Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00046

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00046

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хгийн Агийн,

Хариуцагч: МБ ХХК-д холбогдох,

Байрны талбайн зөрүү 4.9м.кв-ийн үнэ, алданги, нийт 14,671,000 (арван дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01353/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би МБ ХХК-тай 2021 оны 08 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт баригдаж буй ХТ барилгын 2 давхарт үйлчилгээний зориулалттай 21.82м.кв талбайг м.кв-г нь 2,600,000 төгрөгөөр бодож 56,732,000 төгрөгийг тушааж гэрээ хийсэн боловч доторх өрөөний зохион байгуулалтаас шалтгаалж, миний захиалсан 21.82м.кв-аас 16.91м.кв-ыг өгч 4.9м.кв дутуу олгосон. Иймд 4.9м.кв-ыг х 2,600,000=12,740,000 төгрөгийг МБ ХХК буцааж олгохоор амаар тохиролцсон боловч 2024 оны 03 сараас хойш элдэв шалтаг тоочиж өгөхгүй ирсэн, намайг хохироож байгаа. Мөн гэрээний 3.14-т А тал үүргээ 3 сараас илүү сараар биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам тооцож, Б талд олгоно гэснийг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. 2024 оны 06 сарын 25-наас эхлэн 2024 оны 11 сарын 25 хүртэл 150 хоногийн алданги 12,740,000х0,1%х150 хоног=1,911,000 төгрөг, нийт 14,671,000 төгрөгийг МБ ХХК-иас гаргуулж өгнө үү. Үндсэн үнэ 12,740,000+алданги 1,911,000 төгрөг, нийт 14,671,000 төгрөг болно гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2.  Хариуцагч МБ ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2021 оны 06 сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт ХТ нэртэй үйлчилгээний орон сууц барьж эхлэн 2023 оны 12 сарын 25-нд ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 2021 оны 08 сарын 17-нд Мөрөн сумын иргэн Ж.Атой үйлчилгээний зориулалттай 21.82м.кв талбайг 1м.кв-г нь 2,600,000 төгрөгөөр бодож гэрээ хийсэн нь үнэн болно. Тухайн үед барилга бүрэн баригдаж дуусаагүй дөнгөж эхэлж байхад борлуулалтын алба зөвхөн ажлын зураг нь дээр тусгагдсан м.кв-р нь гэрээлсэн бөгөөд барилга ашиглалтад ороход тухайн талбайгаа хэмжилт хийлгэхэд 4.9м.кв дутсан нь үнэн. Миний бие захиалагч Ад зургийн алдаанаас болж ийм асуудал боллоо, таны зөрүү мөнгийг даруй буцааж өгнө гэж хэлсэн. Гэвч 2024 онд манай компанийн борлуулалт муу, санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас төлж чадаагүй өдийг хүрсэн нь үнэн. Бид 2024 оны 09 сараас эхлэн зээл авахаар хөөцөлдөж, зээлээ авахаар төлөх төлөвлөгөөтэй байтал оны эцэс болж, банк зээлээ зогсоосон учир төлж чадаагүй он гаргасан. Банк он гарангуут манай зээлийг шийдвэрлэнэ гэсэн. Бид ч бас өөрийн эх үүсвэр (өр авлагаа цуглуулахаар) нэхэмжлэлийн мөнгийг нэн даруй өгөхөөр ажиллаж байгаа нь үнэн болно. 12,740,000 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)

3.   Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд МБ ХХК-д холбогдуулан 14,671,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нь 12,740,000 төгрөгийг төлнө гэжээ.

Иймд нэхэмжлэгч Х.А би нэхэмжлэлийн шаардлагаас 1,931,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч МБ ХХК нь нэхэмжлэгч Х.А надад 12,740,000 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч МБ ХХК-д холбогдуулан байрны талбайн зөрүү 4.9м.кв-ийн үнэ, алданги, нийт 14,671,000 (арван дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хариуцагч МБ ХХК-ийн захирал Д.Б 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...2021 оны 08 сарын 17-нд Мөрөн сумын иргэн Ж.Атой үйлчилгээний зориулалттай 21.82м.кв талбайг 1м.кв-г нь 2,600,000 төгрөгөөр бодож, гэрээ хийсэн нь үнэн...талбайгаа хэмжилт хийлгэхэд 4.9м.кв дутсан нь үнэн болно...Миний бие захиалагч Ад зургийн алдаанаас болж ийм асуудал боллоо, таны зөрүү мөнгийг даруй буцааж өгнө гэж хэлсэн...12,740,000 төгрөгийг төлнө... гэх тайлбар, нэхэмжлэгч Х.А 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр  ...би нэхэмжлэлийн шаардлагаас 1,931,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч МБ ХХК нь нэхэмжлэгч Х.А надад 12,740,000 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус ирүүлсэн.

Тус хэргийн нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн шаардлагаас 1,931,000 (нэг сая есөн зуун гучин нэгэн мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, 12,740,000 (арван хоёр сая долоон зуун дөчин мянга) төгрөгийг хариуцагч МБ ХХК төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,205 төгрөгөөс 115,602.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч МБ ХХК-иас 12,740,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 218,790 төгрөгийн тал хувь болох 109,395 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч МБ ХХК-д холбогдох байрны талбайн зөрүү 4.9м.кв-ийн үнэ, алданги, нийт 14,671,000 (арван дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч 1,931,000 (нэг сая есөн зуун гучин нэгэн мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч МБ ХХК 12,740,000 (арван хоёр сая долоон зуун дөчин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Х.Ад төлж барагдуулахаар, зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Агийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,205 төгрөгөөс 115,602.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч МБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 109,395 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Х.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА