Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/25 

 

 

З.Мягмарсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ган-Эрдэнэ/цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох /цахимаар/,

Хохирогч Ч.Сэлэнгэ /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нэргүй /цахимаар/,

 Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын бичсэн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч З.Мягмарсүрэнд холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

.........., 19.... оны 03 дугаар сарын .......-ны өдөр Ховд аймгийн ...... суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, .......... дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, ........... хаягт оршин суух, /регистрийн дугаар ......./,

Шүүгдэгч З.Мягмарсүрэн нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр ........ хорооллын ....... “олон юм ярьлаа” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь нүүрэн тус газарт нь пивоны лаазаар цохих, хоолойг нь боох, үснээс зулгаах байдлаар халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт язарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь З.Мягмарсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч З.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мягмарсүрэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Сэлэнгэд 5 000 000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “1.1. шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт” гэсэн хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт егсөн шүүгдэгч болон хохирогч Ч.Сэлэнгийн мэдүүлэг, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт гурваар прокурорын яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэл тохирсон гэсэн дүгнэлт хийсэн.

Хохирогч, улсын яллагч, шүүгдэгч гурав нь гурван өөр зүйл хэлсэн байгаа. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож бичсэн улсын яллагчийн дүгнэлтэд дараах зүйл бичигддэг. Үүнд: “...7 тоотод болсон гэх үйл баримт тогтоогдсон” гэдэг боловч 07 тоотод ямар үйл баримт болсон, яаж тогтоогдсон тухайгаа хэлээгүй. Прокурор “Хохирогч Сэлэнгийн биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна” гээд энэ гэмтлийг хэн учруулсан нь хохирогч Ч.Сэлэнгийн мэдүүлэг болон дамжмал нотлох баримт буюу гэрч Эрдэнэхишиг, Болд нарын мэдүүлгээр мэдүүлдэг” гэдэг.

Дамжмал нотлох баримтыг яагаад шүүгдэгчийг буруутгасан шууд нотлох баримт гэж үзэж байгаагаа прокурор өөрөө ч, шүүх нь ч прокурорын хэлсэн нь зөв гэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Үүний дараа гэрч Болд, Эрдэнэхишиг нарын мэдүүлгийг, шинжээчийн дүгнэлтийг бичээд энэ хөнгөн хохирлыг З.Мягмарсүрэн учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэдэг.

Эрүүгийн эрх зүйд дамжмал нотлох баримтаар хүнийг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байгаа гэсэн прокурорын дүгнэлт нь үндэслэлгүй.

Прокурор нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, түүнийгээ санахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэдэг. Энэ өгүүлбэрээс согтуу байсан бол тэр хүний үг ямар ч тохиолдолд үнэнд тооцогдохгүй гэсэн логик гарч байна.

 Тэгвэл прокурор хэдэн cap шалгах шаардлага ч байхгүй байж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Прокурор үүргээ биелүүлж шүүгдэгчийг нотлох баримтаар нотлох ёстой.

Хохирогч Сэлэнгэ шүүгдэгч 2 хоёулаа согтуу байсан. Хоёр адилхан согтуу хүний нэгнийх нь хэлсэн үнэн болоод нөгөө нь согтуу байсныхаа төлөө буруутан болж байна. Маргааш өглөө нь чи намайг зодсон гэсэн түүний үгээр түүнийг эмчлүүлэх мөнгө өгсөн.

Эрдэнэхишиг, Болд нарын мэдүүлэг нь бас л шүүгдэгч шиг маргааш нь дуулж сонссоноо хэлсэн мэдүүлэг байгаа. Иймээс прокурор энэ мэдүүлгийг дамжмал нотлох баримт гэж үзсэн байх.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь нотлох баримтад үндэслэж, ойлгомжтой байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т “...гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, ... 2.3.шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг тусгаж бичих хуулийн шаардлагыг хангаж бичигдэж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх боломжтой. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож З.Мягмарсүрэнг цагаатгаж өгнө үү  гэжээ.

Хохирогч Ч.Сэлэнгэ давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 62-р тогтоолын 2-р хавсралт №10-т заасан гэрч, хохирогчид тайлбарласан эрх, үүргийг уншиж танилцаж, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1.2-т заасан өөрийн эрх, үүргийн дагуу худал мэдүүлэг өгөөгүй болно.

З.Мягмарсүрэнд зодуулсны дараа ойрын болон холын хараанд өөрчлөлт орж харааны шил зүүдэг болсон.

Мөн тархи толгой байнга өвддөг, нүдний ойролцоо гүн сорвитой болсон. З.Мягмарсүрэн нь дотроо хагас литр пивотой хүнд зүйлээр зодож гэмтээчихээд лаазаар зүссэн мэтээр худал мэдүүлж байгаад туйлын гомдолтой байна.

З.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Б.Буянтогтох нь намайг өөрийн өмгөөлж байгаа хүнтэй ижил хэмжээнд согтуу байсан мэт гаргасан гомдолдоо бичжээ. Аяга, аягаар үхэр шиг ууж байсан хүмүүсийн хажууд хундагатай архи амсаж, тавиад сууж байсандаа одоо туйлын их харамсаж байна.

Тухайн үед намайг согтуу байсан эсэхийг Эрдэнэхишиг, цагдаагийн 2 ажилтан, эмчлэгч эмч гэрчилнэ. Тухайн өдөр миний бие үхэж ч мэдэх байсан. Ийм зэрлэг балмад хүн цаашид ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгаа байхгүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан. Шүүх хэргийн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлтийг өгч хэргийг шийдвэрлэсэн учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Ч.Сэлэнгэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лаазаар цохисон гэдэг асуудал дээр би хувьдаа энэ хүн надад зэвсэг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь задлаагүй пивоор тэр хүн намайг зодсон. Тэгээд намайг далжигнаж байгаад надад зодуулсан гэж манай даргад ярьсан байдаг. Энэ хүн өөрөө зодсон гэдгээ яриад явдаг байж одоо зодоогүй гэж хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Зодсон нь үнэн. Би хохирсон. Миний хувьд гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 Шүүгдэгч З.Мягмарсүрэн нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ............. “олон юм ярьлаа” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.Сэлэнгийн “...“...Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг дахь Гаалийн салбарт ажиллаж байсан. Энэ өдөр оройн 18 цагийн орчимд намайг гэртээ буюу “Цэций хороолол”-д ....байхад Ухаа худаг дахь гаалийн байцаагч Мягмарсүрэн нь ганцаараа манай гэрт орж ирээд “Ч.Болд байцаагч гэрт чамтай уулзах гээд ирсэн байна. Гэрт ороод ир” гэж хэлсэн.

Ингээд би Мягмарсүрэнтэй хамт гэрээсээ гараад гэрт нь орсон. Мягмарсүрэнгийн гэрт ороход Ч.Болд гаалийн байцаагч ганцаараа байсан бөгөөд Ч.Болд, Мягмарсүрэн бид гурав юм ярьж суусан. Удалгүй Ч.Болд нь 0,75 граммын нэг шил Хараа архи гаргаж ирээд задалсан. Ч.Болд, Мягмарсүрэн нар нь өөрсдийнхөө сэнжтэй аяганд архийг хийж уусан. Надад жижиг хундаганд хийж өгсөн. Би архинаас уугаагүй бөгөөд амсаад буцааж тавьсан.

 ...Мягмарсүрэн “чи казакуудын бөгсийг долоодог” гэж хэлээд агсам тавьсан. Тэгэхээр нь би “яахаараа үгүй” гэж хэлэхэд Мягмарсүрэн өөрийнхөө урд талд байх ширээн дээр байсан аягыг над руу шидсэн. Шидсэн аяга нь намайг оноогүй.

Дараа нь хажуу талдаа байсан лаазтай пиво аваад гартаа атгаад пивоор миний баруун хажуу талын хэсэгт нэг удаа цохьсон. Дараа нь миний хоолойг боосон.

 Миний нүднээс цус гарсан бөгөөд “Мягмарсүрээн миний нүднээс цус гараад байна ш дээ яаж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм, алчихъя” гээд байсан. Тэгээд би Мягмарсүрэнгийн гэрээс арай гэж зугтаагаад гэртээ орсон. ...Миний биед тархины доргилт үүссэн, баруун нүдний болор цайрсан, баруун нүдний хараа 40 хувь түвшинтэй байна гэсэн...” гэх /хх-ийн 16-18-р хуудас,

Гэрч Ч.Болдын: “...Би 08 дугаар сарын 29-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Мягмарсүрэнгийн гэрт Сэлэнгэ Мягмарсүрэн нартай уулзсан. Тэр хоёртой уулзаагүй удсан учраас хотоос авчирсан байсан Хараа гэх архиа задалж юм ярьж суусан юм. ...Тэгээд унтаад өгчихсөн байсан. Өглөө унтаж байхад нэг танихгүй эмэгтэй байцаагч орж ирээд Мягмарсүрэнтэй юм ярьж байгаад гараад явсан.

Тэгээд тэр хоёр гарч яваад удалгүй Мягмарсүрэн орж ирээд “Сэлэнгийг зодчихжээ. Нүд ам нь хачин болчихож” гэж хэлсэн.” гэх /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Т.Эрдэнэхишигийн: “...Миний бие тус сумын ..... хороолол гэх газарт .... тоотод амьдарч байгаа. Тухайн орой 23 цаг өнгөрч байхад манай ажлын Сэлэнгэ эгч залгаад “гэрт ороод ир” гэхээр нь би гэрт нь яваад очтол нүүрнийх нь баруун тал нь цус болчихсон, нүдний дээд талд нь зүсэгдчихсэн юм шиг цус гоожиж байсан.

Тэгээд “яасан бэ” гээд асуусан чинь “Мягмарсүрэн байцаагч намайг зодчихлоо. Пивоны лаазаар цохьчихсон.” гэж хэлсэн.

Өглөө нь би Мягмарсүрэн байцаагчийн гэр лүү нь ороод “Та өчигдөр Сэлэнгэ эгчийг зодсон байна ш дээ.” гээд хэлсэн чинь “Юугаа ч санахгүй” байж байсан. Тэгээд Мягмарсүрэн байцаагч бид хоёр Сэлэнгэ эгчийнх рүү хамт орсон.

Сэлэнгэ эгч “Чи намайг ийм болгочихлоо,” гээд уурласан чинь Мягмарсүрэн байцаагч “Би юу ч санахгүй байна.” гэж байсан.” гэх /хх-ийн 31-32-р хуудас/ мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай “Ч.Сэлэнгийн биед тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, язарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 39-40-р хуудас/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч З.Мягмарсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Мягмарсүрэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Мягмарсүрэнг цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч З.Мягмарсүрэнгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хавтас хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар З.Мягмарсүрэнг цагаатгах, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Мягмарсүрэнг цагаатгах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Мягмарсүрэнг цагаатгах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ГЭРЭЛМАА

                     ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                                                   Л.НЯМДОРЖ