Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/05649

 

 

 

 

 

 

 

 

2024 11 27

101/ШШ2024/05649

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,,, тоотод оршин суух Шангас овогт Бат-Эрдэнийн ******* //-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б,, тоотод оршин суух, Тайж овогт гийн ******* //-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гэрч Э.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь Сайн моторс нэртэй автомашины худалдааг эрхлэн ажиллуулдаг. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Д.******* нь орж ирсэн Тоёота Приус маркийн ******* арлын дугаартай авто машиныг 31,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Худалдан авах гэрээг байгуулахдаа үнийн дүнг 29,400,000 төгрөгөөр байгуулж, үлдэх 1,900,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон. Учир нь Д.******* банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл авч төлбөрөө төлсөн ба урьдчилгаа төлбөр нь хүрэлцэхгүй байсан. Ийнхүү гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээний зүйл болсон дээрх автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Үлдэх 1,900,000 төгрөгийг удаахгүй өгөхөө амлаж бичгээр баталгаажуулсан. Гэвч өнөөг хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байна.

Иймд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,900,000 төгрөгийг хариуцагч Д.*******ос гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие машин худалдаж авахаар Сайн моторс авто худалдааны төвд очиход зарагдаж буй машинуудын урд шилэн дээр барааны үнэ бусад мэдээллүүдийг бичиж наасан байсан. Тоёота Приус маркийн авто машин 29,400,000 төгрөгийн үнээр зарна гээд үнийн дүнг тодорхой бичиж наасан байсан. Тус машиныг худалдаж авахаар шийдэж 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуулж машины үнийн дүн болох 29,400,000 төгрөгийг бүрэн төлж машиныг худалдаж авсан. Худалдагч тал үнийн саналаа тодорхой илэрхийлж би хүлээн зөвшөөрч барааны үнийг бүрэн төлсөн байхад дахин 1,900,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 1,900,000 төгрөгийг төлнө гэх бичгийг дарамталж байгаад бичүүлж авсан. Машинаа аваад явсаны дараа зах зээлийн үнэ 31,300,000 төгрөг болсон байна, үнээ нэмнэ гэж хэлсэн. Машины үнэ 29,400,000 төгрөгөөр тохирсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, гараар бичсэн хүсэлт, худалдах-худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, ,

3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл,

3.3 гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

 

3.1 Зохигчдын хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.******* нь Тоёота Приус маркийн ******* арлын дугаартай, хөх өнгийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Д.******* нь 29,400,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Мөн өдөр Д.*******ос ...Б.*******т хүсэлт гаргах нь, Миний бие овогтой ******* нь 2022.06.13-нд Б.*******аас Тоёото приус маркийн ******* арлын дугаартай автомашиныг 31,300,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үнийн дүнгийн зөрүү 1,900,000 төгрөгийг 7.1-нд төлж барагдуулна. Төлбөрийн Хаан банкны ******* Б.******* дансанд шилжүүлнэ. Утас *******, ******* гэх бичгийг бичсэн байна.

 

3.2 Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...тээврийн хэрэгслийг 29,400,000 төгрөгөөр худалдсан авч үнийг бүрэн төлсөн. Үлдэх 1,900,000 төгрөгийг 7 сарын 01-нд төлж барагдуулна гэх бичгийг бичсэн нь үнэн боловч уг бичгийг дарамталж байгаад бичүүлсэн гэж тайлбарлаж, маргасан нь дараах баримтаар няцаагдсан. Үүнд:

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Э.*******оос ...би Б.*******ын эрхлэн ажиллуулдаг Сайн моторс автомашины газар борлуулагчаар ажилладаг. Тухайн үед Д.******* нь орж ирсэн дугаар аваагүй приус маркийн тээврийн хэрэгслийг 31,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Төлбөрөө банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлнө гэсэн. Зээлийн урьдчилгаа төлбөр нь хүрэхгүй байна гээд үлдэх 1,900,000 төгрөгийг дараа төлөхийг гуйж, банк бус санхүүгийн байгууллагад өгөх бичгийн гэрээний үнийг 29,400,000 төгрөгөөр байгуулсан. Миний хажууд нөхөр Б.*******н хамт 1,900,000 төгрөгийг дараа төлөх бичгийг бичиж өгсөн гэж мэдүүлсэн.

Хариуцагч Д.*******ос 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1,900,000 төгрөгийн төлбөрийг төлөх тухай бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар хувь байх боловч тэрээр уг бичгийг бичсэн үйл баримтад маргаагүй, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг баримтад маргахгүй болохоо тайлбарласан.

Дээрх бичгийг дарамтанд орсоны улмаас бичсэн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4. Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн бодит үнийг талууд 31,300,000 төгрөгөөр тохирсон байна.

Хариуцагч Д.******* нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд нэхэмжлэгч Б.*******аас шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, тэрээр гэрээний үлдэх үнэ 1,900,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд хариуцагч Д.*******ос гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ос 1,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ