Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2025/00005

 

 

 

 

 

 

 

                                                                                 129/ШШ2025/00005

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг . тоотод байрлах Ж ХХК

Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Л овгийн Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,189,302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц нь 2023 оны 6 сарын 16-ны өдөр манай компанитай БҮГ-0063/23+10 тоот гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung 54 загварын гар утсыг 12 сарын хугацаатай сар бүр 179,000 төгрөг төлөх нөхцөлтэй 98113510 дугаарыг сарын 44000 төгрөгийн багцтайгаар ашиглаж эхэлсэн. Гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 3.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 389,468 төгрөг нийт 1,189,302 төгрөгийн төлбөрийг Ц.Ц-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн нэхэмжилсэн 1,189,302 төгрөг нэхэмжлэлтэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 1,189,302 төгрөгийг Ж ХХК-д төлж барагдуулна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,189,302 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

 

             Зохигчийн байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зээлдэгч гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжилсэн 1,189,302 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,093.25 төгрөгөөс 16,546.6 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Ц-с 16,546.6 төгрөг, улсын орлогоос 16,546.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжилсэн 1,189,302 (нэг сая нэг зуун наян есөн мянга гурван зуун хоёр) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ц.Ц-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,093.25 төгрөгөөс 16,546.6 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Ц-с 16,546.6 төгрөг, улсын орлогоос 16,546.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Ц.Ц сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН