Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/15

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

Улсын яллагч Э.Нямбилэгт,

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт З.Б-д холбогдох эрүүгийн 1817000110010 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 6 дугаар гудамж ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон овогт З.Б /РД............../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  орой  20  цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 109 тоотод Д.Г-ын толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны  орой  20  цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 109 тоотод хохирогч Д.Г-ын толгойн тус газар сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зараагийн 8 тоотод ээжийндээ очсон. Ээжийнд очиход Г архи ууж байсан. Г намайг нэг шил архи аваад ир гээд явуулсан. Би 0.75 литрийн Ерөөл архи авчраад хамт хувааж уусан. Тэгээд Г-ыг одоо яв гэсэн чинь Г явахгүй, эргэж гэр лүү орно гэхээр нь үүдэнд байсан сандлаар цохисон гэв.

1.2. Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэрт байж байхад 15 цагийн орчим найз Н гэрт хүрээд ир жоохон юм угаагаад өгөөч гэж дуудсан. Тэгээд би Г эгчийн хамт З-ийн эгнээнд Н-ийн гэрт очсон. Тэгээд манай эгч хойшоо айлд очихоор гарсан. Тэгээд нэг шил 0.5 литрийн Ерөөл архи гаргаж ирсэн. Тэр архийг нь хувааж ууж байхдаа би хувцасыг нь угааж өгсөн. Тэгээд 20 цагийн үед гаднаас Н-ийн дүү гэх халамцуу залуу 0.75 литрийн Ерөөл архитай орж ирээд Н, тэр залуу, бид 3 хувааж уусан. Тэгээд архи дуусаж байхад би Г эгч рүү утсаар залгаад явья гэж хэлсэн. Тэгээд удалгүй Г эгч орж ирээд бие засчихаад ирье гээд гарсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ явлаа гэж гэрээс нь гараад хашааны хаалгаар гарах гэж байгаад өөрөө таварцаглаад унасан. Би босоод эргээд хартал Н-ийн дүү нь миний дух хэсэгт нэг юмаар цохисон. Юугаар цохисныг нь анзаараагүй нүдэнд цагаан юм харагдсан. Би болохоор архины шил байх гэж бодоод анх ирсэн цагдаад тэгэж хэлсэн. Би нилээн согтуу байсан. Намайг газар уначихаад эргээд харахад духан дундуур тас буугаад миний духнаас цус гарч байсан. Би нүд рүү цохичихвуу гэтэл духнаас цус гарч байсан. Н-ийн дүү нь зогсож байгаа харагдсан. Гарт нь юм байсан үгүйг хараагүй, гадаа харанхуй байсан. Одоо надад нэхэмжлэх гомдол санал, зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

1.3. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой гэртээ байж байхад Г над руу залгаад 2-уулаа хамт төв орьё гэсэн. Тэгээд Г бид 2 урт дэнжид нэг айлд очоод би тэндээсээ хойшоо айл руу явсан. Тэгээд байж байхад Г намайг явья гээд дуудсан ба би тэр айлд ороход Г 2 залуугийн хамт нилээн халамцуу байсан. Тэгээд би Г-ыг явья гэж хэлчихээд тэр айлаас гараад бие засчихаад гараад ирсэн чинь Гантуул гэрээс нь гараад ирчихсэн дух хэсгээс нь цус гарч байсан. Г-ын дух хэсгийн хуйх нь зүсэгдсэн шархтай байсан. Би яасан бэ гэж асуусан чинь хөх эрээн цамцтай залууг заагаад энэ намайг архины шилээр цохичих шиг боллоо гэж байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд Г бид 2 эмнэлэг ороод духанд нь оёдол тавиулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

1.4. Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад найз Г-ыг ирээд хувцас угаагаад өгчих нэг дэх өдөр эмнэлэгт үзүүлнэ гэсэн. Тэгээд Г удалгүй ирсэн. Би өглөө нь гэрээсээ гараад нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авснаа гаргаж Г бид 2 хувааж уугаад, Г хувцас угаагаад байж байхад дүү Б гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд би 20000 төгрөг Бд өгөөд нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авчруулж гурвуулаа уугаад би согтоод тасарсан байсан. Нэг сэрэхэд өглөө болчихсон байсан. Өглөө сэрэхэд 07 цаг өнгөрч байхад Г гэрт толгойгоо боосон орж ирсэн. Би Г-аас толгойгоо яасан бэ гэсэн чинь надад Г тодорхой юм хэлээгүй. Дүү Х орж ирсэн байсан болохоор буцаад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

1.5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн  47 дугаартай дүгнэлтэд: 

- Д.Г-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүснэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч З.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч З.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Б надаас доошоо 4 дэх дүү байгаа юм. Эхнэр 3-5 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Энд тэнд мал нядлах ажил гарвал хийдэг. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Хар ажилд сайн, архи хааяа уудаг, архи уухаараа гайгүй байдаг. Хүн уурыг нь хүргээд байхгүй бол гайгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Б-тай 2011 онд танилцаад 2012 онд нэг гэрт орсон. Б бид хоёр 4 настай хүү, 6 настай охинтой. Уг нь манай нөхөр хар ажилд сайн, гэр бүлээ тэжээх гээд янзан бүрийн хар бор ажил хийдэг. Хааяа архи уудаг. Уухаараа янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй. Эрүүлдээ хүний үгнээс гардаггүй төлөв томоотой хүн байгаа юм…  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/

            2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/

            2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-35 дугаар хуудас/

            2.5. Б.Д, Б.Д нарын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Иймд шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн З.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ