн 1-83 дахь тал/

            3.2. “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэх тендерт “Ю” ХХК, “Т” ХХК-иуд оролцсон байх ба тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийг тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж хянан үзээд “Ю” ХХК нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №213 дугаар тушаалаар бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр “Ю” ХХК-ийн тендерээс татгалзаж, улмаар “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан болох нь Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /II хавтаст хэргийн 111-116 дахь тал/

            3.3. Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн захиалагчийн шийдвэр гарч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/1214 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “Т” ХХК-д, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/1215 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “Ю” ХХК-д тус тус хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 119-120 дахь тал/

            3.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/1215 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “Ю” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлээ ““...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ.” гэж, 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”...Иймд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4-д заасан шаардлагыг хангахгүй байх тул 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн танай компанийн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. /II хавтаст хэргийн 120 дахь тал/

3.5. Нэхэмжлэгч “Ю” ХХК захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/2027 дугаартай албан бичгээр “... Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар танай компанийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг гурван жилийн хугацаанд хязгаарласан тул танай ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлжээ.  /I хавтаст хэргийн 13 дахь тал/

3.6. “Ю” ХХК нь уг тендер нээгдэх үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж тус тус зааснаар Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугар тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэгдсэн байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /II хавтаст хэргийн 141-148 дахь тал/

3.7. Тодруулбал, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас хяналт шалгалт явуулж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтээр “Ю” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн, улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн үйл баримт тогтоогдсон.

3.8. Иймд тендерт оролцогч “Ю” ХХК-ийн хувьд тендер сонгон шалгаруулалт явагдаж байх цаг хугацаанд ийнхүү Сангийн сайдын тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байсан бөгөөд Сангийн сайдын уг тушаал хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

3.9. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн чадавхийн шаардлага”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”гэж тус тус зааснаар “Ю” ХХК нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байсан нь тендерт оролцогч ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж тендерийн Үнэлгээний хороо “Ю” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

3.10. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь тус компанийн тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн хүргүүлсэн мэдэгдэлтэй маргаагүй, харин ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дэмжиж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

3.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар “Т” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үзэж, шалгаруулсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, уг шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.

3.12. Тодруулбал, “Ю” ХХК нь тендер нээх үед тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлтэй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Ерөнхий нөхцөл”-ийг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ үндэслэл тогтоогдсон нөхцөлд тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл буюу тендерт оролцогчын санхүү, техникийн болон туршлагын чадавхийг магадлах шаардлагагүй болно. Иймд “Т” ХХК-ийг тендерт шалгаруулсан захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

3.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж зааснаар Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны алдааг засахад чиглэгдэхгүй бөгөөд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

3.14. Иймд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.

3.16. “Ю” ХХК нь тендерийг хянан үзэх шатанд “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн” болох нь тогтоогдсон тул тендер сонгон шалгаруулалтын бусад шат дараалсан ажиллагааны талаар гаргасан шийдвэртэй маргаж, улмаар тухайн шийдвэрүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул “Т” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, тухайн тендер шаардлагад нийцсэн гэж дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаануудад хамаарах шийдвэрт дүгнэлт хийх шаардлагагүй болно.

3.17. Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан тул уг тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтласан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүнд даацын өөрөө буулгагч автомашин I худалдан авах ЭҮТӨҮГ/2023061099 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.УУГАНЦЭЦЭГ