| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0289/З |
| Дугаар | 128/ШШ2024/0690 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Ц******* /ИЭ*******/,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц*******ээс Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар зөвлөлийн даргад холбогдуулан ...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд Х.О*******т холбогдох хэсгийг хэмээн өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-т заасны дагуу Д.Ц*******ийг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар
2.1 Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах комисс байгуулах тухай тогтоолоор З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор зохион байгуулсан, уг тусгай шалгалтын дүнгээр Х.О******* 96,2 оноогоор 1 дүгээрт, Д.Ц******* 79,6 оноогоор 2 дугаарт орсноор Х.О*******ыг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд санал болгож нэр дэвшүүлснээр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоолоор Х.О*******ыг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Х.О*******ыг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын ажил, албан тушаалд томилжээ.
2.2 Иргэн Д.Ц*******ээс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж ...Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, сонгон шалгаруулалтад оролцсон З******* аймгийн иргэн Х.О*******ын бичиг баримтад үзлэг хийж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтуудын дагуу холбогдсон арга хэмжээ авч өгнө үү гэх гомдол гаргасны хариуд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04/81 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг Д.Ц*******эд хүргүүлсэн,Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Сонгон шалгаруулалтын тухай 02/1061 дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1061 дугаар албан бичгээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд хандан ...шалгалтад оролцуулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй байх тул...сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү гэх албан бичгийг хүргүүлжээ.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай 12 дугаар тогтоолыг гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, гомдол гаргагч Х.О*******ын гомдлыг шаардлагыг хангахгүй орхисон байна.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2434 дугаар Гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Д.Ц*******эд хандаж ...Зөвлөлийн 2023 оны 461 дүгээр тогтоолоор дээрх албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байх тул уг албан тушаалд Таны нэрийг дэвшүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0198 дугаар шийдвэрээр иргэн Х.О*******аас Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдсон.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар 2019 онд Х.О*******ыг Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн-ээр түр томилсон. З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт 2023 оны 02 сарын 27-нд зарлагдан 2023 оны 03 сарын 01-ний өдөр болсон.
Тус шалгаруулалтаар Х.О******* болон Д.Ц******* нар тэнцсэн бөгөөд тус албан тушаалд буюу З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар Х.О******* томилогдсон.
Миний бие тус өдөр Төрийн албаны зөвлөлд Х.О*******т холбогдуулан ... ахлах түшмэлийн багц сургалтад сууж төгсөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан хугацааг хангаагүй, З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 онд үйл ажиллагааны үр дүнг үнэлээгүй мөн Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хяналт- шинжилгээ, үнэлгээний дүнгээр З******* аймгийг 88.7% үнэлсэн байхад Х.О*******ын үйл ажиллагааг 30 оноогоор бүтэн үнэлсэн... зэрэг нь хууль бус байсан тул гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөл миний гомдлыг шалгаж хариу өгөхийг үүрэг болгон Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлд шилжүүлсэн билээ. Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл миний гомдлыг шалгаж үзээд Төрийн албаны тухай хууль зөрчөөгүй хэмээн үзсэн тул дахин гомдол гаргасан билээ.
Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай" 12 дугаар тогтоолын холбогдох хэсэг буюу ...З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон нөхөх сонгон шалгаруулалтад оролцсон Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шалгалтын мэргэшлийн хэсэгт ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй байх тул Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсугай" гэж заасан нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг тус тус ноцтой зөрчиж байна, учир нь ...Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсугай... хэмээн шийдсэн бөгөөд тухайн шалгалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ.
Нэхэмжлэгч Д.Ц******* би Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмын зөрчөөгүй байхад Х.О*******ын шалгалтын дүнг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч буюу Д.Ц*******ийн шалгалтыг хамтад нь хүчингүй болгосон шийдвэр үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.
Хэрэв тус хууль бус маргаан бүхий тогтоол хууль тогтоомжид нийцэн гарсан бол Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-т ...туслах түшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж, томилогдсон албан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ" гэж заасан.
Хэрэв дээрх журмын заалтыг Төрийн албаны зөвлөл болон Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл мөрдөн ажилласан бол нэхэмжлэгч Д.Ц******* намайг онооны дарааллаар нэр дэвшүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай" 12 дугаар тогтоолоор зохион байгуулагдсан З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон нь нэхэмжлэгчийн сул орон тоонд нэр дэвших эрхийг ноцтой зөрчсөн.
Дээрх журамд заасны дагуу хууль, дүрэмд заасан болзлыг хангасан миний нэрийг дэвшүүлэлгүй зөвхөн Х.О*******ын төрийн албаны тусгай шалгалт өгөх болзлыг хангаагүйгээс шалтгаалан тусгай шалгалтыг бүхэлд нь хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт зарласан шийдвэрээс болж нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.
Тодруулбал Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл нь 12 дугаар тогтоолоор зөвхөн Х.О******* төрийн албаны тухай хууль зөрчсөн байхад тухайн хууль зөрчсөн этгээд буюу Х.О*******ын шалгалтын дүнг хүчингүйд тооцох нь зүйн хэрэг билээ. Гэтэл салбар зөвлөл сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Д.Ц******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.
Нэгэнт Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон тул нэхэмжлэгч намайг онооны дарааллаар тус албан тушаалд нэр дэвшүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэнээрээ нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.
Ингэснээр тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон иргэн Ц******* миний Монгол Улсын үндсэн хуульд заасан хөдөлмөр, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж тухайн харилцааг нарийвчилсан журамд заасан онооны дарааллаар нэр дэвшиж, томилогдох эрх маань зөрчигдөж байгаа болно.
Иймд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд "Х.О*******т холбогдох хэсгийг хэмээн өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-т заасны дагуу Д.Ц*******ийг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Д.Ц*******ийн хөдөлмөрлөх эрх, онооны дарааллаар нэр дэвшиж, томилогдох эрх сэргээгдэх болно гэж үзэж байна гэв.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай тогтоолд Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 2 дугаар зүйлийн 6 дах хэсэг болон 8 дугаар зүйлийн 4.4 дах тус тус хэсгийн болзлыг хангаагүй учраас Төрийн албаны зөвлөлийн 22,23 дугаар зүйл, Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүнийг тус сонгон шалгаруулалтад оруулсан нь хууль бус байна.
Г.Ц*******, Х.О******* нар З******* аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг. Тухайн байгууллагыг 88 хувь гэж үнэлчхээд сонгон шалгаруулалтад оролцож байгаа 2 хүний оноог үнэлэхдээ нэгэнд нь 30 оноо, нөгөөхөд нь 17 оноо өгч үнэлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хийсвэрээр үнэлсэн гэж үзээд дахин гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөлөөс шийдвэрлэж хариу ирүүлсэн гэж хэлж байна. Төрийн албаны зөвлөлд Х.О******* болон Д.Ц******* нар гомдол гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай албан бичгээр 12 дугаар тогтоолыг гомдлын шаардлагын хянаж үзээд Төрийн албаны хуулийг зөрчөөгүй болохыг тогтоосон.
Д.Ц*******ийн гомдлын хариуг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 0/2434 дугаартай хариу албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт Салбар зөвлөлийн 12 дугаар тогтоол Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд Төрийн албаны зөвлөлөөс 461 дүгээр шийдвэрээр шийдсэн учраас таныг нэр дэвшүүлэх боломжгүй гэсэн хариу ирсэн.
Засгийн газрын тогтоолтой Д.Ц*******ийн ажил, албан тушаалтай нийцнэ. Хариуцагчийн нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй байна. Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг мөрдөж онооны дарааллаар нэр дэвшүүлэх боломжтой байсан гэхдээ дэвшүүлээгүй нь эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа... гэв.
2.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, үндэслэлдээ: ...Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн дэргэдэх салбар хамгааллын яамны байранд зохион байгуулж, оролцогч Д.Ц******* 79.6 оноо, Х.О******* 96.2 оноо авсан.
Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Х.О*******ыг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тогтоолыг хүргүүлсэн.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Х.О*******ыг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилсон байдаг.
Төрийн албаны зөвлөлөөс ...Бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт "ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх" гэж заасныг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү..." гэсэн утгатай 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Сонгон шалгаруулалтын тухай" 02/1061 дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд ирүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ын 1.2-т зааснаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн нэгж бөгөөд журмын 3.9-д ...Зөвлөлөөс үүрэг чиглэл болгосон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх"-ээр заасан.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, 30.3-т Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заасан.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 13.3-т Холбогдох хууль журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заажээ.
Иймд Төрийн албаны тухай хууль, холбогдох журам, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Сонгон шалгаруулалтын тухай 02/1061 дугаар албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай 12 дугаар тогтоолоор З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 8.3-т Туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөхөд энэ журмын 2-т заасан дараалал харгалзахгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө. Туслах түшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж, томилогдсон албан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ" гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 487 дугаар тогтоолд зааснаар З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаал нь Т3-4 зэрэглэл, ахлах түшмэлийн ангилалд хамаарах төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаал юм.
Иймд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 8.3-т заасны дагуу тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Салбар зөвлөл нэр дэвшүүлэх боломжгүй юм.
Мөн тус албан тушаалын тусгай шалгалтыг зарлахад оролцох эрх нь Д.Ц*******эд нээлттэй байна. Иймд нэхэмжлэгч Д.Ц*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
1.Маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай 12 дугаар тогтоолын тухайд:
Уг тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам-ын 5.7, 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай журмын 13.3 дахь заалтыг тус тус үндэслэж, З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцсон Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй тул Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож улмаар тогтоолын 2 дахь заалтаар З******* аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад даалгасан байна.
Нэхэмжлэгч уг тогтоолыг эс зөвшөөрч ...Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон нь хууль бус, онооны дарааллаар жагсаж байгаа миний оноог хүчингүй болгож, улмаар нэр дэвших эрхийг маань хааж миний эрхийг зөрчсөн гэж тодорхойлсныг хариуцагч ...Төрийн албаны зөвлөлийн 02/1061 дүгээр албан бичгийг үндэслэн хууль журамд заасны дагуу З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргав.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, 30 дугаар зүйлийн 30.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, 30.3-т Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж,
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 1.2-д Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино, 8.3-т Туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөхөд энэ журмын 8.2-т заасан дараалал харгалзахгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө. Туслах түшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж, томилогдсон албан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ, 8.4-т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараах шаардлагыг хангасан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно, 8.4.1-д сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний аль нэг нь хангалтгүй гэсэн үнэлгээ аваагүй байх, 8.4.4-д мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, 12.7-д Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ, 13.3-т Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоолд зааснаас үзвэл З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаал нь ТЗ-6 ангилал зэрэглэлд хамаарах дэс түшмэлийн албан тушаал байна.
Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаар З******* аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргын албан тушаалд зарласан тусгай шалгалтад Х.О******* нь 96,2 оноо, Д.Ц******* нь 79,6 оноо авч тэнцсэн, харин Х.О******* нь тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт заасан ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг хангаагүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0198 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болно.
Тодруулбал, Х.О******* нь ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар тус шүүхийн дээрхи шийдвэрээр ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0337 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, шийдвэр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Түүнчлэн хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичигт ...Бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү гэснийг үндэслэн тайлбарлаж байх боловч уг албан бичиг нь тухайн сонгон шалгаруулалтыг зөвхөн Х.О*******ын тухайд хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгосон алин болох нь тодорхойгүй агуулгатай байна.
Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 13.3-т заасанчлан Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу ажиллах үүрэгтэй хэдий ч тухайн байгууллагаас ирүүлсэн чиглэл, зөвлөмж нь хууль журамд нийцэхгүй, эсхүл ойлгомжгүй байх тохиолдолд түүнийг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолддолд тухайн асуудлыг дахин тодруулах шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий 12 дугаар тогтоол гаргаж улмаар нэхэмжлэгч Д.Ц*******ийн, хууль журамд заасны дагуу өгсөн шалгалтын оноог хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчээс хууль журамд заасны дагуу шалгалтанд тэнцэж авсан оноог тооцуулж, улмаар нэрээ дэвшүүлэх эрхийг нь зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол бүхэлдээ хууль бус, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тогтоолд Х.О*******т холбогдох хэсгээр хүчингүй болгох өөрчлөлт оруулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, ингэснээр нэхэмжлэгчийн, төрийн албаны тусгай шалгалтанд тэнцсэн болон тухайн шалгалтанд авсан оноогоо хадгалах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжтой гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчээс гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-т заасны дагуу Д.Ц*******ийг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-д Туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөхөд энэ журмын 8.2-т заасан дараалал харгалзахгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө. Туслах түшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж, томилогдсон албан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ гэж, мөн журмын 12.6-д Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ, 12.7-д Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ, 13.3-т Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0198 дугаар бүхий хүчин төгөлдөр шийдвэрээс үзвэл З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын албан тушаалд хамгийн өндөр оноогоор тэнцсэн Х.О*******ыг нэр дэвшүүлж томилуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол гаргасан боловч Х.О******* нь тусгай шаардлага хангаагүйгээс түүнийг нэр дэвшүүлсэн дээрхи тогтоол хууль бус болохыг шүүхээс тогтоосон байна.
Энэ тохиолдолд хариуцагч Салбар зөвлөл нь Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 12.7-д заасанчлан Х.О*******ыг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэйг нэгэнт шүүх тогтоосон гэж үзэж энэ үндэслэлээр Зөвлөл, салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтанд тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэж заасныг баримтлан онооны дарааллаар Х.О*******ын дараа жагсаж буй Д.Ц*******ийг нэр дэвшүүлэх үүрэгтэй байсан гэж шүүх дүгнэв.
Хэдийгээр нэхэмжлэгч нь журмын 8.3-д заасныг үндэслэн маргаж байх боловч энэ нь туслах түшмэлийн тухайд хэрэглэгдэх зохицуулалт тул хариуцагч Салбар зөвлөл нь журмын 8.3-д заасныг биш харин уг журмын 12.7-д заасныг нэхэмжлэгчид ашигтайгаар, төсөөтэй хэрэглэж нэхэмжлэгч Д.Ц*******ийг нэр дэвшүүлж томилуулахаар өргөн мэдүүлэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус гэж үзэхээр байна.
Түүнчлэн хариуцагчаас бид зөвхөн албан тушаалын сонгон шалгаруулалт явуулдаг, хүчингүй болгохдоо ч албан тушаалын сонгон шалгаруулалтаар нь хүчингүй болгоод дахин зарладаг гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүрэг, төрийн албанд ажиллагсдын мерит зарчмаар ажиллах боломж, төрийн албан хаагчдын хуульд заасан эрх болон баталгааг зөрчсөн үндэслэлгүй тайлбар болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр, Д.Ц*******ийн З******* аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн даргын албан тушаалын тусгай шалгалтанд авсан оноог хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж Д.Ц*******ийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэхийг хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлд даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 12 дугаар тогтоолд Х.О*******т холбогдох хэсгээр гэсэн өөрчлөлт оруулж, Д.Ц*******ийг З******* аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН