Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 201/МА2020/0026

 

 “Хаан” банкны  нэхэмжлэлтэй, Д.Г, Н.Н нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэртэй, “Хаан” банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г, Н.Н нарт холбогдох ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16 173 840 төгрөг 57 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 09 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х /онлайнаар/, хариуцагч Д.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны төлөөлөгч Э.А, Х.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г, Н.Н нар нь Хаан банкны Дорнод салбараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээл авснаас хойш хариуцагч Д.Г, Н.Н нар нь зээлээ удаа дараа хугацаандаа төлөөгүй тул Хаан банкнаас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 740 572 төгрөг 85 мөнгө, зээлийн хүү 2 363 512 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 754 төгрөг 86 мөнгө, нийт 16 173 840 төгрөг 57 мөнгө төлөөгүй байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хүүгийн тооцоолол нэмэгдсэн боловч Хаан банк нэхэмжлээгүй байгаа. Зээлийн гэрээнд заасны дагуу хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Мөн Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэх асуудлыг зохицуулсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас шаардах эрхтэй байдаг. Монгол Улсын банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан бөгөөд үүний дагуу банк нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэрийн хамт тус банкнаас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 сая төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. 2018 оны 6 дугаар сар хүртэл зээл болон хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж ирсэн. 2018 оны 6 дугаар сард миний бие ажлаасаа халагдсан бөгөөд цалингийн орлого тасалдаж зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ талаар банкны зээлийн эдийн засагчид мэдэгдсэн боловч ямар нэгэн аргаар зээлээ төл гэсэн шаардлага тавьсан. Ажлаас хууль бусаар халагдсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр хянагдаж байна. Ямар нэгэн арга гэдгийг миний бие ойлгохгүй байгаа бөгөөд цалингийн зээлийг цалингаа барьцаалж авсан. Үүрэг биелэгдэхгүй бол гэрээний дагуу шийдвэрлэгдэнэ гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3, 6.1.9 заалтууд нь гэрээ дуусгавар болох, цуцлах нөхцлүүд бөгөөд зээлдэгчийн хүлээсэн үүрэг биш юм. Зүй нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноо миний бие мэдэгдсэн үед дээрх 6.1.3 дахь заалтыг баримтлан банк гэрээгээ цуцлах ёстой байсан. Гэвч ямар нэгэн аргаар төл гэж гэрээний бус шаардлага тавьж өнөөдрийг хүрсэн ба шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх нь хуульд үл нийцнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк гэрээгээр тохиролцсон заалтыг хэрэгжүүлээгүйгээс үүдсэн төлбөр тооцоог зээлдэгч хариуцахгүй гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед миний бие 13 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Миний хувьд банкны шаардлагын дагуу гэр бүлийн хүн хамтран зээлдэгчээр байх ёстой гэсний дагуу гарын үсэг зурсан. Миний авсан цалингийн зээл дээр ч Г хамтран зээлдэгчээр байсан. Гын хувьд энэ зээлийг өөрөө төлнө гэж авсан. Миний бие 2017 оноос хойш санхүүгийн сахилга батын үүднээс хугацаа хэтрүүлэлгүй өөрийн зээлийг тогтмол төлж ирсэн. Энэ зээлийг Г нь өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан бөгөөд би уг зээлээс огт ашиглаагүй, миний дансанд ч ороогүй. Гын хариу тайлбартай танилцахад ажлаас халагдсан учир төлөх боломжгүй гэсэн байсан. Миний сонссоноор ажлаас халагдсан тэтгэмжээ авсан мөртлөө санаатайгаар энэ зээлээ төлөөгүй байна. Би энэ зээлийг төлөхийг зөвшөөрөхгүй. Миний хувьд одоогоор ажил эрхлээгүй хүүхэд асрах чөлөөтэй, хүүхдээ хараад гэртээ суудаг. Надад цалингийн ямар нэгэн орлого байхгүй бөгөөд өөрийн нэр дээр байсан цалингийн зээлийг хариуцлагатайгаар тогтмол төлж барагдуулж дуусгасан. Гэтэл өөрийн ашиглаагүй зээлийг Гын өмнөөс төлөх хүсэлгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.Гаас зээлийн гэрээний үүрэгт 8 086 920 /найман сая наян зургаан мянга есөн зуун хорь/ төгрөг 29 /хорин ес/ мөнгө, хариуцагч Н.Нгээс 8 086 920 төгрөг 28 мөнгө тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дорнод салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 819 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, Н.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 119 409 төгрөг 50 мөнгийг гаргуулан Хаан банкны Дорнод салбарт олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Г 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн хууль ёсны эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Хэрэгт авагдсан нотлох баримт болох ЗГ/201743154145 тоот гэрээг шүүх үнэлсэнгүй.

2. Мөн хариуцагчийн шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргасан “өмгөөлөгч буюу эрх зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргуулах” хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Миний бие шүүх хуралдаан болохоос өмнө шүүхэд өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах хүсэлтээ шүүгчийн туслахад гаргаж өгсөн ба дээрх хүсэлтийг шүүх хуралдаанд биечлэн орж, гаргах боломжгүй байсан. Учир нь тухайн үед би эрүүл мэндийн байдлаас болж алхаж чадахгүй хүндрэлтэй байсан.

Шүүх шийдвэртээ “Хариуцагч Д.Гт шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах боломжит хугацаагаар хангах үүргээ шүүх хангалттай хэрэгжүүлсэн боловч шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч авах хүсэлтийг шүүгчийн туслахад үлдээн шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралдаанд оролцоогүй болно.” гэжээ. Миний бие шүүхийг үл хүндэтгэсэн зүйл огтоос байхгүй бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, бичгээр хүсэлт гаргасан нь шүүхийг үл хүндэтгэсэн хэрэг болохгүй гэж бодож байна. Шүүх боломжит хугацаагаар хангасан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд уг хэрэг тодорхой хугацаагаар түдгэлзсэн байж байгаад сэргэмэгц шүүх хуралдаанаа зарласан. Нөгөөтэйгүүр хуульд заасан хэргийн оролцогчийн эрхээ эдэлж байгаа намайг шүүхийг үл хүндэтгэсэн гэж явцуу байдлаар дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэснийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар нь хариуцагч Д.Г, Н.Н нарт холбогдуулан 2017 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16 173 840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Г зарим хэсгийг , хариуцагч Н.Н шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Г, Н.Н нар нь ХААН банкны Дорнод салбартай 2017 оны 07 сарын 06-ны өдөр  17.0 сая төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авахаар тохирч, талуудын хооронд ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, үндсэн зээл, зээлийн хүүг 2018 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл төлсөн ба түүнээс хойш үндсэн зээл 13 740 572.85 төгрөг, зээлийн хүү 2 363 512.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 754.86 төгрөг, нийт 16 173 840.57 төгрөгийг төлөөгүй үйл баримтууд тогтоогдсон  байна. /хх-ийн 10-17 дахь талууд/

Хариуцагч Д.Г хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

1. Хариуцагч Д.Гын шүүх нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хариуцагч Д.Г  шүүх хуралдаан болохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  дээрх хүсэлтүүдийг гаргах боломжтой байсан байна. Харин шүүх хуралдаанд эсхүл хуралдаан болохын өмнөх өдөр хүсэлт гарган шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах арга болгон хэргийн оролцогчийн эрхээ урвуулан ашиглаж байгаа нь буруу бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Иймд дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

2. Хариуцагч Д.Г нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т “Зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, ... /шалтгаан хамаарахгүй бөгөөд энэ заалт нь зөвхөн цалингийн зээлд хамаарна./ тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцална.” гэж заасан. Би 2018 оны 11 сард ажлаас халагдсан, зээлээ төлөх боломжгүй болсон гэдгээ өөрийн биеэр очиж, эдийн засагчид  хэлж, мэдэгдэж байсан. Тийм учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэсэн гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Д.Г  дээрх хүсэлтийг амаар гаргаж байсан гэдэг нь талуудын тайлбараар, тухайлбал нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.С-ийн анхан шатны шүүх хуралдаан дээр “хариуцагч нь зээл төлөхгүй байгаа шалтгаанаа цалингийн орлогогүй болсон гэж амаар тайлбарладаг юм билээ.” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нөгөө талаар хариуцагч Д.Г нь хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр гэрээг дуусгавар болгохыг шаардах, мөн гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хэрэв энэхүү тохиролцоонд хүрээгүй бол  хариуцагч нь гэрээний үүргээс татгалзах эрхтэй байна. 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан “Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана.” гэсэн заалт нь заавал хэрэгжих ёстой заалт уу эсхүл банкны сонгох эрхийн асуудал уу гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. Иймд хуулийг төсөөтэй хэрэглэн маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д “Гэрээ байгуулах үндэслэл нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.”, мөн 220.4-т “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.”,  мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.” гэсэн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой юм.

Цалингийн зээлийн хувьд тухайн хүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж цалингийн орлого байхгүй болсон тохиолдолд гэрээг тухайн нөхцөлд нийцүүлэн өөрчлөх, хэрэв талууд ийм тохиролцоонд хүрэхгүй бол гэрээг цуцлах зайлшгүй шалтгаан болно.

Гэрээний энэ заалт хэрэгжээгүй явдалд хариуцагч Д.Г гэхээсээ илүүтэй нэхэмжлэгч банкны тал буруутай тул нэхэмжлэгч банкны зүгээс энэ заалтаа хэрэгжүүлээгүйн улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо гарч байгааг Д.Гаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Учир нь хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал уг тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар үгүйсгэж, няцааж чадаагүй байна.

 Хариуцагч Д.Г нь ажилгүй болсон гэдгээ тухайн үед банкны эдийн засагчид хэлж,  гэрээгээ цуцлах талаар амаар хүсэлт гаргасан нь үндэстэй байна гэж үзэж, энэ үндэслэлээр хариуцагч Д.Г, Н нараас үндсэн зээл 13 740 573 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 340.72 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Д.Гын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/00880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Гаас 6 870 286.5 төгрөгийг, хариуцагч Н.Нгээс 6 870 286.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарт олгосугай.” гэж, 2 дахь заалтын “ ... 119 409 төгрөг 50 мөнгийг ...” гэснийг “... 113 326 төгрөг ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Д.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 340.72 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.НАРАНБАЯР

                                                     ШҮҮГЧИД                                      Ж.ДОЛГОРМАА

                                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ