| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/01639/И |
| Дугаар | 101/ШШ2024/04678 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/04678
2024 10 14 101/ШШ2024/04678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .............................................т, ******* ББСБ ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................................... тоот хаягт оршин суух, *******ын *******т /РД: *******/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,216,392.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* нь ******* ББСБ ХХК-тай 2022 оны 01 сарын 05-ны өдөр SS2-04 тоот зээлийн гэрээ байгуулан 3,950,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.
Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш огт зээл төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн.
Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээл 3,950,000 төгрөг, төлөх ёстой хүү 2,948,918.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 312,494.25 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 7,216,392.7 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний төлбөрт 7,216,392.7 төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 130,412.28 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.******* нь ******* ББСБ-аас гар утас лизингээр таньдаг дүүдээ өөрийн нэр дээр авч өгсөн боловч тухайн хүн маань зээлээ төлөлгүй өдийг хүрснийг мэдэхгүй явсаар өдий хүрсэн байна.
Миний бие одоо эрхэлсэн ажилгүй, нийтийн байр түрээслэн амьдардаг, тэтгэврийн орлогоос өөр орлого байхгүй учир 7,000,000 гаран төгрөгө төлөх чадвар үнэхээр муу тул хүүгийн хүү болон хүүнээс чөлөөлж өгч тусална уу.
Миний бие зээл авсан хүнээ олж харьяа дүүргийнх нь шүүх, цагдаад гомдол гарган зээлийг нь төлүүлэх шаардлага гарч байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,
Ц.*******ын 2022 оны 01 сарын 05-ны өдөр зээл хүссэн өргөдөл, Ц.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа,
2022 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, зээл төлүүлэх шаардлага зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Ц.******* нь итгэмжлэл, хариу тайлбар зэргийг баримтаар ирүүлсэн болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,216,392.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
/2024 оны 02 сарын 02-ны өдрийн байдлаар:
Үндсэн зээл 3,950,000 төгрөг,
Зээлийн хүү 2,948,918.45 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 312,494.25 төгрөг,
Нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 7,216,392.7 төгрөг/
Ц.******* нь 2022 оны 01 сарын 05-ны өдөр ******* ББСБ ХХК-д 3,950,000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан ба тэрээр мөн өдөр нь ******* ББСБ ХХК-тай 2022 оны 01 сарын 05-ны өдөр SS2-04 тоот зээлийн гэрээ байгуулан 3,950,000 төгрөгийг гар утас худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээ байгуулан 3,950,000 төгрөг зээлсэн талаар маргахгүй байгаа ба гагцхүү гэрээний зүйлийг бусдад шилжүүлэн өгсөн талаараа тайлбарласан болно.
/ХХ-ийн 6, 8-9 дүгээр тал/
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,
19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Ц.******* нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлдэгч Ц.*******тай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Ц.******* 2022 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,950,000 төгрөгийг хүлээн авсан атлаа гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй бөгөөд тэрээр энэ талаараа мөн маргаагүй.
2022 оны 01 сарын 05-ны өдрийн SS2-04 тоот зээлийн гэрээний 2.2-т Зээлийг нийт 24 сарын хугацаатай олгох ба уг зээлийн хугацааг ББСБ-аас зээлдэгчид бэлнээр олгосон, дансаар шилжүүлсэн өдрөөс эхлэн хуанлийн тооллоор тооцно,
2.3-т Зээл нь нэг сарын 3 хувийн хүүтэй ба зээлийн хүүг сар бүр зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож бодно,
2.4-т Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлбөрийг лараах хуваарийн дагуу ББСБ-д бэлнээр болон дансаар шилжүүлнэ. Энэ гэрээний 2.4-т үаасан хуваарийн дагуу төлөгдөх зээлийн төлбөрийг зээлдэгч графикт хугацаанаас хожимдуулсан тохиолдолд /зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй/ хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүү 3 хувь болон үндсэн зээлийн хүүгийн 20 хувь /0,6/-иар нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн хүүг нийт 3,6 хувиар болно,
2.5-д Зээлийн төлбөр болон зээлийн хүүг зээлдэгч нь гэрээний хугацаа дууссан, графикт хугацаанаас нь хожимдуулсан буюу ямар нэг хэмжээгээр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нийт зээлийн хэмжээнд ноогдох нэмэгдүүлсэн хүүг энэ гэрээний 2.5 дахь хэсэгт заасан хэмжээгээр /үндсэн хүүгийн 20 хувь/ тооцож авна гэж тус тус заасан байна.
Зээлдэгч Ц.******* нь тухайн зээлийн гэрээг байгуулсан хэдий боловч гэрээний зүйл мөнгийг бусдад шилжүүлсэн гэх боловч тэрээр уг мөнгийг бусдад шилжүүлсэн эсэхээс үл хамааран гэрээний хариуцлагыг хүлээх учиртай.
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,
21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,
21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна.
Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 4.1.1-т Энэ гэрээний 2.4-т заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч талд гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгч байсан байна.
/ХХ-ийн 23 дугаар тал/
Зээлдэгч Ц.******* нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д үндсэн зээл 3,950,000 төгрөг, зээлийн хүү 2,948,918.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 312,494.25 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 7,216,392.7 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ц.*******аас 7,216,392.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
2024 оны 07 сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутанд товлосон хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяагийн хүсэлтийг хүлээн авч хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг жич товлохоор хойшлуулсан байна.
2024 оны 10 сарын 14-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Ц.*******ын нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг хэмээн тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага Дарь Эх 3-р гудамж, 1605 тоот хаягаар шүүх хуралдаан болохоос 16 хоногийн өмнө буюу 2024 оны 09 сарын 27-ны өдөр,
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяагийн өөрийн хэмээн тодорхойлсон 86161613 дугаарын утсанд утсанд хуралдаан болохоос 16 хоногийн өмнө 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 12:20 цагт тус тус хүргүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаяр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
/ХХ-ийн 34-38, 42-50 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.*******аас 7,216,392.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,412.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 130,412.28 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН