Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/05683

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

101/ШШ2024/05683

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Олхонууд овогт Дагвадоржийн ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , тоотод оршин суух, Харьд овогт Жүгдэрийн ******* /рд:/-д холбогдох

 

Орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, Б.*******, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, гэрч Б.*******, С.Очирсүх Б.Бүтэдмаа, З.Сарантуяа, Ц. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр С.*******тэй 1974 онд гэр бүл болж, 1984 онд гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах хугацаандаа 1976 онд хүү Б., 1977 онд хүү Б., 1984 онд охин Б.*******, хүү Б.******* нарыг төрүүлж, 4 хүүхдийн эцэг, эх болцгоосон бөгөөд нөхөр С.******* нь 2023 оны 09 дүгээр сард нас барсан.

Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд Оросын Холбооны Улсын өмчлөлөөс Монгол улсын өмчлөлд шилжсэн ирсэнтэй холбогдуулан бидний амьдарч ирсэн байрыг ны нутаг дэвсгэрт байрлахны эзэмшигчдэд нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолын 1 дэх заалтаар үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нөхөр С.*******эд 15-р хороололны тоот дахь 39.32 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өмчлүүлэхээр эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Тус гэрчилгээ дээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэд гэр бүлийн гишүүн болох эхнэр Д.******* миний нэрийг оролцуулахгүйгээр хамтран амьдрагч Ж.*******гийн нэрийг оруулж олгосон нь гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл нөхөр С.******* нь намайг байхгүйгээр тухайн байранд хүүгийн хамт амьдарч байх хугацаанд Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд хувьчлах өргөдлийг гаргахдаа хамтран амьдрагч Ж.*******г оруулсан байсан. Ингээд бидний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01186652 дугааргай өмчлөх эрхийн гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний нэрсээс Ж.*******гийн нэрийг хасаж, Д.*******г хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэд бүртгэж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааныг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхэд уг шийдвэр, магадлал саад болохгүйг тэмдэглэсэн билээ.

Тус орон сууцанд нөхөр С.******* болон бидний хүүхдүүд амьдарч байсан бөгөөд нөхөр С.******* нь Ж.*******тэй 2011 оноос 2021 оны 11 дүгээр сарын 03-ны хугацаанд амьдарч байгаагүй юм. Гэтэл энэ хугацаанд амьдарч байсан гэсэн хуурамч тодорхойлолтыг Ж.******* нь хорооны Засаг дарга Б.Өнөрбаянаас гаргуулан авч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд өгснөөр шүүхээс Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоог буруутгах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Дээрхи орон сууцанд нөхөр С.*******, түүний аав М.*******той хамт 1996 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн , 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө байна; мөн

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууиаа хувьчлан авах эрхтэй ", 2 дахь хэсэгт Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер '-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй гэж тус тус зааснны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө нь дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө юм.

Гэтэл тус орон сууц өмчлөх эрхийн бичиг (ордер)-ийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгодог бөгөөд уг эрхийн бичгийн дундаа хамтран өмчлөх гишүүдийн нэрсэд Ж.*******г бүртгэсэн нь дундаа хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосөн хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй", 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, тоот 39.32 м.кв орон сууц нь Д.******* нь дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгч мөн болохыг тогтоож, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасж өгнө үү

гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.*******тэй 2000 онд танилцаж, 2001 онд бид нэг гэрт орж, 23 жил хамт амьдарсан. Бид эхлээд Ганданд 10 гаруй жил байр хөлсөлж байгаад одоо маргаж байгаа байранд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нүүж орсон. Уг орон сууцыг С.*******ийн эцэг М.*******оос өгсөн. М.******* нь Гаалийн Ерөнхий газарт ажилладаг байсан ба уг газраас түүнд орон сууцыг өгч эзэмшүүлдэг байсан. Анх бид хоёрыг энэ байранд амьдрахаар ирэхэд хүн амьдрахын аргагүй байсан тул найз нөхдөөсөө мөнгө зээлж, байр шиг болгож засвар хийж орсон. Байранд орсоны дараа Д.******* нь манай нөхөртэй 2-3 удаа гэрийн гадаа ирж уулзаад хүү Б.*******ийг бидэнтэй хамт амьдруулахыг хүссэн. Учир нь хүү Б.******* нь зан байдлын хувьд ширүүн, хүмүүстэй таарахгүй, характер муутай тул байрны нэг өрөөнд нь байлга гэж шаардсан. Гэвч манай нөхөр С.******* нь ...би энэ хүүхдийг авахгүй, өөрсдөө байр хөлслүүлээд гарга гэж 2 удаа буцаасан. Сүүлд ирж уулзахад нь би ...хоосон шахуу нэг өрөө байхад хүүхдээ оруулчихад яадаг юм, чиний хүүхэд нөхөртөө хэлж байж 2019 онд Ковидын үеэр 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдарч байхад зан байдлын хувьд маш доголдолтой, эцгийгээ миний нүдэн дээр 2 удаа зодсон, хана мөргүүлж, савж унагаагаад, ухаангүй хэвтэж байхад дээрээс нь өшиглөж байхыг харсан. Уг орон сууцыг хувьчлахад миний нэр хамт орсон байсныг би мэдээгүй. Нөхрийг байрны материал бүрдүүлж байх үед хамт очиж байсан. Би 2020 оны 8 дугаар сард охиныхоо хүүхдийг харахаар явсан хойгуур нөхөр маань байнга над руу утсаар ярьж байсан. Намайг байхгүй хооронд байрны гэрчилгээ алга болсон. Манай нөхөр С.*******, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.*******ийг хутгалсан хэрэгт холбогдоод 5 жилийн ял авч, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр суллагдсан. С.*******ийг 421 дүгээр ангид очсон цагаас хойш би 7 хоногт 1 удаа эргэж очиж байсан. Нэхэмжлэгч Д.******* нь тус байранд орох шаардлагагүй, эрхгүй гэж бодож байгаа. Учир нь миний нөхөр С.*******ийн аав нь үлдээж өгсөн байр юм. С.******* нь Д.*******гаас салсан хойно 23 жил сураггүй байсан хүмүүс гэнэт л байр хувьчлах үеэр гараад ирсэн. Нөхөр С.******* нь өөрөө амьд байхдаа орон сууцны гэрчилгээнд чиний оруулна гэж ярьдаг байснаараа миний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсан байсан.

С.******* ...та нар 25 жил намайг эцгээ гэж бодоогүй, би гудамжинд явж байсан, энэ хүн намайг 25 жил тэжээн тэтгэсэн, намайг архинд орчихсон байхад архинаас гаргасан, гудамжинд амьдарч байхад орон байртай, энд тэнд надтай хамт амьдарч байсан тийм учраас би та нарыг оролцуулахгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлдэг байсан учраас эдгээр хүмүүсийн нэрийг оруулаагүй. Харин ...хүүхдүүддээ 3 өрөө байр юм чинь нэг хоёрынх нь нэрийг оролцуулчихъя гэж хэлж байсан. Ингээд хоёр хүүхдийнхээ нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээс намайг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлийг үнэн зөв болохыг тогтоож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 5, 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, өрхийн гишүүдийн бүртгэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар магадлал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1242 тоот албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 343 дугаар тогтоол, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны хурлын тэмдэглэл, орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Гаалийн Ерөнхий газрын албан бичиг, орон сууцны ашиглалтын зардлын жагсаалт, бэлэн мөнгөний орлогын баримтууд, Төрийн банкны дансны хуулга, орон сууц хөлслүүлэх гэрээ, түр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл,

3.2 хариуцагчаас гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар магадлал, захирамж, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ны Засаг даргын тодорхойлолт, Ц.аас бичсэн тодорхойлолт, Өдрийн мэдээ сонинд нийтлүүлэх зар, 421 дүгээр нээлттэй хорих ангид түр хугацааны эргэлт, уулзалтын өргөдлийн баримтууд,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий орон сууц нь нөхөр С.*******тэй гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө. Уг орон сууцыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолоор үнэ төлбөргүй нөхөр С.*******эд хувьчилж өгсөн. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд хувьчлан авах эрхтэй байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчиж Ж.*******гийн нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнд бүртгэсэн гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...С.*******тэй 2001 онд нэг гэрт орж хамтран амьдарч, түүнийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барах хүртэл нийт 23 жил хамт амьдарсан. Маргаан бүхий орон сууцыг С.*******ийн эцэг М.*******ын ажиллаж байсан Гаалийн Ерөнхий газраас өгснийг тэрээр өвлөж авсан. Өөрийн эцгээс өвлүүлж өгсөн хөрөнгийг өөрөө мэдэж хамтран өмчлөгчөөр намайг болон 2 хүүхдээ бүртгүүлсэн. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Нэхэмжлэгч Д.******* нь С.*******тэй 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэлтийн тоот гэрчилгээгээр тогтоогдсон. Тэд С.*******ийг нас барах хүртэл хугацаанд гэрлэлтээ цуцлуулаагүй байсан мөн тэдний дундаас 1976 онд хүү Б., 1977 онд хүү Б., 1984 онд охин Б.*******, хүү Б.******* нар төрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Мөн талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр С.******* нь 2001 оноос 2023 оны 08 дугаар сар хүртэл хариуцагч Ж.*******тэй хамтран амьдарч байсан болох нь тогтоогдсон.

С.******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болохыг талуудын хэн аль нь тайлбарлаж, уг үйл баримтад маргаагүй.

 

3.1 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолоор ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэж, уг тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-1/1242 дугаар албан бичгээр орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон 6 орон сууцны 395 айлын эзэмшигчдэд нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх орон сууцуудын дотор талуудын маргааны зүйл болох ,,, тоотод байрлах, 39.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Гаалийн Ерөнхий газраас М.*******од эзэмшүүлсэн байсныг түүний гэр бүлийн гишүүнд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

М.******* нь нас барснаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох С.******* нь Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд уг орон сууцыг хувьчлан авах өргөдөл гаргаж, тэрээр өргөдөлдөө хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд Ж.*******, Б.*******, Б.******* нарыг бүртгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

 

3.2 Д.*******гаас Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан орон сууц өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.*******г хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ...Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо нь иргэн С.*******ийн гаргасан өргөдлийн дагуу хамтран өмчлөгчөөр Ж.*******, Б.*******, Б.******* нарыг бүртгэж орон сууц өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээг олгосон нь хуульд нийцсэн. Иргэн С.******* хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан орон сууцыг өмчлөх өргөдөлд хамтран эзэмших эрхтэй гишүүдийг дурдсаны дагуу гэрчилгээнд иргэдийн нэрийг бичсэн нь хууль зөрчөөгүй болохыг дүгнэсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

5. Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нас барагч С.******* нь өөрийн төрсөн эцэг М.*******ын эзэмшиж байсан, М.*******од өмчлөх эрх үүссэн орон сууцыг түүнийг нас барсан үндэслэлээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж, 2-т Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй гэж зааснаар хувьчлан авах эрх үүссэн болох нь тогтоогдож байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь маргааны зүйл болох орон сууцыг хувьчлан авах эрхтэй байсан М.*******ын гэр бүлд хамаарах ба түүний өв залгамжлалаар орон сууцны эрхийг хүлээн авсан С.*******ийн гэр бүлд хамаарахгүй. Учир нь уг орон сууцыг Гаалийн Ерөнхий газраас ажилтан М.*******од эзэмшүүлэхээр шилжүүлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолын зорилго нь орон сууцны эзэмшигчид нь өмчлүүлэх байна.

 

5.1 Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө нь хуваарьт хөрөнгөд хамаарна гэж заасан.

С.******* нь өөрийн эцгээс өв залгамжлалаар хүлээн авсан хуваарьт хөрөнгийг үзэмжээрээ захиран зарцуулах замаар орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд хүү Б.*******, охин Б.*******, хамтран амьдрагч Ж.******* нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар С.*******тэй гэрлэлтээ бүртгүүлсэн, маргааны зүйл болох орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өмчлөгчөөр С.*******, Ж.*******, Б.*******, Б.******* нар бүртгэлтэй байхад нэхэмжлэгч нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан нь учир дутагдалтай.

 

5.2 Мөн дээр дүгнэснээр С.******* өөрийн хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ж.*******г бүртгүүлсэн болох нь Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С.*******ийн гаргасан өргөдөл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдсон. Иймд хариуцагч Ж.******* нь орон сууцны өмчлөх эрхийг хуульд зааснаар олж авсан байх тул нэхэмжлэгчээс гаргасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5.3 Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг үндэслэн тодорхойлсон боловч хэргийн үйл баримтаар түүнийг маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр бүртгэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн баримтууд, өрхийн гишүүдийн бүртгэлийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримтыг үндэслэн түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.*******д холбогдох орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ дэх хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсээс Ж.*******гийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ