Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00050

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00050

 

 

Нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Э. Б-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2024/01327 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн ************ суманд 1969 онд айлын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Тус сумын дунд сургуулийг 1985 онд төгсөөд Хөвсгөл аймгийн ************ сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчин, тууварчнаар орж ажиллаж байгаад 1988 оны 6 дугаар сард ардын цэргийн албанд яваад, 1990 онд халагдаж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо.

Иймд Э.Б- миний Хөвсгөл аймгийн ************ сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985 оны 6 дугаар сараас 1988 оны 6 дугаар сар хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2.  Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Би одоо нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлж байгаа. Ажилласан жил маань гүйцэх болж байгаа тул шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ. (хавтаст хэргийн 52 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ...Ажилласан жил маань гүйцэх болж байгаа тул шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэх тайлбарыг 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгч Э.Б-ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 202оны 11 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.Б-од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА