Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00050

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                               

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ... дугаар хороо Туулын .... тоотод оршин суух, утасны дугаар ......., ******* овогт ******* *******

          ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

          1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Сүхбаатар аймгийн Эрчим хүчний ДКВР зууханд машинистаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1993 оны тушаалын хавсралт олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Иймд намайг Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

        2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 11/53 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

      3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

           3.1. Нэхэмжлэгч ******* овогт ******* Баттулга нь Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл галчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Д.Баттулгыг 1984-1993 онуудын хооронд ажилд томилж, чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн  2025 оны 01 сарын 27-ны өдрийн 11/53 дугаартай лавлагаанд (Эрчим хүчни үйлдвэрт 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ийг хүртэл ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл) бүхий, (хх-4-5х)

 

          4. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ******* нь Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР цехэд 1984-1997 он хүртэл зуухны машинист буюу гачгаараар ажиллаж байсан. Би  *******тай Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. Би Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-ийг 1978 онд төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд тракторчнаар томилогдон ажиллаж байгаад 1979 онд Улаанбаатарын хотын Налайх дүүргийн хүнд машин механизмийн машинистын 45 хоногийн курсыг төгсөж ирээд тус үйлдвэртээ машинист, лаборант зэрэг ажлыг 2000 он хүртэл хийсэнгэх мэдүүлэг,

 

          5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР цехэд 1984 оноос эхлэн 1995 он хүртэл машинистаар ажиллаж байсан. Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн цех нь 40 гаруй ажилчидтай, дотроо каневарын хэсэг, засварын хэсэг, машинист буюу зуухны хэсэгтэй байсан. Нэг ээлжинд ахлах машинист, туслах машинист, ээлжийн мастер, лаборант, үнсчин гэсэн 5 хүн гардаг байсан.******* нь ээлжийн машинистаар гардаг байсан. Би  Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэр болон Эрчим компанид 1979 оны 11 сараас 2017 он хүртэл гагнуурчин, цахилгаанчин, айл өрхийн байцаагч зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

        6. Иймд Д.******* Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Сүхбаатар аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн ДКВР зууханд 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА