Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

 

Ц.Жигмэдэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Т.Солонго /цахимаар/,

Шүүгдэгч У.Жигмэд /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Жигмэдэд холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

..... овогт Ц..........., 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ........аймаг, ........ мод, 2 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,/регистрийн дугаар: ........../,

Шүүгдэгч Ц.Жигмэд нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр “Оюу толгой” ХХК-иас Ханбогд сумын чиглэлийн хатуу хучилттай автозамын 174 дэх километрт приус 20 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.7а “...тухайн ангиллыг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Амартөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Дашбалдангийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Ц.Жигмэдийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.Жигмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жигмэдийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Жигмэдийг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг хохирлыг төлж барагдуулах, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жигмэд нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жигмэдэд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

Шүүгдэгч Ц.Жигмэд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнд хохирол төлбөрт 16 400 000 төгрөг төлсөн, бусад хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Жигмэдээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх гэж заасан байдаг.

Мөн хуулийн 1.9-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах гэж заажээ. Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд: хохирогч С.Дашбалдан 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкнаас 18000000 төгрөгийг зээлээр авсан. Энэ зээлээ төлөхөөр Өмнөговь аймагт ажилд орох зорилготой явж байгаад хариуцлагагүй жолоочийн машинд сууж яваад аваарт орж нас барсан.

Одоо ар гэрт нь тодорхой эрхэлсэн ажилгүй эхнэр, 3 хүүхдийн хамт үлдсэн. Амьдрал нь маш хүнд байна. Банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй байна. Иймд банкны зээлийн үлдэгдэл 9116623 төгрөгийг Ц.Жигмэдээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

Мөн хохирогч С.Дашбалдангийн бага хүү Уужимбаяр одоо 3 нас хүрч байна. Энэ хүүхдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг Ц.Жигмэдээс авахаар шүүхийн тогтоолд тусгаж өгнө үү.

С.Дашбалданг оршуулах ажлын үеэр ар гэр нь ямар ч мөнгөгүй оршуулгын ажлыг таньж мэддэг хүнээс зээл авч өнгөрөөсөн. Хэргийн улмаас учирсан хохирол 29989988 төгрөгийг Ц.Жигмэдээс нэхэмжилсэн үүнээс үлдсэн 13586988 төгрөгийг Ц.Жигмэдээс гаргуулахаар шийдвэрлэж, хохирогчийн ар гэрт учирч буй сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гомдолд дурдсан тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад зээл төлбөртэй холбоотой асуудлыг шүүгдэгч Ц.Жигмэд нь нөхөн төлөхөө илэрхийлж, заалт болон график гаргаж хохирогчтой тохиролцсон. Мөн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад Иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 29 000 000 төгрөг нэхэмжилсний 16 000 000 төгрөгийг нь өгчихсөн. Үлдэгдэл 13 000 000 төгрөгийг хоорондоо хугацаа, графикаар тохироод явж байгаа. Хүүхдүүд нь улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээчихсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Хэрвээ нөхөн төлбөрийн талаар гомдолтой бол нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн анхан шатны шүүхээр явахад бид нарын хувьд татгалзах зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ц.Жигмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжилсэн мөнгөн төлбөрөөс 16 000 000 төгрөгийг өгсөн. Анхан шатны шүүх хурал болсноос хойш үлдэгдэл мөнгөнөөс 900 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь боломжоороо цувуулаад өгнө. Энэ 6 сард малчны зээлээс 3 200 000 төгрөгийг өгөх гээд бэлдэж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Ц.Жигмэд нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр “Оюу толгой” ХХК-иас Ханбогд сум чиглэлийн хатуу хучилттай автозамын 174 дэх километрт тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 3.7а “...тухайн ангиллыг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Амартөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, С.Дашбалдангийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнгийн “...Миний хүү 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор нас барсан. Миний хувьд хүүгээ зам тээврийн ослын улмаас нас барсанд маш их гомдолтой байна.

Оршуулгын зардлын баримтаа өмгөөлөгч Мөнгөнцэцэгт үлдээсэн, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр надад ямар нэгэн санал, хүсэлт алга. Хэрэг хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна...” гэх /1-р хх-ийн 28-р хуудас/,

Хохирогч Б.Амартөрийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Улаанбаатар хотоос приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна дөрвөн хүн суугаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэдэг газар очихоор гарсан.

Нэг мэдэхэд миний сууж явсан машин уначихсан би мөлхөж цонхоор нь гараад иртэл миний бие хөдлөхгүй, миний нурууны зүүн талын бөөрний орчмоос цус гараад байх шиг халуун оргиод байсан.

 Гарч ирээд харахад миний хажууд арын суудал дээр миний баруун гар талд сууж байсан ах онхолдсон машинаас ойролцоогоор 5-6 метр орчим газар шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн ослоос болж миний хамар хугарсан, нурууны сэртэн яс хугарсан, өөр гэмтэл байхгүй...Би томографын зураг, рентгэн зураг, ЭМЖЖ нэртэй чих хамар хоолойн хувийн эмнэлэгт хамраа үзүүлсэн...Миний зүгээс цаашид хамарны хагалгаанд орох зардал мөнгө, нүүрс тээвэрт хоёр удаа явах байсан зардал мөнгөө гаргаад авах юм бол надад санал, хүсэлт, гомдол байхгүй...Би хамарны хагалгаанд орох бодит зардал, хоёр удаа нүүрс тээвэрт явах байсан зардал мөнгөний баримтаа гаргаж өгнө.” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч В.Эрдэнэсүрэнгийн “...Би замдаа унтаж сэрээд л яваад байсан. Өглөө 04 цагийн үед хүмүүс үхэр, үхэр гээд байсан. Би сэрээд харсан чинь зам дээр нь үхэр байсан. Жолооч хажуу тийш нь дарах шиг болсон. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна.

Хэсэг хугацааны дараа би өөрөө цонхоор мацаад гарч байхад ард хамт явсан машины жолооч намайг түшээд машинаас холдуулж газар суулгасан. Ц.Жигмэд нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний гарнаас цус гарч байсан.” Гэх /1-p хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч С.Одонтуяагийн “...Тухайн жолооч эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би жолоочийн суудлын арын суудал буюу баруун хойд талд хаалга талдаа сууж явсан. Намайг замд унтаж явж байхад машин гэнэт тормослоод жолооч болон сууж явсан хүмүүс үхэр гэж хэлсэн.

Машин дайвалзаж замаар гараад л осол болсон. ...Би машинаас буугаад харсан чинь осол болсон газар ганц тооны хар зүсмийн үхэр байсан. Жолооч хурдтай явсан учраас осол болсон гэж бодож байна. Замын хувьд тэгш шулуун ямар нэгэн эвдрэлгүй зам байсан.

Үзэгдэх орчин чөлөөтэй гэгээтэй 05 цагийн үед болсон юм. Жолооч болон урд сууж явсан хүн суудлын бүсээ зүүчихсэн байсан. Харин би болон миний хажууд сууж явсан хоёр хүн хамгаалах бүсээ зүүгээгүй явсан юм.

Жолооч замдаа нэг болохоор их хурдтай яваад нэг болохоор зөөлөн яваад байсан. Урд сууж явсан хүн зүүрмэглээд байгаа юм уу гэж асуухад жолооч зүгээр гэж хэлсэн.” гэх  /1-р хх-ийн 48-49-р хуудас/ мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай “...Талийгаач С.Дашбалдангийн цогцост баруун 2, 3-р хавирга далны шугамаар, 1, 4, 5, 6-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар, зүүн талд 1, 2-р хавирга эгэмний дунд шугамаар хөндлөн хугаралтай, өвчүү ясанд хугарал, элэгний эдийн няцрал бяцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, нүүр, хамар, дух, баруун чамархай, дагз, баруун мөр, бугалга, баруун тохой, шуу, хэвлий, нуруу, зүүн мөр, зүүн, баруун өвдөгт зулгаралт, зулай, баруун хөмсөг, зүүн, баруун шуу, хэвлийн шархтай. Цээж, зүүн бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Талийгаач С.Дашбалдангийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...Талийгаач нь цээж, хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ...’’ гэсэн /1-p хх-ийн 53-56-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1.... дугаартай “...Б.Амартөрийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, хамрын ясны зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн /1-p хх-ийн 71-72-р хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .....дугаартай “...Тоёота Приус- 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэцэгмаагийн Жигмэд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,  мөн “3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Тоёота Приус-20 маркийн 74-70 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Жигмэд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2,12.3.3.7а-д заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Ц.Жигмэд нь тухайн зам тээврийн осол гарах үед явж байсан тээврийн хэрэгслийн хурдыг дээрх томьёогоор тодорхойлоход 114.8 км/ц хурдтай явсан байх магадлалтай гэдгийг тодорхойлов. Энэхүү тодорхойлолт нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд /1-p хх-ийн 132-133-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 59-65-р хуудас/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Жигмэдийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Жигмэдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг хохирлыг төлж барагдуулах, албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь оршуулахтай холбоотой зардал болох 29986988 төгрөгийн баримт, Улаанбаатар хотоос Ханбогд сум, Ханбогд сумаас Улаанбаатар ирж очсон 113800 төгрөгийн баримт, амь хохирогчийн нас барсны гэрчилгээ, хохирогчийн эхнэрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, хохирогчийн гурван хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл тэлэлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, зээлийн гэрээ /1 хх-ийн 222-249-р хуудас, 2 хх-ийн 3-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад “Шүүгдэгч Ц.Жигмэд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнд хохирол төлбөрт 16400000 төгрөг төлсөн, бусад хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэн нь давж заалдах гомдолдоо Д.Уужимбаярын төрсний гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтууд /2 хх-ийн 75-87/ зэрэг хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заажээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сандагсүрэнгийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай”  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ГЭРЭЛМАА

                   ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                                                Л.НЯМДОРЖ