| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0015/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/17 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/17
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
Нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
Улсын яллагч Э.Нэргүй,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1817000100011 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүмүүнлэгийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, .............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Б.Г /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Г нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “Сет” баарны коридорт иргэн О.М маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сет” баарны коридорт хохирогч О.М-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр найз Т, Ч, А нарын хамт Сет бааранд орсон. Тэгээд байж байхад Ч, Тнар өөр ширээн дээр сууж байсан хүмүүсийн ширээн дээр очсон. Тэгээд байж байгаад харсан чинь баарны дотор талын үүдэнд Ч, М нар хоорондоо зууралцаад зогсож байсан. Тэгээд тэнд байсан нэг эгч найзууд чинь муудалцаад байна гэхээр нь яваад очсон чинь Ч М-ийн толгой руу цохиж байгаа харагдахаар би явж очоод тэр хоёрыг салгасан чинь М миний шанаанд нэг удаа цохихоор нь би зөрүүлээд хамар луу нь цохисон чинь нүүрээ дараад доошоо тонгойгоод суусан. Өөр ямар нэг зүйл болоогүй би тэгээд гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.2. Хохирогч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад найз О, С нарын хамт “Сэт” бааранд орсон. Тэгээд нэг нэг пиво захиалаад байж байхад Ч гэдэг сэтэрхий уруултай залуу бид нар дээр ирээд архи аваад өгчих гэж бид нарт хэлэхээр нь бид нар мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь Т гэдэг залуу ирээд энүүгээр юу болоод байна, хэн бэ та нар гээд согтуу томорсон. Тэгтэл найз О би хүнтэй муудмааргүй байна гэж хэлсэн. Тэгсэн Т манай найз О-ыг гараад уулзья гээд хоорондоо муудсан ба манай найз О-ыг босоод ирсэн чинь Ч гэдэг залуу нүүр лүү нь цохисон. Тэгээд Тө Ч нар О-ыг аваад гарахаар нь би хойноос нь гараад очсон чинь Т миний зүүн шанаанд гараараа цохисон. Тэгээд цаашаа Т яваад С-г бас цохисон. Тэгээд цаанаас нь Ж гэдэг залуу ирээд миний зүүн хөмсөг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би өмсөж байсан хар өнгийн малгайгаа аваад чи андуураад байгаа юм биш үү гэсэн чинь дахиад нүүр лүү цохихоор нь би 2 гараараа нүүрээ дараад хамгаалаад явтал араас нэг нь ирээд куртикнээс татаад унагаасан. Тэгээд би босох гээд өндийсөн чинь нэг нь нүүр лүү өшиглөсөн. Хэн өшиглөснийг нь би харж чадаагүй. Тэгээд би босоод ирсэн чинь Чинбаа гэдэг залуу миний өмнө зогсож байсан. Миний хамарнаас цус гарсан ба Чинбаа гэдэг залуу дахиад цохих гээд байсан. Би та нар яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би О С 2-г дагуулаад эмнэлэг явсан. Би эмчилгээний зардалд Г-с 50.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
1.3. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 01 дүгээр сарын 13-нд Ч, Г, А нарын хамт “Амтат зоог”-ийн газар 2 шил архи уугаад дээшээ яваад ТБ центрт очиж нэг нэг пиво уугаад “Сэт” бааранд 22 цагийн орчим ороод нэг нэг пиво уугаад бүжиглэсэн. Тэгээд намайг харахад Ч нэг ширээн дээр 3 залуугийн хамт сууж байхаар нь би очиж ширээн дээр нь суусан. Ч тэр 3 залуутай маргалдаад байсан ба би С-г гарья гээд гарах гэтэл Ч С-ийн хамар луу нь цохисон. Тэгтэл С-ийн хамарнаас цус гараад С хамраа гараараа дараад гарсан. Тэгээд би баарны коридорт С-тай маргалдсан чинь Сайханаа 2-уулаа больё гараад уулзая гэсэн. Тэгтэл М араас гарч ирэхээр нь би зүүн чамархай руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Ч С-г аваад үүд рүү явсан. Би С-гийн араас очоод С-г толгойгоороо мөргөх гэсэн боловч чадаагүй. Тэгээд С бид 2 гадаа гараад 2-уулаа больё, эв зүйгээ ольё гээд юм яриад байж байхад Г ганцаараа гараад ирсэн. Тэгээд Г бид 2 гэр лүүгээ явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
1.4. Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад М, С нарын хамт “Сэт” бааранд орсон. Тэгээд ширээнд суугаад нэг нэг пиво захиалаад сууж байтал Ч гэдэг залуу ирээд юм яриад сууж байгаад пиво аваад өгчих маргааш ажил дээрээс мөнгийг нь аваад өгье гэж хэлэхээр нь мөнгө байхгүй гэсэн. Тэгээд юм яриад сууж байхад Т ирсэн. Тэгээд Т юм ярьж байгаад намайг гарья гэж хэлсэн. Тэгээд би босоод явах гэтэл Ч миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би чамтай муудмааргүй байна гэсэн чинь Ч намайг дахиад цохисон. Хаана цохисныг нь санахгүй байна. Тэгээд Т-тэй түрүүлээд гарсан ба би Т-т зодоон хиймээргүй байна гэж хэлсэн. Тэгсэн Ч намайг хувцаснаас зуураад татаад байсан. Тэгээд Т араас ирээд намайг аваад гадаа гарч цохих гэхээр нь би тэвэрч аваад больё одоо ингээд салцгаая гэж хэлсэн. Тэгтэл баарнаас М, С нар гарч ирсэн ба М-н хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд баарны эмэгтэй цагдаа дуудсан ба би Т-т гэртээ харьлаа гэж хэлчихээд бид нар эмнэлэг явж М-гүзүүлсэн. М-г хэн цохисныг би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
1.5. Гэрч М.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 01 сарын 14-ний шөнө М, О нарын хамт “Сэт” бааранд орсон. Тэгээд нэг нэг пиво захиалаад сууж байхад Ч гэж согтуу залуу ирээд архи авч өг гэхээр нь бид 3-т мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь Т ирээд манай найз О-тай юм ярьж байгаад гараад уулзая гээд О босоод ирсэн чинь Чинбаа хажуунаас нь гараараа нүүр лүү нь цохисон. Тэгээд О Т нар баарны үүд рүү гарсан. Тэгэхээр нь М бид 2 араас нь гарсан чинь баарны коридорт Т О нар юм яриад зогсож байсан. Тэгээд Т над дээр ирээд миний гэдэс рүү өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн. Тэгээд О-г дагуулаад баарнаас гарсан. Би баар луу ороод Т-ийн сууж байсан ширээн дээр очоод цуг явж байсан Ж-т гадаа гараад Т-ийг салгаад яваад яв гэж хэлсэн. Тэгтэл Ж надаас түрүүлээд гараад явсан ба араас нь гараад ирсэн чиинь М-н хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд М О нарын хамт эмнэлэг явсан. Би М-н хамар луу хэн цохисныг хараагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
1.6. Гэрч А.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 01 сарын 13-ны өдөр “Амтат зоог”-ийн газар намайг ажилтай байхад төгөлдөр А Г нар ирсэн. Тэд нар 1 шил архитай ирсэн. Тэгээд тэнд 2 шил архи уучихаад 21 цагийн орчим ТБ центр орж бид нар нэг нэг пиво уусан. Тэндээс гараад “Сэт” бааранд орсон. “Сэт” бааранд бид нар ширээн дээр суугаад нэг нэг пиво уусан. Тэгээд байж байгаад дахиж нэг шил архи аваад уугаад байж байхад гаднаас С М, С нар орж ирсэн. Тэгээд тэд нарыг ширээн дээр суухаар нь би явж очоод С-д мөнгөтэй бол 4 пиво аваад өгчих маргааш ажил дээрээс мөнгийг нь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би С, М нартай юм яриад сууж байсан чинь Т ирээд С-тай юм ярьж байгаад гарах гээд босохоор нь би С-ийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Т, С 2 үүд рүү явахаар нь би дахиад нэг удаа С-ийн шанаанд нь цохисон. Тэгсэн чинь С яаж байгаа юм бэ гэсэн. Тэгсэн Т та 2 боль гээд С-г аваад гарсан. Тэгээд байж байхад М, С, Ж нар гарч ирсэн. Би М-тай барилцаж аваад 2-3 удаа толгой руу нь цохисон. Тэгээд би баар луу буцаж орсон. Эргээд гараад ирсэн чинь М доошоо тонгойсон хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд М, С, С 3 эмнэлэг явсан. Би Г М-г цохиж байхыг хараагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.7. Гэрч О.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 01 сарын 14-ний шөнө бааранд ажлаа хийж байхад манай найз Ч хэдэн найзтайгаа бааранд байж байсан ба над дээр ирээд таксины мөнгө өгчих гэртээ харьлаа гэсэн. Тэгээд би Ч-д таксины мөнгө өгчихөөд ажлаа хийгээд байж байхад Ч үүдэнд байж байгаа харагдсан. Тэгээд би баарнаас гараад ирсэн чинь баарны коридорт Ж-г нэг залуу нүүр лүү нь цохисон ба Ж буцаагаад тэр залуугийн нүүр лүү нь цохисон чинь тэр залуу нүүрээ бариад суусан. Тэгээд тэр залуугийн хамарнаас нь цус гарсан ба Ч тэр залуу дээр очиж байгаа харагдсан. Өөр ямар нэг зүйл болоогүй тараад явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.8. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 01 сарын 14-ний шөнө бааранд өрөөндөө байж байхад баарны коридорт хүмүүс шуугилдаад байхаар нь би өрөөнөөсөө гараад ирсэн чинь Ч гэдэг залуу нэг залууг тонгойлгоод араас нь толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод явсан ба нөгөө цохиулсан залуу босч ирээд салгаж байсан залууг гараараа нүүр орчим нь цохисон. Тэгсэн салгаж байсан залуу зөрүүлээд нүүрэнд нь цохисон чинь тэр залуу нүүрээ дараад суусан. Тэгээд тэр залуугийн хамарнаас нь цус гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би цагдаад бааранд хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгсөн. Өөр ямар нэгэн зодоон болоогүй… гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтэд:
- О.М-н биед хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/
1.10. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтэд:
- Б.Г-н биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/
1.11. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтэд:
- Т.О-ы биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/
Иймд шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч У.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г бид Хүмүүнлэг дээд сургуульд хамт сурдаг юм. Сургуульд байхдаа танилцсан. Г ер нь их дуу цөөтэй, баргийн хүнтэй уудалцаад байдаггүй. Сурлагадаа сайн. Сагсан бөмбөг тоголдог. Сургуулиас зохион явуулж байгаа ажилд идэвхтэй оролцдог.. Анги хамт олондоо нэр хүнд сайтай, нийтэч, сайхан сэтгэлтэй, тамхи татдаг. Би архи уусныг нь одоо анх удаа сонсож байна. Надтай үерхэж эхэлснээс хойш миний хажууд архи ууж байгаагүй… гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/
2.2. Гэрч Р.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай хүү Г нь 1996 оны 11 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн. Тэгээд Говьсүмбэр аймгийн 1-р цэцэрлэгт хүмүүжиж байгаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуульд элсэн орж 11-р ангийг төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4-р курст сурч байгаа. Сургуульд сурч байхдаа дунд сурдаг байсан. Сагсан бөмбөг тоголдог хүүхэд байсан. Дуу цөөтэй, огцом ууртай. Бид нарын нүдэн дээр архи тамхи хэрэглээд байдаггүй, хааяа үеийн хүүхдүүдтэйгээ нийлж уудаг байх гэж бодож байна… гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дугаар хуудас/
2.4. Б.Г-ийн 0038027 дугаартай сурагчийн худийн хэргийн хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 51-56 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Б.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ